Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрөвч урлаг мөнхрөн үлддэг нь жам ёс. Тэр дундаа олон зуунаар хүмүүний сэтгэлд хүрч кино, жүжиг, зохиол гээд урлагийн бүхий л төрлөөр хэвлэгдэн, дэлгэцнээ, тайзнаа мөнхлөгдсөн бүтээлүүдийн нэг бол яахын аргагүй Ромео Жульетта 2.
Энэхүү жүжгийн гол дүрийн нэг болох Ромеод тоглохыг хүсдэг мөрөөддөг олон арван уран бүтээлч бий. Харин тэр хүсэл мөрөөдлөө биелүүлсэн нь цөөн болов уу. Өнгөрөгч 5 сарын гурванд Классик мюзикль продакшн Ромео Жульеттааг Азид анх удаа мюзикль хэлбэрээр Монголд тавьж байсан. Харин энэ удаа Ромео Жульеттаа мюзиклийн зохиолч Жерард Пресгурвичээс дэлхийн тайзнаа жүжгийг тоглох багийн бүрэлдэхүүнд шалгаруулж авах албан саналын дагуу тус мюзикльийг дахин тайзнаа тавих гэж байна. Ингээд Ромеод тоглох багийн хүслээ биелүүлсэн ч бататгах хүсэлдээ хөтлөгдөн тус мюзиклийн Ромеогийн дүрийг бүтээж байгаа A-Cappellа хамтлагийн дуучин Д.Мөнх-Одтой хэсэг хөөрөлдлөө
Юуны түрүүнд Ромеогийн дүрийг чадварлаг бүтээсэнд баяр хүргэе
Баярлалаа.
Дахиад тоглох багийн бүрэлдэхүүнд багтаж тэр тусмаа дэлхий тойрон аялан тоглох сонгон шалгаруулалтанд багтана гэдэгтээ итгэлтэй байна уу?
Үнэндээ одоо бол айж л байна. Тэр агуу зохиолыг, тэр жүжгийн, мюзиклийн гол дүрийг бүтээх олон хүний хүсэл мөрөөдөл байдаг. Миний хувьд СУИС-ийг төгсөхдөө манай ангийнхан энэ жүжгээр дипломын ажил хийж байсан. Тийм болохоор бас арай дөхөмтэй л байсан. Гэхдээ л мюзикль гэдэг асар их хүч хөдөлмөр, авьяас чадал дайчилсан төрөл шүү дээ. Тэгээд ч энэ дэлхийг тойрон аялан тоглох багийн бүрэлдэхүүнд багтана гэдэг ховор хувь заяа. Хичээнэ хичээнэ хичээнэ гэж л хэлмээр байна.
Хамт тоглож байгаа зууны манлай Сарантуяа, бас “Классик жем” хамтлагийн дуучин Б.Отгончимэг нартай хэр “ойлголцож” байна даа?
Үнэхээр сайхан чадварлаг хамт олон энэ бүтээлд тоглож байгаа. Сараа эгчийн хувьд маш их нөмөртэй. Хэдий өрлөг эх хэмээх хэсэгхэн дүр хэрнээ тайзны ард маш их нөмөртэй ёстой л Өрлөг эх. Харин хамтрагч “хайрын минь эзэн” Отгоогийн хувьд бас л дуурийн чадварлаг дуучдын нэг үнэндээ “хайрламаар” л бүсгүй. /тоглосон юм шүү инээв/
A-Cappellа –гийн маань хэд бүгд СУИС-ын мюзиклийн анги төгссөн байхаа?
Тийм Монголд анхны төгсөлт гэж хэлж болно. Тийм ч болохоор энэ мюзикльд тоглоход дөхөмтэй байсан.
Тийм сайхан мэргэжил эзэмшчихээд яагаад A-Cappellа мюзикль дуулдаггүй, тоглодоггүй юм бэ?
