Урлагийн салбарын салаа мөчир дундаас сонгодог урлаг, дуурийн дуулаач, балеть мастерууд үзэгчдийн мэлмийг баясгаж оюуны боловсрол олгон, сэтгэлийн таашаал өгч байдаг. Ингээд дөрөвдүгээр сард ямар ямар тоглолт болох талаарх мэдээллийг хүргэе.
“Эцсийн зогсоол зөвхөн чи” /2019.04.01/
Улсын драмын эрдмийн театрынхан Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатарын найруулга “Эцсийн зогсоол зөвхөн чи” инээдмийн жүжгээр дөрөвдүгээр сарыг эхлүүлж байна. Шекспирийн дайтай үнэлэгддэг Английн инээдмийн жүжгийн алдарт зохиолч Рэй Куни болон Ж.Чэпмэн нарын “Ор хөнжил ба ноёд хатагтай” зохиолоос сэдэвлэн бүтээсэн энэхүү жүжгийг Олон улсын инээдмийн баярын өдрөөр 18.00 цагт хөшгөө нээхээр товложээ. Тасалбарын үнэ суудлын зэргээс хамааран 10.000 15.000 20.000 мянган төгрөгийн үнэтэй.
Дүрүүдэд:
МУГЖ Ж.Оюундарь
МУГЖ Л.Дэмидбаатар
АЖ С.Сарантуяа
СТА Б.Одончимэг
СТА Б.Отгонбат
СТА Д.Баттөмөр
СТА М.Тогтохжаргал
К.Людвиг “Оддын өвчин” /2019.04.02/
Бродвейн театрын тайзыг эзэгнэж, Холливудын дэлгэцийг дүүргэж байдаг К.Людвиг хэмээх энэ эрхмийн “Оддын өвчин” алдарт бүтээл Монголын тайзнаа дахин амилах нь. Эл жүжгийн үйл явдал АНУ-ын Огайо муж улсын Клевлэнд хотын тансаг зэрэглэлийн зочид буудалд өрнөнө. Дуулаачийн компанийн ерөнхий менежер Сондерс нь алдартай дуучин, гайхамшигтай тенор хоолойтон Тито Мереллитэй “Отелло” жүжгийн тоглох гэрээ байгуулснаар тоглолтын урилга, зараа сүр дуулиантай тарааж, театрын уран бүтээлчид төдийгүй хотын бишрэн шүтэгчид Титог тэсэн ядан хүлээж буйгаар жүжиг эхэлнэ. Гэтэл Тито…Үргэлжлэлийг Улсын драмын театрын тайзнаа дөрөвдүгээр сарын 2-ноос эхлэн тайзнаа амилах СТА Ч.Түвшингийн найруулга “Оддын өвчин”-өөс үзээрэй.
Дүрүүдэд:
Макс – Э.Тодгэрэл /СТА/
Мэгги –Г.Номуун, Б.Сэтгэлтүвшин
Сондерс – Ц.Жаргалсайхан
Жулия – Ц.Баясгалан /СТА/
Тито – Г.Алтангэрэл /СТА/
Мария – Н.Баярмаа /СТА/
Тахар – Б.Золжаргал
Диана – Б.Золзаяа
“Бүсгүйн зурвас” /2019.04.05, 21-н/
Энэ сарын 1-нд үзэгчдийн хүртээл болсон “Бүсгүйн зурвас” жүжиг ирэх сарын 5, 21-нд дахин тайзнаа тавигдаж, хөшгөө нээхээр болжээ. Утга зохиолын ертөнцөд өөрийн гэсэн өвөрмөц төрх хэв маягийг бүрдүүлсэн яруу найрагч Л.Өлзийтөгсийн “Ярилцлага” жүжгээс сэдэвлэн Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулсан юм. Түүний хоёр дахь нийгэм уянга драмын эл жүжигт Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Г.Урнаа, Ж.Оюундарь нар тоглож, Улсын драмын эрдмийн театрын гурван гавъяат хоршиж буйгаар онцлог. Эл жүжигт хайр дурлал, амьдралд тулгарч болох саад бэрхшээл, аз жаргал, баяр харуусал гээд олон зүйлийг өгүүлэх болно. Тасалбарын үнэ, 10.000, 15.000, 20 мянган төгрөгийн үнэтэй.
ДУУРЬ БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТР
Хунт нуур /2019.04.06/
Дэлхийн сонгодог балетуудаас монголчуудын хамгийн сайн мэдэх Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковский “Хунт нуур” балеть Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа 17.00 цагт дахин амилах нь. Энэхүү балеть нь урлагийн түүхнээ бичигдсэн бүх цаг үеийн агуу бүтээлүүдийн нэг, 140 гаруй жил сонгодог урлагт хайртай үзэгчдийн нандин, эрхэмсгийн дээдийг мэдрэх боломжийг олгосон юм.
Анх 1877 оны гуравдугаар сарын 4-нд Оросын Их театрын тайзнаа хөгжмийн зохиолч П.И.Чайковский “Хунт нуур” балетаа дэглэснээс хойш 142 жил өнгөрч буй. Балетын цомнолыг хорон санаат хүлэг баатарын хараалаар хун болон хувирсан үзэсгэлэнт гүнж Одеттагийн тухай өгүүлдэг Германы ард түмний домгоос сэдэвлэн бичсэн түүхтэй.
Кармен дуурь /2019.04.07/
Улсын драмын эрдмийн театрын тайзнаа 34 дэх жилдээ тоглож буй монголчуудын эчнээ танил Жорж Бизегийн “Кармен” дуурь ирэх сарын 7-нд орой 17:00 цагт дахин амилна. Хайр дурлал, хүсэл хясал, үхлийн дуурь ч гэдэг “Кармен”-ыг дэлхийн сонгодог урлагийн тайзнаа хамгийн олон удаа тоглож байсан түүхтэй.
