Цагаан морин жилийн төвөргөөн нэгэнтээ гучин оны цаанаас сонсогдож байна. Эрх чөлөөний мэдрэмж бас л гуч дахь жилээ үнэрлэгдэж байна. Огт өөр соёл иргэншлийн бойтогны хонхны дуу гуч дахь өвлөө жингэнэж байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, бид хүний насны үеэр бодох ахул бүхэл бүтэн нэг үе бараг л болчихож. Яахав нийгмийн ухаан болон бусад салбарт янз бүрээр бичдэг ч, түгээмэл ойлголтоор бол хүний нэг үе гээд авч ярьж баримжаалдаг л даа.
Юутай ч, Г.Бадамсамбуу зүс бүгэг анд нараа цуглуулсаар хэдийнэ гучин жил болжээ. Юутай ч, Б.Галсансүх нэг ч хувцасгүй зурагтай номоо гаргаснаас хойш гучин жил бараг л өнгөрч байна. Ямартай ч, Г.Аюурзана, Ц.Буянзаяа нар хүний чих дэлдийж, үс босом үг хэлж агснаас хойш гучин ондоо үндсэндээ золгож байна. Одоо бол энэ бүхэн шинэ сонин зүйл, хачин жигтэй явдал хэдийнэ биш болжээ. Хүний нэгэн үе бараг л өнгөрөн одож явна. Харин энэ нэгэн бүтэн үе солигдох торгон зааг, хөвөө хязгаар дахь яруу найргийн эргэн тойрон, ирээдүй цаг ямраар төсөөлөгдөж байна вэ. Төсөөлөл байна аа. Байх байхдаа манай яруу найргийн амьдрал зэт /Z/ үеийнхнээ тосож авахад ядаж сэтгэл зүйгээ бэлдсэн нь дээр бололтой. Хүн ам зүй, социологи, нийгэм судлал, соёл иргэншлийн шинжилгээнд ийм томъёолол нэлээд түгээмэл хэрэглэгддэг. Бардаагаар хэлэхэд бас л нэг цоо шинэ үе, эгнээ, ирээдүйн төлөв. Дээрээс нь, цаг үеийн мөчлөгөөрөө, статистик утгаар манайд “хүн амын цонхны үе” өдгөө тохиож буй юм байна. Аль ч талаас байлаа гэсэн соёолж буй зэт үеийнхэн маань урьд байгаагүй шинэ орчинд төрж, өсч, төлөвших болно. Радио, зурагт, интернетийн түрүү үеийнхэнтэй харьцуулах ч юм биш ажээ. Нэг үгэндээ ухаалаг хэрэглээнд хөлд орж, виртуал орчинд бойжиж, хиймэл оюун ухаантай харилцаж, тодорхой тавцан дээр төлөвшиж хүн болж, өөрийгөө ч илэрхийлэх юм байна. Тэгж ч байх шиг байна. “Тэд гар утсыг кааштайгаа хольж, видео тоглоомыг миний үеийнхний даавуун бөмбөг шиг элээж, instagram, snapchat, дижитал дэлхийгээс ертөнцөө бүтээж, нөхөрлөл, сонирхол, замаа сонгож яваа хүмүүс.” Ингэж тэднийг өмнөх үеийнхэн нь бичиж байна.
Хүн ам зүйн социологи ойлголт руу хадууралгүй, нийгэм судлалын нэр томъёонд хавчигдалгүй, олон өөр салбарын өөр өөр он цаг, хугацаанд төөрөлгүйгээр зүгээр яруу найргийн шинэ дуу хоолойн өнгийг л, түүний эргэн тойрноос ярих гэсэн юм. Социологийн судалгаа зэт үеийнхэн хувийн ур чадвартаа түшиглэх, бие хүний өрсөлдөөнд идэвхтэй байдаг, хамт олноос илүү ганцаараа байхыг илүүд үздэг тухай хэлсэн байна. Энэ үр дүн нэлээд анхаарал татав. Яагаад гэдгийг зарим нэг шүлгийн мөрөөр хөөн бодвол сонирхолтой.
… Цонхны шилэнд нүүрээ наагаад
Бороон дусалтай ярьж буй зүрхээн сонс
Цаашаа харан уйлж зогсоо цаг хугацаа
Өөрийн бүтээсэн бүхнээ баллуурдаж арилгахыг сонс… /Г.Баяр/
Зовлонгоо тэврээд унтсан намайг
Зовсон гэж бүү бодоорой,
Зоргоор, дураараа ч хувь тавилан
Золгүй хүүхэд мэт надад хайртай /А.Урантогос “Нэргүй шүлэг”/
… Эрх чөлөөт чамайг хүсэмжилж, энгэрээ тэврээд шөнөөр тэнүүчлэхдээ
Эгшиглэнт үгсийн айзмаар л уйтгараа бүүвэйлэх болно, би.
Энхрийлэлд дасаагүй зүрхийг энгэр цаанаас минь ч атгана чи.
Эрэмгий хаврын түрэмгий салхи аа! /Ц.Дэлгэрмаа “Салхинд өргөх дуун”/
Айдас дотрыг чинь дүүргэх гадаад ертөнцийн
Аль аль нь хуурмаг хоосон төрхтэйг чи мэднэ шүү дээ.
