“Мандухай сэцэн хатан” киноны Өнөболд ван, маршал Х.Чойбалсангийн дүрээр үзэгчид андахгүй Урлагийн гавьяат зүтгэлтэн А.Дашпэлжээтэй хийсэн ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.
-Сүүлийн үед уран бүтээл хийж байна уу. Энэ тухай яриагаа эхлэх үү?
-Юуны өмнө танай сонины уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Би сүүлийн 10-аад жил хэвлэлийн тэр дундаа сонин сэтгүүлд маш бага ярилцлага өгсөн. Харин энэ удаа танай сониноор дамжуулан монгол түмэнтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна.
Би 1982 онд Болгарын Софи хотын Консерватурын их сургуулийг дуурийн дуучин мэргэжлээр төгсч удалгүй дуурийн театрт гоцлол дуучнаар орох тушаалыг тэр үеийн соёлын яамны сайдаас гардаж байлаа. Тэгэхээр дуурийн театрт би 30 жил дуулсан байна.
Энэ хугацаанд 1996-2000 онд театрын дарга, 2001-2010 онд СУИС-ийн дуулаачийн тэнхимийн эрхлэгчээр ажилласан. Гэсэн хэдий ч уран бүтээлээсээ хөндийрөөгүй. Би 2010 онд хөгжмийн сургуулийн захирлын албыг хашсан. Учир нь хөгжмийн урлагийнхныг ардын, сонгодог, эстрад, уртын дуу зэргээр салгаж шинээр сургууль байгуулсан юм. Тэгээд надад сургуулийн захирлаар ажиллах санал тавьж бас үүрэг өгч сүүлийн гурван жил дууриасаа хөндийрсөн.
-Яагаад?
-Яагаад гэхээр дуулаачийн сургуулийг эхнээс нь байгуулна гэдэг хүнд. Үүний хажуугаар өөр ажил давхар хийх хэцүү. Мөн ахмад болон бидний үеийн уран бүтээлчид гадаадад сурч ирээд тэнд ажиллаад энэ хооронд явуулсан сургалтын үр дүн одоо гарч байна. Яагаад ингэж хэлж байна гэхээр Орос, Болгарт сурч ирээд хойч үедээ сургаж байсан үр дүн дундаас жинхэнэ монгол хэв маяг гарч ирж байна.
Энэ нь өнөөгийн монгол дуучид олон улсын төвшинд хүрч байгаагаар илэрч байна. Тухайлбал, Э.Амартүвшин, С.Мөнгөнцэцэг, А.Сайнбаяр байна. Тиймээс эдгээр сайн дуучиддаа зайгаа тавьж өгөх цаг болсон. Биднийг дуулж байх үед бидний ачаанаас үүрэлцэх хүн цөөн байсан бол одоо олон болж. Тэгээд ч урлагийн хүнд цаг хугацаа богино.
Тайз, дэлгэц гэдэг хатуу. 50, 60 хүрчихсэн мөртлөө 20, 21-тэй Юндэн, Онегинд дуулна гэдэг болохгүй зүйл биш боловч үнэндээ зөрчил үүснэ. 50 гарчихсан хүн 18, 20-той охинтой Юндэн, Нансалмаа дуулвал сайн талаар хүлээж авах хүн байх ч үзэгчид зөвхөн хүссэн таашаалаа л авахыг хүснэ. Тэгэхээр урлаг гэдэг хатуу шалгууртай босго нь өндөр. Ийм шалтгаанаар сүүлийн үед дуулахаа больсон. Харин өнгөрсөн Цагаан сарын үед театрын удирдлагад өөрчлөлт ороход намайг уран бүтээлийг нь авч яв гэсэн үүрэг өгч уран сайхны удирдаач болгосон. Ингээд ажиллаж байна даа.
-Дуурийн театрын 50 жилийн ой энэ жил тохиож ойн хүрээнд нэлээд ажлыг зохион байгуулсан. Театрынхаа ололт амжилтаас хуваалцаач?
-Сонгодог урлаг тэр дундаа дуурь, балет манайд 1950-иад оны дунд үеэс хөгжсөн. Харин албан ёсны театр 1963 онд байгуулагдсан. Тухайн үеийн төр, засгийн удирдлага театр байгуулагдахаас өмнө уран бүтээлчдийг гадаадад сургаж бэлтгэсэн юм. Дараа нь театр байгуулах зарлиг гарсан түүхтэй. Түүнээс биш сонгодог урлаг монголд орж ирээд 50 жил болж байгаа ойлголт биш юм.
