-Та өмнө нь Японд хэдэн удаа тайлан тоглолтоо хийж байсан бэ? Энэ сард болох тайлан тоглолт тань урьдынхаасаа ямар онцлогтой вэ?
-Японы Осака хотод 2004 онд “Тал нутгийн салхи” 2005 онд “Шингэн лимбийн эгшиг” 2006 онд “Багшаа дурсахуй” 2009 он, 2010 онд Хятадын Ханжоү хотод бие даасан уран бүтээлийн тайлан тоглолтуудаа хийж байсан. Энэ удаа болох тайлангаа морин хуурч СТА Р. Амарбаяртай хамтарч хийнэ. Монголын болон Хятадын хөгжмийн зохиолчдын бүтээл болон сонгодог зохиол тоглоно. Ардын Жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Лимбэ төгөлдөр хуурын концерт”, хөгжмийн залуу зохиолч Х.Алтангэрэлийн “Лимбэ симфони найрал хөгжмийн концерт” зэрэг олон төрлийн лимбэ болон багцалсан лимбэнд зориулж бичигдсэн зохиолууд тоглоно.
-Монгол лимбэчид маань гурван төрлийн лимбээр үлээдэг байсныг арван дөрвөн төрөл болгон олшруулсан гэж сонссон.
-Тиймээ. Сургалтын болон тоглолтын ур чадварыг сайжруулах мөн урын санг баяжуулах зорилготойгоор гурван төрөл байсан лимбэ хөгжмийг арван дөрвөн төрөл болгож баяжуулсан тухай хоёр дэвтэр номоо 2010 онд “Лимбэдэх урлаг” нэртэйгээр гаргасан. Үүнийг мэргэжлийн сургуулиудад зааж байгаа багш нар бас өөрсдөө хэрэглэж, сургалтандаа нэвтрүүлэхэд нь тодорхой хэмжээний нөлөө үзүүлсэн гэж бодож байна.
-Япон дахь Монгол Ардын Урлагийн Холбооныхоо үйл ажиллагааг сонирхуулна уу?
-2006 онд Элчин сайдын яамны дэмжлэгтэй анх байгуулагдсан. Өөрийн орны үндэсний хөгжим, язгуур урлагийн гайхамшгийг япончуудад мэргэжлийн төвшинд таниулан сурталчлахын зэрэгцээ хоёр орны мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг холбох зорилготой. Монгол урлагаа сурталчлах зорилгоор японд ажиллаж амьдарч буй хөгжимчидтэйгээ болон монголоос хөгжимчид багш нарыг урьж хамтран тоглолтууд хийж байна. Мөн үндэсний хөгжим сонирхогчдод зөвлөгөө өгөх, заах зэрэг үйл ажиллагаа явуулдаг.
-Японд зөвхөн төрийн бус байгууллага ажиллуулаад дан урлагаараа явна гэхэд амьдралд хүрэлцдэг үү ?
-Өртөг өндөр оронд хэцүү зүйл гарнаа. Холбоо гэдэг маань угаасаа бизнесийн байгууллага биш шүү дээ. Энд тийм ойлголт байхгүй. Урлаг гэдэг бол өөрөө ганган хээнцэр, тансаг, үзэгчдэд баяр хөөр сайн сайхныг бэлэглэж байдаг. Энэ сайхан мэргэжлээсээ өөр ажил хийнэ гэхэд урлагийн хүнд хэцүү байх боловуу. Жинхэнэ урлагийн хүн бол хатуу дэглэмтэй, хариуцлагатай мөн өрсөлдөөнтэй нийгэмд л мэргэжлээрээ ажиллаж чадаж байх ёстой гэж боддог. Урлаг бол үзэгчдэд эх орноо таниулах том боломжийг надад өгдөг. Тэр хүмүүс гэртээ хариад Монгол улс хаана байдаг ямар орон байдгийг гэр бүлийнхэн, найз нөхөддөө ярина. Энэ л надад юугаар ч сольшгүй эрдэнэ юунаас ч илүү орлого. Японд төрийн бус байгууллага ажиллуулж байгаа зорилгын маань нэг юм. Ямар ч гэсэн Оросын талын ар Монгол уу, Хятадын талын өвөр Монгол уу гэж андуурч асуудаг хүмүүс багассан нь анзаарагддаг.