Гэгээн өдрийг ч уйтгарт нүдээр ажуулж сургасан
Гэрийнхээ цонхыг хоёулаа яг одоо хагалчихъя. /Б.Алтанхуяг “Дөрөвдүгээр сарын шүлэг”/
Норсон гэзэг, гандмал шүхэр, чихарсан нойтон савлуур л
Ноднин жилийн тэнэгхэн дурлалын тунгалаг шаналлыг сэдрээнэ дээ
Үргэлжийн бүүдгэр бүхэнд ингэтлээн адгаж дасчихаад
Үүр цайхад нар мандчихсан байвал үхмээр л санагдах байх даа. /Б.Баясгалан/
Хэдийгээр өөр өөр хэлбэр, өөр агуулга, өөр дүрслэлээр бичсэн авч, цаад утга санааны орон зай ганцаардал, би-дээ төвлөрөх, хувь заяагаа ойшоох, дотоод эго руу эрхгүй хөтөлж байна. Цөөн хэдэн мөр эш авсан хэдий ч, цаана нь байгаа олон мөр, олон зохиолч, магадгүй энэ үеийнхэнд ямар нэг хэмжээгээр хамаатай хэв шинж юм. Арай тодорхой зохиол дээр төвлөрч харсан ч болно.
Тагтаа далавчиндаа дургүй
Би ч бас хөлөндөө дургүй
Тагтан дээрхи бидний яриа ингэж эхлэв
Дахиад хэзээ ч би хүний мөрөөдлөөр
Амьдрахгүй гэхэд минь
Тагтаа ч гэсэн бүр мөсөн
Хүн болохыг хүсдэг гэв!… /Э.Бүжинлхам “Тагтаа далавчиндаа дургүй”/
Дотоод хүнтэйгээ ярих, сэтгэлийн гүнд байх хүслээ илтгэх, хэзээ ч юм хаашаа ч хамаагүй одохыг хүсэх, эргэн тойрноосоо зугтах, танил дасал зүйлээсээ бушуухан хагацах хүсэл зөвхөн энэ шүлэгт ч биш, зөвхөн Э.Бүжинлхамын шүлэгт ч биш, бусад шүлэгт нь ч түгээмэл ажиглагддаг нэг үзэл санаа мөн үү гэвэл мөн. Өмнөх цаг үед, бусад зохиолчдод байгаагүй биш боловч, гол нь шинэ залуу үе эгнээний нийт уран бүтээлийн нэгэн оройлох үзэл санаа үүнтэй салшгүй холбоотойд байгаа юм. Зэт үеийнхний соёл иргэншил, амьдралын хэв маяг, тавцанд үүнийг эморол гэж хэлцгээх юм билээ. Харин Э.Бүжинлхамын хувьд, тэр тусмаа яруу найргийн яриа хөөрөөний тухайд, тэдний үеийнхний үзэл санааны орон зайн хувьд бол илүү буурьтай хандмаар байна аа. Ингэж хандах үндэс бий. Энд нийгэм судлал, социологийн агуулгаар зэт үеийнхний үзэл бодлын ялгарал, хувь хүндээ илүү төвлөрөх, хандах хандлагыг гол болгож байгаа юм биш. Тэгж ярихад хүрвэл, иргэншлийн тэлэлттэй холбоотойгоор нео либертари үзэл манайд урьд өмнөхөөс илүү орон зай эзлэх болсныг ч харгалзах ёстой. Цэвэр уран зохиолын үзэл санааны орчин, уран сайхны сэтгэлгээтэй холбон үзэхийг тэргүүнд барихыг бодов. Гэтэл үнэнийг хэлбэл тэрхүү урлаг, утга зохиолын үзэл санаа, арга барил гэгч маань мөнөөх соёл иргэншил, улс төр, нийгмийн үзэл баримтлал, үнэт зүйл, гүн ухаан, гоо сайхны сэтгэлгээний торлог хэлхээн дээр, буурьтайгаар суурилж, тулгуурлаж байж сая тогтдог гэдгийг дахин эргэн санах хэрэгтэй. Үндсэндээ утга зохиолын дотоод хөгжлийн талаас нь авч үзвэл энэ үеийнхэнд нөлөөлсөн туурвилзүйн нэлээд хүчтэй уламжлал бол 1990-ээд оны зарим нэг үзэгдэл, тухайлж хэлбэл Л.Өлзийтөгсийн нэртэй салшгүй холбоотой. Л.Өлзийтөгсийн эгойзм, феминизм зарим үед маш хурц ажиглагддаг нь үүний тод илрэл. Энэ уламжлал үзэл санаа, утга агуулгын хүрээнд төдийгүй, хэлбэр, зохиолын хэлний төвшинд ч багагүй бий хийгээд, зарим үед зүгээр даган дуурайх, хуулбарлах байдлыг ч илэрхийлэх болсныг хүлээх хэрэгтэй. Ийм үзэгдэл их бага хэмжээгээр Б.Галсансүх, Ц.Бавуудорж, Г.Аюурзана нарын уран сайхны сэтгэлгээ, зохиолын туурвилзүйн уламжлалын хүрээнд тус тус харагддаг. Уран зохиолын амьдралд тохиолддог залуу насны шохоорхол, хэлбэрдэл, даган дуурайх явдал, хошуурах үзэгдэл, арай бүтээлчээр хэлбэл арга барилын эрэлхийлэлтэй холбон тайлбарлах ч ёсон бий. Э.Бүжинлхам уран сайхны сэтгэлгээний уламжлалыг зарим талд цааш баяжуулах оролдлого хийсэн юм.