Театрын 50 жилийн ойн арга хэмжээг жилийн өмнөөс төлөвлөсөн. Энэ хүрээд хоёр дуурь, хоёр балет, нэг гала тоглолт хийсэн. Ер нь оны эхнээс тавьж эхэлсэн бүх тоглолт 50 жилийн ойд зориулагдсан. Өөрөөр хэлбэл 50 жилийн тайланг жилийн хугацаанд тавьж байгаа хэрэг. Төгсгөл нь ойдоо зориулсан тайлан тоглолт юм.
Мөн Дуурь бүжгийн эрдмийн театр буюу эрдмийн гэсэн тодотголтой байгаа учраас өнгөрсөн болон ирээдүйн талаарх эрдэм шинжилгээний хурал хийх нь зүйтэй гэж үзсэн. Ингээд “Сонгодог урлаг 50 жилд” эрдэм шинжилгээний хурлыг СУИС-ийн эрдэм шинжилгээний зөвлөлтэй хамтарч хийсэн. Энэ нь урлагийн байгууллагуудын ой тэмдэглэх явцад гарсан шинэлэг санаа гэж бодож байна.
-Тухайлбал, ямар онцлог байна?
-Эрдэм шинжилгээний хуралд бид биш хөгжим, урлаг судлаач, маркетингийн эрдэмтэн судлаачдаар илтгэл тавиулсан нь онцлогтой. Мөн улаан хивсний ёслолоо өвөрмөцөөр зохион байгуулсан. Учир нь Холливудын болон олон улсын фестивалийн улаан хивсний ёслолд алдар цуутай хүмүүс л оролцдог бол манай ёслолд театрын бүх ажилчид оролцсон. Төгсгөлд нь түүхэн арга хэмжээний талаарх баримтат кино үзүүлж ахмадууддаа хүндэтгэл үзүүлсэн. Бидний энэ ажлыг олон нийтэд таниулж өгсөн хэвлэл мэдээллийн байгууллагын хамт олондоо уран бүтээлчдийнхээ өмнөөс баярласнаа илэрхийлэх нь зүйтэй.
Театрын ажил жилээр төлөвлөгддөг. Энэ жилийн эхэнд төлөвлөсөн ажлууд одоо үргэлжилж байна. Мөн дээр нь нэмээд аялал жуулчлалын тоглолтоо долоо, наймдугаар сард хийж байна. Ирэх жилээс өсвөр үеийнхэн болон хүүхдийн тоглолтыг хөтөлбөртөө оруулна.
-Сонгодог урлаг ардчилал эхэлснээр орхигдсон гэж ахмад уран бүтээлчид ярьдаг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Социализмын үед бүх албан байгууллагын дарга нар дуурь, балет үзэх ёстой гэсэн Ю.Цэдэнбал даргын даалгавар гарч байсан. Нөгөө өнцгөөс нь харвал албадлага боловч тухайн үед зохицсон арга байсан. Учир хүн сонгодог урлагийг үзэх тусам дурлаж, сонирхож хүмүүжил авдаг. 1990 онд ардчилсан хувьсгал гарснаар сонгодог урлаг суларсан нь үнэн.
Бүх нийгэм улс орноороо шилжилтэд орж байхад сонгодог урлагийн талх бүү хэл гэдэсний ч талхгүй болсон үе. Тэгэхээр энэ цаг үеийг туулахад харин ч сонгодог урлагаа тавиад туучихаагүй. Тэр бүү хэл 1990-2000 он хүртэл ажилласан уран бүтээлчдийг би гавьяатай гэж боддог. Өмсөх хувцас, идэх хоол, хөрөнгө оруулалт дутуу байх үеийг давж чадсан.
Төр засгийн зүгээс сонгодог урлагт хандах хандлага суларч байсан хэдий ч төсөв өгдөг байсан. Яахав дээ хөрөнгө нь багасах асуудал байсан ч уран бүтээлчдийн цалин, байрны халаалт, цахилгааныг нь таслаагүй. Тиймээс би сонгодог урлагийг хаягдсан гэж өрөөсгөл ярих дургүй.
-Та урлагаар өсч хүмүүжсэний хувьд өнөөдрийн манай сонгодог урлаг дэлхийн төвшинтэй харьцуулахад хаана нь явж байна гэж боддог вэ?
