“Circus Mongolia Khadgaa” циркийн уран бүтээлчид жил бүр БНХАУ-д болдог Олон улсын циркийн тэмцээнд амжилттай оролцдог. Тэд энэ жил “Хүрэл арслан” цомын эзэн болсон баяртай мэдээг дуулгалаа. Уг тэмцээн нь урд хөршөд зохиогддог олон улсын “А” зэрэглэлийн тэмцээн бөгөөд Монте Карлогийн циркийн наадмын дараа орох нэр хүндтэй, циркчдийн хувьд спортоор бол дэлхийн аваргын дайтай тэмцээн юм байна. Уг тэмцээн өнгөрсөн аравдугаар сарын 26-наас арваннэгдүгээр сарын 1-ний хооронд БНХАУ-ын Wuhan хотноо болж, дэлхийн 16 улсын 26 хамтлаг, 200-гаад циркийн жүжигчин ур чадвараа уралдуулжээ.
Тэмцээнд Монголын “Circus Mongolia Khadgaa” циркийн есөн акробатчин "Storm" үзүүлбэрээрээ оролцон “Хүрэл арслан”-гийн эзэд болж, Монгол Улсынхаа төрийн далбааг мандууллаа. Уг үзүүлбэрийг тус циркийн захирал, жүжигчин Ч.Хатанбаатар хоёр сарын турш найруулан тавьжээ. Тэмцээний “Алтан арслан” цомыг Хойд Солонгосын агаарын нисэгчид, ОХУ-ын утсан дээр тэнцэгчид, БНХАУ-ын торон дээр үсрэгчид хүртсэн бол “Мөнгөн арслан”-г Украйн, Тайвань, ОХУ, БНХАУ-ын жүжигчид харин “Хүрэл арслан”-г Монгол, БНХАУ, БНГУ, Белорусийн циркчид хүртжээ. Уг тэмцээний ерөнхий шүүгчээр ОХУ-ын Ардын жүжигчин Олег Попов ажилласан нь нэр хүндийн илэрхийлэл болжээ.