… Дээврийн байшин минь тохьтой,
Тэгээд жижигхэн аж
Тэгээд хамгийн гол нь энд
Хүний ул мөр үгүй аж… /Э.Бүжинлхам “Тагтаа далавчиндаа дургүй”/
Тагтаатай байраа сольж, дээврийн хөндийд тохижиж авсан, тагтаа нь харин уруулаа будаад өөрийн нь эрийг хүлээн үлдэж байх юм. Санамсаргүй ч нэг орчин тойрноосоо зугтаагүй, үзэж туулсан амьдралаасаа зүгээр л нэг уйдчихсан юм биш гэдгийг яаж ойлгох вэ. Аквариумын шилний цаанаас амьдралаа бүтнээр нь хараад, өөрийн мэддэг хэрнээ мэддэггүй зүйлсийг хөндлөнгөөс хаалт халхавчгүйгээр үзээд, ойр дотныхныхоо дотор сэтгэлийг уудлан үзээд залхаж буй загаснаас ялгарах зүйл байна аа. Тагтан дээрээ тагтаатай л үгсэн тохирсон нь ихээхэн учир шалтгаантай. Түүний далавчийг л хүсч, тэр далавчаараа хөх тэнгэрийг зүсэн зүсэн нисэхийг л зорьж, ингэхдээ харин тэр далавчаар нь аавтайгаа л уулзахыг бодож байсан болж таарав. Хэнтэй ч юм, яагаад ч юм, нэг удаа ч болохноо уулзахыг хүсдэггүй, ганц удаа ч атугай холоос ч болов харахыг боддоггүй хэн байхав. Э.Бүжинлхамын хувьд тэр бол аав нь байжээ. Ер нь энэ бүсгүйн шүлэг зохиолд бусдаас ялгарах юм бий. Үзэл санаа, агуулга бүрэн төлөвшөөгүй байж мэдэх хэдий ч түүнд өөрийн гэсэн уран сайхны зорилго байна. Тэр зорилгодоо хүрэх аргатай ч болж яваа байх нь. Жишээлбэл ямар нэг багахан зохиомж, үйл явдлын бяцхан шийдэл, харилцаа хөдөлгөөнийг бүтээсэн нь, лав л үеийнхэнд нь тэр болгон харагдахгүй. Зүгээр нэг зураглал, энгийн ажиглалтаас өөр гэсэн үг. “Харанхуйд бичсэн шүлэг” ингэж дүрсэлдэг. Золгүй сэлүүрээ алдсан далайчин эрийг залгиж, сэтгэлийн тэнгэрт нь шуурга дэгдээж, жигүүр гээд өргөстэй гараа атгуулж, гэрэл гэгээнээс хулгайлагч тэр гэм нүгэлтэн бол хайр дурлалын хуй салхин ажгуу. Түүний үе тэнгийн найман залуус нийлж 2012 онд “Шинэ үнэр” бүлгэм байгуулан, зохиолын эмхтгэлээ ч хэвлүүлж, дараалаад тус тусын номоо ч мөн л нийтлүүлжээ.
…Харамсахгүйгээр харандаагаа дуустал үзүүрлэж
Хэнгэнэтэл ихэр татаж, түүндээ түүртэж
Уйлах гэсэн ч гарахгүй нулимсаа хайж
Урт удаан шүлэг бичээд… /С.Начин/
…Өндөр нам зуйван дөрвөлжин
Эвлүүлдэг тоглоом мэт
Элдэв барилгуудын дундуур явж өнгөрөхдөө
Энэ хотод надаас өөр үнэмшил төрүүлэх зүйл үлдээгүйг ойлгов. /Ө.Үлэмжтөгс/
Тэдний сэтгэлгээний зах зухаас өнгийхөд ийм мөрүүд тааралдана. Ямар нэг дүгнэлт, тодорхойлолт хиймээргүй байна. Гэхдээ хамгийн гол нь манай яруу найраг өөрийн голдрилоор, өөрийн зам мөрөө бүтээж, туурвилзүйн хөгжлийн түүхээ бичиж л яваа гэдгийг бол хэлэх байна. Харандаагаа дуустал үзүүрлэх сэтгэлгээ бий гэдэгт итгэнэм. Б.Лхагвасүрэн өнжүүлийн цэнхэр билүү, өрөөлийг ирлэж, өөрийгөө хурцлах тухай дүрслэхдээ зохиолчийн “үйл там”-ын тухай байгалийн хэлийг ашиглаж байсныг бид мэдэх билээ. 1990-ээд онд хугархай харандаагаар бүтэн харандаа зурж байлаа. Тэгвэл ах нарын нь нэгэн Г.Сүхзориг тэрхүү балын харандаагаа хананд шааж байсныг лав санаж байна. Юу хэлэх гээд байна вэ гэвэл, уран зохиолын сэтгэлгээ гэгч өөрөө ямагт хөдөлгөөнд оршиж байдаг, тэр хөдөлгөөн бүхий л бүтцийн төвшинд ямар нэг шинэ хэлбэр, агуулгаар баяжиж, өөр өөрөөр салаалан мөчирлөж байдаг туйлын амьд бүтэцтэй эд билээ л.
