Бичгийн сод туурвигч, Монголын нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч Дамдинсүрэнгийн Урианхайн 10 боть бүтээлийн чуулган нохой жилийн тэргүүн номоор шалгарлаа. Үндэсний номын сангийн Ерөнхийлөгчийн танхимд өнөөдөр /2019.01.29/ нохой жилийн шилдэг номыг шалгаруулах ёслол болов. MNC телевизээс санаачлан зохион байгуулж буй уг арга хэмжээнд Оны тэргүүн номоос гадна тухайн жилийн шилдэг тэргүүн ном, шилдэг хэвлэлийн компанийг шалгаруулдаг.
Нохой жилийн шилдэг номоор зохиолч сэтгүүлч Д.Төрмөнхийн "Санкара" эссэ роман, Төрийн соёрхолт, яруу найрагч Ц.Бавуудоржийн "Шувууг сулла" яруу найргийн түүвэр , ШУ-ны гавьяат зүтгэлтэн Д.Төмөртогоогийн Монгол хэлний үгийн гарлын тайлбар толь, орчуулагч О.Жаргалсайханы "Хайрын ааш" шилдэг орчуулгын шагнал тус тус хүртлээ. Энэ үеэр Монголын яруу найрагт өөрийн өвөрмөц өнгө төрхийг бий болгосон Д.Урианхай гуайтай цөөн хором ярилцлаа.
-Нохой жилийн шилдэг бүтээлээр таны 10 боть бүтээл шалгарлаа. Эдгээр бүтээлийнхээ тухай уншигчдадаа дэлгэрэнгүй тайлбарлаж болох уу?
– Нийт 20 гаруй ботиос эхний 10 нь уншигчдын гарт хүрээд байна. Эхний хоёр боть бол яруу найраг бол дараагийн хоёр ботид жүжиг, мөн тууж, эсээ, дан өгүүллэг, роман гээд 10 боть боллоо. Ах нь 1000 гаруй шүлэг бичиж, яруу найргийн 15 ном хэвлүүлсэн байна. Жүжиг театрын урлаг сонирхогчид жүжгийн зохиолын хоёр ботийг уншихыг хүсч байна. Энд реалист, моно, абсурд гэх зэрэг жүжиг байгаа. Ер нь энэ 10 ботийг бүгдийг нь уншвал их хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. Ирэх 2020, 2021 онд хэвлэгдээгүй байгаа философи, пост модернизм чиглэлийн гурван том боть, хүний амьдралыг өгүүлсэн хоёр романыг уншигчдад хүргэнэ.
– 2019 оны Нобелийн утга зохиолын салбарын шагналд таны нэрийг дэвшүүлээд буй. Өнгөрсөн жил таны нэрийг дэвшүүлж байсан. Энэ тухай?
– Угтаа бол энийг Шинжлэх ухааны академи, мэргэжлийн байгууллага, утга зохиолын салбарынхан л мэдэж байх ёстой нууц юм. Монголд хэвлэл мэдээллээр тархчихдаг юм байна. Би өөрөө ч мэдчихлээ. Миний ойлгосноор Шведийн Нобелийн шагналын хорооноос Монголын Шинжлэх ухааны академид зохиолчдоос нэр дэвшүүлэх урилга ирүүлсэн. Энэ дагуу 2018 онд миний нэрийг дэвшүүлсэн. Гэхдээ нууцаар гурван хүний нэрийг дэвшүүлж, санал хураасан юм билээ. Санал хураалтаар миний нэрийг сонгосон. 2018 оны утга зохиолын Нобелийн шагналын тухайд ёс суртахуун будлиан гарсан учраас 2019 онд болгохоор хойшлуулсан.
– Таны бодлоор Монголын утга зохиолын салбарын хөгжлийн чиг хандлага ямар шатанд байна вэ. Сүүлийн үед орчин үеийн утга зохиолыг илүү хөгжүүлэх шаардлага бий болж, чанартай сайн зохиол өдрийн од шиг болсон гэх шүүмжлэл дагуулах боллоо?
