Хоёр ертөнцийн хүн. Түүнтэй уулзаад зүгээр л ийн нэрийдмээр санагдлаа.
Учир нь хэдхээн өдрийн өмнө нүүр номоор тарсан найруулагч М.Дорждэрэмтэй авахуулсан зураг бүхий түүний постоос үүдэлтэй. Тэнд “Бид тусдаа амьдраад нэлээд хэдэн жилийг үджээ… Харамсалтай нь нэг нэгэндээ тийм ч их цаг, анхаарал хандуулж чадаагүй бөгөөд хайраар дутааж, гундааж байснаа ч анзааралгүй, тусдаа амьдраад нэлээд хэдэн жилийг үджээ…” гэж бичсэн байв. Уншсан гэнэн нөхөд хэзээ нэгэнтээ тэдэнд хайр дурлал байгаад бүтэлгүйтэж дээ гэж “тайлна”. Харин хашир суусан зарим нь залууст /Аюуш, Дооёо/ хандаж чат бичиж шалгана. Би хоёрдугаар хэсэгт багтсан юм.
ТАЙЛАЛ. Дээрх пост хоёрдугаар сарын 14-нд нээлтээ хийх “LOVE STORY” киноны кино зохиолын нэг хэсэг байлаа.
НЭГ. УРАН БҮТЭЭЛЧИЙН ЕРТӨНЦ
ESA—Зураг авалттай энэ өдрүүдэд ажил хэдээс эхлэх вэ?
—Зураг авалт эхэлсэн л бол “яаруу өдрүүд” үргэлжилдэг юм. Эртлэн босоод өглөөний цайгаа хам хумхан уугаад, өдрийнхөө зурагт хэрэгтэй бүхнээ цүнхлээд л гарна даа. Эмэгтэй хүн болсон хойно тэр цүнхэнд юу эс байхав. Гол нь эргэж буцахгүйгээр бэлтгэлээ базааж гэрээсээ гарах ёстой. /
ESA— Хэзээ харихаа мэдэхгүй л гарах нь дээ, тийм ээ?
— Тийм ээ, зураг хэзээ дуусахыг мэдэхгүй. Тэр өдрийн тэнгэр мэднэ дээ. Техникийн болоод бусдаас шалтгаалах сааталгүй бол зорьсон зурагаа авахуулаад ядарсан ч сэтгэл өөдрөг харина.
ESA—Буруу хөл дээрээ боссон гэмээр залхуутай өдөр бас байдаг?
—Идэвхгүй ч гэхэд хаашаа юм, цаанаасаа л сулбагар, сэтгэл тавгүй өдөр байдаг шүү. Хүний амьдрал болсон хойно заримдаа бие өвдөнө. Бас ар гэрт асуудал гарна. Гэлээ ч ажил бол ажил. Амаргүй ч толины өмнө сууж нүүрээ будаад, хувцсаа өмсөн найруулагчийн хэлснийг хийх л ёстой.
Тэрнээс “Өнөөдөр би ядраад байна” гээд худлаа тоглож болохгүй. Яахав бэлтгэл ажлын үед залхуурлаа гэхэд “Мотоор, зураг авлаа. Эхэлье” л гэсэн бол буцах аргагүй. Бидний ажлын хамгийн хүнд нь яг энэ мөч байдаг юм.
Гэсэн ч удаан хугацаагаар нойр хоолгүй зүтгэчихээд ядарлаа гэж боддоггүй. Хүн л болсон хойно нүд ам гархилж, царай алдаад ядарч байгаагаа мэддэг ч “Би ядарч байна” гэж бодохыг хүсдэггүй. Сэтгэл зүйн бэлтгэлтэй байж дуртай ажлаа, дуртайгаар хийнэ шүү дээ.
ESA—Хүүгээ төрүүлээд багагүй хугацаанд амралт авлаа. Ажлаа санасан байна уу?
