Залуу жүжигчин Б.Болорчулууныг “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлийн гараа болох “Миний нууц хүү” жүжигт жүжигчин Оюундарьд дурладаг Можуулагийн дүрээр уншигчид сайн мэднэ. Түүнийг Можуулагийн дүрийг амьдруулж, чадварлаг ирээдүйтэй жүжигчин болохоо харуулж чадсан гэдгийг Драмын театрын ахмад уран бүтээлчид дүгнэдэг юм. Жүжигчин Б.Болорчулуун дан ганц жүжиглэхээс гадна хөтлөх, дуулах авьяастай. Шаггүй дуучин маань “Mount” хэмээх хамтлагтай. Оюутны ширээнээс олонд танигдаж, тайз дэлгэцийн бүтээлд тоглоод байгаа “Мөрөөдлийн театр”-ын залуу жүжигчин Б.Болорчулуунтай уран бүтээл, ажил амьдралынх нь талаар ярилцлаа.
-Чука багадаа ямар хүүхэд байв даа, багынхаа хамгийн хөгжилтэй дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Миний хүүхэд нас Дорнод аймагт өнгөрсөн. Дорнод аймгийн Улсын тэргүүний тавдугаар сургуулийг дүүргэсэн. Онц сурдаг хүүхэд байлаа. Зуны амралтаараа Хэрлэн суманд байдаг өвөө эмээ дээрээ очиж амарна. Хонь мал хариулна, морь унах дуртай. Заримдаа зуны амралтаараа аймгийн телевиз, FM радиод ажилладаг байсан. Телевиз, FM радиогоос гадна янз бүрийн урлагийн тоглолт хөтөлнө. Багын дурсамж зөндөө бий. Бүүр багынх гэвэл манай аав барилгын инженер мэргэжилтэй цэргийн хүн байдаг юм. Нэг удаа алдарт Мэнэнгийн талаар аавтайгаа Хилийн цэргийн 1-12 хүртэл заставуудаар тойрохгүй юу. Тэр үед аав маань заставуудын барилга шалгаж явсан юм. Тэр үед би нэлээд том болчихоод л гэртээ очих юм байна даа гэж бодож байснаа ер мартдаггүй юм. Мэнэнгийн талын зах хязаар нь харагдахгүй шүү дээ. Ямарч мундаг аялагч байсан төөрдөг гэдэг юм. Тэгээд л тэр их талаас болоод л тэгж бодсон хэрэг л дээ.
Цэрэг ах нарт их эрхэлнэ. Танкинд их дуртай. Тэгсэн мөртлөө урлагт элэгтэй хүүхэд байлаа. Ер нь шүлэг бичнэ, дуулна, бүжиглэнэ гээд юм юманд үсчиж явдаг хүүхэд байсан. Найзууд маань дурлахаараа надаар шүлэг бичүүлдэг байсан гээд боддоо /инээв/.
…Дорнодын нар газраас ургаж
Дорнын шаргал Мэнэндээ шингэнэ гэх мэтчилэнгээр нутгийнхаа талаар бичсэн хэд хэдэн шүлэг бий.
-Туркийн нэгэн алдартай зохиолч “Хүн төрсөн нутагтайгаа адилхан байдаг” гэж хэлсэн байдаг юм. Мэдээж Монгол орны хамгийн зүүн хязгаар болсон төрсөн нутгаараа бахархана биз?