1990-ээд онд нэг ийм маргаан гэх үү, мэтгэлцээн гэх үү, зөрчил гэх үү гарч байлаа. Хотын шүлэг гэж байна, нүүдэлчний ахуй хөдөөгийн амьдралаас өөр сэтгэлгээ бий боллоо, хотын сэтгэлгээгээр туурвиж байна гэх агуулгатай нэг дуу хоолой цухалзах болов. Үүнд хариу болгож, хотын шүлэг гэж байхгүй гэх эсрэг байр суурь бас сонсогдсон. Нэг талаас ерөнхий “том” маргааны нэг жижиг агуулга л байсан, нөгөө талаас энэ сэдэв тэгсгээд анзаарагдалгүй чимээгүй болсон. Одоо бодоход нэгдүгээрт тухайн сэдвийн зохиол бүтээл үнэндээ олигтой гарч чадаагүй, хоёрдугаарт шүлэгтээ гэрэл чийдэн, байшин сав бичих нэг хэрэг, урбан соёлын сэтгэлгээ илэрч гарах хоёрт ялгаа байна аа. Тэр байтугай үед хотшилын өөрийн соёл, урбан амьдралын хэв маягаас үүдсэн сэтгэлгээ, хамгийн гол нь тэр нь бие даасан итгэл үнэмшил, гоо сайхны ойлголт болон төлөвшиж, уран сайхны сэтгэлгээнд байраа эзлэх болоогүй байсан гэж болно. Харин одоо, биднээс хойш. Аль ч утгаараа, хүссэн хүсээгүй яруу найргийн “зэт” үеийнхэн ингэж амьдарч, ингэж төлөвшиж, ингэж бодож сэтгэж, магадгүй соёлоо бүтээнэ буй заа. Эвлүүлдэг тоглоом мэт барилгуудаас хайсан зүйлээ олохгүй байх, биш ээ харин ч олсон юм байна, олсон тэр зүйлдээ л итгэж байгаа сэтгэлгээг тэмдэглэж байна. Зүгээр нэг өөрийгөө тунхаглах хөөргөн үзлээс ялгаатай харагдав. Өндөр нам зуйван дөрвөлжин, эвлүүлдэг тоглоом шиг байшин барилга сэлт бол энгийнээр хэлэхэд амьдралыг бүхэлд нь төлөөлөх төлөөлөл юм шүү. Өөрийгөө, хувь хүнээ, итгэл үнэмшлээ, үзэл бодлоо олж авсан бяцхан бардамнал, үүний нөгөө талд харин амьдралыг ертөнцийг өөрийн зүгээс олж таньсан ухаарал, таньсны эцэст тэндээс дайжих, зугтахдаа өөрийн хязгааргүй дотоод тал тийшээ амь тэмцэн зүтгэх хувь би тун ч тод ялгарч байгааг хараач. Орон зайн энгийн хуулийн хөдөлгөөн цаашаа, бүр цааш гүнзгийрсэн сэтгэлгээг цааш дэлгэрүүлэн задалж болно.
Ядарч хоосорсон сэтгэлээ
Одоо л нээюү гэтэл
Яг л навчис шиг гунигууд
Намраар нэг хөглөрчих гээд…
… Эргэж татахгүй хүнд хаалгаа ардаа хаагаад
Эрхгүй санаа алдаж бас нэгийг нь татаж байна
Дамжих түмэн өрөөтэй ийм л цаг хугацаанд
Дайгдаж яваагаа бодохоор шууд л үсэрчихмээр байна. /Мө.Батбаяр “Цагийн шүлэг”/
Дээрх сэтгэлгээг арай өөрөөр бас шийдэж болох юмсанж. Орчин тойрноосоо залхах, дотоод сэтгэлээ нээх, хувь хүнээ эрж хайх ийм хэв шинжийг цаг хугацааны мөн чанартай холбон дүрсэлж бас болох юм. Өөрөөр хэлбэл зөвхөн тухайн агшны сэтгэлийн уйтгар гуниг, хөнгөн санаа алдалтдаа төвлөрөөд зосгссонгүй, түүнээ ургуулан, дараа дараагийн ирэх цаг, айлчлах мөч бүр ялгаагүй байх тухай, тэрл хаалгыг хаасан ч дараа нь бас л нэг хаалга татах жам ёс, мөн тийм хаалга түм түмээрээ байгаа зэргээр гүнзгийрч ч бас болох аж. Ингээд үүнийхээ тайллыг цаг хугацаанаас олсон. Давтагдашгүй, үл зогсох мөн чанартай цаг хугацаанаас үсрэн гарах, түүний энэ зөвшөөрөл эрээгүй хуулиас гадуур байх, орон зайн хаа нэгтээ зугтах хүсэл болж алсарч байдаг хэрэг. Тэгвэл үүнтэй зэрэгцээд уран сайхны нэлээд өөр хэв барил оршиж буйг үргэлжлүүлэн харахад сонирхолтой.
Уулынхаа таргил зам дээр аав харин сууж үлдээд
Унанги янгирийн эврийг хөгжимдөн үлээсэн гэнэ
Тураг ганц гөрөөс тэгтэл өмнөх шил дээр гарч ирээд
Туулсан амьдралаа эргэцүүлэх мэт дүнхийж зогссон гэнэ.
Салаа эвэр дээр нь цас бамбарлахыг хүлээн зогсож зогсож
Савдагаа түүгээрээ ундлахаар алгуурхан тэгээд эргэсэн гэнэ.
