ҮДБЭЧ-ын дуучин, гавьяат жүжигчин Л.Чулуунчимэгтэй ярилцлаа.
-Өвөл цагийн нээлтийн тоглолтоо эртнээс бэлтгэдэг биз дээ?
-Тэгэлгүй яахав. Бид нар жуулчдад зориулсан тоглолтоос хамаарч зунжингаа амралтгүй ажилладаг улс. Тэгж байгаад уран бүтээлчдээ ээлжээр нөхөж амраагаад өвөл цагийн нээлтийн тоглолтоо бэлтгэдэг. Ирэх жилийн төлөвлөгөөт уран бүтээлүүдийн ерөнхий зураглал гаргаж, энэ их ажлынхаа хажуугаар бага багаар бэлтгэнэ.
-Таны хувийн уран бүтээлийн талаар сонирхмоор байна?
-Ерөнхийдөө, дуулаачийн ангийнхан дотроо хамгийн ахмад нь Нэргүй, Самбуу бид хэд л байна даа. Чуулга маань олон сайхан залуу уран бүтээлчтэй болсон. Тэд ч их юм хийж байна. Миний хувьд, өнгөрсөн жилээс эхлэн СУИС-д нээгдсэн ардын богино дууны ангид багшилж байгаа. Одоо ч сургуулийн маань ажил дуусаагүй хэвээр. Элсэлтийн шалгалтанд орох хүүхдүүдийг бэлтгэх ажилтай явна.
-Урьд нь та ардын богино дууны DVD, 1960-1970-аад оны үеийн хит дууны цомог гаргаж байсан. Одоо тэгвэл урын сангаа хэрхэн баяжуулсан бол?
-Би гурван цомог л гаргасан. Нэг нь DVD, хоёр дахь нь дан ардын дуунаас бүрдсэн 40 дуутай цомог, гурав дахь нь зохиолын дууны цомог байлаа. Тэрнээс хойш шинэ цомог гаргаагүй ээ. Урын сангаа баяжуулж, шинэ цомог гаргах санаа бол байгаа. Яваандаа болох биз дээ.
-Бие даасан тоглолтын тухайд төлөвлөсөн зүйл юу байна вэ?
-Би уг нь хоёр жил тутамд бие даасан тоглолтоо хийдэг байсан. Сүүлийн гурав, дөрвөн жил шахам хугацаанд тоглолт хийж амжсангүй. Ер нь, тоглолт хийнэ гэдэг чинь их учиртай шүү дээ. Зүгээр л хуучин хэдэн дуунуудаа нийлүүлээд хийх нь чухал биш. Энэ намар зайлшгүй нэг тоглолт хийх болж байна. Юу гэвэл, магистр хамгаалах нэг ажил бий. Тэрэнтэйгээ хавсруулаад уран бүтээлийн тоглолт хийх ёстой. Тодорхой чиглэлтэй, төлөвлөсөн зорилготой нэг тоглолт хийнэ ээ.
-СУИС-ийг хэдэн жилийн өмнө төгссөн байх аа?
-Тийм ээ, төгссөн. Би урьд нь янз бүрийн л тоглолт хийж байсан. “Мартагдсан аялгуу”, Сэрэвгэр хадны зэрэглээ-1”, “Сэрэвгэр хадны зэрэглээ-2”, “Ханд вангийн бүсгүй”, “Хатан аялгуу” гэх мэтээр арав гаруй бие даасан тоглолт хийсэн дээ.
-СУИС-д ардын богино дууны анги нээгдсэн гэхээр уран бүтээлчид маань их олзуурхаж хүлээж авсан болов уу. Урьд нь энэ чиглэлээр бэлтгэдэг газар байдаггүй байсан шүү дээ?
-Яг үнэн. Манайд ардын хөгжим, уртын дуугаар л бэлтгэдэг байснаас бус ардын богино дууны анги гэж байдаггүй байлаа. Ер нь ардын богино дууны чиглэлээр суралцах сонирхолтой хүмүүс их байдаг юм билээ. Хүүхдүүдийн маань хүсэл сонирхлоос ч их мэдрэгдсэн. Өнгөрсөн жил энэ ангийг нээгдэхэд нь багшаар очсон доо. Одоо би 14 шавьтай. Энэ жил дараагийн курст нэлээд хэдэн хүүхэд нэмэгдэх байх.
-Ардын богино дуу үндэстэн, ястны онцлогоос хамаараад янз бүр байх нь бий. Энэ ч утгаараа, уран бүтээлчид маань ардын дууг олон төрлөөр нь хөгжүүлээд явж байгаа. Харин таныг хүрээ маягаар дуулдаг гэж ярьдаг юм билээ?