-Би “Төрсөн нутаг” гэдэг үгээр бахархдаг. Монголын нар хаанаас манддаг билээ. Зүүнээс, Дорнод аймгаас манддаг шүү дээ. Монголын хамгийн зүүн хязгаар болох Дорнод аймгийн нэгэн иргэн болж төрсөндөө баярлаж явдаг. Нутгаараа бахархана. Жил болгон уул овоогоо тахиж, Хэрлэн голын хөвөөндөө очиж сэтгэлээ сэргээдэг. Хэрлэн голын хөвөөнд болздог, зугаалдаг, тоглодог, аялдаг байлаа. Нутгаасаа төрөн гарсан алдартай хүмүүсээр бас бахархана. Үүх түүхээр нь бахархана. Монголын хамгийн нам доор газар болох Хөх нууруудын хотгор манай аймагт оршдог. Их зохиолч Ц.Дамдинсүрэн Дорнод аймгийн Матад суманд төрсөн. Аавын минь ажиллаж байгаа Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Маршал Х. Чойбалсаны нэрэмжит ЗХ-ний 327 дугаар анги гээд бахархах зүйлс олон бий. Одоо Дорнод аймгийн Чойбалсан хот маань зүүн бүсийн хөгжил цэцэглэлтийн тулгуур төв болж байна. Саяхан нутаг руугаа яваад ирлээ. Аймаг гэдэг утгаараа биш хот болж өргөжиж байна. Нутаг руугаа ойр ойр очихгүй бол ээж аавыгаа, нутгаа, нутгийнхаа агаарыг санана. Ганц хоёр өдрөөр яваад ирэхэд гоё асар их эрч хүч, энерги авдаг юм.
-Өөрөө айлын хэд дэх хүүхэд вэ, нилээд эрх бололтой?
-Манай аав ЗХ-ний 327 дугаар ангийн орон сууцны албаны дарга, барилгын инженер, хошууч Буд гэж хүн бий. Ээжийг маань Оюунцэцэг гэдэг. Цэцэрлэгийн багшаар ажиллаж байгаад одоо хувиараа ажил эрхэлж байна. Би айлын бага. Дээрээ дөрвөн эгч, нэг ахтай. Ах, эгч нар маань одоо бүгдээрээ хүүхэдтэй болж аав ээж хоёр маань өвөө эмээ болсон. Би л ганц бие байна даа. Хүмүүс намайг эрх л гэдэг юм. Айлын бага болохоор эрх байхаас ч өөр яах билээ. Дөрвөн эгчтэй болохоор их азтай. Гэрийн ажил хийхгүй. Эгч нар маань хувцас хунарыг угааж намайг гоё цэвэр цэмцгэр байх бүх нөхцлийг бүрдүүлж өгдөг байлаа.
-Цэргийнхэн ихэвчлэн хүүхдүүддээ мэргэжлээ өвлүүлсэн байдаг. Гэтэл өөрөө жүжигчин болчихсон байдаг. Яагаад энэ мэргэжлийг сонгох болов?
-Ах маань аавын мэргэжлийг өвлөж цэргийн хүн болсон. Тиймээс манайхан намайг цэргийн хүн болгоно гэж айхтар хүчилж байгаагүй ээ. Би багадаа Дорнод аймгийн “Шинэ суваг” телевизийн “Хүүхдийн цаг” хэмээх нэвтрүүлгийг анх хөтөлж байсан. Хүүгээ зурагтаар үзээд манай хоёр их баярлана. Тийм болохоор багадаа телевизийн хөтлөгч болохыг мөрөөддөг байсан. Харин ахлах ангид ороод жүжигчин болохоор шийдсэн дээ.
Тэгээд аймгийнхаа жүжгийн дугуйланд явж эхэлсэн. Тэнд явах хугацаандаа жүжигчний тайзны ярианы дасгал гэж юу байдгийг сурч авсан. Дорнод аймгийн театрын тайзнаа хамгийн анх “Алтан загасны үлгэр” хүүхдийн жүжгийн өвгөний дүрд анх тоглож байлаа. Тэгээд 2008 онд замын унаанд суугаад СУИС-д конкурс өгөх гээд Улаанбаатар хот орж ирж байсан юм. Ирээд конкурсаа өгсөн. Тэр зун чинь өнөө айхтар долдугаар сарын 01 болж таарсан шүү дээ. Тухайн үедээ Улаанбаатар хот гэдэг чинь дайн байлдаан болдог аймар газар байна гэж харж байсан. Тэрнээс өмнө Улаанбаатарт ганц хоёр удаа ирж байсан л даа. Би өөрийгөө СУИС-д ороод зөв мэргэжил эзэмшсэн гэж боддог юм. Залуучууд оюутан байхдаа ажлын байранд очих нь ховор байдаг шүү дээ. Хүн зөв гарцаа олсон цагт л амжилтанд хүрнэ гэж жүжигчин Батаа ах хэлдэг л дээ. Батаа ахын хэлснээр Дөлгөөнөө бид хоёр зөв гарцаа олж оюутан байхдаа ажлын байранд очсон. “Мөрөөдлийн театр”-т ороод ах нараасаа маш их юм сурч, суралцаж явна. Тэгээд мэргэжилдээ шатаж дурлаж явна даа.
