– Арваа ч төгсөөгүй байж заваан, замбараагүй юү юү гэнэ вээ мэдэхгүй. Ээж, аавын загнахаас айх, тэдний яриад байгаа ирээдүй гээч нь ингээд өнгөрч байгаа юм байх гээд л дотор харанхуйлна. Арга барахдаа Сүхээд хэллээ. Гэтэл өнөө мангар чинь
– Ямар гоё вэ? гэдэг байгаа. Надад хэлэх үг олдсонгүй.
– Бид хоёр чинь арваа ч төгсөөгүй байна ш дээ гэтэл
– Тэр ямар хамаатай юм. Би төгсөөд шууд үйлдвэрт ачигч болж та хоёрыгоо тэжээнэ л гэнэ. Мөн их романтик юм ярьж байнаа. За тэгэх л юм байх гэж бодов.
Гэтэл хэд хоногоос нэг л биш ээ. Ээж нь загнасан, аав нь зодсон л гэнэ. Нөгөө их оргилсон хайр сэтгэл нь алга болчихлоо. Яг энэ үеэр манай ээж намайг хүүхдээ авхуулахыг ятгаж эхлэв. Миний ирээдүйд энэ хүүхэд маш их гай тотгор болох юм байх. Эх хүн гэдэг хүүхдээ яаж загнах, яаж үгэндээ оруулахаа мэддэг юм шиг байгаа юм. Хувь тавилан гэдэг юмыг үнэхээр хэлж болдоггүй юм билээ. Нэг өдөр ээж маань
– Өнөө орой манайд хүн ирнэ. Чиний хүүхдийг авхуулах боллоо гэдэг байгаа. Дотор харанхуйлаад нэг л биш. Ямар ч байсан эцэг нь болох нөгөө хүүдээ хэлмээр санагдаад болдоггүй. Ээжийг арай гэж аргалаад хог асгах гэж буй хүн болон хогийн сав бариад гарлаа. Нэг давхрын хаалгыг тогшив. Харамсалтай нь Сүхээ гэртээ байдаггүй. Аргагүйн эрхэнд абортонд орлоо. Тэр үед абортыг зөвшөөрдөггүй. Хийвэл нууцаар хийдэг байв. Уг нь бол эмч ч тэр, ээж ч тэр маш аюултай юм хийж байна гэсэн үг л дээ. Би тэр хүний царайг одоо болтол санадаггүй юм. Орж ирснээс нь хойш айгаад эгцэлж хараагүй. Сүүлд нь нүүрэндээ маск зүүчихсэн болохоор харах ч аргагүй. Тэгээд ч юун царай харахтай манатай. Эхэндээ шал танихгүй эрэгтэй хүнд хамаг юмаа дэлгээд үзүүлж байгаадаа туйлгүй их ичиж, айж байж билээ. Харин сүүлдээ юун ичих, голоос нэг юм зулгаагаад шархиран өвдөж өөрийн эрхгүй нулимс урсаад л . . . Ээж маань харин их хатуу чанга, надад бүр хайргүй ч юм шиг санагдсан даа.
– Дахиад тэр нэг юмтайгаа заваараад үзээрэй гэж хэлсэн нь чихэнд бүх амьдралын минь туршид, заримдаа бүр одоо ч гэсэн сонсогдсоор байдаг юм. Хэдийгээр ээж минь намайг, миний ирээдүйг бодсон гэж ярьдаг боловч тухайн үеийн нийгэм, хүн амьтны хэл амнаас л өөрийгөө хаацайлах гэсэндээ ингэсэн байж магадгүй гэж хааяахан боддог. Би үнэхээр хүүхдээрээ байсан болохоор ээжээсээ, ааваасаа айж тэдний өмнө буруу юм хийчихсэн юм шиг л байдаг байлаа. Ээж маань сургууль соёлоор их далайлгасан. Тэр үед сургуулийн хүүхэд жирэмсэн болвол одоогийнхоор хамгийн айхтар бас ичгэвтэр шуугиан болж сургуулиас хөөгдөх байлаа. Аав ээж нь асуудалд орно. Магадгүй, манай сургууль ч гэсэн хот дүүргийн хэмжээнд асуудалд ордог байсан байж болох юм.