-Манай сонгодог урлаг анх бий болох үеэсээ л олон улсын төвшинд байсан. Одоо ч тийм байгаа. Өндөр хөгжилтэй орны дуучин, удирдаач манайд ирж тоглолтоо хийдэг. Манайхан гадны оронд очиж тоглолт хийж олон улсын уралдаанд түрүүлж байгаа нь дэлхийн төвшинд байгаагийн нэг илрэл. Бид сонгодог урлагаа 50 жилийн хугацаанд дэлхийн төвшинд барьж чадсан.
Хоцрогдож хаягдсан зүйл бий нь бий. Тухайлбал, мэргэжлийн найруулагч, удирдаач, балетместр дутагдалтай. Хэдийгээр өөрсдөө бэлддэг ч гэсэн төвшний хувьд арай хүрч чадахгүй байна. Тэгэхээр үүнд л алдсан тал бий. Учир нь улсын хөрөнгөөр сурдаг асуудал дотоод, гадаадад байхгүй болсон. Гэхдээ одоо гайгүй болох байх. Яагаад гэхээр балетын нэг ангийг Бермд хоёр жилийн хугацаатай сургаж байна. Харин одоо нэн түрүүнд уран бүтээлчдийг удирдах уран бүтээлчийг яаралтай сургах асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй.
-Та дуулахаас гадна багшилдаг. Одоогоор хэчнээн шавьтай байна. Олонд танигдсан гарын шавь нараасаа танилцуулахгүй юу?
-Дуулаачийн мэргэжлийн багшид гарын шавь харьцангуй цөөн байдаг. Яагаад гэвэл олон цагаар цөөн хүнд хичээл заадаг учраас. Миний гарын шавь гэвэл манай дуурын театрын залуу дуучин Б.Алтанхуяг, Сүлд чуулгын Ц.Амарболд, Ц.Бизъяа, Хилийн цэргийн чуулгад н.Дэлгэрмөрөн, Өмнөговийн чуулгын Х.Энхтайван нарын чадалтай сайн дуучид бий.
Тэд миний гарын шавь нар. Мөн СУИС-д дуулаачийн ангиас гадна тэнхимийн эрхлэгч байхад уран чадвар, дуурийн тавил гэдэг хичээл ордог байсан учраас 2001-2010 оны төгсөгчид миний шавь гэж болно. Тиймээс би олон шавьтай. Тэд маань хаана ч явсан багш аа гэдэг. Миний үг тэр хүмүүст хүндтэй байдаг. Тийм учраас үүндээ баярлаж омогшиж явдаг. Дуучид сайн байна гэдэгт миний хувь нэмэр их бага хэмжээгээр орсон учраас тэр. Шавь нараараа бахархаж тэднээрээ багш аа гэж дуудуулах сайхан мэдрэмж шүү.
-Тэгвэл таны багш ямар хүн байна. Танд сонгодог урлагийн тэр дундаа дуурийн дуучны “А” үсгийг заасан багшийгаа танилцуулаач?
– Залуу уран бүтээлч төгсч ирээд ажиллаж байсны хувьд би олон багштай. Гэтэл яг миний мэргэжлийн намайг сургасан багш гэвэл Дора Мутафова гэж профессор байсан. Урлагийн хүмүүс олон багштай байдаг. Хөгжим бүжгээс авахуулаад СУИС гэхэд олон багш байх жишээтэй. Харин миний хувьд хөдөөнөөсөө шууд Болгарын Консерватурт явахад тэнд хүлээж авсан анхны хүн бол Мутафова багш маань байсан. Олон монгол шавьтай. Тухайлбал, манай багшийн удирдлагад Д.Жаргалсайхан гуай, Л.Эрдэнэбулган нарын манай алдартай дуучид төгссөн байдаг.
Сургуулиа төгсөөд ирснээс хойш тухайн үед халамжлан хүмүүжүүлэгч гэдэг байсан. Туршлагатай, нэр төртэй хүнд дөнгөж төгссөн залуу солистыг хариуцуулна. Ингээд миний халамжлан хүмүүжүүлэгчээр Ардын жүжигчин Д.Жаргалсайхан гуай болсон. Надад олон зөвлөгөө, заавар өгдөг байсан. Хамгийн энгийнээс эхлээд нүүр будалт, дүрийг хэрхэн судлах, гаргах зэргийг заасан. Тиймээс би Монголд албан ёсны миний багш гэж Д.Жаргалсайхан багшийгаа хэлнэ. Түүнээс биш өөрөөр албан ёсны багш бол байхгүй. Гэхдээ л Ж.Чулуун, Д.Лувсаншарав гуайг багшаа гэж хүндэлдэг.