-Хүмүүс л тэгж нэрлээд байдаг шүү дээ, намайг. Ахмад уран бүтээлчидтэй уулзаж ярилцаж байхад их олон сонирхолтой түүх байдаг. Ардын жүжигчин, Төрийн шагналт “шанзны” Дашдулам гэж хүн байсан шүү дээ. Дашдулам гуай надад нэг удаа хэлж билээ. “Ер нь ардын дуу гэдэг чинь чиний дуулдаг шиг тиймэрхүү л маягийн юм байсан шүү дээ. Өөрөөр хэлбэл цулгуйдуу, тийм их айхтар хөг нугалаа, донж маяггүй дуу. Дээхнэ үед бол яг тийм байсан гэдэг. Харин сүүлийн үед хүмүүс өөр өөрсдийнхөөрөө дуулж, янз бүр болгож байна. Зарим нь хэтэрхий чимэглээд, арай дэндүүлээдбайдаг юм” гэж. Тухайн үед бид хоёр эмнэлэгт хамт хэвтэж таарсан юм. Тэгэхэд л ардын дууны талаар надад хуучилж билээ, зайлуул.
-Баруун монгол болно Төв халхын дуунууд гээд л хоорондоо өвөрмөц ялгаатай байдаг болохоор арга ч үгүй биз?
-Тэгэлгүй яахав. Баруун монгол, Төв халх, зүүн чигийн гээд л янз бүр. Ардын богино дуунууд нутаг нугынхаа байгаль орчинтойгоо зохицсон аялгуутай. Баруун монгол гэхэд л өндөр уул, хадтай. Хойшоо буюу Хөвсгөлийн тайга руу өндөр уулс ихтэй газрын дуунууд дандаа цацаж цалгисан аялгуутай байдаг. Өөрөөр хэлбэл, тэр өндөр уулсын оройд хүртэл нь дуугаа гаргадаг гэсэн үг. Тэгэхэд зүүн талын буюу тал газрын хүмүүс их уужуу, тайван, удаан барилттай, уянгалаг дуунууд дуулдаг. Төв халхынхан бол их намбалаг, гоё чамин хөг нугалаатай дуу дуулна. Ер нь энэ газрын хүмүүс их ямбалаг байдаг шүү дээ. Байгаль орчноос хамаараад дуу байтугай зан чанараараа хүртэл ялгарна даа, хүмүүс. Баруун аймгийнхан хурдан хөдөлгөөнтэй, овсгоо самбаатай, яриа хөөрөө нь хүртэл хурдан байдаг. Гэтэл зүүн чигийн улс их тайван шүү дээ, харж байхад хүртэл. Ямар сайндаа онигоо маягийн болсон явдал олны дунд яригдаж байхав дээ.
-Ямар?
-Эмэгтэйчүүдийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийллийн эсрэг арга хэмжээ зохион байгуулж Дундговь аймагт очиж л дээ. Нөхөр нь архи ууж, авгай хүүхэн эргүүлж зовоодог эмэгтэйчүүдтэй уулзсан юм байх. Тэгээд нэг авгайгаас асууж л дээ. “Танай нөхөр архи уудаг уу” гэхэд цаадах нь “Уулгүй дээ” гэж. “Архи уугаад яадаг вэ. Муухай аашилдаг уу, зодох уу” гэхэд бас л “Зодолгүй дээ” гэж юу ч болоогүй юм шиг их тайвнаар хариулсан гэдэг./инээв/ Манайд ч гэсэн Дундговийн уртын дуучид нэлээд хэд бий. Тэд нарын яриа хөөрөө, үйл хөдлөл нь цаанаа л нэг тайван байдаг шүү. Төв халхын хүмүүс болохоор нэлээд намбатай, нэлээд дэгжин маягийн шинжтэй. Үүний адилаар дууных нь аялгуунууд хөг нугалаа, чимэглэл, гоёо нь хүртэл өөр.
-Таны хувьд ардын богино дууны судалгаа нэлээд хийсэн байх. Хамгийн сонирхол татсан ч юмуу судалгаа шаардсан бүтээл нь юу байв?