За тэгээд би гэж нэг амьтан ямартаа ч гэсэн гэмээ цайтгаж, ээжийн санаа амарснаар энэ явдал өнгөрөв. Хаврын шалгалт шүүлэг гэж сургууль руу явахаас өөрөөр гэрээс гарсангүй. Сүхээ намайг асуугаад л байх. Тэгж, тэгж нэг өдөр Сүхээгийн хүсэлтээр гарлаа. Хүлээж байгаарай гэсэн сандал дээр нь сууж байтал нэг туулайн чихмэл барьчихсан гүйгээд ирлээ. Би дотроо бол их л хүнд бэрхийг туулаад, даваад ирчихсэн хүн. Өнөөхдөө эрхэлмээр чиг, тунирхмаар чиг болоод болдоггүй. Тэгсэн хэрнээ яагаад ч юм Сүхээ намайг тэвэрч аваад үнсэх юм шиг. Магадгүй бүр өнөөх энхрийллээ дахиад хийх юм шиг санагдаад яаж татгалздаг юм билээ гэсэн шүү юм бодон суув. Харин тэгтэл авчирсан туулайгаа өгөөд
– Болороо, би чамд нэг юм хэлэх гэсэн юм. Чи бид хоёр их сайхан үерхсэн. Би чамд хайртай байсан. Гэвч бид цуг байж чадахгүй боллоо. Манай аав ээж нар намайг Оросод явуулах гэнэ. Би тэнд дунд сургууль дүүргээд тэндээ үлдэх байх гэв. Түүнийг ийм юм хэлнэ чинээ санаагүйдээ тэр үү дотор харанхуйлаад явчихлаа. Юун яасан намайг эрхлүүлэх. Энэ хүртэлх хугацаанд миний юутай ч юм тэмцсэн тэр сэтгэл, түүнийгээ даван гарч ирсэн итгэл, урьдын сайхан үерхлээ үргэлжлүүлнэ гэсэн хүсэл тэр чигээрээ түүний өлмий дор зүгээр л хөсөр уначих нь тэр. Миний нулимс сул асгарч эхлэв.
– Чи тэгээд зүгээр л ингэж хэлээд яваад өгч болно гэж яаж бодоо вэ? Намайг яасан гэж ингэж байгаа юм бэ?
– Би чамд дургүйдээ бишээ Болороо. Аргагүйдээ л энэ. Тэгээд ч бидэн дунд байсан хамаг нандин бүхэн тасарчихлаа. Бид цаашдаа хамт байж чадахгүй нь гээд миний гарыг нэг атгасан болчихоод яваад өгөх нь тэр. Хорвоо гэдэг, амьдрал гэдэг ийм амархан хувирч болдог гэдгийг би тэрхэн үедээ яахан ойлгох билээ. Араас нь юм хэлж ч чадалгүй нулимсаа залгиад л үлдлээ. Нээрээ ч удалгүй Сүхээ харагдахаа байчихсан. Гэсэн ч гэсэн би гарч орох тоолондоо хаа нэгтэй тааралдчих юм шиг санагдаад орц руугаа орохдоо ч халширч, тэдний цонх руу харахгүй юмсан гэж хичээдэг байж. Тэдний эцэг эхтэй таарчихвий гэхээс эмээнэ. Сүүлдээ манайх энэ байрнаас нүүчихээсэй гэж хүртэл боддог байж билээ. Тэгсэн хэрнээ харцаараа, сэтгэлээрээ түүнийг бас үе үехэн хайна.
Сургууль төгсөх хоёрхон сарын хооронд миний зан авир, царай төрх, нүдний харц ер нь тэр чигээрээ хачин өөрчлөгдсөн байлаа. Би том хүүхэн болсон байв. Сэтгэл санаа ч өөрчлөгдсөн. Үе үехэн тэр масктай хүнийг зүүдэлдэг болсон. Зүүдэнд, тэр масктай хүн миний дээр гарчихаад бэлгийн ажил хийх гээд дайраад болох биш. Би ямар ч байсан хэд хэдэн удаа тэгж зүүдэлсэн юм. Сүүлдээ бүр хүсэх аястай. Мэдээж энэ бодлоосоо айна, бас зэвүүцнэ. Одоогоор бол сэтгэцийн асуудал үүсэж байна гэсэн үг л дээ.
Аав гэдэг хүн дуугай хэрнээ их сонин хүмүүс байдаг шүү дээ. Нэг өдөр намайг тэвэрч буйдан дээр суугаад ихээ олон юм ярьсан санагдана. Яагаад ч юм надад, миний сэтгэлд үгүйлэгдээд байсан зүйлсийг зөөлхөн аядуухан хэрнээ эр хонгор дуугаар
– Миний охин өглөө болгоны нарыг харж, өдөр бүр чамд шинэ амьдрал, шинэ хайр ирнэ гэж итгэж амьдарч яв. Залуу хүний үзэж өнгөрүүлж буй бүхэн “залуу” л байдаг юм даа гэж хэлээд духан дээр минь үнсэж, намайг бага байхад яг л ингэж бүүвэйлж унтуулдаг байсан болов уу гэмээр намайг тэвэрсэн чигтээ их л удаан ганхаж суусан юмдаг. Залуу хүнд тохиолдож буй бүхэн бага байдаг гэсэн санаа байсныг би сүүлд ойлгосон юм. Намайг бага байхад халуурахаар тас тэвэрч хэвтээд хамаг халууныг авчихдаг шигээ аав маань намайг тэвэрч удаан суугаад сэтгэлд байсан хамаг л гуниг шаналалыг алга болгочихсон. Сүүлд нь бодоход аав өөртөө авчихсан ч байж магадгүй. Яагаад гэвэл нэг хэсэг их гуниглаж, уцаарлаж, сүүлдээ архи хүртэл балгасан юмдаг. Би одоо тэр ярианаас
“Засч болдоггүй алдааг л алдаа гэдэг юм шүү дээ, охин минь” гэсэн үгийг огт мартдаггүй юм.