– Ийм шүүмж дагуулж байвал би баярлаж байна. Гэхдээ энэ нь хоёр талтай. Нэгдүгээрт уншигчид орчин үеийн утга зохиолыг түвшнийг голж байна гэдэг бол мэдлэг боловсрол, гоо сайхны мэдрэмж хөгжсөний шинж тэмдэг. Үүнд Монголын зохиолчид бид баярлах хэрэгтэй. Тэгэхээр урлагийн Янжинлхам, Манчир бурхандаа их хүчтэй залбирал бодуулна биз. Хоёрдугаарт дэлхийн сонгодог орчин үеийн утга зохиолыг их уншиж, боловсрох хэрэгтэй. Үгүй бол Монголын утга зохиолын тухай ийм шүүмж түүхэн туршид дагуулах болно. Тиймээс хичээж, бурхандаа залбирах хэрэгтэй. Бурхандаа залбирснаар бурхан туслахгүй. Бурхан юу гэж хэлдэг вэ гэхээр “Өөртөө тусалсан хүнд л би тусална” гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл, бурханаас тус авахын тулд өөртөө л туслах хэрэгтэй гэж хэлмээр байна. Нөгөө талаас хоосон усны олгой шиг сэтгэгдлээр Монголын утга зохиолын түвшнийг доош нь хийгээд байж болохгүй. Энэ бол дэндүү бодит бус. Энэ тухай нэг баримт хэлэхэд, 2017 онд Өмнөд Солонгосын Соёл шинжлэх ухаан боловсрол, аялал жуулчлалын яамнаас Гуанжу хотод байрлах Азийн соёлын төвөөс Азийн утга зохиолын анхдугаар наадмыг хийсэн. Эл наадамд АНУ, Франц, Испани, Македони, Өмнөд Солонгосын эрдэмтэд шүүгчээр ажиллаж, судалгааныхаа үр дүнд Азид орчин үеийн утга зохиолын сэтгэлгээгээр тэргүүлэх дөрвөн орныг шалгаруулахад Япон, Хятад, Перс, Монгол дөрвөн орноос орчин үеийн утга зохиолоороо Монгол тэргүүлсэн. Үүнийг би түшиглэх ёстой баримт, бодит үнэлэмж гэж үзэж байна. Нэг талдаа орчин үеийн утга зохиолд чанартай бүтээл гарахгүй байна гэх шүүмжийг сонсох ёстой үг боловч нөгөө талаас хэтэрхий гудамжны яриа болж магадгүй. Яагаад гэвэл дэлхийн судлаачид Монголын орчин үеийн утга зохиолын хөгжил Азид тэргүүлэх дөрвөн орны нэгд үнэлсний дотор Монголчууд “накаунт” хийчхээд л ирлээ шүү дээ.
-Таны “Инээд шиг хуучин хүний амьдрал” яруу найраг Ази тивээс анх удаа шалгарч, дэлхийн шилдэг нэг шүлгийн номд багтсан нь бас л Монголын орчин үеийн утга зохиолын чансааг харуулсан болов уу?
-Энэ ном нь Монгол гутлын нэг эсгий оймс шиг хэмжээтэй. Энэ номд Азиас Монгол шургачхаж байгаа юм шиг байна билээ. Яах вэ, энэ номд Монголын болон Солонгосын нэг яруу найрагчийн шүлэг багтсан юм билээ. Гэхдээ энэ хүн нь Солонгос гаралтай болохоос Францын иргэн болсон, францаар шүлгээ бичдэг ийм хүн. Харин нөгөө л Д.Урианхай бол Монголдоо махаа идээд, айргаа уугаад, Монголоороо шүлгээ бичиж байгаа нөхөр. Дэлхийн нэг шүлгийн номд Азиас Монголын нэг яруу найраг орж байгаа, мөн дээрх баримтаас дүгнэлт хийвэл Монголын яруу найраг дэлхийд гологдохооргүй. Гэхдээ зохиолчийн бүтээлийг голж байх тусам сайн. Голж, шилж байгаа үзэгчдэдээ би халуун баярыг хүргэж байна.