Кино урлаг нь хөгжлийн оргилдоо хүрчихсэн, хөгжингүй, хөгжиж яваа улс орнууд өөрсдийн гэсэн олон жилийн түүхтэй “Кино наадам”-уудтай байдаг. Бидний хамгийн сайн мэдэх нь “Оскар”-ын шагнал гардуулах ёслол. Жил бүр зохион байгуулагддаг энэ наадмаар холливуд, олон улсын бүрэн хэмжээний, анимэйшн, баримтат киноны шилдгүүдийг тодруулдаг. Оскар өдгөө 90 жилийн түүхтэй болжээ. Үүнээс гадна Канн, Берлин, Венец, Бусан зэрэг олон нэр хүнд бүхий кино наадмуудыг бид мэднэ. Харин энэ жил манай кино урлагийнхан “Академи авардс”-ийг долоо дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
”Оскар” 90 жилийн түүхтэй атал “Академи авардс” долоон л жилийн түүхтэй. Энэ хоёрыг харьцуулах нь дэндүү утгагүй гэж хүмүүс бодож болох юм. Нэгэнтээ “Холливудийн форматыг гол шалгуур болгож тавьж буй нь зарим хүнд өрөөсгөл санагдаж болох. Гэхдээ бид хүний нийгэм нэгэн үеэрээ бүрэлдэн буй болгосон туршлага, бүдэг ч болов зүй тогтлыг дагахгүйгээр хүнд тоогдохоор юм хийж сурах нь юу л бол…” /Я.Баяраа, “МОНГОЛ КИНО: Зохиол, зохиол, зохиол шүүмжээс”/ гэж бичсэн байдаг нь гарцаагүй үнэн тул харьцуулахад нэг их буруудахгүй л болов уу.
Бидэнд харьцуулах, харьцуулагдах орон зай, биет зүйл дутагдаж байгаа нь үнэн. Найруулагч Ц.Хүсэлбаатар “Залуу үеийхэн кино зохиолоо л сайн боловсруул” гэж хэлсэн байдагчлан бид гадны чанартай уран бүтээлүүдийг үлгэрлэн жишиж, туршлага олж авах нь чухал хэрэгцээ. Сүүлийн үеийн монгол кино үзэгчдийг хөгжөөсөн хөнгөн зугаа, ур муухан зураглал, хөгжүүлээгүй, сунжирсан харилцан яриа, үсэрч, тасарсан олон эвлүүлгээс бүрддэг болсныг хатуухан хэлэхэд нуух юун.
Уран бүтээлчид үзэгчдээ хүндлэх ёстой, мөн бүтээлийнхээ чанарт ч анхаарлаа хандуулах үүрэгтэй. Мэргэжлийн ур чадвараа өсгөх зайлшгүй шаардалагатай. Сүртэй, нүсэр дүрслэлээс илүү энгийн, дотортой зүйлийг илэрхийлвэл хавь илүү монголчуудын соёл, сэтгэлгээтэй уусан сүлэлдэж мэднэ. Бас нөгөөтэйгүүр сайхан мэдээ ч бас бий.
Монгол киноны чанар, үзэгчдийн хандлага, хүлээн авч буй байдал зэрэг нь жилээс жилд сайжирсаар л байна. Монгол киноны хөгжилд зайлшгүй хэрэгтэй, хэрэгцээтэй зүйл бол уран бүтээлчдийн хөдөлмөрийг үнэлэх, шагнал урамшуулал олгох, бүтээлийг алдаршуулах, олон улсын тавцанд гарах гүүр болох зэрэг олон талт үйл хэргийг бүтээх шагналт наадам юм. Тийм ч учраас“Академи авардс” бол чанартай зохиолоор хийгдсэн чансаатай бүтээлүүдэд шагнал олгодог үнэ цэнэ бүхий наадам байх шаардлагатай байна. Тийм ч байх ёстой. Энэ жил монгол харьцангуй сайн уран бүтээлүүд нээлтээ хийсэн гэж хэлж болно.
“Байтаг богд”, “Зүрхний хилэн”, “Говийн домог”, “Амьдрал”, “Харанхуй хад”, “Бумеранг”, “Чингисийн хүүхдүүд”, “Чингис хаан”, “Үүлэн хээтэй орчлон” зэрэг бүрэн хэмжээний, богино, анимэйшн, кинонууд нэр дэвшин өрсөлдөж байна. Нийт уран бүтээлчиддээ амжилт хүсье. “Академи авардс” олон жил зохион байгуулагдаж “Оскар”-ын дайтай шагнал гардуулах ёслол болохын төлөө монгол киноны уран бүтээлчид тасралтгүй, чанартай уран бүтээлүүдээ туурвисаар байх биз ээ.