-Дуучин хүнд хамгийн чухал нь хоолойгоо гамнах гэдэг. Тэр дундаа дуурийн дуучид хоолойгоо бүр ч сайн хамгаалах ёстой байх?
-Аль ч төрлийн урлагийнханд дагаж мөрдөх ёстой дүрэм, журам байдаг. Багш нар ч үүнийг зааж сургадаг. Тэр дундаа дуучин хүн хоолойгоо хайрлаж гамнах ёстой. Гэхдээ хоолойгоо гамнаж байна гээд дуулахгүй бай гэсэн үг биш. Харин хоолойд харш зүйлийг хэрэглэхгүй цээрлэх хэрэгтэйг заадаг. Мөн зүс царай, бие хаа сайхан байх ёстой гэдэг. Тэгэхээр энэ бүхэнтэй тэмцэх хамгийн гол арга бол харш зүйлээс татгалзах юм.
Манай багш нар ийм л зүйлийг заадаг байсан. Би ч гэсэн шавь нартаа ингэж сургадаг. Дуулдаг бол тамхи татахгүй, архи уухгүй байх хэрэгтэй. Уулаа гэхэд орилж хашгираад дуулаад байх хэрэггүй. Мөн утаа, тоосонцор ихтэй газар бас дуулж, хашгираад байж болохгүй. Гэх мэт хорт зуршлаас хол өөрийгөө хамгаалж байх ёстой. Мөн хэт ядрах, хоолойдоо ачаалал их өгөхгүй байх хэрэгтэй. Ер нь хүний хоолой хоёр нарийхан сатурк шиг зүйл дээр тогтдог. Уянгалаг хоолой, дээд өнгө, бүдүүн нарийн дуугарах зэрэг бүгд л хоолойны хөвчөөс шалтгаалдаг. Тэгэхээр үүнийг хайрлахаас аргагүй.
Мөн хоол ундаа зохицуулах хэрэгтэй. Ер нь амьдралын хэмнэл хамгийн чухал. Дэлхийн одууд шиг тийм хангамж, тордлого, гоо сайхны засал миний хувьд байхгүй. Нүүрээ өдөрт хэд ч будаж хэд ч арилгана. Ерөнхий амьдралын хэв маяг, хорт зуршлаас хол байх нь гоё сайхан харагдахад нөлөөлдөг. Одоо намайг гоё сайхан гэх нь юу юм гэхдээ тайзан дээр байх хугацаандаа гологдоогүй ээ. Үүний цаад мөн чанар нь багш нарын зааж сургасан зүйл. Аав, ээжээс заяасан бие махбодио байгаа чигээр нь сайхан авч явах гэж боддог.
-Сүүлийн үед хүмүүс зөв хооллолт, цагаан хоолонд нэлээд анхаардаг болж. Таны хувьд хоол хүнсэндээ хэр анхаардаг вэ?
-Анхаардаг гэх нь хаашаа юм. Анхаардаггүй гэх нь ч хаашаа юм. Ер нь бол тэр цагаан хоол гэдгийг нэг их таашаадаггүй. Системийн хооллолт, сүлжээний хүнсийг дагнаж хэрэглэдэггүй. Махаа л иддэг. Гэхдээ хэтрүүлж, өөх тостой хоол иддэггүй. Манай гэрийнхэн ч бүгд тийм. Халуун ногоо, хорхог, боодог, нэг их мах чанаж идэхийг таашаадаггүй.
Аливаа зүйлийг их хэмжээгээр, хэтрүүлж хэрэглэхгүй байх нь зөв. Өөрийгөө сойгоод өлсч цангаад байдаггүй. Миний амьдралын хэвшилд хооллолт буруу байсан. Өглөө цайгаа заавал уудаг хэдий ч өдөр ажлаасаа хамаараад идэх идэхгүй үе гарна. Ингээд орой хоол иддэг. Уг нь орой хоол идэхгүй байхыг зөвлөдөг. Гэтэл би амьдралынхаа турш ингэж хооллож байна. Өдөржингөө ажилтай, орой нь тоглолттой байх үед тоглолтоо тарсны дараа сэтгэл санаа тайван болоод гэртээ очоод хоолоо иддэг.
