УДЭТ-ын жүжигчин, МУГЖГ Урнааг урлагт хайртай ард түмэн болоод урлагийнхан “Жижиг Урнаа” хэмээн нэрийддэг. Тэрээр олон жил драмдаа үнэнч зүтгэснийхээ хэрээр үзэгчдийнхээ омогшил, бахдалыг төрүүлсэн олон дүрийг амьдруулсан байдаг. Урлагийн тогоонд сайхан гэр бүл хэмээн олны хүндэтгэлийг хүлээсэн тэрээр ач зээгээрээ хүрээлүүлэн улам өнөр өтгөн болж буй аж. Түүнтэй УДЭТ-ын золголтын үеэр уулзаж уран бүтээл, амьдралынх нь талаар халуун яриа өрнүүллээ
-Өнгөрөгч Луу жил танай гэр бүлийн хувьд ямар жил болж өнгөрөв?
-Би театрынхаа уран бүтээл ангийн хэлтсийн дарга хийдэг. Тиймээс манай ангийн хувьд ажлын идэвхи санаачилгатай, уран бүтээлчид маань эв нэгдэлтэй, уран бүтээл, театраа гэсэн сэтгэлээр луу жилийг сайхан үдлээ.
Гэр бүлийн хувьд гэвэл Жагаа бид хоёр луу жилтэй. Эр хүн нэг байшин барихаараа гурван удаа барьдаг юм гэсэн. Түүн шиг бид хоёр цэвэр агаарт гарч амарч байх сайхан том сууцтай болсондоо баяртай байгаа. Мөн хүүхдүүд маань бүгд тусдаа гарлаа. Энэ мэтээр олз омог ихтэй байлаа. Хүмүүс жил орлоо гэж сандардаг. Гэтэл бид хоёр ямар ч өөрчлөлтгүй урьдынх шиг уран бүтээл, амьдрал буцалсаар байгаад л үдлээ. Муу зүйл ч тохиолдсонгүй, харин ч сайхан байлаа.
-Жагаа гавьяат та хоёр Эрхүүд хамт сурч, хайрын романсаа эхлүүлээд насан туршдаа амьдарч байгаа сайхан хосуудын нэг. Тиймээс ч танай гэр бүлээр бахархах хүн олон байдаг. Гэхдээ л хааяахан олны хэл амнаас болгоомжилно биз?
-Бид хоёр нэг их шүтлэгтэй биш ээ. Бурхандаа залбираад байгаль хангайдаа дээжээ өргөөд ерөнхийдөө урсгалаараа л явж байдаг хүмүүс. Муу зүйл болчих вий гэж бодоод ч байдаггүй. Мэдээж ажил мэргэжлийнхээ чиглэлээр үхэж хагацаж тоглох үе бишгүй гарна. Энэ мэтээр сайн муу дүрд аль алинд нь л тоглодог. Тийм учраас элдэв муу зүйлээс цэрвээд ингэчих болов уу, тэгчих болов уу гэсэн муу бодол төрдөггүй.
Сайн үйл хийвэл аливаа хүний зам өлзийтэй байдаг гэдэг шиг хүнд туслаад хүний төлөө юм хийгээд явж байвал өөрсдийнхөө замыг тэгшлээд явж байна гэж ойлгодог юм. Ингэж хүнд урам хайрлаад хүнтэй эвсэг найрсаг харьцаад явахад ажил үйлс маань тэгшрээд санаж яваа бүхэн маань бүтээд биелээд байдаг юм. Түүнээс Гандан хийдэд очоод сүр болтлоо шүтээд сунаж мөргөөд байдаггүй. Өөрсдийнхөө сайн үйлсээр бусдад үлгэр жишээ болж, бусадтай эвсэг харьцаад сайн сайхныг түгээж өөрсдийгөө ариусгаж явах юмсан гэж боддог. Дээр нь уран бүтээлийнхээ ард гараад үзэгчдийнхээ алга ташилтаас эрч хүч, сэтгэлийн дэм авдаг. Үүгээрээ хөглөгдөж сэтгэл санаагаа тэтгэж явдагдаа.
-Таныг ханьтайгаа Ромьео Жульеттагоос эхлээд олон кинонд гэр бүл болж тоглож байсныг мэдэх юм?
