Ард түмнийг гэрэл гэгээ рүү хөтөлж байгаа баатар эрийн тухай өгүүлдэг алдарт «Спартак» балетыг Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа ирэх хоёрдугаар сарын 18, 19-нд тоглож үзэгч олон түмэндээ толилуулахаар болсон байна. Оросын хөгжмийн зохиолч А.И.Хачатурянаар овоглодог «Аз жаргал», «Гаянэ», «Спартак» гэсэн гурван балет байдаг. Үүнээс «Спартак»-ийг түүний нэрийн хуудас хэмээдэг билээ.
ЗХУ-ын «Большой театр» -ын захиалгаар 1941 онд буюу дэлхийн II дайны үед туурвиж эхэлсэн уг бүтээлээ А.И.Хачатурян 1954 онд бүрэн дуусгасан гэдэг. Дөрвөн бүлэг, есөн үзэгдэлтэй уг бүжгэн жүжгийн цомнолыг Н.Д.Волков, И.А.Моисеев нар бичсэн бөгөөд Ленинградын Кировын нэрэмжит дуурь, бүжгийн театр /одоогийн «Марийнский» театр/-т 1956 онд анх тавьжээ. «Спартак» -ийг монголын тайзнаа 1984 онд анх тавьсан түүхтэй. Тэр үед Төрийн шагналт, ардын жүжигчин, балетмейстер Б.Жамъяндагва найруулан тавьсан бол ерөнхий зураачаар АЗ Ч.Гунгаасүх ажиллаж, Төрийн шагналт, ардын жүжигчин Ж.Чулуун агсан удирдан тоглуулж байсан юм. Ирэх сард тоглох «Спартак»-т балетын жүжигчин СТА Х.Мөнгөнхөлөг, СТА О.Ганцоож, М.Од нар гоцлон бүжиглэх юм.