— Хүүхэдтэй болоод жил гаруй хугацаанд гэртээ суусан ч “ажлаа хийсээр” байлаа. Өөрөөр хэлбэл найз нөхдийнхөө хийсэн уран бүтээлийг үзнэ. Зав гарвал театр орно. Тухайн үедээ амжихгүй бол гэртээ үзнэ. Тийм болохоор ажлаасаа холдсон гэж санагдаагүй ээ. Гэхдээ хэсэг завсарлагын дараа ажилдаа орсон сайхан байна.
ESA—Энэ удаад та бүхэн ямар “ХАЙРЫН ТҮҮХ”-ийг өгүүлэх гэж байна вэ?
—Манай ангийнхны хоёр дахь хамтын бүтээл “Love story” болж байна. Мэдээж зохиолоо уншаад тус бүртээ хайрын тухай нэг бодол төрсөн. Энэ удаад залуусын хайраас гадна хэдийнэ амьдрал тэгширсэн гэр бүлийн хайрыг өгүүлнэ. Мэдээж энэ хэзээ ч амьдралд ор тас байхгүй хайр биш. Бас л нэгнийх нь амьдралд таарсан эсхүл хөндлөнгөөс харагдсан, их бага хэмжээгээр бусдын туулсан хайрын нэг хэсэг юм. Энэ насанд хайраа яг л анхны шигээ халуухан хэвээр хэрхэн удаан хадгалах вэ? Яаж зөв хадгалах уу? Ямар үед нэгнээ уучилж ойлгох уу? гээд “насанд хүрсэн” хайрын тухай өгүүлж байна. Өөрөөр хэлбэл аз жаргал ердөө л таны гарт байна. Тиймээс ээдрээт цаг ирэхэд саадгүй туулах уу, төгсгөөд нулимстай хоцрох уу. Хэрвээ хүсвэл ийм боломж байна гэж бид санал болгож байгаа юм. Гэхдээ найруулагч яаж харах нь бас сонин шүү дээ. Тэрийг кино гарахаар үзэгчид мэдэх биз ээ.
ESA—Ингэхэд, та уучлалд ухаантай хандаж чаддаг уу?
—Мэдээж, ярьж байгаа шигээ амьдрал дээр байна гэдэг хэцүү. Амьдрал чинь адармаатай шүү дээ. Зүгээр нэг жижиг жишээ татъя. Өдөржин их ажилтай байсан нөхөр нь тараад ирэхэд хүсч байсан хоол нь байхгүй. Эсхүл эхнэр нь гэртээ байхгүй байж болно. Тэр үед нэг хэцүү болдог доо. Өөрөөр хэлбэл манайхан чинь хэтэрхий их юмыг төсөөлөөд, нүдэндээ харчихдаг. Тэгээд тэр төсөөллөөс нь доогуур байхаар сэтгэл унах нь бий. Тийм болохоор хийсвэр бодолдоо автаж, бусдаас их юм хүлээх нь дэмий. Мэдээж бусдыг ойлгож амьдрахад суралцаж л явна.
ESA—Хүүгээ төрүүлснээс хойш анхны кинондоо тоглож байна. Шинэ дүрдээ зориулж ямар нэг өөрчлөлт хийсэн үү?
— Энэ тухай бодсон л доо. Гэхдээ энэ дүр насны хувьд айхтар зөрөөгүй. Амьдрал үзсэн ч амьдралаас авахыг хүссэн зүйлээ хүлээсээр л байгаа эмэгтэйн дүр байгаа юм. Үзэгчид эмэгтэй хүнийг илүү гоёор харахыг хүсдэг. Харин би гоёчилж биш үзэгчийн сэтгэлд хүрсэн ойрхон дүр бүтээхсэн гэж боддог. Муухай хүн болгон муу санаатай байхгүй. Эсрэгээрээ хөөрхөн бүхэн сайн хүн байхгүй. Царай муутай ч сайхан сэтгэлтэй мундаг ээж ч юм уу, эсхүл асар ухаантай хүний хань яагаад байж болохгүй гэж.