Миний хувьд бол олон улсын газрын зураг дээр “Дэлгэсэн тэрлэг шиг” тэмдэглэгдсэн байдаг. Хэнд ч олдохгүй эх орон, ард түмнийг гадны олон орны хүмүүс хүндэлдэг байгаасай гэж хүсч бас залбирч явдаг.
-Япончууд Монгол ардын урлагийг хир хүлээж авдаг вэ? Сурч эзэмшихдээ хир үү?
-Япончууд сайн хүлээж авдаг. Хөөмий, морин хуур, уртын дуу, үндэсний хөгжим гээд л. Японы үндэсний хөгжимд лимбэ бас бий. Материал болон хийц өөр боловч өнгө, тембр төстэй. Монгол лимбээр уртын дууны аялгууг үл тасалдуулан хэдэн минут үргэлжлүүлэн үлээхийг тэд бишрэн сонсдог. Түрүү жил энэ үлээх арга нь Юнескогийн бодит бус соёлын өвд бүртгэгдсэн. Тоглолтыг маань сонсоод тал нутгийн Монгол орныг зорьсон хүмүүс цөөнгүй бий. Япончууд ямар нэг зүйлийг заавал сурна гэж зоривол нилээд тууштай, хугацаа зарцуулж мэрийдэг. Сонирхуулж ярихад зургаан жилийн өмнөөс лимбэ сурч эхэлсэн 72 настай хүн бий. Тэр хүн удахгүй болох шавь нарын маань тайлан тоглолтонд мэргэжлийн сургуулийн сургалтанд заадаг Ц.Сүхбаатарын “Цагаан дэглэйн цуурай” зохиолыг үлээхээр бэлдэж байна.
-Гэр бүлийн тань хүн бас хөгжимчин. Яаж танилцаж суусан бэ? Та японоор ярьдаг байсан уу эсвэл хөгжмөөр ойлголцсон уу?
-Манай гэр бүлийн хүн Осакагийн хөгжмийн дээд сургуулийг цохивор хөгжим, маримбагаар төгссөн. Ахлах сургуульд байхдаа азийн орны үндэсний хөгжмийг сонирхон, Бээжингийн хөгжмийн дээд сургуулийн ёочингоор мэргэшиж төгссөн. Одоо Улаанбаатар хотын Хөгжим Бүжгийн коллежийн багш СТА Чилхаасүрэнгээр монгол ёочин хөгжмөөр тоглох арга барилыг заалгаж байна. Бид хоёрыг урлаг маань холбож өгсөн. Шанхайн Хөгжмийн дээд сургуульд сурч байхдаа анх танилцсан л даа. Эхэндээ хоёулаа хятадаар ярьж, ойлголцдог байсан.
– Хоёр өөр орны хүн нэг гэрт байхад бэрхшээл гардаг уу?
-Хэлний болон уламжлал, соёлын ялгааны бэрхшээл бараг байгаагүй ээ. Гэхдээ хааяа тохиолдоно л доо. Дүн өвөл эхнэр маань амаржаад, манайхан сайн дулаалж, гам хий гээд байдаг даа. Гэтэл манай хүн ер тоохгүй байсанд нь гайхаж байж билээ. Энэ нь орчин нөхцлийн ялгаа юм бол уу даа. 1989 оноос Хөгжим Бүжгийн Сургуульд сурч байхаасаа эхлээд байнга Японд ирдэг байсан болохоор дасахад хэцүү байсангүй. Мэдээж гэр бүлд янз янзын шийдэх зүйл гарна. Бид хоёр зөвлөлдөөд л шийдчихдэг.
–Урьд нь тоглолтоор ирж байсан юм уу?
-Японы Фүкүокад болсон Ази номхон далайн бүс орны хүүхдийн чуулга уулзалтанд анх Монгол улсаа төлөөлж ирж байсан. Тэр үед бид хөгжмөөрөө оролцохоос гадна дуу, бүжгээр оролцож байсан. Камертон хамтлагийн дуучин Төрийн соёрхолт Д.Болд, Б.Эрдэнэбат зэрэг 11 хүүхдийн бүрэлдэхүүнтэй явж байлаа.
-Япон хүмүүстэй үл ойлголцох зүйл гардаг байх даа?