Энэ мюзикль гэдэг төрөл жанрыг одоо л хүмүүс сонирхож байна гэж хэлэхэд хэрэгсэхгүй. Анх Гайз666 хамтлаг бас нилээн хэдэн хүмүүс, хамтлаг мюзикль тавьж байсан. Тухайн үед хүмүүс сонирхож байсан ч ойлгох тал дээр хангалтгүй байсан юм болов уу. Гэхдээ тэдний тавьж байсан Бороон дунд дуулнам одоо хүртэл дахин тоглогдоход үзэгч дүүрэн л байна. Мюзиклийн гайхамшиг энэ. Миний хувьд Ромеогийн дүрийг мюзикль-д бүтээх чин хүсэлтэй байсан. Тэрийгээ ч биелүүллээ. Одоо бүр давтан биелүүлэх гэж байна.
Дуучин гэдгээр чинь,” Амьдрал чиний төлөө”-гийн Гантөмөрийн дүрээр чинь хүмүүс ссайн мэдэх байх. Харин мюзикль чиглэлээр төгссөн гэдгийг чинь мэдэхгүй?
Харин тиймээ нэг ёсондоо амьдралын шаардлагаар ч гэх үү нэгэн хэсэг хамтлаг байгуулж дуулсан. Ноднин цагдаагийн байгууллагын 90 жилд зориулсан “Амьдрал чиний төлөө” олон ангит кинонд Гантөмөр гээд залуугийн дүр бүтээсэн. Харин эзэмшсэн мэргэжлээ одоо л хүсэл мөрөөдөлтэйгөө нийлүүлээд биелүүлж байгаа даа баяртай байна.
Гантөмөр, Ромео хоёрыг харьцуулах нь утгагүй ч хувь хүн талаасаа амьдрал дээр хэнтэй нь адил гэж бодож байна?
Хоёулаа л сайн сайхан бүтээл. Тэр тусмаа Ромео бол миний мөрөөдөл. Бас би өөрөө тэр аяараа Ромео ч юм шиг. Тэгэхээр Ромеотой л илүү ижил төстэй зан авиртай байх
Гантөмөр ихэмсэг атлаа хайр дурлалын асуудал дээр нэг талаасаа бүсгүйчүүлийг сорьж сонжих дуртай. Амьдрал дээр та?
Үгүй би ер нь эмэгтэйчүүдтэй хайр дурлалын асуудал үүсгэхээсээ илүү найзын холбоотой их явдаг юм шиг байгаа юм. Түүнээс бус Ромео миний дотоод мөн чанарыг илүү илэрхийлнэ
Хайртынхаа төлөө үхэхээс ч буцахгүй гэж үү?
/инээв/ яагаад болохгүй гэж. Лодойдамба гуайн хэлсэн үг байдаг. Сайхан хайр гэж байдаг юм. Олдвол алдаж болохгүй гэж. Би ч хайртыгаа хайраа алдахгүйн тулд өөрийгөө золиослоход бэлэн л байна
Гантөмөрөөр хүмүүс хэр хүлээж авч байна?
Өө тэр Амьдралд чиний төлөөд тоглосны дараа хаяа такси барих, энд тэнд явж байхад хүмүүс их сайн кино болсон, баяр хүргэе гээд зөндөө л гар барьдаг болчихсон. Заримдаа бүсгүйчүүл ч сэмхэн сонжоод байх шиг. За за тоглосон юм
Тоглоом тоотой нь дээр?
Уран бүтээлч хүнийг ойлгодог сайн ханьтай байж уран бүтээлч амжилтанд хүрдэг. Тиймээс Монголын сайхан бүсгүйчүүл намайг харж л байг. Би ямар хүний нүднээс нуугдах хэмжээний тийм том дэлхийн од биш. Монголдоо ч уран бүтээлээ туурвиад явж байгаа жирийн л нэг урлагийн тогооны шөлний нэг дусал. Миний бүтээсэн дүр, хамтлагийн минь дуунууд олонд хүрч намайг найз нөхдийг маань, хамтлагийнхыг мань хайрлаж яваа бүх ард түмэндээ баярлаж явдаг гэдгээ энэ дашрамд хэлье
Буцаад Ромео Жульетта руугаа ороё. Энэ Ромеогийн дүр хайрын бурхан ч гэгдмээр дүр. Та түүний онцлогийг гаргах талаар?