Эвэр дээрээ цас зөөсөн гоо сүрлэг амьтан
“Эргэж ирнээ” гэх шиг эргэж нэг харсан байна, тэгээд замхарсан байна. /Мө.Батбаяр “Цас орж байна”/
Зохиолын хэл, агуулга дүрслэл, зохиомж шийдлийн хувьд арай өөр уламжлалын хүрээнд холбогдох яруу найргийн сэтгэлгээний нэгэн жишээ. Туурвилзүйн хувьд өөр өөр хэв маяг, сэтгэлгээг эрэлхийлсэн, гэхдээ тэдгээр эрэл хайгуул нь зохих хэмжээнд төлөвших байдал ажиглагдана гэдэг бол аль ч талаар өөрийн гэсэн арга барил бүхий уран сайхны сэтгэлгээ болж чадах итгэл найдвар төрүүлж байна.
Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сангийн дэргэд “Тамга” хэмээх уран бүтээлийн нэгдэл байдаг юм байна. Тэндээс санаачлан Р.Чойномын нэрэмжит “Залуу нас” Утга зохиолын дугуйлангийн үйл ажиллагааг 2015 оны 4 сарын 27-ны өдөр анх нээснээс хойш 7 хоног тутмын “Залуу нас” сонин гаргах, утга зохиолын уулзалт, ярилцлага зохион байгуулах, эмхтгэл ном хэвлүүлэх зэргээр үйл ажиллагаагаа явуулж байна. Энд залуус голдуу цуглаж шүлэг зохиолоо хэлдэг, яриа хөөрөө өрнүүлдэг, нэг үгэндээ утга зохиолын бас л нэг орчин бүрдүүлдэг ажээ. МЗЭ-ийн дэргэдэх Залуу зохиолчдын нэгдэл гэж ч бас бий. Түүх яривал ийм бүтэц бас ч гэж хуучны түүхтэй бөгөөд, одоо ч тус залууст түшиглэн, үгүйдээ л тэднийг нэгтгэх, цуглуулах, зохион байгуулах, дуу хоолойг сонсох, түгээх чиглэл барьдаг гэж ойлгож байна. Энэ нэрийн дор залуу уран бүтээлчид багагүй ажил санаачилж, зохион байгуулж байгааг бид мэднэ.
…Мөнх бусын тухай эргэцүүлэхэд тэр цас
Мөрийг минь дарж хаялаад үнэн санагдана…
…Нэг л өвлийн цастай амьдрал гэдэг сууринд
Нээрээ л бид чинь будраад өнгөрөх цас аа. /Д.Жамбалдорж “Жамын цас”/
Уран зохиолын уламжлалын хүрээг баяжуулах, түүнд өнгө гэрэл нэмэх зорилго, тэмүүллийг бид олон талаар харж, мэдэрч болно оо. Гүн ухааны эргэцүүлэл, хорвоо ертөнцийн тухай бодох зүйл тэдэнд хангалттай бий. Бүр ингэж байна. Цасыг тун ч хийсвэрлэн сэтгэж, өнгөрсөн дурсамж дуртгал, ирээдүйн бодол төсөөлөл тэргүүтнийг багтааж, амьдралын утга учир, мөн чанарт очиж наалдаж байх аж. Тэрхүү цастай суурин бол бүхэлдээ бидний энэ ертөнц, хорвоо буй биеэрээ мөн юм. Агуулгаар нь бодвол цааш үргэлжлүүлэн уран зохиоллын залгамж холбоо, уламжлал шинэчлэлийн хүрээнд задлан авч үзвэл бас л нэг том сэдэв болж байх жишээний.
Гүйцэт боловсорч ханаад хальсаа тэмтэрч байгаа жүрж шиг нартай
Гүү зогсоогоороо унтаад зүүднээсээ сэрж чадахгүй байгаа юм шиг талтай
Гүнрүүгээ түрсэн үндэс эрдэнийн чулууг тойрч байгаа юм шиг сартай
Гүүр хуучирч хөхрөөд урсан одож байгаа юм шиг салхитай… /О.Цэнд-Аюуш “Эх орны тухай бодол”/
…Чиний ганцхан үг сэтгэлд бодогдох нь
Уул толгодын дээрээс уруудаж ирэх өдрүүд
Уудам их болчихоод
Шимширсэн зүрх рүү минь шингэх гэж байгаа юм шигээ /О.Цэнд-Аюуш “Чиний тухай таван бадаг”/
Дүрслэн сэтгэх арга барил, хэлний өргөн боломжийн хувьд ярих юм захаас аван байгаа. Энэ бас л эртний улбаа уламжлалтай хийгээд түүнийг баяжуулан сэтгэх орон зай ч ер хязгааргүй юм даа. Эх орны тухай сэтгэлгээ, түүнийг магтан тоочихоос ангижирч, илүүтэй дүрслэн сэтгэх, агшны зураглал, огт байж боломгүй хэрнээ зөвхөн зохиолчийн сэтгэлгээний орон зайд л өртөж болох тийм тал давамгайлах ч янзтай. Ийм л орон зайд гүүр хуучирч хөхрөөд урсан одох нь салхийг санагдуулж, хальсаа тэмтэрч буй жүрж нарыг мэдрүүлж, үндэс эрдэнийн чулууг тойрох нь сарыг бодогдуулах авай. Хальсаа тэмтэрнэ гэдэг бол боловсорч ханасан жүржний хийдэг үйлдэл. Энэ бол эх орон, түүнээс ургуулаад нар, нарнаасаа цаашлаад жүрж, түүнээс бүр холдоод хальсыг нь тэмтрэхийг мэдэрч бас болдог орон зайн уудмыг анзаараа биз. Далимд хэлэхэд үүгээр шалтаглан хэлэх зүйл ч байна. Бас л үе цаг бүрт, зохиолч болгонд, мөр шад тутам анзаарч байхгүй бол хээнцэрлэж хуалах туйлшрал, эв хавгүй овооролдон сунжрах боловсруулалтын түүхийрэл гагц энэ мөрүүдэд биш, тэдний уран бүтээлийн орчинд байсаар байгааг сануулах юун.
