Хошин урлагийн гурван жүжигчин бүсгүй гол дүрийг нь бүтээсэн "Single ladies" романтик, инээдмийн уран сайхны кино удахгүй нээлтээ хийх гэж байна.
Уг кинонд "Шинэ үе" продакшны жүжигчин Г.Ундармаа, "X түц" продакшны жүжигчин А.Туяа, "Мөрөөдлийн театр"-ын залуу жүжигчин О.Дөлгөөн нар тогложээ.
Тус киноны хөгжилтэй, өхөөрдөм, дур булаам бүсгүйн дүрийг бүтээсэн О.Дөлгөөнтэй ярилцлаа. Тэрээр ярилцлагын үеэр нүүрэндээ ямарч будаггүй, элдэв чимэг зүүлтгүй өөрийнхөөрөө байгаа нь дур булаам харагдаж байсан юм.
-Мөрөөдлийн театрын гүнж гэгдэх болсон О.Дөлгөөн хэзээнээс урлагт хөл тавьсан бэ?
-Юуны өмнө танай сониныг уншиж байгаа хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Миний ойр тойрон, төрөлд урлагийн хүн байгаагүй. Би хүн өөрийнхөө сонголтонд үнэн ч байх хэрэгтэй гэж боддог.
Арван жилээ дүүргээд л сурагчид ирээдүйн амьдалынхаа талаар, ямар мэргэжил эзэмших вэ гэж бодож эхэлдэг шүү дээ. Миний хувьд ганцхан л хүсэл мөрөөдөлтэй байсан. Тэр нь ердөө л жүжигчин болох байлаа.
Жүжигчин болохын тулд юу бэлдэх, юуг анхаарах ёстойгоо ч мэдэхгүй СУИС-д шалгалт өгөөд тэнцэж байсан. Хүсэл мөрөөдөл их л хүчтэй байсан юм болов уу даа. Энэ мэргэжлийг сонгоход манай гэр бүл, найз нөхөд бүгд л дэмжиж байсан.
Одоо ч намайг үргэлж шүүмжилж бас дэмжиж байдаг. Би 2008 онд Соёл урлагийн их сургуульд найруулагч Н.Ганхуяг багшийн ангид элсэн орсон. Ингээд 2012 онд сургуулиа төгсөөд урлагийн их ертөнцөд хөл тавьсан даа. Ерөнхийдөө жүжигчний мэргэжлийг эзэмшээд нэг жил гаруй болж байна.
-Мөрөөдлийн театртай хэзээнээс холбогдсон бэ?
-Хүн бүхэнд тохиолдоод байдаггүй боломж, аз завшаан оюутан байхад минь тохиолдсон гэж боддог. Тэр нь хамгийн отгон театр гэгдэх Мөрөөдлийн театрт жүжигчнээр орсон явдал юм. Энэ боломжоо алдалгүй сайн уран бүтээл хийхийг хичээж явна даа. Жил бүр жүжигчний мэргэжлээр олон авьяаслаг оюутан төгсдөг.
Тэр дундаас сонгогдон өөрийн эзэмшсэн мэргэжлээр Мөрөөдлийн театрт ажиллаж байгаадаа баярладаг. Би "Амьдралд тавтай морил" Монголын олон ангит уран сайхны кинонд Золоогийн дүрийг бүтээж байсан. Энэ кинонд СТА Г.Эрхэмбаяр ахтай хамт тоглосон. Тэр үед Г.Эрхэмбаяр ах УДЭТ-д жүжигчнээр ажиллаж байсан юм.
Уг киноны сүүлийн зураг авалтын үеэр Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр ах нар УДЭТ-аас өрх тусгаарлаж, Мөрөөдлийн театр байгуулна гэж байсан. Тэр үед би намайг авчихаасай гэж бодож байсан шүү. Энэ хүсэл маань ч биелэлээ олж мөрөөдлийн театрын жүжгийн шалгаруулалтанд тэнцсэн. Ингээд л тус театрдаа жүжигчнээр орсон доо. Мөрөөдлийн театр энэ оны арваннэгдүгээр сард хоёр жилийнхээ ойг тэмдэглэх гэж байгаа.
-Удахгүй нээлтээ хийх "Single ladies" кинонд ямар дүрд тоглосон бэ?
