Гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог шинэ уран бүтээлдээ оржээ. Тэрээр өнгөрсөн хугацаанд өөрийн уран бүтээл гэхээсээ илүүтэй бусад дуучдын уран бүтээл, студийн ажилдаа илүүтэй анхаарлаа хандуулан ажиллаж байсан юм. Тэгвэл тэрээр энэ онд таван шинэ цомог өлгийдөн авах гэнэ. Дуучин Б.Дашдондог өөрийн шинэ уран бүтээлийн эхлэл болгож, таван шинэ дууны клипний ажилд орохоор төлөвлөсөн бөгөөд ээлж дараагаар нь үзэгчдийн хүртээл болгох гэнэ. Мөн ирэх хавар таван шинэ цомгоо сонсогчдын гарт хүрэх нь ээ.
Сонсогчдын хүлээлт ч их бий. Мөн олон ч хүн түүний шинэ цомгийг тэсэн ядан хүлээж байгаа. Энэ таван цомогт багтаж буй дуунуудын бичлэгийн ажил дууссан бөгөөд одоо микс, мастеринг буюу дууны тохируулгын ажил хийгдэж байгаа юм байна. Энэ удаад дуучин Б.Дашдондог уран бүтээл туурвиж эхэлсэн цагаасаа буюу “Хөх тэнгэр” хамтлагт дуулдаг байхаасаа өдийг хүртэл туурвисан ихэнх уран бүтээлүүдээ шинэчилж, таван цомогт ангилан хуваан нэг багц цомог болгон гаргах юм байна.
Эхний цомогт, “Хөх тэнгэр” хамтлагт дуулдаг байсан тухайн үеийн уран бүтээлүүд нь орчин цагийн хөгжмийн найруулга, дуулалтаар орох бол дараагийн цомог нь ганцаарчилсан уран бүтээл буюу кино, жүжгийн дуунууд нь багтах нь ээ.
Мөн тэрээр Ардын жүжигчин А.Долгороос эхлээд Гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяа, Т.Ариунаа, дуучин Оюунбилэг, Ц.Хулан гээд Монголын сор болсон бүхий л эмэгтэй болон эрэгтэй дуучидтай хамтран дуулсан байдаг. Тэр ч утгаараа таван цомгийн нэг нь дуэт дуунуудаас бүрдэх гэнэ. Харин үлдсэн хоёр цомог нь дан шинэ дуунуудаас буюу жааз болон поп дуутай цомог байх аж.
Тэрээр 30-40 дуунаас бүрдсэн таван цомгоо гаргахаар ийнхүү хүлээлт үүсгээд байсан бололтой. Тиймээс дуучин Дашка цомгоо хурдан гаргах гэж яаралгүй ихэд нухацтай ажиллаж байгаа гэнэ.
Шинэ таван цомгийн дизайн маш сонирхолтой байх гэнэ. Учир нь тэрээр “Дашка” гэсэн таван үсэг бүхий цомог гаргах бөгөөд цомог тус бүр нь өөр өөрийн шийдэл, өнгө загвар, цомгийн утга агуулгыг илэрхийлсэн нэртэй байх юм байна. Мөн цомгийн зузаан номноос нь олон сонирхолтой гэрэл зураг, дууны үгс, уран бүтээлчдийн танилцуулга гээд нэлээд даацтай мэдээлэл авах боломжтой аж.
Мөн энэ онд дуучин Б.Дашдондог хоёр ч бие даасан томоохон хэмжээний тоглолт хийхээр зэхсэн гэнэ шүү. Мөн түүний тэргүүлдэг “Nature sound” төвийн 10 жилийн ой энэ онд тохиож байгаа юм байна. Энэ төвөөс төрөн гарсан дуучид олон бий. Түүхт 10 жилийн ойг тохиолдуулан нийт шилдэг төгсөгчид, уран бүтээлчдийн нэгдсэн томоохон хэмжээний тоглолт зохион байгуулах юм байна. Гэхдээ энэ тоглолт нь зүгээр ч нэг энгийн тоглолт биш мюзикль буюу зохиомжит хэлбэрээр үзэгчдэд хүрэх нь ээ. Дуучин Дашдондог энэ онд уран бүтээлийн хур буулгах нь.
www.news.mn