Их сургуулийн утга зохиолын дугуйлангаас “Хөх мэдрэхүй” төрж, салаалсан нь 2008 оны явдал. Найман залуус “Хөх мэдрэхүй” бүлгэмийнхээ дор сэтгэл нэгдсэн нь 2009 он юм байна. Тэдний хэлж байгаагаар уран зохиол, яруу найргийн чөлөөт уншлагыг идэвхжүүлж, бас өөрсдийн бүтээлийн дээжээр эмхтгэл ч гаргасан. Энэ залуусыг мэднэ ээ. Одоо тэд утга зохиол, орчуулга, судалгаа шүүмж, сэтгүүлзүй, багш, телевиз гээд салбарт ажиллаж, өөр өөрийн замыг олж, нэг байтугай номоо хэвлүүлж, өөрөөр хэлбэл “зэт” үеэсээ өнгөрч яваа улс. Хамгийн бүтээлч ажил гэхэд “Тагтаа”. Үүнд гагц тэдний үеийнхэн ч биш, манай утга зохиол ямар нэг хэмжээгээр талархууштай. Ямраар ч бай өөрсдийн гэсэн үзэл бодлоор уран зохиолд ханддаг, энэ л хандлагаараа дотоодын болон гадны утга зохиолын зүйлээс сонголт хийхийг зорьдог, тэр нь ч хэдийнэ өөрийн гэх сонирхогч, үйлчлүүлэгчдийн хүрээтэй болсноор харагдаж байна. Харин өөрсдөө уран зохиолын орчинд хэрхэх, ямар арга хэлбэр, уран сайхны сэтгэлгээний хэв төлөв авчрахыг одоохондоо хэлэхэд эрт байна.
…Уулзах хүн бүрийнхээ таашаалд зориулан
Углах дүрээ халаасан дотроо хулгайч шиг тэмтэрч
Бие биеийнхээ эсгэсэн дүрийн уран нарийнийг
Биширч, халуунаар тэврэлдэн салаад…
…Алган дотор час улаан гуниг…, тайвшрал, тэгээд нэг асуулт?
Амьдралд БИД байдаг гэж үү? /Б.Баясгалан “Дүр”/
Хийдэг сонголт, барьдаг үзэл бодол, тогтоосон үнэт зүйл нь өөрсдийн нь зохиол бүтээлийн орчинд ямар нэг хэмжээнд бий болов уу гэж таамаглаж байна. Амьдралын нэгэн өнгө, хүний мөн чанар л даа товчхондоо. Таны асуултанд хариулахад, амьдралд бид “байхгүй” шүү дээ. Бид харанхуйд орон дотроо ч өөрийнхөөрөө байдаггүй юм гэнэ билээ. Нийгмийн амьтныхаа хувьд тэнд тогтоосон хэм хэмжээ, хууль номыг баримтлах шаардлага гарна. Цаана нь зөндөө юм бий. Эд бүгдийг хэн нэг ганц хүний хүсэл таашаал, үзэмжээр бас тогтоож байгаагүй. Энэ бүхнийг дагана гэдэг өөрөө өөрийгөө хянахад хүргэж, дур зоргоо хойш тавихыг тулгана. Тэгэхээр та энд хувь хүнийхээ хувьд багагүй хэмжээгээр бүдгэрнэ гэсэн үг. Харин, харин та “байж байх”, өөрөө өөрийгөө хамаагүй өргөн хэмжээнд хадгалж чадах нэг орон зай бий нь бий шүү. Тэр бол таны хувь үзэл бодол, итгэл үнэмшил хамгийн тод илэрч гарах боломжтой уран сайхны сэтгэлгээний тань орон зай. Асуудал түнийгээ ямар байдлаар дүрслэх, тэр дүрслэлийг эргэн тойрон чинь олж харж чадах эсэхэд оршиж байгаа хэрэг.