-Ажил хийж байгаа үед санал зөрөлдөх нь байдаг л зүйл. Аль аль нь ажил амжилтын төлөө болохоор харилцан зөвшилцөж хийдэг. Ардын урлаг учраас дураараа тоглож, дураараа хандаж болно гэж ойлгох хүмүүс хааяа байдаг. Тэдгээр хүмүүс тоглолтын дараа уучлалт гуйх үе ч байдаг.
-Япончууд Монголын юуг их сонирхдог вэ? Мэдээж өөрсдөд нь үндэсний хөгжим бий. Хөгжмийг хир сонирхдог хүмүүс вэ?
-Японд юм болгон байгаа ч ганц зүйл л алга. Хүн өөрт байхгүй зүйлээ сонирхож бас хайж суралцдаг. Тэр нь өргөн уудам нутаг, хээр тал. Бас тэнд төрсөн гайхамшигт дуу хөгжим. Японы жирийн сургуульд хөгжмийн суурь мэдлэгийг маш сайн эзэмшүүлдэг. Захын хүмүүс л нот мэдэх жишээтэй.
Ажлын ачаалал ихтэй байдаг хүмүүс талын дуу хөгжим сонсож тал нутгийн оронд очих нь юунаас ч илүү жаргалтай байж таарна.
-Монголчуудаа урилгаар авчирч, хамтарсан тоглолт зохиох үед бэрхшээл байдаг уу?
-Японд ихэвчлэн тоглолтын заалыг нэг жилийн өмнөөс захиалж, ажлаа төлөвлөж, сурталчилгаагаа хийж эхэлдэг. Ер нь урлаг ч биш бусад ажил ч адилхан. Тэгэхээр манайхтай аливаа ажлыг хийх бэлтгэл хугацаа асар зөрдөг. Үүнээс болоод хоёр талд үл ойлголцох байдал үүсэх гээд байдаг. Мэдээж бэршээлийн дараа амжилт гарна. Хамтарч тоглоход харилцан зөвлөлдөөд тоглолт маань сайхан болдог. Бие биенээсээ сайн энерги авна шүү.
-Европд манай ардын урлагийн хамтлагууд их тоглодог байсан. Зарим хамтлаг нутагтаа буцаж ирцгээж байна. Та Монголдоо ирж амьдрах уу?
-Бүх хамтлаг уран бүтээлчид өөрийн гэсэн зорилготой байдаг. Гадаад улсад өөрийн орны урлаг соёлыг сурталчилна гэдэг бахархууштай ч бэрхшээлтэй зүйл. Тэр бэрхшээлийг амсангаа урлагаараа дамжуулж Монголынхоо нэрийг гаргана. Тэгээд Монголдоо ирээд бас шинэ зорилготой ажиллана гэдэг жинхэнэ уран бүтээлчид. Монгол хүн бол нутгаа зорино шүү дээ. Миний хувьд ч адилхан өөрийн гэсэн зорилгодоо хүрч, хийж байж санаа амрана. Насны залууд газар үз гэж Монголчууд ярьдгаар юуны өмнө илүү олон зүйлийг хийж, мэдэж, боловсрох хэрэгтэй байна. .
-Таны мөрөөдөл гэвэл…
-Миний маш том хүсэл нэг удаа биелсэн. Энэ бол эрхэм дээд багш нарын минь захиас биелсэн явдал байсан. Намайг Хөгжим Бүжгийн коллежид сурч байхад багш СТА Д.Энхтайван, МУГЖ М.Бадам нар маань Хятад лимбийг тус оронд нэг сар ч хамаагүй очиж заалгах хэрэгтэй. Суралцах зүйл их бий гэж зөвлөж байлаа. Энэ ерөөл биелэлээ олж 2000-2004 онд БНХАУ-ын Шанхай хотын хөгжмийн дээд сургуульд суралцах болсон явдал юм.
Сургуульд явахаас өмнө Хятад зохиол тоглож л байсан. Тэгээд Хятад донжтой тоглоод, болоод байна гэсэн маань том эндүүрэл байсныгаа хоолыг нь идээд орчинд нь ороод мэдэрсэн. Зурхай дээр миний төрсөн ордын хүмүүс мөрөөдөх дургүй гээд бичсэн байна лээ. Зурхай заримдаа таараад байдаг юм. Дараагийн хүсэл маань биелэх болтугай гээд хүслээ маная.
Ярилцсан Х. Эрдэнэцэцэг