Мэдээж олон орны олон жүжигчид энэ дүрийг бүтээсэн. Ромео бол тэр чигтээ мөнхийн сэдэв болсон хайрын өөрийн чинь хэлснээр бурхан гэгдэхэд ч багадахаар дүр. Миний хувьд 2003 онд СУИС-д энэ жүжгээр хийж байсан бүтээлийн маань бага ч гэсэн туршлага байна. Тэгээд ч миний зан чанар Ромеотой маш их төстэй. Тийм болохоор энэ агуу гэгээн хайрын түүхийг тэр дүрийн онцлогийг өөрийнхөөрөө гаргахын төлөө хичээж байна даа.
Дуучнаас жүжигчин цаашлаад бүүр Мюзикльд тоглох?
Миний эзэмшсэн мэргэжлийн төрөл бол Мюзикль. Харин ч хүслээ биелүүлж мюзикльд дүр бүтээхээр ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байна
Бэлтгэлийн үеэр найруулагч шиг л аашилж байна гэж сонссон?
Би их өндөр темпераментэй хүн л дээ. Өөрөө бүх юмандаа санаа зовчихдог. Ямар ч уран бүтээл дээр ажилласан тэгдэг. Энэ миний гэм биш зан болчихсон. Тийм болохоор хүмүүс надад их итгэл хүлээлгэдэг юм шиг байгаа юм. Тэрнээс биш би найруулаад байгаа юм байхгүй л дээ. Өөрийнхөө санаа оноог л нэмэрлэж байгаа нь энэ.
“Acapella” хамтлагийн уран бүтээлчдээр сонин сайхан юу байна?
Бид одоо л уран бүтээлдээ орж байна. “Хэзээ” дууныхаа хоёрдугаар ангийг удахгүй та бүхэндээ хүрэх болно. Америк руу найруулагч мэргэжлээр сурахаар явсан манай Одко эргэж ирсэн. Энэ уран бүтээлд оролцож байгаа. Фенүүдэд том сюрприз болох байх аа. Клип нь удахгүй гарна. Бид бүрэн бүрэлдэхүүнээрээ цугласан. Хоёр эмэгтэй гишүүнтэй болсон гээд нэг хэсэг их шуугилаа. Тэр яахав найз нартай хамтарч хийсэн дуэт дуу юм л даа. Манай хамтлаг тараагүй шүү дээ. Зарим нь ажил төрөлтэй гадаад дотоод явсан л болохоос. Заавал дөрвүүлээ дуулаад байх албагүй. Манай хамтлаг хэдүүлээ ч болж болно. Бид “Acapella” энтертайнменттай болж байгаа. Удахгүй тайз, дэлгэцийн уран бүтээл гээд бүх л чиглэлээр уран бүтээл хийнэ. Одоогоор би ийм ажилтай байгаа болохоор хамтлаг сайн хуралдаж чадахгүй байна.
Тоглолт хийх төлөвлөгөө байгаа юу?
Байгаа. Гэхдээ хэзээ тоглох вэ гэдэг нь одоогоор нууц байг. Ер нь тун удахгүй дээ.
Жүжигчин хүний аз жаргал юунд оршдог вэ?
Ерөөсөө хөмсгөө зангидсан, сэтгэл санаагаар унасан, муу зүйл тохиолдсон юмуу даа гэмээр хүн орж ирээд, маш сайхан аз жаргал, баяр хөөр мэдрээд гарч байх юм бол бидний гавьяа тэр. Тэгэх гэж л жүжигчин болсон хүмүүс. Бид урлагийн боол. Боолынхоо ажлыг л хийж байгаа.
-Багадаа ямар хүүхэд байв. Жүжигчин болохыг мөрөөддөг байв уу?