-Тиймээ. Киноноос гадна театр дээр ч гэсэн хэд хэдэн хайрын жүжигт гэр бүл болж тоглож байсан. Энэ жил Урлагийн ажилтны холбоо, Спорт аялал жуулчлалын яамнаас 2012 сонгодог бүтээл нэртэй наадмыг хөдөө аймгуудын дунд зохион байгуулсан. Энэ үеэр аймгууд дөрвөн бүсэд хуваагдан сайхан сонгодог бүтээлүүд тоглосон. Түүнд шүүгчээр явахад хөдөөгийн уран бүтээлчид маань үнэхээр сайхан бүтээлүүд хийсэн байна лээ. Ассан дүрэлзсэн сайхан уран бүтээлчид ч олон байсан. Тэднийхээ цаашдынх нь уран бүтээлд амжилт хүсч, үзэгчдэдээ үүнээс илүү олон уран бүтээл хайрлаж байгаарай гэж ерөөе. Яамыг төлөөлж улсын хэмжээнд зохиогдсон наадмын шүүгчээр оролцож явсандаа баяртай байгаа.
-Жүжигчин Урнаа, гэрийн эзэгтэй Урнаа хоёрыг өнгөөр тодорхойлвол хоёр өөр өнгө байх болов уу, эсвэл адилхан болов уу?
-Би жүжигчний мэргэжилдээ үнэнчээр зүтгэж яваа. Энэ бол миний амьдралын нэг хэсэг. Би жүжигчин хүн заавал ийм байх ёстой гэсэн зарчим барьж явахыг хүсдэггүй. Гэвч байнга олны өмнө ил байдаг учраас хүмүүстэй харилцах харилцааг байгаа байдал маань үлгэр жишээч байх ёстой гэж боддог. Хэлж ярьж байгаа зүйл маань хүнд хүртээмжтэй байх учиртай. Ингэж л Урнаа өөрийнхөө ертөнцийг бий болгоно шүү дээ.
-Ээж Урнаа одоо эмээ болсон. Эмээгийн үүргээ хэрхэн гүйцэтгэж байна даа?
-Хүмүүс эмээ болмогцоо эмээ төрхөндөө орчихдог. Миний хувьд тийм байхыг хүсэхгүй байгаа. Тиймээс ач, зээ хоёртоо “Маам” гэж дуудаарай гэж хэлдэг юм. Хэдийгээр миний нас тогтож байгаа ч би сэтгэл дотроо дандаа өөрийнхөө наснаас арав гаруй жилээр залуу явдаг. Ийм л сэтгэлээр өөрийгөө хөглөдөг.
-Жаргалсайхан гавьяат шинэ жил болохоор албан газар айл өрхөд уригдаж хүүхэд багачуудад бэлэг гардуулдаг. Энэ буянтай ажлын үр шим танай гэр бүлд ирдэг биз дээ?
-Манай бага охин болоод гэр бүлийн баяр 12 дугаар сарын нэгнээс эхэлдэг. Хүүхдийн гарыг цайлгаж баярлуулна гэдэг буянтай ажлын нэг. Ингэснээр бидний амьдрал улам сайхан болно гэж тэндээс мөн л энерги авдаг. Мөн жил бүр бид хоёр 100-150 хүүхдэд бэлэг гардуулдаг. Энэ ажилд хүүхдүүд маань ч гэсэн хишиг хүртээж оролцъё гээд бэлэг авалцдаг юм.
Түүнийгээ эмзэг давхаргын болон онц сурсан хүүхдүүдэд гардуулдаг. Жагаагийн хувьд Пионерийн ордонд өдөрт найм, ес арван удаа тоглож түүнийхээ хажуугаар хүүхдүүдтэй зургаа авахуулаад өчүүхэн ч завгүй ажилладаг. Гэвч түүндээ огт ядардаггүй. Тэндээсээ энерги, эрч хүч аваад явдаг болохоор сайхан байдаг байх. Зарим хүмүүс төрийн өвгөн гэдэг үүднээс манай гэрийн хойморт ирж залраач гэх нь ч олон байдаг.
-Та залуу насныхаа сайхан төрхийг үргэлж хадгалж явдаг. Энэ нь урлагийн ажлаараа бусдыг хөгжөөж баясгаж явдгийн тод жишээ болов уу?
-Тэгэлгүй яахав. Стрессгүй, санаа зовох зүйлгүй амьдрахаар хүний эрүүл мэнд сэтгэл санаанд нөлөөлдөг учраас тайван амьдрах нөхцөл бололцоогоо өөрсдөө бүрдүүлэх ёстой. Жишээ нь өнөөдөр хоолгүй явж болно, өмсөх хувцасгүй байж болно. Энэ бол чухал биш. Хамгийн гол нь хоёр биендээ дэмтэй сэтгэл хангалуун амьдрах хэрэгтэй. Өглөө сэрэхдээ сайхан зүүд зүүдэллээ, сайхан байлаа, ямар жаргалтай юм бэ гэж ярьж байх ёстой. Манай ач, зээ нар л гэхэд чи ямар гоё жаргалтай тоглодог юм бэ, би жаргалтай байна гээд л инээгээд гүйгээд байдаг. Тийм учраас хүн сайхан ажиллаж амьдарч байна гэсэн гэгээн бодлыг сэтгэлдээ өөрөө тээж явах юм бол ямар ч зовлон байхгүй юм шиг санагддаг.