-Энэ кинонд үе үеийн гурван бүсгүйн хайр сэтгэлийн талаар өгүүлсэн байдаг. Эмэгтэйчүүдийн амьдралыг хөнгөхөн инээдмийн байдлаар дүрсэлсэн романтик, инээдмийн кино юм. Нэг сар гаруй хугацаанд зураг авалт үргэлжилсэн. Найруулагчаар нь А.Миеэгомбо, туслах найруулагчаар Т.Билгүүн ажилласан.
Тус кинонд 20, 30, 40-н насны гурван эмэгтэйн дүр байгаа. Би 20-н насны эмэгтэйн дүрийг гаргасан. Энэ дүр сэргэлэн цовоо, нүүрэмгий, өөртөө итгэлтэй охины дүрийг илтгэсэн байдаг. Үзэгчид уйдахааргүй хөгжилтэй кино болж чадсан гэдэгт кинонд оролцогч бүх уран бүтээлчид итгэлтэй байгаа.
-Та бодит амьдрал дээр хэр хөгжилтэй хүн бэ?
-Хүмүүс юу гэж боддог юм бол бүү мэд. Миний найзууд л энэ асуултанд сайн хариулах байх даа. Ер нь би өөрийгөө амьдрал дээр их л даруухан гэж боддог. Надад оноогдож байгаа дүр ихэнхдээ сэргэлэн цовоо дүрүүд байдаг нь их сонин. Магадгүй би эгдүүтэй харагддаг юм байлгүй (инээв). Сахилгагүй хүүхэд шиг дүрүүдэд тоглосоор байгаад дасчихвал яана даа.
-Анхны тоглосон дүрүүд жүжигчдэд хэцүү байдаг. Харин таны хувьд ямар байдаг вэ? Анхны гэсэн тайз, дэлгэцийн дүрүүдээ дурдвал?
-Би дүрүүддээ хайртай. Яагаад гэвэл миний хөлс, хүч бүгдэд нь шингэсэн миний л уран бүтээлүүд шүү дээ. Хамгийн анхны тоглож байсан дүр гэвэл долдугаар ангидаа юм уу даа. Монголын ард түмэн аймшгийн кино гэдгээр нь сайн мэдэх "Хана" кинонд тоглосон юм байна. Хамгийн хайртай дүр гэвэл "Амьдралд тавтай морил" олон ангит киноны Золоогийн дүр юм.
Энэ дүрээрээ олонд танигдсан. Миний анхны тайзны уран бүтээл бол мөрөөдлийн театрын "Миний нууц хүү" жүжиг тухайн үедээ нэлээд айж, сандарч байсан шүү. Учир нь тус жүжигт тоглохдоо би оюутан байсан. Анх удаа том тайзан дээр гараад мэргэжлийн жүжигчидтэй хамт тоглоно гэдэг амаргүй даваа байлаа. Маш олон үзэгчид намайг хараад сууж байхад нэг л сонин мэдрэмж төрж ичих шиг болсон. Хүмүүс сайхан зүйл үзэхийг л хүсч ирсэн болохоор хэдий сандарсан ч хичээсэн дээ.
Ядаж байхад микрофон байхгүй тайзан дээр гараад юу болоод байгаагаа мэдэхгүй салганасаар байгаад эхний нээлтийн тоглолтыг дуусгаж байлаа. Тоглолтын дараа урмын үг их ирж байсан ч шүүмжлэх хүмүүс олон гарсан. Энэ шүүмжүүд нь бүгдээрээ миний төлөө байсан болохоор цаашдын дүрүүдэд минь сургамж болсон шүү.
-Дүр бүтээх, дүрд тоглох хоёр өөр гэнэ. Таны хувьд бүтээсэн дүр гэж бий юу?
-Тэгэлгүй яахав. Дүр бүтээх, дүрд тоглох гэдэг бол хоорондоо өөр зүйл. Дүр бүтээх асар их хөдөлмөр өөрөөсөө өөр хүнийг амьдруулна гэдэг хэцүү. Одоогоор надад бүтээсэн дүр гэж байхгүй.
Яагаад гэвэл дүр бүтээнэ гэдэг бол жүжигчин хүний туйлын зорилго юм. Би дүр бүтээхийн төлөө хичээж л явна даа. Тиймээс бүтээсэн дүр гэж ярих цаг нь арай болоогүй байна. Би чинь жаахан охин шүү дээ.
