Баяр наадмын өмнөхөн Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртсэн, Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлооч Өншихбаярын Уянгатай ярилцлаа.
Бага насны гэгээн дурсамж нь байгалийн үзэсгэлэн цогцолсон хоймор нутгаас уяатай. Түүний ээж Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган, аав нь Бүрэнтогтохынх. Зун болгоныг эмээгийндээ өнгөрүүлж, зуслан явахын оронд хонь хариулж өссөн тэр өдрүүддээ Ө.Уянга дэндүү хайртай.
Эмээгийнх нь зусдаг Хөх цав, айл гэр болж тоглож асан чулуун гэр нь түүний бага насны хамгийн дурсгалтай дүр зураг гэнэ.
-Та бага байхдаа аавыгаа ажлаа тараад ирэхэд хөшигнийхөө тюлийг таслаад казах бүжгийн хувцас хийж өмсчихөөд сууж байсан тухай нутгийн тань хүн ярьж байсан юм. Урлагт хайртай, бас ч үгүй сахилгагүй охин байжээ дээ?
-Жаахан байхдаа л дуулж, бүжиглэх дуртай байсан. Тухайн үед зурагтаар орос, монгол хоёр суваг гардаг байсан учраас түүнийгээ үзээд л дагаж дуулж, бүжиглэнэ. Хөшиг хайчилж байсан байх аа. Тэр ч бүү хэл ээж минь гэрээ гоёод авдрынхаа дээд талд хулдаас тавихаар нь би түүнийг нь бритвагаар юу ч үгүй сийччихдэг байсан гэсэн. Юм юм оролдсон, хорлонтой ч гэж хэлж болохоор сахилгагүй охин байжээ.
-Бүжиг, дуу, хөгжим гээд урлагийн олон төрлийг сонирхдог байсан гэж дуулсан. Хэдэн настайгаасаа дуугаар дагнасан бэ?
-Бага байхаасаа бүжиглэдэг байсан. Тавдугаар анги хүртэл бүжиглээд түүнээс хойш дуулах болсон. Тэгж байгаад хөгжим, бүжгийн ангид ороод ятга тоглодог болсон.
-Хүүхэд байхдаа хүртсэн хамгийн том шагнал тань юу вэ?
-Хөвсгөл аймагт амьдардаг байсан учраас Монголын хүүхдийн ордонд болдог олон уралдаанд оролцож чаддаггүй байлаа. Харин намайг долдугаар ангид байхад манай тэнд “Эзэн Чингисийн үр сад” наадам болж, би алтан медаль хүртсэн.
Тухайн үед баярын бичиг, алтан медаль авах нь ховор байлаа. Шагнал авсны дараа аав, ээж хоёр минь их баярлаж Ахуйн үйлчилгээний газрын гэрэл зурагчнаар тусгайлан зураг авахуулсан нь одоо ч байдаг. “Сэцэн Мандухай” дууг дуулж алтан медаль авсан учраас хатдын өмсдөг өндөр оройтой бортогон малгай духдуулж, ээжийнхээ хүрэн дээлний энгэрт алтан медалиа зүүгээд донжтой авахуулсан зураг бий.
-Шагнал хүртээд юу бодогдсон бэ?
-Урлагийн үзлэгийн үеэр багш нараасаа “Энэ их хөөрхөн дуулдаг хүүхэд байна” гэдэг магтаалын үг сонсож байснаас биш медаль авч үзээгүй болохоор их л урамшсан. Түүнээс хойш дуулах хүсэл сонирхол их болсон. Удсан ч үгүй манай аймагт хөгжим, бүжгийн тусгай сур галттай анги байгуулагдаж анги бүрийн авьяаслаг хүүхдүүдийг элсүүлсэн. Бид аравдугаар ангиа их цуутай төгссөн шүү.