ESA—Та нар чинь И.Нямгаваа найруулагчийн шавь нар байх аа. Хэдүүлээ төгсөж байсан бэ?
— Тухайн үедээ зураачийн ангийн хоёртойгоо нийлээд 15-уулаа төгсөж байлаа. Энэ киноны ерөнхий болон ассент найруулагч, жүжигчин Дорждэрэм бид хэд нэг ангийнхан. Кинонд оролцоогүй үлдсэн хэд маань ч сэтгэл зүрхээрээ хамт байж, арын албанд тусалж байна. Ээлжээр гарын хоолоо хийгээд ирэх жишээний. Саяхан найзынхаа хярамцагтай шөлийг, өнөөдөр өөр нэгнийх нь банштай цайг уугаад сууж байна. Бүгд л гар бие оролцоод, ангийнхны хайр халамжид “эрхлээд” сайхан байна.
Хүүхэд залуучуудын театр киноны хүрээлэнгийн 1998-2002 оны төгсөгчид
ESA—Багшийн тань “Би чамд хайртай”, “Гарын таван хуруу”, “Нандин эрдэнэ” одоо ч үнэ цэнэтэй хэвээр байна. Тэгэхээр шавь нар нь ч муу юм хийж болохгүй даалгавартай. Тийм үү?
— Тэгэлгүй яахав залуу нас мөрөөдлөөр дүүрэн байдаг даа. Бид 2014 онд зохиолч С.Баярсайханы “Дээд хэмжээ” зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Хязгааргүй” киногоо багштайгаа хамтран бүтээж байлаа. Тэр үед багшийгаа Америкаас урьж авчраад, сар шахуу оюутны байранд амьдарцгаасан. Ангиараа бужигнаад, багшдаа загнуулаад эргээд л оюутан болсон мэт санагдаж билээ. Бид их азтай. Оюутан байхаасаа л Хүүхэд залуучуудын театрын тайзнаа гарч, багадаа зурагтаар л хардаг байсан Итгэл баян буюу Очирбат гуай, Жааяа ах, Хүрэлээ ах, Хуягаа ах, Мааяа, Алтанцэцэг эгч, Бат-Өлзий багш нартайгаа ажиллаж үзсэн. Хоёрдугаар курстээ ангиараа бие дааж жүжиг тавьж байлаа.
ESA— “Хязгааргүй” кинонд Дорждэрэм та хоёр хос болдог. Энэ удаад ч бас адилхан. Ангидаа хос байсан юм уу?
— Үгүй үгүй. Найруулагчийн хуваарилсан дүр учраас бид хувийн амбиц гаргаж болохгүй шүү дээ. Энэ удаад ч ялгаагүй.