Дуучин болохыг хүсдэг байлаа. Тэгээд арван жилээ их жаахан байхдаа төгсөөд СУИС-д Хайдав багш дээр ирж байсан. Хайдав багш дараа жил авья гэхээр нь намайг голж байна гэж ойлгоод ирэх жил нь жүжигчний ангид орчихсон. Тэгэхэд Хайдав багш “Чи яагаад энд орчихдог билээ” гээд хойноос ирж байсан шүү. Тухайн үед миний насыг л голсон юм билээ. Хүүхэд байхын л урлаг уран сайханд үнэхээр дуртай байсан. Аравдугаар ангиа төгстөл сургуулийнхаа урлагийн үзлэг, элдэв тоглолт, жүжигт байнга оролцдог байж. Манайх гэрт амьдардаг байлаа. Айлууд орныхоо урдуур хөшиг тадаг байсан. Тэр хөшигний араас гарч ирээд л өнөөдрийн тоглолт эхэллээ гээд бүтэн цагийн концерт ээж, аав хоёртоо тоглож өгдөг байсан гэсэн. Гэхдээ би санадаггүй юм аа. Манай өвөө их сайхан дуулдаг хүн байсан юм билээ. Бүр радио Пунцаг гэдэг байсан гэнэ билээ. Энэ нэрийг тийм амархан өгөхгүй. Тэгэхээр өвөө маань радио шиг л хүн байсан гэсэн үг шүү дээ.
Монгол өв соёлоо хэрхэн хүндэлж дээдэлж явдаг вэ?
Хүндлэлгүй яахав. Манай эмээ намайг болохгүй юм хийвэл заяа нь дэлгэрэг гэж загнадаг байсан. Эргээд бодоход заяа нь дэлгэрэг гээд байгаа юм чинь миний заяа дэлгэрч байгаа байхгүй юу. Нэг юм асгачихвал далай болог, тосоор гоожиг гээд л . Ерөөсөө л энэ амны бэлгэ, ахмад буурлуудын маань үг биднийг сайн сайхан явуулж байгаа байх гэж боддог. Би ёс заншил, уламжлал соёлоо аль болох мартахгүй, авч явахыг боддог хүн.
Яагаад гэр бүлтэй болохгүй байна. Найз бүсгүй байгаа юу?
Саяхан найз бүсгүйтэй болсон. Сүй тавьсан. Яг үнэндээ энэ асуудалд анхаарал тавьж чадахгүй, завгүй байлаа.
Хуримаа хэзээ хийх вэ?
Дараа жил. Сайхан морин жил гарахаар л намар нь хийдэг юм билүү гэж бодож байна.
Яг ямар бүсгүй байгаа вэ. Уран бүтээлч хүн юм уу. Танилцуулж болох уу?
Тиймээ. Жүжигчин мэргэжилтэй бүсгүй бий. Одоохондоо танилцуулж яахав дээ. Цаг нь болохор угаасаа мэдэгдэнэ.
Таны сэтгэлийг яаж татав. Та ер нь эмэгтэй хүний юуг нь харж дурладаг вэ?
Хайр дурлалдаа их няхуур ханддаг. Яг энэ Ромеогийн дүр шигээ итгэмтгий, романтик. Тийм болохоор надтай нийцэх эмэгтэй хүн яг үнэнийг хэлэхэд их ховор байдаг. Эсвэл нэг их хайхрамжгүй болчихсон. Эмэгтэй хүмүүс дунд чинь романтик хүмүүс их ховор байдаг гэж би боддог. Ер нь ихэнх нь их аймхай. Намайг хуурчих болов уу гэсэн бодолтой. Үнэнээсээ гээд байхад л итгэхээ больчихсон. Би эр хүн эр хүндээ хайртай гэдэг үгийн эсрэг байдаг хүн. Яагаад гэхээр гурван эмэгтэй дүүтэй. Тийм болохоор эмэгтэй хүнийг сайн ойлгодог. Магадгүй эрчүүд маань болохгүй болоод л эмэгтэйчүүд тийм аймхай болчихсон юм болов уу. Би энэ хүнтэйгээ их удаж шийдвэр гаргасангүй. Бүх юм хурдан байлаа. Яг Ромео, Жульетта хоёр шиг. Ээж, аавууд ч зөвшөөрсөн. Заяаны хань зам дээр гэдэгтэй л адилхан юм уу даа. Гэхдээ яг ч зам дээр тосоод зогсож байгаагүй л дээ. Гэхдээ л яг тэр үгтэй адилхан гэнэт л гараад ирдэг юм билээ. Миний дуулсан “Амьдралын амт” дуун дээр хайр дурлал өөрөө ирдэг юм аа, аз жаргалыг битгий хай, олох гэж битгий шамд, харин өөрөө л зөв бай гэсэн утга бий.