-“Мөрөөдлийн театр”-ын анхны уран бүтээл болох “Миний нууц хүү” жүжигт анх удаа дүр бүтээсэн гэдэг. Тэр үед ямар мэдрэмж төрж байсан бэ?
-Том уран бүтээлчидтэй анх удаа хамтран тоглож байгаа учраас биеэ бариад, сүрдээд, нэг л дүрдээ орж өгөхгүй байсан. Царай төрх нь дүрдээ таараад байгаа хэрнээ хүүхэд зангаа дарж чадахгүй, их эвгүй байсан л даа. Тэр үед “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Галаа ах маан надтай тулж ажиллаж чадсан учраас л тэр дүрд тоглосон юм шүү.
Ингэж л хөглөж байж гуравдугаар курсын оюутан байхдаа “Миний нууц хүү” жүжгээр “Мөрөөдлийн театр”-ынхаа босгыг анх алхаж орж байлаа. “Мөрөөдлийн театр”-ын суурийг хамт босголцож байсан гэсэн утгаараа дөрөвдүгээр курсдээ театрын үндсэн жүжигчин болсон. Театрын гурван ах маань Дөлгөөнөө бид хоёрын төгсөлтийн баяраар ирж баяр хүргэж элсэн цаг, цэцэгтэй бэлэглэсэн. Цаг алтнаас ч үнэтэй. Залуу насандаа санасан зорьсоноо хэрэгжүүлэхийн төлөө яваарай гэж ерөөж өгсөн байх гэж боддог.
-Түүнээс хойш хэчнээн жүжигт тоглов?
-Театрт орсноосоо хойш уран бүтээл, тоглолт, телевизийн нэвтрүүлэг гээд бүхий л юманд ороод явж байна. Тухайлбал, “Миний нууц хүү”, “Амьдрал өөрөө бэлэг” , ”Тэр чинь би”, “Хайртай бол эргэж хараарай” зэрэг жүжгүүдийг нэрлэж болно. Би өөрөө СУИС-ийн жүжигчин, найруулагчийн ангийг төгссөн. Манай театрын гурван ч уран бүтээлийг Пара ах найруулсан байдаг. Заримдаа Пара ахдаа туслаад туслах найруулагч хийнэ. Туслах найруулагч гэдэг чинь бас том хүн шүү дээ.
-Бараг хоёр жилийн өмнө “Zebra”, ”Young” entertainment-ийн хамтын бүтээл “Анхны хайр” кинонд тоглосон. Чиний хувьд дэлгэцийн анхны бүтээл байх тйим үү?
-Багадаа аймгийнхаа зусланд амардаг байсан. Гэхдээ Найрамдал зусланд явж үзэх миний багын мөрөөдөл байлаа л даа. Гэтэл хоёрдугаар курс төгссөн жил “Анхны хайр” киноны пропонд орж тэнцээд гол дүрийн Санчир гэдэг дүрийн зохиолыг авлаа. Кинонд тоглох болсон чинь Найрамдал явна гэж байна шүү. Би гэдэг хүн бөөн баяр. Найрамдалд кино групп байрлаж амрангаа кинонд тоглосон гэх үү дээ. Бараг гурван ээлж бүтэн амарсан.