ESA—Энд сонирхуулахад,
“Хязгааргүй” уран сайхны кино 2014 он
Найруулагч И.Нямгаваа шавь нартайгаа хамтран “Хязгааргүй” уран сайхны киног 2014 онд хийсэн юм. Киноны гол дүрд “ТВ Коктейль” хамтлагийн жүжигчин Н.Цэнд-Аюуш, М.Дорждэрэм, У.Пүрэвжав нар тогложээ. Харин дүрүүдэд УДЭТ-ын жүжигчин МУСТА Ц.Цэрэнболд, жүжигчин МУСТА Д.Бямбацогт, Б.Шинэбаяр, Б.Гарамханд, Н.Ууганбаяр, Б.Баярсайхан, Ж.Саранбат, Ж.Дөлбадрах, Т.Пүрэвжаргал, А.Ононгоо, Д.Баярням нарын нэг ангийнхан оролцсон байдаг юм. Тухайн үедээ багагүй дуулиан тарьсан энэ кино өмнөх зуунд мартагдсан кино үзлэг буюу хяналтаар шүүлгэсэн энэ зууны цорын ганц Монгол кино. Тухайн үедээ үзлэгийн бүрэлдэхүүнд Төрийн шагналт, МУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Балжинням, МУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн И.Нямгаваа, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар, МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Галаарид, МУ-ын Төрийн шагналт, МУГЖ Д.Сосорбарам, Монголын Кино Урлагийн Зөвлөлийн тэргүүн Д.Нямдорж, МУ-ын Төрийн шагналт Б.Батбаяр, МУ-ын Төрийн шагналт Б.Цэнддоо, МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Норов, МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар, “Глоб Интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал, Хүний эрхийн хуульч М.Ичинноров, найруулагч Ж.Сэнгэдорж нарын 30 хүний бүрэлдэхүүн ажилласан юм. Энд нэмэхэд, “Nyamgavaa film“, “Гэрэлт медиа” групп, “Логик фильм” продакшны хамтын бүтээл "Хязгааргүй" уран сайхны оны ерөнхий найруулагчаар И.Нямгаваа, продюсераар М.Дорждэрэм ажиллаж, кино зохиолыг С.Баярсайхан бичжээ.
ESA—Тоглосон киногоо үзэхээр өөртөө таалагддаг уу?
—100 хувь санаанд хүрч байсан удаа байхгүй ээ. Тэр үед тэгэхгүй яав даа гэж өөрийн эрхгүй л бодогддог юм.
ESA—Мөрөөдлийн дүрдээ тоглож амжсан уу?
—Түүхэн дүрд тоглох мөрөөдөл хэвээр, би түүхээ судалсаар л явна. Аливаа зүйлд тохироо бүрдэнэ гэж байдаг даа. Хэзээ нэгэнтээ тохироо таараад тоглоно. Гэхдээ түүхэн дүр гэхээр хатан гэж ойлгодог. Үгүй л дээ. Түүх бол түүх. Тухайлбал, ардчилалын түүх ч байж болох юм.
ESA—Магадгүй татгалзаж байсан дүр гэж байдаг уу?
—Байна аа. Хэтэрхий задгай эротик стилийн киноны саналаас шууд татгалздаг. Тэр нь ч зөв байжээ. Хүн чинь хүүхэдтэй болохоор олон юм боддог юм билээ. Ирээдүйд хүү маань ээжийнхээ тоглосон киног үзнэ шүү дээ.
ХОЁР. ЭЭЖИЙН ЕРТӨНЦ
ESA—Эхэнд хоёр ертөнцийн хүний тухай ярьсан даа. Жүжигчин бүсгүйн нөгөө ертөнц энэ. Мэдээж энд олон зүйл багтах ч “шинэхэн” ээжийг олзуурхсан хэрэг. Эмэгтэй хүн төрөхөөрөө олон зүйлийг ухаардаг. Амьдралд бүүр цоо шинэ ертөнц цийтэл үүдээ нээдэг шүү дээ. Түүний хувьд ч ялгаагүй аж. Ингээд аз жаргалтай ээжийн ажлаас нь асуухын сацуу ээжийн тухай асуугаад авсан нулимс унагаж сандаргав. Гэхдээ урлагийн хүний сэтгэл хөдлөл дандаа л дээд хэмд явдаг. Дээр нь ээж болохоор өр нимгэрдэг хойно гайхах юусан билээ.
ESA—Хүү нь том болж байна уу. Давхар биетэй папараццид лав өртсөнгүй?
-Том болж байна. Зарим нэг нь зохиогоод бичсэн харагдана лээ. Мэдээж элдэв хэл аманд өртөх дургүй. Тэгэнгүүт жирэмсэн болохоор эх хүний үрээ хайрлаж хамгаалах зөн совин бүүр илүү болж болгоомжилсон хэрэг. Яг л өндгөө дарсан шувуу шиг л чимээгүй байхыг илүүд үзсэн.