Аравдугаар анги хамт төгссөн найзууд минь одоо ч урлагийн чиглэлээр, мэргэжлээрээ ажиллаж байна. Манай ангийн охин Сэржмятав аймгийнхаа Хөгжимт драмын театрын даргаар ажилладаг. Мөн тэр театрт манай ангийн охин Үүртуяа бүжиглэдэг.
-Харин одоо Төрийн өндөр хүндтэй шагнал хүртлээ. Юу бодогдож байна вэ?
-Урам хайрласан, хүндтэй шагнал. Өмнө нь гавьяат жүжигчдийг хараад “Ямар мундаг юм бэ” хэмээн хүндэтгэн хайрладаг байсан бол одоо би тэдэнтэй ижил алдраар дуудагдах нь. Энэ их нэр хүндийг дааж амьдарч, уран бүтээлээ хийх нь чухал даа. Одоо л хэцүү бүхэн эхэлж байна. Мэргэжлээрээ ажиллаж Монголын дуурийн урлагийн төлөө хийж чадах бүхнээ зориулна.
-Таны үзэл бодлыг төлөвшүүлж, хүмүүжүүлсэн эх, эцэг тань их ухаалаг хүмүүс байдаг байх даа.
-Миний ээж, аав хоёр наддаа л үнэтэй, нэр хүндтэй, сайхан хүмүүс. Бурхнаас илүү тэднийгээ л шүтдэг. Монголын эгэл даруу нэгэн сайхан гэр бүл, эх, эцгийн төлөөлөл болсон улс. Миний ээж, аав болон тэдний үеийнхэн хүүхдүүдээ хүнлэг сэтгэлтэй, сайхан хүн болгон өсгөн хүмүүжүүлжээ.
Хүн хүнээрээ л байхыг эрхэмлэдэг, түүнийгээ ч үлгэрлэн харуулдаг хүмүүс. Хэн нэг нь уруудан доройтож явбал гэртээ авчраад дайлж, цайлж, сэтгэлийг нь өргөнө. Хотоос оюутан ирэхэд гэртээ суулгаж, дадлага хийлгээд буцаадаг байлаа. Харин одоо бол бусдыг дээрэлхэх гэсэн хүмүүс элбэг болжээ.
-Таны аавын нэр их онцгой юм аа?
-Өнөбаяр, Өнөгэрэл, Өнөмөнх зэрэг нэр элбэг ч Өншихбаяр гэдэг нэртэй өөр хүнийг би мэдэхгүй. Аав минь “Надад Өнөбуянхишиг баяр гээд урт нэр өгчихөөр нь би Өншихбаяр болгочихсон юм” гэж наргидаг. Монголчууд өнтэй сайхан өвөлжлөө гэж ярьдагдаа, яг тэр утгыг бэлгэдсэн сайхан нэр байгаа юм.
Миний аав тракторчин болж улс орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулж явсан. Дараа нь хуульч мэргэжил эзэмшиж аав, ээж хоёр минь аймгийнхаа шүүхэд насаараа ажилласан. Миний ээжийг Наранцэцэг гэдэг. Амттай сайхан хоол хийдэг, ажилсаг эмэгтэй бий.
-Таны нэр ч гэсэн яг л дуучин хүнд байх ёстой нэр шүү.
-Миний аав надад энэ нэрийг өгсөн гэсэн. Эцэг хүний холч ухаанаар харсан байх гэж би бэлгэшээдэг юм. Тухайн үед энэ нэр моодонд орж байсан байх.
-Монголын хамгийн гүн, цэнгэг нууртай нутгийн охин сайн сэлдэг үү?
-Хөвсгөл аймаг горхи, булаг ихтэй, хэдхэн км яваад л гол устай тааралдана. Дэлгэр мөрний эрэгт тоглож наадаж өссөн ч усанд сайн сэлж чадахгүй. Харин өвөл бол гулгана аа. Ээжийнхээ нутгийн Эгийн гол дээр гулгаж өссөн.