“Анхны хайр” киног хийсэн продюсер маань одоо бурхны оронд байгаа. Хүмүүс “Perfect” хамтлагийн дуучин гэдгээр нь сайн мэддэг, Оюуны өмчийн газрын дэд даргаар ажиллаж байсан С.Гантөмөр ах байлаа. С.Гантөмөр энэ киноны хоёрдугаар ангийг хийнэ гэж ярьдаг байсан болохоор залуу уран бүтээлч, жүжигчид хамтарч ахынхаа дурсгалд зориулж “Анхны хайр-2” киног хийх гэж байна. Тун удахгүй “Анхны хайр-2” кино мэндэлнэ.
-Дорнод аймгийнхаа анхны уран сайхны кино болох “Аз жаргалын эрэлд” кинонд бас тогложээ?
-Аймгийн театрын найруулагч аймгийнхаа анхны бүрэн хэмжээний уран сайхны киног хийх гэж байна гэдгээ хэлсэн. Надад яагаад ч юм гоё санагдсан. Тэгээд би энэ киног бүтээхэд яаж оролцох вэ, яаж туслах вэ гэж догдолж байлаа. Дээрээс нь аймгийнхаа түүхэнд бичигдэх болсондоо баярласан. Манай аймагт миний үеийн ганц хоёр жүжигчин байдаг юм. Аймгийн “Шинэ үе” театрын жүжигчин Энхжин, КУДС-ийг жүжигчнээр төгссөн хүмүүс “Universe best songs” уралдааны оролцогч гэдгээр нь сайн мэддэг Баярцэнгэл хоёр байна. Баяраа бид хоёр “Аз жаргалын эрэлд” хоёр гол дүрийн хоёр залуугийн дүрд тоглосон. Энэхүү кино 1990 ба 2000 он гэсэн хоёр он цагийг харуулсан дэлгэцийн бүтээл болсон.
-Чиний бүтээж байсан дүрүүдээс өөрийн чинь ааш араншинтай ойр ямар дүр байдаг вэ?
-Дүр бүтээнэ гэдэг бол амьдрал дээр байгаа Чукагаас өөр дүр гаргана гэсэн үг. “Миний нууц хүү” жүжгийн сахилгагүй, дэггүй хүүгийн дүр надад ойролцоо ирэх байх. Би арван жилдээ гэр орондоо хэрэг төвөг тариад бужигнуулдаг дэггүй хүүхэд байлаа.
-Тэгвэл “Мотив” хамтлагийн “Чи минь ганцхан” дууны клипэнд яаж яваад тоглочихов?
-Оюутан байхдаа Жижгээ ахтай найз байсан юм. Нэг өдөр Жижгээ ах хамтлагийнхаа “Чи минь ганцхан” дуугаа сонсгоод би чамайг удаан нөөцөлсөн шүү, энэ клипэнд заавал тоглох ёстой шүү гэсэн. Би ч зөвшөөрч клипэнд тоглосон. 10 дугаар ангиа төгсч, амьдралд дөнгөж хөл тавих гэж байгаа математиктаа сайн хүүгийн дүрд тоглож байлаа. Одоо үзэхэд хөөрхөн байдаг юм. Яагаад ч юм бэ, 10 жилийн хүүхдийн дүр харагдах байдлаасаа надад илүү их зохидог юм шиг байна лээ.
– “Мөрөөдлийн театр” бүл нэмсэн гэж сонслоо. Театрын уран бүтээлчдээр сонин сайхан юутай байна даа?
-Манай театрын ам бүл маш их нэмэгдэж байна. Саяхан манай театрт СУИС-ийг саяхан төгссөн “To be, or not to be" театрчилсан реалити шоунд амжилттай оролцсон Намуунаа гэдэг жүжигчин нэмэгдэж орлоо. Дөлгөөнөө бид гурав СУИС-д нэгдүгээр курсдээ хамт сурч байсан найзууд. Мөн КУДС-аас манай театрт уран бүтээлчид нэмэгдээд л байна.