ESA—Эмэгтэй хүн төрөхдөө ээжийгээ илүү ойлгодог шиг санагддаг?
—Хүмүүс төрөхдөө тэгж боддог гэсэн. Харин би хөл хүнд болоод л муу ээжийгээ “зовоосон”. Гэрийнхэн маань 10 сарын хугацаанд нэг ч хором надаас холдолгүй бөөцийлсөн. Ээжгүйгээр эмнэлэг ч явдаггүй байлаа. Залуу хүмүүс байна даа. Хайртайгаа хамт гарах болоход ээж хамт явна л гэнэ. Яахав татгалзаж болохгүй. Гурвуулаа л гарна даа. /инээв/ Одоо ингээд бодоход ээж минь энэ олон хүүхдийг төрүүлж, бүгдийг нь эрүүл саруул өсгөөд, хажуугаар бас ажлаа хийдэг байлаа. Ямар мундаг юм бэ. Зүгээр л ээжүүдийг шүтэж амьдаръя.
ESA—Хүүтэйгээ анх “танилцахад” ямар санагдаж байв?
-Би их тодоор төсөөлчихсөн байна лээ. Эхоны зураг шиг л бодож байтал арай өөр байсаан. /инээв/ Их гоё мэдрэмж төрдөг юм билээ. Өөрийн эрхгүй нулимс урсаад л байсан. Би чинь ах эгч нарынхаа хүүхдүүдийг харж өсгөсөн. Тэр утгаараа өөрийгөө хүүхдийн талаар “гаргаахгүй” гэж боддог байлаа. Тэгсэн цагаа тулсан худлаа юм билээ. Асар олон юмыг мэддэггүй байжээ. Үүний хажуугаар амьдралдаа хэзээ ч авч байгаагүй маш олон гоё мэдрэмжүүдийг авч байна. Ажилдаа хүртэл нухацтай хандаж байгаа юм. Би зөв дүрд тоглох ёстой. Хожмоо хүү маань үзнэ шүү дээ гээд бодож эхэлсэн шүү.
ESA—Хүүгээ хэзээ дүүтэй болгох вэ?
—Хүний хүсэл гэдэг хязгааргүй. Би бас хөөрхөн үс сүлжмээр л санагдаад эхэлсэн. Хүүдээ хувцас авч дэлгүүр хэсэхээр охидын хувцас өөрийн эрхгүй нүдэнд тусаад, эгдүү хүргэх юм.
ESA—Аав ээж тань ач зээ олуулаа юу. Танаас өөр жүжигчин бий юу?
—Аав ээж хоёр маань Батсүмбэрт амьдардаг. Би ах эгч, хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй дүүтэй.Өнөөдөр бүгдээрээ гэр бүл болж, тусдаа гарсан. Өнөө жил хамгийн бага дүү маань маматай болж байна. Одоогоор надаас өөр жүжигчин байхгүй. Харин жүжигчин болно гэж ярьж байгаа хүүхдүүд бий. Гэхдээ бидний ажил хэцүү учраас болно гэсний зоргоор уруу татахгүй ээ. Яахав үнэхээр авьяастай бол дэмжинэ. Үнэхээр дурлаад, бүүр өвчилсөн бол “бууж” өгнө өө. /инээв/
ESA—Танайхан ямар дүрд чинь илүү дуртай вэ?