-Ардын дууны хувьд, саяын тодорхойлолтууд багтана. Энэ талаар нэлээд олон хүн судалгаа хийгээд тодорхойлж хэлсэн нь байдаг. Ер нь өөрийнхөө чиглэлээр буюу Төв халхын талаас нь хараад үзэхэд, нэг дууг олон янзаар дуулж байна. Манер гэж ярьдаг шүү дээ, нэг төрх гэсэн үг. Чулуунчимэг гэдэг хүн өөрийнхөө нэг манерыг гаргана. Амгалан гэдэг дуучин ч бас өөрийнхөөрөө нэг гоё манерыг гаргана. Тэрний дуулснаар гэж нэршээд, бүр алдаршаад явчихдаг. “Янжуур тамхи” дуу гэхэд л, миний мэдэхээр хоорондоо огт адилгүй гурав дөрвөн аятай байна шүү дээ. Үүнийг хооронд нь харьцуулаад судалбал гоё, гоё юм гарч ирнэ ээ. Тэрнээс гадна тухайн ардын богино дуу аймаг тус бүрт өөр, өөр аялгуутай байх жишээтэй. Баруун аймагт нэг өөр, зүүн аймагт бас өөр. Төв халхад хүртэл өөр байх нь бий.
-Үгийн утга санаа өөрчлөгдөхгүй биз дээ?
-Үгүй ээ, үгийн хувьд яг хэвээрээ. Нутаг нугын хэл ярианы онцлогоос хамаараад ганц хоёрхон үгийн зөрүү байна уу гэхээс биш дууны ерөнхий утга тэр чигээрээ л байдаг. Ганцхан аялгуу нь өөр, өөр байх тохиолдол зөндөө.
-Манайхан ардын дууны хэв маягийг өөрчилж, орчин үеийн урсгалтай хольж байгаа. Энэ тал дээр та ямархуу бодолтой явдаг вэ?
-Би энэ тухай дандаа л ярьдаг. Яахав, тэртээ тэргүй цаг үе маань байнга хувьсан өөрчлөгдөж байна. Орчин үеийн янз бүрийн урлагийн урсгалууд байнга орж, гарч байна шүү дээ. Нэг урсгал орж ирлээ гэхэд тодорхой хугацааны дараа байхгүй болоод л дараагийнх нь гарч ирж байна. Хөгжлөөсөө хамаараад хөгжмийн урсгалууд ч гэсэн өөрчлөгдөөд явна. Ганц өөрчлөгддөггүй юм чинь ардын урлаг байхгүй юу. Хаа газрын ардын урлаг язгуур чанараараа л хадгалагдаж байх ёстой. Монгол Улс, Монгол хүн гэдэг юмыг тодорхойлсон бас нэг зүйл чинь энэ ардын урлаг шүү дээ. Тусгаар Монгол Улс байхын зайлшгүй нэг үндэс бол яалт ч үгүй Монгол хэл соёл, ардын урлаг. Бид нар үүнийг язгуур чанараар нь маш сайн хадгалах хэрэгтэй гэж би боддог юм. Ардын урлагийн хэв маяг, өнгө төрхийг өөрчилж шинэчлэх нь байх асуудал. Гэхдээ ардын урлаг гэдэг чинь ерөөсөө л ийм зүйл гэж ойлгож хэрхэвч болохгүй. Уг язгуур чанар нь тийм байсныг би ийм болгож өөрчилсөн шүү гэдгээ тэр уран бүтээл хийж байгаа хүн өөрөө ч мэдэх хэрэгтэй. Тэрийг сонсч байгаа хүн ч гэсэн, мэддэг байгаасай гэж боддог байхгүй юу.
-Өөрчилж байгаа нь энэ гээд янз бүрийн хөгжмийн урсгалтай холиод утга чанарыг нь алдагдуулахгүй байгаасай гэж тэр үү?
-Тийм ээ, ардын дууг орчин үеийн хэв маягт оруулах гэж янз бүр болгоод дуулж байна. Тэгэхээр өсвөр насныхан болоод балчир хүүхдүүд маань хүртэл “Ардын дуу гэж ийм юм байдаг” гээд ойлгочихвол хэцүү л юм болно. Язгуур уламжлал, үндэс суурийг нь мэдэхгүй бол яваандаа тэгээд л алга болно шүү дээ. Тэгэхээр үүнийг нэлээд том бодлого болгож, сургуулийн хүүхдүүдэд бүр багаас нь ойлгуулах хэрэгтэй. Дуучин болдоггүй юмаа гэхэд ардын урлагаа мэддэг. Дээл хийж чаддаггүй юмаа гэхэд хийх аргачлал, өв уламжлалыг нь мэддэг байх хэрэгтэй. Гэрт суухгүй ч гэсэн, уулнаас мод авчраад хэрхэн хийж, яаж барьж хураадаг болохыг нь эрхбиш Монгол хүн мэддэг баймаар санагддаг. “Би ямар гэрт сууж, дээл өмсөх биш” гэж хэзээ ч бодож болохгүй.
