“Хайрын элч”, поп дива, дуучин С.Сэрчмаагийн “Эрх саран” уран бүтээлийн тоглолтоо өнгөрсөн бямба гараг /2026.11.14/-т “АСА Арена”-д хийлээ.
Тэрбээр эл тоглолтынхоо дараа цахим хуудсандаа сэтгэгдлээ хуваалцжээ.
Тэрбээр “Миний урлагийн замналын нэгэн нандин хуудас болон үлдэх энэ тоглолтыг минь амжилттай, дурсамж дүүрэн болгож өгсөн та бүхэндээ чин сэтгэлийн гүнээс талархал илэрхийлье. Юуны өмнө цаг заваа гарган хүрэлцэн ирж, алга ташилт, халуун дулаан уур амьсгалаараа намайг хөглөсөн эрхэм үзэгч, сонсогч та бүхэндээ баярлалаа.
Мөн энэхүү тоглолтыг бүтээхэд сэтгэл, авьяас, хүч хөдөлмөрөө зориулсан нийт уран бүтээлчид, хөгжимчид, бүжигчид, найруулагч, зохион байгуулагч, менежер “New star” студи, арын албаныхан болон хамтран ажилласан байгууллага, хувь хүмүүстээ онцгойлон талархъя.
Тайзан дээр гэрэл асах хэдхэн мөчийн цаана олон хүний нөр их хөдөлмөр, итгэл сэтгэл, хамтын хүч байдаг юм байна. Энэ үдэш надад зөвхөн амжилт биш, уран бүтээлч хүний хувьд дахин нэг урам зориг, дахин нэг хариуцлага, дахин нэг итгэл бэлэглэлээ. Та бүхний хайр, дэмжлэг миний уран бүтээлийн хамгийн том хүч юм. Хайр түгээж, хамтдаа дуулж, хамтдаа дурсамж бүтээсэн та бүхэндээ баярлалаа. Урлагийн тэнгэрт уулзах дараагийн сайхан мөчүүд хүртэл…” хэмээн бичжээ.

