Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, “Морин хуур” наадмын тэргүүн шагналт, яруу найрагч, сэтгүүлч Сумьяагийн Амартайван өнөөдөр /2019.05.08/ “Морьтны тэнгэр” номын нээлтээ “Интер ном" их дэлгүүрт зохион байгууллаа.
Номын хуримд МЗЭ-ийн тэргүүн, МУСГЗ До.Цэнджав, зохиолч, судлаач, МУСГЗ Д.Цогт-очир, яруу найрагч, сэтгүүлч, МУСГЗ Ай.Тѳмѳр-Очир, Н.Лутбаяр, Монгол Улсын тов манлай уяач, улсын начин Ц.Дуламсүрэн нарын урлаг соёлын алдартнууд олноороо хүрэлцэн ирсэн байв.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат С.Амартайван 2002 онд Чоноголын унага шүлгийн анхны номоо хэвлүүлж байсан түүхтэй. “Сүхбаатарын зам” сонины эрхлэгчээр ажиллаж байсан түүний хувьд “Морин хуур 2004” наадмаас хөгжмийн зохиолч Л.Энхтайваны аялгуу “Олонтой явсан аав” дуу нь тэргүүн байр хүртэж байсан юм.
Яруу найрагчийн “Олонтой явсан аав”, “Наран мандах нутаг”, “Ай Сэлэнгэ минь”, “Арвагар хээр”, “Шүтээн аав”, “Түмэн нутаг”, “Орчлонд ганцхан ээж минь” зэрэг нийтийн хүртээл болсон олон дууны уран бүтээл бий.
“Сумьяагийн Амартайван гэж миний мэдэхийн нүдэнд дулаахан, сайхан монгол эр билээ. Хэнийд ч ороод ирсэн гэр дүүрээд ямар ч ажил төрөл бүтэж бүрдээд явчихмаар хүн гэж байдаг даа. Тиймэрхүү л хүн. Гэхдээ бас түүнээс дутуугүй сонин хүн. Юу нь сонин юм бэ гэвэл тэр яруу найрагчийн хувьд авьяастай болохоор шүлгээ бичихгүй бол хэнд ч гэсэн хайран санагдмаар атлаа бичиж байгаа үгүй нь мэдэгдэхгүй бараа сураг тасардаг ерөнхийдөө амар тайван нь хэтэрсэн Амартайван.
Тэрбээр олон жилийн өмнө Чоно голын унага нэртэй шүлгийн түүврээ хэвлүүлсэн байх юм. Өөрөөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төв Чоно голд Егүзэр хутагтын хийдийн туурийн дээр төрсөн болохоор Чоно грлын унага мөн. Харин энэ удаа “Морьтны тэнгэр” хэмээх яруу найргийн түүвэрт орох шүлгүүдээ ганзагалсаар манайд ирлээ. Найрагч маань хуучнаар Зөвлөлт холбоот улс гэж байхад “Цэргийн нисэх хүчний” сургууль төгсөж эх орныхоо цэлмэг хөх тэнгэрийг эзэгнэсэн нисэх хүчний хийморьтой албанаасаа “Адуу нутаг хоёр минь араас дуудаад байна Аав, ээж хоёр минь алсаас даллаад байна” гэж шүлэглээд нутаг усаа зорьж адуучин болсон хүн. Тэр нэгэн цагт сайн морь унаж зүүн аймгуудын нутгийг хөндлөн гулд туулж, хурдан хурц адууны сорыг цуглуулж явсан бол эдүгээ эх орон, эх дэлхийнхээ өнцөг булан бүрт хүрч бичсэн шүлгээрээ та биднийг олон газраар дагуулж олон хүнтэй учруулж байна. Энэ номын шигтгээ нь хүн төрөлхтөний баяр баясгалан яруу найргийн мөнхийн сэдэв болсон хайр дурлалын шүлгүүд болно. Ингээд амгайн чимээтэй, амьдралын үнэтэй туурвигч дүүдээ уран бүтээлийн улам их олз омогтой аз жаргал дүүрэн явахыг ерөөж байна” хэмээн Амгайн чимээ амьдралын үнэнтэй туурвигч мялаалгын үгэндээ Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Дөнгөтийн Цоодол бичжээ.
Сүүлчийн хонхны дуунаас үргэсэн юм шиг сүрхийж ниссэн
Сүүлийн хонхны дуунд хоргодсон юм шиг сүрхий нэг гунисан сүрэг бор шувуу
Сурагч багын андууд минь ээ
Амьдралын гэрэлд гялбаж хэд маань дуулан нисэв ээ
Амьдралын сүүдэрт дайруулж хэд маань уйлан нисэв ээ
Али алийг нь зэрэг амсаж хэд маань уймарч нисэв ээ
Аян холын цуваанаас хэд маань алдуурч одов оо гэж ээ хэмээн найрагч маань өсөх насны нөхөд болох ангийнхандаа зориулж бичжээ.
Нүрэн заан гэж хүрэн өвгөн
Нүдээр үзээгүй хүнд үлгэрийн өвгөн
Хөл нүцгэн голдуу явах
Хөшөө шиг сүрлэг тэр хүний
Хуучирч гандсан дээлэнд нь бус
Хуучин цагийн Монгол эрийн төрхөнд нь биширч битүүхэн сүрдэж өссөөн бид гэж Нүрэн заан шүлгэндээ бичжээ.
Мандах наран зүгт нутаг минь байдаг
Маргах юмгүй тэнд дулаахан байдаг /Наран мандах нутгаг/
Дээлийнх нь хормой саальтай байдаг даа
Дэлэнт малынх нь буян юм даа /Орчлонд ганцхан ээж/
Хорвоогийн наадмаас буцлаа гэж үү дээ итгэж чадахгүй юм даа
Хониндоо унадаг номхон хээр нь ижил дундаа явна даа
Хонгорын голын ус минь урсдагаараа урсаад байна даа
Хоймор эзгүй аав минь ухаан санаанд ургаад байна даа
Дэндүү олонтой аавыг минь
Дээлтэй өвгөд нь дурсаад байна даа
Дэнж бүрхсэн адуундаа
Дэлтэй морьд нь үүрсээд байна дээ хэмээн түүний “Олонтой явсан аав” дуунд ийн шүлэглэжээ.