Харин би аавдаа тэврүүлсэн тэр өдрөөс хойш хачин илт сэргэсэн дээ. Шалгалтуудаа сайн өгч, оноогоороо улаан шугамнаас дээш гарлаа. Химийн хичээлдээ сайн байсан болохоор тэрэндээ дулдуйдаад анагаахын их сургуульд шалгалт өгч, орлоо. Сүхээгээ ч тэгэсгээд мартаж эхлэв. Миний анхны хайр тэр байранд өнгөрч, анхны эр хүнтэйгээ тэдний жижиг өрөөнд учирч, бас анхны хүүхдээ тэдний жижиг өрөөний харалдаа дээр гурван давхрын бас яг тийм жижиг өрөөнд устгасан юм. Энэ бол миний анхны хайраас үлдсэн дурсамж. Харин тэр хүүгийн үлдээсэн туулай нь одоо энэ “Бүжин” юм шүү дээ. Түүнээс хойш амьдралын минь бүхий л мөчид надтай хамт байж, миний жаргал зовлонг хуваалцаж яваа юм. Надад мөн ч олон удаа загнуулсандаа, зайлуул.
Анхмаагийн тухай би түрүүн цухасхан дурдсан. Бид хоёрын ойртох шалтгаан бол тэр Сүхээ бид хоёрын хооронд тэр нэг хэсэг холбоо барьсан юм. Тэднийх их зарчимч мөртлөө халуун дулаан айл байлаа. Нэг өдөр Анхмаа
– Би тань шиг найзтай болох юмсан гэхээр нь
– Удахгүй дээ. Чи мөдхөн үерхдэг хүнтэй болно гэж хэлсийм.
Надад туулай тэврүүлээд одсон тэр өдөр Анхмааг би их л том хүн шиг санан, тэр хүүгийн тухай хамаг л бүхнээ ярьчихаж билээ. Бодвол Сүхээд гомдсон гомдолдоо л тэр байх. Тэгээд хэнд ч хэлэх ёсгүй зүйлээ ярьчихсандаа учиргүй санаа зовсон. Учир нь тэр үед бол асар том нууц шүү дээ.
– Хэнд ч битгий хэлээрэй, энэ бид хоёрын нууц шүү гэхэд тэр толгой дохисноос цаашгүй. “Одоо ч энэ газар сайгүй ярих байхдаа” гэсэн чинь харин тэр нэг ч үг унагаагүй юм. Магадгүй, энэ ч бидний үерхэлийн итгэлцүүр байсан байж мэднэ. Нилээн сүүлд, намайг овоо сэргэчихсэн шалгалт шүүлгээ өгөөд гүйж явахад Анхмаа надад
– Чамайг нэг хэсэг харагдахгүй болохоор чинь айх шиг болсон. Ер нь би том болтлоо хүүхэдтэй үерхэхгүй гэхээр нь
– Үерхэж болно ш дээ. Харин над шиг л алдаж болохгүй. Би бол хөвгүүдийг үзэн яддаг гэж хэллээ.
* * *
Бодолдоо ороогдон хэвтсээр өглөө болж нар мандахыг, тэр байтугай гадаах барилгачид ажлаа хэзээ эхэлснийг ч анзаарсангүй. Өвгөн маань сэрж байгаа бололтой хөрвөөж байна. Би босож цайгаа гал дээр тавиад, гар нүүрээ угаалаа. Гэлээ гээд би нөгөө их хөвөрсөн бодлоосоо салахгүй л байлаа. Ёстой нөгөө онгод монгод гэдэг нь энэ юм байхаа даа. Өвгөн маань хаанаас ч юм дэвтэр үзэг барьж ирээд
– Хөгшөөн, үүн дээр бич. Урд шөнө муухан унтах шиг болох юм. Их л юм бодоо байлгүй. Тэмдэглээд явахгүй бол эргээд мартчихна. Харин би сүүнд гараад ирье. Булангийн дэлгүүрт өнөөдөр шинэ задгай сүү ирдэг юм гэх нь миний мэдэхгүй хэр нь цаашдаа мэдэх ёстой зүйлийг хэлж байв. Хөөрхий минь намайг шөнөжингөө хөрвөөж хонолоо гэж байхыг бодоход би бас түүнийг унтуулаагүй бололтой. Өвгөн ч гараад явлаа. Би түүний өгсөн дэвтэр цаасыг авч том ширээн дээр суув. Угаасаа тасгийн эрхлэгч олон жил хийсэн надад үзэг цаас нийлүүлээд суух нь тийм ч төвөгтэй биш. Харин өнгөрсөн амьдралаа хөврүүлэн бодож, бодсоноо тэмдэглэн цааш нь үргэлжлүүлнэ гэдэг тун сонин байлаа. Үнэндээ бол ингээд цааш нь бичихээр бүрэн шийдэж байна гэсэн үг л дээ.