-Дээл гэснээс та удмаараа уран, үйлчин эмэгтэй. Сүүлийн үед оёдол үйл мэтгэх зав гарч байна уу?
-Гарна шүү. Би ер нь зав л олдвол юм оёж суудаг хүн шүү дээ./инээв/ Янз бүрийн л юм хийж сууна. Хүүхдүүд маань ч гэсэн гарын дүйтэй, сайн оёдог.
-Дуулах дуртай дуунууд гэвэл олон л байгаа байх. Хамгийн түрүүнд аялагдах дуу тань юу бол?
-Зөндөө л олон дуу бий. Ардын дууг хаана ч дуулсан, хүмүүсийн сэтгэлд хүрдэг. Шинэ жилээс бусад бүхий л баяр, арга хэмжээ, найр наадамд ардын дууг дуулах боломжтой шүү дээ. Миний дуунууд дотор хамгийн амархан, хамгийн түрүүнд сэтгэлд ордог нь “Сэрэвгэр хадны зэрэглээ”. Тэр л их ойрхон явж байдаг.
-Хамгийн анх ямар дуу сурсан бэ?
-Манайхан дуу хууранд дуртай, найр наадамд нэлээд уригддаг хүмүүс л дээ. Тиймээс би янз бүрийн мэддэг байсан. Гэхдээ хүүхэд байсан болохоор тэдгээр дуунуудыг бүрэн бүтнээр нь мэдэхгүй шүү дээ. Хамгийн анх би тайзан дээр дуулах гэж ээжээрээ “Хөх торгон цамц” дууг заалгаж байлаа. Хүмүүсийн бараг мэддэггүй шахам хоёр бадгийг ээж маань зааж өгсөн болохоор би энэ дуундаа их дуртай.
-Мэдээж найр наадамд дуулах, дуулахгүй дуунууд ч цөөнгүй байх?
-Тийм ээ. Ерөөсөө бид үүсэл гарал хийгээд дуулсан эзнийг нь танихгүй учраас л ардын дуу гээд нэрлэчихсэн шүү дээ. Өнөөдөр хэн нэгний ярианаас сэдэв аваад дуу зохиож байгаатай адил, тухайн үеийн хүмүүст болон амьдралд нь тохиолдсон аливаа нэгэн асуудлаас болоод ардын дуу урган гарсан байх. Ямар үйл явдлаас ургаж гарснаас шалтгаалан дууных нь утга агууламж тэртээ тэргүй ойлгомжтой. Тэгэхээр нэг их гунигтай, хүнд дууг найр наадам дээр дуулаад байхгүй. Баяр жаргалтай, сайхан дууг дуулах маягаар дуучин хүн өөрөө сонголт хийж чаддаг байх хэрэгтэй. Монголчууд хэзээнээсээ энэ бүгдийг сайн мэддэг байсан шүү дээ. Сүүлийн үед л жаахан тиймэрхүү болчихоод байгаа болохоос биш.
-Тиймэрхүү гэхээр ийм алдаа цөөнгүй гардаг болсон шүү, нээрээ?
-Байна аа, байна. Гэхдээ энэ чинь тэр хүүхдүүдийн алдаа биш. Ээж аавынх нь ч юмуу томоор яривал бүр бодлогын хэмжээнд очно шүү дээ. Тэрнээс л болж байгаа юм.
-Шавь нараас чинь сайн уран бүтээлч төрөх байх даа?
-Тэднийгээ сайн, гайгүй дуучин болоосой л гэж бодох юм. Анх удаа ажиллаж болохоор ч тэр үү. Анги нь ч шинэ юм, багш нь ч бас шинэ./инээв/ Бүх юм нь шинэ гээд явж л байна. Хэдэн гайгүй дуучин гаргачих юмсан гэж бодоод л байна.
-Өвөрмонголчууд ардын болон уртын дууг маань их сонирхдог. Тэндээс ирсэн оюутан байгаа юу?
-Манай ангид байхгүй. Уртын дууны ангид нэлээд хэдэн хүүхэд байдаг юм билээ. Энэ жил манай сургууль Буриадаас элсэлт авсан сураг байсан. Өвөрмонголоос хүүхдүүд ирэх л юм гэсэн. Гэхдээ манай ангид орох эсэхийг нь мэдэхгүй.
Р.Мөнгөн