Өвдөж байсан ч гэсэн бие биенээ харж баясаад өвчнөө мартчихдаг шүү дээ. Энэ мэтээр гэр бүлийн хүмүүс үргэлж бие биедээ аз жаргал бэлэглэж, өглөө сэрэхдээ бие биенээ үнсч, үнэрлэж байх нь гэр бүл бат бэх аз жаргалтай байхыг илтгэдэг. Ажилдаа явахад нь ч гэсэн бие биенээ үнэрлэж явуулж байвал энэ нь цаанаа сэтгэлийн таашаал бэлэглэж байна гэсэн үг. Одоо бид хоёр театр дотроо ахмадад нь орох гээд байна шүү дээ. Гэтэл өөрсдийгөө ахмад гэж бодож болохгүй залуучуудтайгаа зэрэгцэж ажиллаад өөрөөр хэлбэл ганц олдох насандаа омогшиж амьдрах хэрэгтэй.
Ядарлаа гэж залхуурах биш, үргэлж цог золбоотой, нас явж өтөлж байна гэж бодохгүй гялалзаж явбал бусдаас түрүүлж амьдрах, бусдаас түрүүлж сэтгэхэд нөлөөлдөг юм байна.
-Бас оо энгэсэг тэгтлээ хэрэглээд байдаггүй. Яалт ч үгүй тайзан дээр будах шаардлага гардаг байх?
-Би амьдрал дээрээ нэг их будаад байдаггүй. Аливаа хүн залуу насаараа гоёдог шүү дээ, Тийм учраас би залуу байхдаа бараг будаг хэрэглэдэггүй байсан. Ахдаа хүртэл 37 нас хүртлээ гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхгүй гэж гарын үсэг зурж байлаа. Харин одоо Наран трейдийн Ив роше бүтээгдэхүүн хэрэглэх дуртай. Надад их зохидог юм. Энэ утгаар бид хоёрыг Нарангийн фэн гэж хэлж болно. Хүүхдүүд маань ч хэрэглэдэг. Хөгшин залуу гэлтгүй хүнд арчилгаа хэрэгтэй. Арьсандаа дотор гаднаас нь үргэлж тэжээл өгөх бүтээгдэхүүн хэрэглэж байх ёстой. Ахдаа 37 нас хүртлээ гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхгүй гээд гарын үсэг зурж байлаа. Тэгээд би 40 гараад гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж эхэлсэн.
-Мэдээж таныг Жагаа гавьяаттай суугаагүй байхад олон залуус эргүүлдэг байсан байлгүй?
-Залуу байхад хайраа илчлэх хүмүүс цөөнгүй байсан. Гэтэл удалгүй Жагаатай гэр бүл болсноос хойш энэ хоёр сайхан хос гээд хүндэтгэлтэй ханддаг болсон. Жагаа бид хоёрт захиа бичиж, утсаар ч их ярьдаг байлаа. Харин одоо танай гэр бүлд сайн сайхныг хүсье, та хоёр үнэхээр сайхан хосууд шүү, үргэлж сайн сайхан амьдраарай, эрүүл энх байгаарай, та хоёроор бахархдаг шүү, үргэлж хосуудын бахархал байгаарай гэсэн сайхан ерөөлийн үг хэлдэг юм. Түүнээс залуу үеийнх шиг нэг нэгээр нь харахаа больчихож дээ.
-Залуу насанд ямарваа нэг зүйлд татагдах нь амархан. Ингэхэд Жагаа гавьяат аль талаараа таны сэтгэлийг татаж, итгэл үнэмшил төрүүлсэн бэ?
-Бусдаас илүү намайг хайрласан. Тэр үед олон хөвгүүд үерхье гэж эргүүлдэг байлаа. Гэтэл түүн дотроос яагаад ч юм Жагааг сонгосон. Сайхан залуу байна гэж сонгоогүй, одоо намайг хайрлаж байгаа хүн насан туршдаа хайрлаж чадна гэж итгэсэн. Хайр гэдэг жижиг зүйлээс л эхэлдэг. Наад зах нь хаана ч орсон намайг хүндэлж эхэлж оруулж, бас байгаагаа зориулж чаддаг. Тиймээс би хамтдаа амьдаръя гэхэд нь зөвшөөрөөд би одоо сайхан амьдарч байна.
