Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан 2017 оны 1 дүгээр сараас эхэлж “Номоо солилцъё” өдөрлөгийг сар бүр Д.Сүхбаатарын талбайд 2 жилийн хугацаанд тогтмол зохион байгуулж ирсэн. Энэхүү арга хэмжээг улам өргөжүүлж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2019 оны 1 дүгээр сараас ”Номоо солилцъё” бичил номын сангийн үйл ажиллагааг НИТХ, НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Д.Нацагдоржийн нэрэмжит хотын төв номын сан, JCI Grand зэрэг байгууллагуудтай хамтран НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооноос санаачилсан “УНШЛАГЫГ ДЭМЖИХ 2021” хөтөлбөр болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тогтвортой хөгжлийн #4 Чанартай боловсролыг дэмжих зорилгын хүрээнд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд төслийн нээлтийг өнөөдөр Нийслэлийн Хангарьд ордонд зохион байгууллаа.
Нээлтийн ажиллагаанд Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч – Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Д.Мөнхжаргал, НИТХ-ын ажлын албаны дарга Б.Батбямба, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга, JCI Grand салбар байгууллагын 2019 оны Eрөнхийлөгч Ж.Дамдинцэрэн, Д.Нацагдоржийн нэрэмжит хотын төв номын сангийн захирал Д.Индра болон төслийн хамтрагч байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.
Бичил номын санг EБС, ИДС, Төрийн байгууллага, хувийн хэвшил, эмнэлэг, цэцэрлэгүүдэд байрлуулах бөгөөд зөвхөн төрийн оролцоотой бус төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд энэхүү төсөл цаашид үргэлжлэх юм.
Өөрөө өөртөө үйлчлэх бичил номын санг тодорхой цэгүүдэд байршуулснаар хувь хүн, гэр бүл, байгууллага, хамт олны ном унших дадал зуршлыг нэмэгдүүлэх, өөрийнхөө уншсан номыг бусдад уншуулах, нийтээрээ номонд хайртай байх, эерэг хандлагыг бий болгох зорилготой юм.
“Номоо солилцъё” төслийн дүрэм энгийн – НЭГ НОМ ӨГӨӨД НЭГ НОМ АВАХ юм. Та бүхэн бичил номын сангаар үйлчлүүлэхийг уриалж байна.