Танаас эмэгтэй хүн айж байж дээ?
Айсан гэх нь бас хаашаа юм бэ. Хүн надад итгэхгүй байхад би их дургүй. Зарим нэг хүн миний тэр шалгуурыг даваагүй байж магадгүй. Гэхдээ би тийм олон найз охинтой байж үзээгүй. Би ямар нэгэн хүнийг зовоохгүй юмсан гэж их хичээдэг. Хүний амьдрал хүссэнээр байдаггүй л байхгүй юу. Одоо л би яг хамт байх ёстой хүнтэйгээ учирсан. Энэ хүнээ гомдоохгүйг хичээж явна.
Уурлаж бухимдахаараа яаж тайвширдаг вэ?
Уур багатай, гайгүй. Гэхдээ дүрсхийж гэнэт уурладаг. Тэгээд амархан буугаад өгчихдөг. Нэлээн том юманд уурлана. Зүйрлэх юм бол шүдэнз асч байгаа тэр мөч шиг л юм даа, миний уур. Ер нь миний буруу байсан ч, нөгөө хүний буруу байсан ч түрүүлээд уучлал гүйдаг, эв эеийг эрхэмлэх дуртай хүн дээ.
-Ямар улиралд дуртай вэ?
Зун, өвөлд хоёуланд нь дуртай. Өвөл хүйтэн гээд хүмүүс дургүй байдаг шүү дээ. Миний хувьд хааяа нэг чичиртлээ даарах гоё байдаг юм аа. Дараа нь дулаацахаар нэг их гоё, бие тавираад сайхан болдог. Тэгээд өвөл өнгө нь цагаан болохоороо юмыг зөөллөж өгдөг юм шиг санагддаг. Өвөл, зун хоёроо дэнслээд хэл гэвэл би өвөл гэж хэлнэ. Би ер нь их өвөрмөц зүйлд дуртай юм шиг байгаа юм. Цасан шуурганаар морь унаад явж байх гоё шүү. Бүр явж боломгүй болвол айлын өвөлжөө, саравчин дор хоргодоод шуурга намдахыг хүлээх ч бас сайхан. Тэгэхээр биеийн амрыг хараад байдаг хүн биш байгаа биз.
Та өвөл төрсөн үү?
Үгүй ээ. Би хавар төрсөн.
Морь унаж, салхи сөрөх дуртай гэж байна. Хөдөөний хүүхэд үү?
Гурван настайгаасаа л хөдөө өссөн. Аав, ээж хоёр ажилтай гээд намайг Өвөрхангайн Бүрдэд эмээгийнд орхичихдог байсан. Тав хүрээд хурдны морь унаж эхэлсэн. Мөч урттай болохоор хоёр жил унасан. Хотын хүүхдүүд намайг гайхдаг байсан шүү . Уурга шүүрдэг, эмнэг сургадаг хөдөөний хүүхэд л гэж боддог байсан. Би малчдынхаа амьдралыг мэднэ. Ер нь мэдэж ч байх ёстой байх. Харин манай залуучууд хөдөөний амьдралыг бараг л мэдэхгүй шахам болж дээ.
Таны нэр ямар утгатай юм бол?
Бүр эртний дуудлагаар нь хэлэх юм бол “хөх түгнэ” гэсэн үг юм билээ. Хөх гэдэг үг нь мөнх гэсэн үгийг орлодог, түгнэ гэдэг нь одыг илэрхийлдэг үг гэсэн. Манай өвөө өгсөн нэр. Яг дотроо юу бодож өгсөн гэдгийг нь сайн мэдэхгүй. Ямар ч байсан энэ сайхан нэрийг нь өндөрт өргөж явах юмсан л гэж бодох юм.
Энэ их ажлын хажуугаар цаг зав гарган бидэнтэй ярилцсан танд баярлалаа .
Эх сурвалж: Dorgio,mn