-Зарим хүмүүс мэргэжил нэгт хүмүүстэйгээ хамт амьдрах уйтгартай байдаг байх гэж боддог юм билээ. Харин ч бие биедээ зөвлөөд амар байдаг юм биш үү?
-Орчлон хорвоо биднийг хамтдаа бай гэж заяасан болохоор үргэлж хамтдаа байна гэдэг аз жаргал шүү дээ. Зарим хүмүүс ажил дээр ч гэртээ ч хамт байхаар ярих үг ч олдохгүй уйтгартай байдаг байх гэж ярьдаг. Гэтэл ажил дээр ч ярих зүйл дороосоо л урган гардаг шүү дээ. Нэг нь шинэ уран бүтээл хийж байхад нөгөөх нь дүр авна. Түүнийгээ ярилцана. Бас бусад хүмүүстэй уулзана гээд амьдрал баян учраас ярих зүйл дуусахгүй шүү дээ. Харин ч ажилд дэмтэй нэг нэгийнхээ алдаа дутагдлыг бүхнээс түрүүлж олж хардаг учраас бие биедээ дотны зөвлөгч нь байж чаддаг. Түүн шиг би гэр бүлийн эмч, багш нарыг хараад бахархдаг. Насаараа албан газар хамтдаа ажиллаж байгаа хүмүүс хамт олондоо нэр хүндтэй, бусдыгаа араасаа дагуулж үлгэр дууриалал болж явдаг. Тухайлбал, Цэрэндагва ах, Мэндбаяр эгч хоёр хосоороо ажилладаг учраас үргэлж бидний бахархал болж явдаг. Т ийм учраас хамт ажиллахын давуу тал их.
-Үр хүүхдүүддээ ч энэ байдлаа өвлүүлж яваа байх?
-Манай хүүхдүүдийн сэтгэл, аливаа зүйлд хандах хандлага нь яг бид хоёр шиг. Их зөв хүмүүжилтэй, зөөлөн, хүний төлөө гэсэн сэтгэлтэй. Бас хүмүүсийг хайрладаг. Тэднийгээ өөрийнхөө хүссэнээр амьдар, түүнээс заавал аав ээжийнхээ мэргэжлийг өвлө гэж тулгадаггүй. Тэдний хүсэл мөрөөдлийг хорьж болохгүй. Харин буруу зүйл хийж болохгүй. Өөрөө хүссэнээрээ амьдарч чадвал амжилтанд хүрнэ. Хамгийн гол нь эцэг эхчүүд амьдралыг нь зөв залж өгөх хэрэгтэй.
-Та хоёр шагнал урамшлын нэлээд арвин санаатай болсон байх. Түүнийгээ гэрийнхээ хаана дээдэлж залдаг вэ?
-Олон шагнал байгаа. Одоогоор авдарндаа баадагнаж нандигнаад далд хийчихсэн. Сүлд хийморио бодож нэг газар байрлуулъя гэж бодох юм. Гэвч ажил амжихгүй юм.
-Жагаа гавьяат уурлаж бухимдах нь хэр вэ?
-Манай нөхрийг өнгөц харсан хүмүүс ууртай ширүүн гэж боддог юм шиг. Гэтэл харахад сүртэй мөртлөө их тайван зөөлхөн хүн шүү дээ. Нэг сайхан эр байдаг даа, яг л тэр. Барагтай бол уурлаж ширүүлхдэггүй. Найз нөхөд маань ч Жагаа ямар өрөвч зөөлхөн юм бэ гэдэг.
-Энэ жилийн цагаан сараар та хоёр ямар дээлээр гоёв?
-Ямар ч байсан cap шинээр бэлгэдэл болгож заавал шинэ дээл өмсдөг. Угаасаа ч cap шинээр заавал шинэ хувцас өмсөх ёстой гэж ярьдаг шүү дээ. Гэхдээ заавал ижилсэж хослоод байдаггүй. Ихэвчлэн өнгө дагуу цайвар өнгийн дээл өмсдөг.
-Танайх урлагийн гэр бүл. Урлагийнхан их зочилж хөл хөөртэй байдаг байх даа?
-Бид хоёр залуугаасаа л айл хэсэх дургүй байдаг байсан. Хадам аав ээж хоёрыг байхад гэрээ сахих л ажилтай байдаг байлаа. Харин одоо оюутан хүүхдүүд, албан газар, найз нөхөд гээд хөл хөдөлгөөн ихтэй болчихож дээ.
Д.Нэргүй