—Оюутан байхдаа ангиараа “Бага нас минь баяртай” жүжгийг Хүүхэд залуучуудын театрт тавьж байлаа. Гол дүрд нь тоглосон жүжгийнхээ урилгыг ээж аавдаа өгч, тэд урилгын суудлаас үзсэн юм. Дараа нь ээжийнхээ ярианаас сонсоход аавд их хэцүү байсан гэсэн. Хөөрхий хоёулаа л биеэ бариад их зовлонтой үзсэн шиг байгаа юм. Тэрнээс хойш аав миний уран бүтээлийг үзээгүй. Харин иүүнээс 10 жилийн дараа ямархан жүжигчин болсноо харуулах гээд “Хоёр ертөнцийн буудал” жүжигтээ ахиад урьсан. Даанч аавд чухал ажил гараад ээж, ах дүү нар ирсэн. Дараа нь энэ жүжгээрээ “Гэгээн муза”-гаас шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал авахад аав утасдаад “Миний охин одоо л жүжигчин болох нь дээ. Баяр хүргэе” гэсэн. Олон жилийн дараа сонссон үг л дээ. Манайхнаас ганцхан надад л аав тэгж ханддаг юм. Нэг бодлын зөв санагддаг.
ESA—Энд сонирхуулахад,
“ТВ Коктейль” хамтлагийнхан Францын шинэ үеийн шилдэг зохиолчдын нэг Эрик Эммануэль Шмитийн зохиолоос сэдэвлэсэн “Хоёр ертөнцийн буудал” жүжгийг 2012 онд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт тавьж байлаа. Уг жүжгийн найруулагчаар Б.Сэнгэдорж ажилласан бол гол дүрд жүжигчин Н.Цэнд-Аюуш, А.Өнөржаргал, Э.Цолмонбаяр, Д.Энхбаяр болон Амбий буюу Ц.Батхуяг тоглосон байдаг юм.
ESA—Урлагийн эмэгтэйчүүд хөл хүнд болохоороо жингийн талаар санаа зовдог. Та жингээс айсан уу?
—Тийм шүү, санаа зовсон. Гэдэс жоохон томроод ирсэн би өөрөө ч том болж байна аа. Таргалаад их л муухай болох нь дээ гэж бодтол хүүхэд хөдлөөд хэвэндээ орчихсон. Түүнээс хойш гэдэстэй л болсноос жиндээ байсаар төрсөн. Харин төрсний дараа хүүхдээ хөхөөрөө хооллохын тулд сүү сайн оруулдаг бүх юмыг өөрийгөө хайрлахгүй идсэн. Тэгээд нэлээн таргалах байх гэж бодсон дажгүй шүү. Одоо харин спор зааландаа хичээллэхгүй бол өмнөх шигээ идээд таргалж мэдэх нь. Зав л гарвал хүү рүүгээ яарна. Бас хажуугаар нь сурч байгаа болохоор зааланд очихгүй удлаа. Цаг явсаар л байна. Үүнийг дагаад хүний хөгжил ч давхар явах ёстой. Хүн чинь өмнө нь хийж байснаа хийхгүй болохоор ардаа нэг үлдээчихсэн юм шиг, дутуу орхисон мэдрэмж төрөөд байдаг юм байна. Би одоо яг л тийм байна.
ESA— Хүүхэдтэй болоод амьдралыг бас нэг өөр өнцгөөс харсан болов уу. Магадгүй шинэ уран бүтээлийн санаа олон төрөв үү?
— Хүүхдүүдэд зориулж гоё хүүхэлдэйн кино юм уу, хүүхэлдэйн жүжиг хийхсэн гэж бодож байна. Хүүхдийн хүмүүжлийн 80 хувь гурав хүртэлх насанд төлөвшдөг гэдэг. Тэгэхээр аливааг ойлгуулахын тулд асар их юм хийх ёстой юм байна. Тэр болгонд хэлэх биш үйлдлээрээ үзүүлбэл хоногшиж үлдэх нь илүү учраас олон л санаа төрөх юм. Үүний нэг нь энэ жүжиг байна.
ESA— Хэдэн жилийн өмнө “ТВ коктейль”-ийнхэн хүүхэлдэйн кино хийх тухай ярьж байсан санагдана?