Эрх чөлөөтэй, бие даасан эмэгтэй хүний тухай гайхамшигт домог болсон энэ дуурийг 1875 онд Парисын театрт тоглоход амжилтгүй болсон ч хожим нь Ж.Бизег таалал төгссөний дараа алдар нэр нь дэлхийн өнцөг булан бүрт түгсэн юм.
Тоска дуурь /2019.04.21/
Анх 1900 оны нэгдүгээр сарын 14-нд Ром хотын “Костанци” театр тоглож байсан нэрт хөгжмийн зохиолч Ж.Пуччинигийн “Тоска” дуурийг ирэх сарын 21-нд орой 17.00 цагаас тоглоно. Энэхүү дуурь Пуччинийн хамгийн хүнд драмтай дууриудын нэг бөгөөд авьяаслаг, үзэсгэлэнтэй хэдий ч огцом сэтгэлийн хөдөлгөөнтэй хартай, гэнэн бүсгүй Тоска, хийсвэр, мөрөөдөмтгий, мэдрэмтгий, шулуун шударга Каварадосси, санаа муутай, хашир, харгис хэрцгий Скарпья нарийн дүрийг тус тусад нь маш тодорхой хөгжмийн аялгуугаар гаргаж ирсэн нь сонсогч, үзэгчдийн сэтгэлийг зуун жилийн турш байлдан дагуулсаар байна
“Шехеразада” /04.27/
Римский Корсаковын “Шехеразада” балетыг анх 1963 онд манай улс театрын тайзнаа тавьсан. “1001 шөнийн үлгэр” зохиолоос сэдэвлэсэн эл балетад зах хязгааргүй их далайн дунд хугархай шураг дээр үхэлтэй тэмцэн хөвж буй зоригт Синдбад далайчны амьдралыг харуулдаг. Тус балеть 17.00 цагаас эхэлнэ.
“Шарилжин дундах цэцэг” /2019.04.27/
Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Э.Чойдогийн “Шарилжин дундах цэцэг” нэг бүлэг гурван үзэгдэлт балет 17.00 цагт товлогджээ. Энэхүү балетын эхэнд олон жилийн өмнө нас эцэслэсэн хоёр баатрын булш харагдана. Булшны нэгэн дээр цэцэг, нөгөө дээр нь шарилж ургасныг харуулж үзэсгэлэнт Урангоо бүсгүй эхний булшны дэргэд гуниглан зогсож буйгаар үйл явдал цааш өрнөдөг.
Чио Чио сан /2019.04.28/
Италийн нэрт хөгжмийн зохиолч, их мастер Ж.Пуччинийн алдарт “Madam Butterfly” буюу “Чио Чио Сан” дуурь 17.00 цагт товлогджээ. Үзэгчдийн сэтгэл зүрхийг анхнаасаа татаж дэлхийн театруудын чансааг үргэлж илтгэж байдаг Ж.Пуччинийн энэхүү дуурьт XIX зууны сүүл үед Нагасаки хот дахь дорнын үзэсгэлэнт бүсгүй Чио Чио Сан, Америкийн тэнгисийн цэргийн дэслэгч Пинкертон хоёрын хайр дурлалын гунигт түүхийг өгүүлдэг.
Тус дуурь нь анх 1904 оны хоёрдугаар сарын 17-нд Италийн Милан хотын театрт тавигдаж байсан юм.
МОНГОЛ УЛСЫН ФИЛАРМОНИ
“Novel Melody” /2019.04.16/
Морин хуурын чуулгын “Novel Melody” тоглолт 19.00 цагт эхэлнэ. Тус чуулгын уран бүтээлчид зургаа дахь жилдээ үзэгч, сонсогчидтойгоо нэгэн гайхалтай үдшийг өнгөрүүлэхээр болсон нь энэ юм.
Морин хуурын чуулгын уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварыг харуулсан шинэ хөгжим, шинэ дуугаралт, шинэ өнгө аяс, агуулга гээд бүгд шинэлэг байдгаараа өвөрмөц тоглолт болдог.
1990-ЭЭД ОНЫГ ЭРГЭН ДУРСАНА
Жирийн Монгол охин /2019.04.13/
“Жирийн монгол охины дөлгөөн харц
Юуны учир над дээр тусав аа
Намрын төгөлд чинийхээ дүрийг
Анх удаа би харж билээ… “Ньанс” хамтлагийн “Жирийн Монгол охин” дууг сонсч үзээгүй, мэдэхгүй хүн байхгүй болов уу. Навчис хаялах намрын улирал, намуухан үдэш, сэтгэл догдлуулсан санаандгүй учрал, зүүд дурсамжийг тань амилуулах айзамт үдэш амьд хөгжим, тансаг аялгууг мэдрэх болно. Энэ бол Улаанбаатар паласын концертын их танхимд 19.00 цагаас ганцхан удаа тоглох “Жирийн Монгол охин” тоглолт юм. Энэхүү концертыг Монголын рок попын шинэ үеийн сэргэн мандалтыг тунхагласан “Шигтгээ”, “Элекондр”, “Хөх тэнгэр” хамтлагийн дуучин, хөгжимчин Б.Цогийн урлагт түрлэг нэмсний 30 жилийн ойд зориулжээ. Тоглолтод “Хар сарнай” , “Титэм, “Айзам-2”-ын Мөнхбаяр, “Харш”, продюсер Б.Ангирмаа, жазз дуучин Ц.Хулан, дуучин Баярцэцэг, нэвтрүүлэгч Г.Оюунцэцэг нар оролцоно.
Эх сурвалж: NEWS.mn