-Олон залуус таныг найз залуутай болов уу гэж сонирхож байгаа байх. Нууц биш бол энэ талаар сонирхуулахгүй юу?
-Юуг нь нуух вэ дээ. Хүмүүс хүний хувийн амьдралыг их сонирхох юм аа. Би найз залуутай. Зарим нэг хэвлэлд намайг найз залуугийнхаа мөнгөнд болсон гэж бичсэн байна лээ. Мөнгө харсан дурлал хэврэг шүү дээ. Би юугаар дутлаа гэж хүний мөнгө харах юм.
Би хэн нэгний бэл бэнчин, эд хөрөнгөнд нь татагдаагүй. Хүн бүхэн л сайхан дурладаг, хайрладаг би ч мөн тэдний адил энгийн дурлалтай. Хайртай залуугийнхаа мөнгийг хараагүй гэдгээ хэлмээр санагдлаа. Бид хоёр хувь заяаныхаа төөргөөр л хоёр биедээ ирсэн. Жирийн л сайхан үерхлээр нөхөрлөж л явна даа.
-Мөрөөдлийн театр хамтлагтай цаашдаа үргэлж хамт уу. Эсвэл өөр бодсон юм байна уу?
-Аан нэг продакшн байгуулна даа (инээв). Энэ наргиан байлаа. Мэдээж мөрөөдлийн театр хэмээх хүсэл мөрөөдлийн зүгт тэмүүлж яваа завин дээр хамт суусан л юм чинь цаашдаа ч хамт байх болно. Мөрөөдлийн театраас гараагаа эхэлсэн болохоор бариандаа ч гэсэн хамт орно. Манай хамт олон их эв найрамдалтай яг л цусан төрлийн хамаатан хүмүүс шиг байдаг.
-Та их сайхан инээмсэглэх юм. Хамтлаг дотроо өөхөрдөм, энхрий, дур булаам гээд л гуншин ихтэй биз?
-Баярлалаа. Та намайг арай их магтаад байна уу даа. Хамтлагийн ах нар маань намайг нүүрэн дээр тэгж их магтаад байдаггүй юм. Заримдаа хүмүүсээс хааяа сонсоход намайг магтаж ярьсан байдаг. Үүнийг нь сонсчихоод л ах нар маань намайг үнэлдэг л юм байна даа гэж дотроо баярладаг. Түүнээс хажууд бол магтахгүй ажлаа л ярьдаг хүмүүс.
Хэрвээ намайг магтах юм бол би гэдэг хүн хамраа сөхвөл яана (инээв). Хошин урлаг бол тэр чигээрээ л хүнд сайхан энерги, баяр баясал бэлэглэдэг. Би хошин урлагийн хүн болоод ч тэр үү үргэлж инээх дуртай. Хүний амьдрал үргэлж шулуун байна гэж байхгүй. Яг одоогийн байдлаар би өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун байна.
Сэтгэл хангалуун бус байсан ч гэсэн хүн инээх л хэрэгтэй. Би гунигтай байхдаа ч гэсэн инээж л байдаг. Зурган дээр ч хүртэл инээж авахуулдаг. Яагаад гэвэл өнгөрсөн амьдралаа дурсахыг хүсэж хүмүүс зургаа авхуулдаг гэж боддог. Эргээд дурсахад инээмсэглэсэн аз жаргалтай мөч дурсагдаж байвал гоё шүү дээ. Миний инээмсэглэлийн цаана ямарваа нэгэн нуугдсан далд зүйл байдаггүй. Хэрвээ байна гэж үзвэл тэр нь аз жаргал юм даа.
-Ярианыхаа төгсгөлд хэн нэгэнд хандаж хэлэх үг байвал?
-Удахгүй нээлтээ хийх гэж байгаа "Single ladies" киног маань үзэгч та бүхэн хүрэлцэн ирж үзээрэй гэж хүсмээр байна. Г.Ундармаа эгчийн продюссерлосон анхны уран бүтээл их хөдөлмөр шингэсэн байгаа.
Хамт ажиллаж байгаа бидний хувьд Г.Ундармаа эгчийн сэтгэл гаргаж байгаа нь их мэдрэгдэж байсан. Тиймээс маш их баярлалаа. Мөн намайг таньдаг бүх хүмүүстээ бүгдэд нь хайртай гэдгээ хэлье дээ.
Г.Мягмарсүх