…Амьдрал гэдэг хаа сайгүй янаглах хос
Амь дарна гэдэг хямдхан буудлын бохир өрөөнд
Амаараа загас наадуулж хөлөөрөө хөзөр тоглож
Аягатай дарсыг ус шиг залгилж
Амандаа сум зоохын нэр. /О.Элбэгтөгс “Амьдралд амь дарна гэдэг”/
Амьдралын тухай ингэж бичиж байна. Амьдрал гэдэг зүүний үзүүр дээр тогтож үлдсэн тийм ховор чухаг, бүхэл бүтэн амийг дарж устгана гэгчээс арай өөр зүйл ажээ. Амьдралын утга учирын тухай үе цаг бүхэнд, магадгүй уран зохиолын хуудас бүр, үг үсэг бүхэн нэгийг олоод хэлчихийг зорьсоор, тэмүүлсээр л байгаа. Барьж тэмтрэхийн аргагүй энэ их эрэл дунд О.Элбэгтөгс гэх нэр бас гарч ирнэ. Амьдралын учир утгыг өөртөө нээхгүй байх, амьдралын мөн чанарыг ухаарахгүй байх, амьдралын үнэт чанар хаана нь оршдогийг олж харахгүй байна гэдэг өөрөө амийг бүрэлгэж байгаагаас ялгаа юун. Хэдийгээр хямдхан буудлын бохир өрөө, амаараа загас наадуулах, хөлөөрөө хөзөр тоглох, аягатай дарсыг ус шиг залгилах, амандаа сум зоох нь өөрөө амьдралын нэгэн хэсэг гарцаагүй мөн авч, түүгээр мөн чанар, үнэт зүйлээ орлуулаад эхэлбэл харин байдал нөгөө тийшээ хазайна. Энэ бол хямдхан буудлын бохир өрөөнөөс олж авах ухаарал мөн авай. Тэмдэглэн хэлэхэд хямдхан буудлын бохир өрөө, амаараа загас наадуулах, хөлөөрөө хөзөр тоглох, аягатай дарсыг ус шиг залгих, амандаа сум зоох гэдэг бол амьдралын харагдах өнгөнөөс олж авсан бэлгэдэлт дүрслэл гэж ойлгоорой. Бүр дугуйланд шүлэг уншиж байхын өөрийн гэх арга, хэлбэр нь ялгарч байсаан. Заримдаа сүүдэртэй талаас нь нуух хаах зүйлгүй байгаагаар нь дэлгэх, дэлгэхдээ этгээд ч мэт харьцуулал бүтээж, уран сайхны хэлний хатуу ширүүн ч гэмээр гэхдээ шударга орчинд эргэлддэг онцлог бий. Үүнчлэн хурц ёжлол, болзолт дүр, хурц хэл, бэлгэдэлт сэтгэлгээ О.Элбэгтөгсийн зохиол бүтээлийн нэг гол шинжийг илтгэж явдаг. Илүү дутуу нуршаагүй, ийм бэлгэдлийн цаана далдлагдах сэхээрэл амьдралын утга учирт аваачих замыг гэрэлтүүлж, амьдралын тухай дахин нэгэнтээ эргэцүүлэх боломжийг өгсөн нь энэ буюу.
Нэг хүн голын эрэг дээр загас барина
Хоёр хүн голын усанд загас наадуулна
Гурван хүн сархад ууж шүлэг ярилцана
Дөрвөн хүн хөзөр дэлгэж бүхнийг тааварлана… /О.Элбэгтөгс “55 хүн”/
Амьдралын тухайтат эргэцүүлэл цааш ингэж тэлж байна. Эргэн тойрноо, өрөөл бусдыг, тэдний хийж буй үйл, хэлж байгаа үг, номлож буй сургаал бүрийг шахам барьж үзэх, ээлж дараалан үнэрлэхэд хүргэж байна. Эргэн тойрон, өрөөл бусад гэдгийг тооны хэлээр тавин тав гэдэг бэлгэдэлд шингээсэн юм. Тооны учир зүйн дарааллыг ашиглана гэдэг, аливаа бэлгэдэлд шингээнэ гэдэг бол уран сайхны сэтгэлгээний орон зайн нэг хэсэг бас л мөн. Амьдралын тухай бясалгал юунд хүргэдэг вэ. О.Элбэгтөгс ийм юманд хүрчээ.
… Өнөд ганцаар даяанчлан хэсэхүй
Өргөст мод шиг ширүүн амьдрал
Гадаад ертөнцийн хамаарал бүхнээс
Ганцаардал миний гарал угсаа. /О.Элбэгтөгс “Ганцаардал”/
Нөгөө тавин таван хүнээсээ зугтсан орон зай нь даяанчийн амьдрал. Ганцаардлын тухай ганц О.Элбэгтөгс бүү хэл, түүний үеийнхэн цөөнгүй мөрүүдээ зориулсан. Үүнийг ойлговол цэвэр туурвилзүйн талаас бол ах, эгч нарынх нь хүчтэй уламжлал нөлөө тусгалыг ярина, нийгэм судлал, сэтгэлзүй талаас нь өнөөх зэт үеийнхний үзэл бодлын нэгэн хэсгийг бүрдүүлэх болж, тэдний амьдралын хэв маягт ч харагдах болсон үзэгдлийн ямар нэг илрэл болох талаар бас яригдах жишээтэй. О.Элбэгтөгс эхэн үедээ нийгэм олон, орчин тойрондоо бухимдах, уцаарлах, улмаар түүнээс зугтах, ганцаардах, магадгүй өөрийгөө ганцаардуулах, энэ бүхэн нь зохиолынх нь хэлэнд хүчтэй илэрч байсан тухайд ярилцлагадаа өгүүлсэн ч байдаг. Энэ тун үнэний хувьтай.