“За байз, түрүүн чинь юу бодож байгаад тасарлаа даа” Аа тийм. Үзэн ядах тухай . . .
* * *
– Би хөвгүүдийг үзэн яддаг гэж Анхмаад хэлсэн. Гэхдээ би сэтгэлийнхээ гүнд хөвгүүдийг үзэн яддаг уу гэвэл үгүй юм шиг байгаа юм. Би чинь хүүхэд байхын л нуруу туруу өндөр, царай зүсээр ч тийм мууд орохгүй охин байв даа. Оюутны зургаан жил чухам тэгсхийгээд л өнгөрсөн. Хоёр ч залуутай холбоотой байлаа. Гэхдээ би тэдэнд хайртай байсангүй. Хайрлах нь байтугай тэднийг ашиглан зовоож, нааш цааш нь гүйлгээд тэднийг ер жаргаасангүй. Урвайж унжийгаад гүйгээд ирэхээр нь арай аядуу зөөлөн болно. Тэгээд, өөртөө нилээн итгэлтэй болоод ирэхийн багцаанд нь зайгаа барина. Би хэзээ ч тэднийг бодож, хайрлаж байгаагүй. Яагаадыг өөрөө ч сайн ойлгохгүй байв. Магадгүй, би тэднээс Сүхээгийн орхиод явсны горыг авч байсан ч байж болох юм. Гэхдээ би тэгж бодож, занаж, шүдээ зууж байгаагүй болохоор магадгүй гэж байгаа юм. Энэ бол зүгээр л одоо бодож буй бодол.
Харин надад нэг сонин мэдрэмж бий болоод байгаа нь анзаарагдаж байлаа. Анагаахын оюутнууд бид эмнэлэгүүдэд хичээл заалгана, дадлага хийнэ. Тэр үед эмнэлэгээр дүүрэн маск зүүсэн эрэгтэй хүн зөрөлдөхийг харахаар эхлээд айдас төрдөг байв. Бодвол нөгөө үр хөндүүлсэнтэй холбоотой байх. Сүүлдээ айдас маань “Маскны цаана ямар хүн байгаа бол” гэсэн сониуч бодлоор солигдов. Хүний маскыг авч хармаар санагдаад байж сууж чадахгүй үе ч таарна. Яагаадыг би ер ойлгоогүй. Магадгүй, ээжтэй ирсэн тэр хүнийг битүүдээ хайгаад байсан ч байж болох юм. Аль эмнэлэгт ажилладаг хүн болохыг ээжээс нэг удаа асуусан боловч надад юу боллоо гэж хэлэхэв дээ. Түүний дуу хоолойг эргэж санах гээд ч бүтсэнгүй. Яаж ч санав гэж. Тэгээд л эрэл мухардсан боловч масктай хүн харахаар бие эрвэгнэж, хамаг л нандин бүхнээр минь оролдоод ч байх шиг, ер нь их сонин болдог болов. Хамгийн хэцүү нь миний эргэн тойронд масктай хүн маш олон байсан даа. Би тэр нэг шөнийг одоо гэнэтхэн санаж байна.
Энэ явдал түрүүний ярьдаг хоёр залуугаас жилийн өмнө болсон юм. Дөнгөж л оюутан болоод дадлага эхэлж байсан үе. Шөнийн ээлжинд гарах болов. Тэр шөнө гарсан эмч намайг сонирхоод байгаа нь илхэн. Эрчүүд чинь яг ийм үе дээрээ өөрийгөө хянахдаа жаахан муу ш дээ . . .
* * *
Ингэхэд би үүнийг бичиж болж байгаа юм болов уу? гэж гэнэтхэн өөрөөсөө асуун сэхээ авлаа. Яг үүнийг мэдсэн юм шиг өвгөн маань
Үргэлжлэл бий . . .
www.URLAG.mn