– Тэр мөрөөдөл маань байсаар л байна. Тэгэхэд бид Монгол хүүхэлдэйн баатартай болъё. Тэгээд Монгол ахуй, Монголын байгаль, ан амьтнаа багтаасан хүүхэд гэлтгүй бүх насныхан үзэх кино хийе гэж ярьж байсан юм. Тухайн үедээ их том зорилго тавьсан болохоор сэтгэлд хүртэл хүүхэлдэйн баатраа амилуулж чадаагүй л явна. Гэхдээ хэзээ нэгэн цагт биелүүлнэ ээ.
ESA—Ингэхэд та гурав /Өөскө, Цоомоо, Аюуш/ ахин хамтрах уу?
— Тэгэлгүй яахав. Уран бүтээлийн төлөвлөгөө байна. Магадгүй үзэгчид бидний ажлыг их амархнаар санадаг байж мэдэх юм. Үгүй л дээ. Чимээгүй байгаа ч хоорондоо ярилцсаар, дор бүрнээ шинэ санаа бодсоор л явна. Удахгүй хамтлагийнхаа шинэ уран бүтээлийг үзэгчдэдээ хүргэнэ ээ. Одоо бид чинь сургуулиа төгсөөд багагүй хугацаа өнгөрчихлөө. Хувь хүний болоод уран бүтээлчдийнхээ хувьд төлөвшиж байна. Тэгэхээр өөрсдийн сэтгэлд хүрсэн л зохиолыг барьж авч ажилламаар байна. 10 жилийн өмнө хийсэн сэдвээрээ ахиад ажиллах биш киноны хөгжлийг өөрсдийн хэмжээнд түвшин ахиулахыг хүсч байна. Үүний тулд тархиа гашилцгаасаар л.
Тухайн үедээ “ТВ коктейль” нь телевизийн нэвтрүүлгийн өнгө төрх болж чадсан гэж боддог. Бидний араас манай нэвтрүүлгийн өнгө төрхтэй ойролцоо маш олон нэвтрүүлэг гарч, илүү чанаржаад, улам хөгжөөд л явна. Бид бас хэд хэдэн киног хийсэн. “Намрын синдром”, “Сайн уу амьдрал минь” гээд. Энд ч бас тухай үедээ гоё, гоё шийдлүүдийг хийсэн.
ESA— Хүсэл мөрөөдлөөс өөр “өмчгүй” залуус хамтлаг байгуулах гээд л гүйж явсан санагдана?
— Тийм шүү. Бидэнд мөнгө байхгүй, техник хэрэгсэл байхгүй, машин ч байхгүй. Машин бол бүүр холын мөрөөдөл байлаа. Бас оффис байхгүй. Олон байхгүй байгаа биз. Гэхдээ аймаар том мөрөөдөл, тийм хэмжээний жигүүр байсан. Бас боломжоо хөөрхөн ашиглана. Энд тэнд арга хэмжээ хөтлөж, оролцоод хорогдох байраа олох жишээний. Тэгээд өдөр бүр ажилтай юм шиг цуглаад, санаагаа олох гээд яриад л сууна. Мэдэхгүй нь харвал буу халаад зүгээр суугаад л байгаа юм шиг. Ингээд сууж, сууж харих болоход автобусны мөнгө нь байхгүй ээ. Би болохоор өдрийн нормтой. Цоомоо бид хоёр чинь нэг зүг рүү явна. Хоёулаа өнөө төсөвт мөнгөнийхөө талаар нэг стакан самар аваад, гэр хүртлээ алхана. Замдаа юу эсийг ярих вэ. Хэдэн жилийн дараа гээд л үсэргээд мөрөөдөж өгнө. Ямартаа ч тэр мөрөөдөл биелж, мундаг ах эгч нартайгаа хамтран тоглож, бүүр уран бүтээл хийдэг боллоо. Энэ бол мөрөөдлийн маань хамгийн гоё хэсэг. Биелсэн л юм даа.
ESA— Ярилцсанд баярлалаа.