-Моринд хэр вэ. Эмээгийндээ зуныг өнгөрүүлдэг байсан гэхээр малд дөртэй байх даа.
-Морь сайн унана. Эршүүд л охин байсан даа. Гэртээ байхдаа ч эмэгтэй хүний ажлыг хийхгүй. Усанд явж, түлээ хагалахыг илүүд үзнэ. Манайх эрэгтэй хүүхэдгүй болохоор надаас өөр ээжид туслах хүн байгаагүй. Хөдөө бол хонинд явах дуртай. Хонинд явсан хүүхэд өдөржин морь унана.
Бас хээр очиж хонины ээлжтэй өөр хүүхдүүдтэй нийлж айл гэр болж чулуугаар тоглоно. Төвдөө байхдаа черта, резин, дээс тоглоно. Заримдаа хөвгүүдийг тэвэг өшиглөхөөр нь хажууд очоод хараад зогсчихно.
-Таны хамгийн хайртай тоглоом…
-Оросоос ээжийн минь авчирч өгсөн үлээдэг хоёр резинэн тоглоомдоо хамгийн их хайртай байсан. Үлээдэг туулай нь их хөөрхөн учраас үргэлж хамт тоглоно. Харин нөгөөх нь бор өнгөтэй, баавгайрхуу төрхтэй, арзгар үстэй тоглоом байсан. Тэрүүгээрээ орж ирсэн хүнийг айлгадаг байсан. Айлын ганц охин болохоор тухайн үеийн шинэ гарсан бүх л тоглоомыг авдаг байлаа.
-Ямар амттанд дуртай байсан бэ?
-Биднийг хүүхэд байхад амттан одоогийнх шиг элбэг байгаагүй. Чихрийн үйлдвэрийн “Нислэг”, “Оргил”, “Баавгайтай чихэр”, “Алтан шагай”-г идвэл хамгийн гоё нь. Одоо ч амт нь санагддаг юм. Чихэр идэж байхдаа “Нислэг”-тэй ижилхэн амттай байна уу даа гэж бодно. Ээж хот руу эсвэл, Орос руу яваад ирэхээрээ зөндөө их чихэр, бохь авчирна. Би халаасалж гараад л найзууддаа тараана даа.
-Дунд сургуульд байхдаа хайрын захиа авч байсан уу?
-Намайг хүмүүс олон захиа авсан гэж боддог байх. Гэхдээ би тийм захиа авч үзээгүй. Харин хөвгүүдтэй дотно найзалдаг учраас захиаг нь зөөж өгнө. Ангийнхаа олон хөөрхөн охинд захиа аваачиж өгсөн шүү. Эршүүд болохоор хөвгүүд намайг охин гэж боддоггүй байсан байх аа.
-Тэгвэл та жаахан охин байхдаа хэн нэгэнд сайн болж байв уу?
-Дээд ангийн ах нарыгаа хараад ямар хөөрхөн юм бэ гэх зэргээр хоорондоо ярьж байснаас биш яг шохоорхож, дурлаж байгаагүй юм байна. Саяхан Ө.Уянгын дунд ангийн найзууд цуглаж уулзжээ. Тэрбээр олон жилийн өмнөх бага насны дурсамжаа бүүр түүр санадаг байсан ч тэдэнтэй уулзсаныхаа дараа ой санамж нь сэргэх шиг л болсон гэсэн.
Ширүүн бороо орохоор ангийнхаа охидтой нийлж үсээ задгайлан гүйж, басхүү ангийнхаа хөөрхөн охиныг нөгөө ангийн хөвгүүдээс харамлан нударга зангидаж явсан “атаман” охин. Хүүхэд насны дурсамж дэндүү гэгээн, олон өнгөтэй байдгийн нэгэн жишээ энэ буюу. Сонгодог урлагийн хатуу дэгт хүмүүжсэн сахилгагүй охины бага насны түүх энэ ажээ.
Ж.Солонго