…Чандага цагаан өвлөө дурсахад
Хундага хундага гуниг төрнөм
Хөлчүү нийслэлийн давчуу булангаас
Хөгшрөлийг сугадан гэртээ харьнам. /Я.Баяраа “Улаангомынхоо өвлийг үгүйлнэм”/
…Үнэн тийм танин ядмаар хол бишээ
Үхэл шиг тэг хэлбэр, тэгээд гүйцээ
Нүгэл буяны хорвоог нүдээрээ л илж явахад
Нүцгэн улаан зүрх минь удаан цохилохыг мэднэ
Энэ л хангалттай. /Я.Баяраа “Гунигийг би мэдэхгүй”/
Сэтгэлийн санаашрал, гунилийн тухай энэ мэтчилэн дүрсэлсэн байх юм. Магадгүй нэг зүйлийг өөр өөр янзаар харсан, санаа бодол нь тогтворгүй ч мэт харагдана. Зөвхөн нэг сэдэвт хандах хандлагаараа ч биш, тодорхой нэг агуулгыг дүрслэх байдлаараа ч биш, ерөөс уран сайхны хэлбэр төрх, хэв галбир, түүний нь илтгэх дүрслэл, хэлний хүрээнд ч ийм хөдөлгөөн янз бүр төвшинд цухалзах жишээний. Яруу найраг, сэтгүүлзүйн салбар, театрын шүүмж, багш гээд олон салаа салбарт мэт ч үнэндээ утга зохиол, уран сайхны сэтгэлгээ гэсэн нэг л зүйлийг тойрон, тал талд оролдож яваа залуугаас бид ядаж аль нэгэн хүрээнд нь итгэл хүлээлгэж болно. Б.Эрдэнэсолонгын “Гүзээлзгэний амьдрал” шиг богино авсаархан атлаа өөр өөр хэлбэр, барил харагдсан номыг ойшоосон, яруу найргийн бүтээлд барьж болох хэв маяг, өөрөө ч сүүлийн номдоо үүнийг барихыг зорьсноо подкастаар ярьсан. Монголын уран зохиолын маргаашийг тольдохуй ийм байна. Өөр бусад бүлгэм хамтлаг, олон олон залуусын нэр байдаг, зөвхөн төлөөлөл болгон авч, зарим нэг зохиолоор гэрч баримт татаж авахад ийм дүр зураг бууж байгааг болгооно биз. Тусгайлан онцолсны учир бол 1990 он, сэтгэлгээний эрх чөлөө ямар ч атугай бодит байдал болсноос хойш хүний нэг үе өнгөрч, энэ зуур уран сайхны сэтгэлгээний орчин хаашаа яваад, юунд хүрэх гээд, ямар төрх төлөв илтгэх гээд байгааг сонирхох гэсэнтэй л холбоотой. Нэн шинэ үеийн өнгө төрхийг баримжаалах гээд байгаа хэрэг. Гүн ухааны ойлголт, гоо сайхны төлөвшил, итгэл үнэмшлийн хувьд хүн ам зүй, нийгэм судлалын салбарууд, социологийн ерөнхий хандлагатай нэлээд таарч буй агуулга байна аа. Иймээс нэн шинэ үеийг уран зохиолын “зэт” үе гэж бичив. Юу юугүй социологийн судалгаа, соёл иргэншлийн үйл явцтай шууд яв цав нийлэхгүй, тийм боломж ч байхгүй учир зэт гэдгийг хашилтанд бичээд байгааг эрхбиш гадарлаа биз. Таарч байгаа юмны нэг бол урьд өмнөх үетэй харьцуулбал илүү өөртөө төвлөрөх, бие даасан шийд гаргах, хувь хүнээ ойшоох үзэл хамгийн тод анзаарагдаж байна. Энэ нь уран зохиол, яруу найргийн сэтгэлгээнд эгойст үзэл санаа түгээмэл байгаагаар харагдана. Зөвхөн 1990-ээд он төдийгүй аль ч үеийн уран зохиолын түүхэнд байдаг зохиолын хэлбэр, зохиолын хэл, найруулгын төвшинд шинийг эрж хайсан, өөрөөр сэтгэхийг зорьсон, уламжлалаас зугтсан үзэл санаа “зэт” үеийнхэнд ч ажиглагддаг. Тэмдэглэх нэг тал нь уран зохиолын орчинд шууд аль нэг урсгал чиглэлээр цоллож, том том нэр томъёо оноож, сүржин малгай өмсгөхөөс нэлээд тойрдог болсныг харж болно. Энэ бол ёстой өнөө зэт үеийнхний давуу тал, хавтгай дэлхийн иргэн болж, тавцан дээр аж төрж, аливаа мэдээ мэдээллийг түүнтэй нь зэрэг авч, олон хэл олон эх сурвалжтай харьцаж, товчоор хэлбэл соёл боловсролын хандлагатай холбоотой зүйл. Нөгөө талаар аливаа гүн ухаан, гоо зүйн тогтсон үзэл баримтлал гэгч хэрхэн бүтэж бүрэлддэг, түүний оролт гаралтын олон эх сурвалжийн уулзвар холбоон дээр сая гарч ирдэг, эргээд энэ нь урлаг, уран сайхны үзэгдлээр илрэн гардаг туршлага байдаг гэдгийг олж харах ядахнаа боловсрол хэрэгтэйг ч бодолцох ёстой. Дахин давтан хэлэхэд тэдний дунд туурвилзүйн уламжлалын хэлхээ ч бий, дуурайн дагах үзэгдэл ч санаатай санамсаргүй байдлаар зэрэгцэн байгааг мартаж болохгүй. Монголын уран зохиолын түүхэн өв уламжлал, энэ их түүхийн явцад хөгжиж боловсорч ирсэн уран сайхны туршлагыг уламжлан хөгжүүлэх, салбарлан баяжуулах үндсэн чиглэл зогсолтгүй явж байгаа. Уран зохиолын маргааш нар мандана аа гэдэгт итгэж болно. Тэдний боловсрол, мэдлэг, соёл иргэншлийн орчин ямар ч утгаараа хөгжиж, дээшилж байгааг харж байна. Ингэхэд зэт үеийнхний дараагийн үе, одоо горшооконд залрагсдыг ирээдүйн альфа үеийнхэн гэцгээх юм билээ.
А.Мөнх-Оргил /Хэлбичгийн ухааны доктор, дэд профессор/
2020.11.24