Манай театрын Батаа, Эрхэмээ, Шагай ах нар наадмын өмнөхөн Японд байгаа монголчууддаа уран бүтээлээ толиулахаар явсан. Бусад нь ерөнхийдөө амарч байгаа. Ирэх сарын 01-нээс манайх бүрэн бүрэлдэхүүнээрээ цугларч уран бүтээлдээ орно. Үзэгчиддээ зориулж драмын жүжиг тавих төлөвлөгөөтэй байгаа. Манай театрт дандаа залуучууд байдаг болохоор ямар нэгэн зүйлд шантрах үе бараг байдаггүй шүү. Манай театрынхан нэг нэгнийгээ дэмжиж байдаг, халуун дулаан уур амьсгалтай гэр бүл л гэсэн үг.
-Жүжигчин хүний бахархал юундаа байдаг юм болоо?
-Жүжигчин хүний бүтээж байгаа дүрийг хүн ойлгоод нулимс асгаруулаад эсвэл нүүрэнд нь шинэ сэтгэлийн инээмсэглэл тодорч байвал энэ л жүжигчин хүний бахархал юм даа. Би жүжигчдээс нутгийнхаа Амбий ахыгаа маш их хүндэлж, шүтэж явдаг юм. Дүр болгон нь үзэгчдэд хүрч чаддаг. Мөн Баатархүү ахыгаа бас хүндэлж явдаг. Миний хүндэлж явдаг жүжигчид бүгд хувь хүний талаас гоё харагддаг. Хувь хүн зөв байвал нийгэм маань зөв байна шүү дээ. Ийм гоё хүмүүсийн хүрээлэлд гоё байхаас өөр аргагүй. Одоохондоо залуу байгаа болохоор цаашдаа мэргэжлээрээ бахархах, бахархуулах үе ирэх байх гэж бодож байна.
-Тийм бол мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу?
-Жүжигчин хүн бүрийн туйлын зорилго мэдээж дүр бүтээх. Жүжигчин хүний бүтээсэн дүр болгон ард түмэнд хүрсэн, нэг юмыг бодогдуулсан тэр дүрийг үзээд хүмүүс ухаарал авдаг байх нь хамгийн чухал. Нас залуу байгаа болохоор надад ирээдүйн гэрэлтэй зам байна. Болорчулуун гэдэг хүн тэр замаар яаж явах вэ гэдэг нь бүгд надаас шалтгаална. Тэр шалтгаалах зүйлийг хувь хүний ухамсар шийднэ шүү дээ. Цаашдаа маш олон гоё дүрүүдийг бүтээх болно гэдэгт итгэлтэй байна. Бас найруулагчийн өгсөн дүрийг яавал сайн гаргах вэ гэдэгт илүү их анхаарч ажиллаж хөдөлмөрлөх болно. Хувь хүн талаасаа дандаа ганцаараа яваад байхгүй нь мэдээж. Сайхан ханьтай болох юмсан гэж бодож байна. Залуу хүний хувийн амжилт бас хайр дурлалтай холбоотой юм шиг байгаа юм.
-Тэгвэл амьдралын ханиа ямар хүн байгаасай гэж бодож байна вэ?
-Би яг ээж шигээ эмэгтэй хүн байгаасай гэж бодож байна. Даруухан, халамжтай, хамгийн гол нь урлагийн хүнийг ойлгодог. Аав маань хэлдэг юм. Миний хүү хэзээ ч өнгө мөнгөнд битгий хууртаарай гэж.
-Олон нийтийн сүлжээ хэр ашиглаж байна вэ?
-Фэйсбүүк ашигладаг. Хаяа бас найзуудтайгаа нийлээд шоу парти зохион байгуулна. Тэр мэдээллээ фэйсбүүкээр дамжуулж түгээдэг юм. Би фэйсбүүкт 5000 найзтай. Танилын хүрээ олон болж байгаа юм даа. Тэгснээс биш фэйсбүүкээс ямар заяаны ханиа олох биш. Тэр бол худлаа байх. Заяаны ханиа олсон хүмүүс байдаг л юм байна лээ. Би тийм зүйлд итгэдэггүй.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
Эх сурвалж: time.mn