-Дуурийн дуучид бусдаасаа арай илүү чадвартай юм уу гэж боддог. Дуулахаас гадна бүжиглэнэ жүжиглэнэ. Таны тоглосон олон сайхан кино байдаг ч үзэгчид магадгүй таныг “Мандухай сэцэн хатан” киноны Өнөболд ванд тоглосноор илүү мэддэг байх. Кинонд тоглож байсан үеэсээ дурсаач?
-Түүхэн кино гэдэг тухайн цаг үед болсон үйл явдлыг харуулахыг зорьдог. Тиймээс жүжигчин хүн тэр үеийн хүний сэтгэл хөдлөл, биеийн хөдөлгөөн зэргийг дээд зэргээр мэдэрч гаргах хэрэгтэй. Дуурийнхан дуулж бүжиглэдэг ч драмын жүжигчдээс ялгардаг гол онцлог нь хөгжим бидэнд маш их дэм болдог. Гэсэн хэдий ч бидэнд хүндрэлтэй тал бас бий.
Дуурийн дуучдын хувьд хөгжим нэгдүгээрт байхад алдаа гаргаж болохгүй. Гэтэл үүнд тоглолт нэмнэ гэдэг хүндрэлтэй. Түүнээс драм ч бай дуурь ч бай бүгд л жүжигчид. Бидний үзсэн, харсан, сурсан зүйл ч нэг. Би залуу уран бүтээлчдээс жүжиглэлт гэдгийг маш их шаарддаг. Та нар сайн байна. Сайхан байна. Сайн дуулж байна. Ганцхан дүр, жүжиглэлт хаана байна гэдгийг бүх залуу уран бүтээлчээсээ нэхдэг. Дашпэлжээ юм уу Долгор юм уу энэ хоёр хүний зааг ялгааг гаргаачээ гэдэг зүйлийг л хамгийн их хүсч байна.
Киноны хувьд би 1982 онд сургуулиа төгсч ирсэн. Харин анх 1983 онд С.Удвал гуайн зохиол телевизийн найруулагч Д.Долгорын “Намрын халуун өдрүүд” киноны маршал Х.Чойбалсангийн дүрд тоглосон. Тухайн үед цөөхөн кино хийдэг, шалгуур өндөр байсан. Гэвч энэ кинонд тоглосон маань тэр үеийн кино мастеруудын анхаарлыг татсан юм болов уу даа.
“Намрын халуун өдрүүд” киноны нээлтийн дараа С.Удвал гуай “За маршал. Би ч маршалыгаа олжээ гэж бодож байна” гэж хэлсэн. Тухайн үед энэ үгийг нь залуу хүн болоод ч тэр үү тоогоогүй. Харин сүүлд бодоход маш том үнэлгээг надад өгсөн байж. Учир нь энэ киноноос хойш 6-7 кинонд их бага хэмжээгээр маршал Х.Чойбалсангийн дүрд тоглосон.
Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн өвөл МҮОНТ-ийн хийж байгаа хилийн цэргийн 80 жилийн ойд зориулсан 60 ангит кинонд тоглолоо. Тэгэхээр энэ олон Х.Чойбалсанд тоглох байсныг тухайн үед тэд олж харсан байж. Ингээд дараа нь “Мандхай сэцэн хатан” киноны Өнөболд ванд тоглосон. Киноны найруулагчаар анх Д.Жигжид гуай ажиллаж байхад би Ноён Болд гэдэг дүрд тоглож байсан.
Ингээд Д.Жигжид гуайн бие муудаж Б.Балжинням найруулагч руу шилжихэд кино групп, зохиол солигдож Б.Балжинням гуай намайг Өнөболд вангийн дүрд тоглуулсан. Уг нь Исмэлд хорлуулж нас бардаг нэлээн дайчин эрийн дүр байсан. Харин зохиол солигдсоноор Мандхай нь нас барж Өнөболд нь амьд үлддэг. Өнөболд ван дүрийн хувьд байнга гараад байхгүй ч тодорхой цаг хугацаанд гарч ирдэг бас л өвөрмөц дүр.
Киноны хувьд ч тухайн цаг үеийн тодорхой түүхэн үйл явдлыг хүмүүсийн оюун ухаанд хүлээгдэж байсан нөхцлийг гаргаж өгсөн сайхан кино гэж боддог. Миний хувьд энэ кинонд тоглосныгоо азтай гэж боддог.
Э.Орхон