Үргэлж олны анхаарлын төвд байж, үзэсгэлэнт төрх, өвөрмөц стилээрээ гайхшруулж явдаг дуучин Ану буюу Уранхолбоогийн илэн далангүй сонирхолтой ярилцлагаас та бүхэндээ хүргэж байна.
-Ану хэдийнээс, яагаад цагаан хоолтон болох болов. Энэ талаар яриагаа эхэлье?
-Цагаан хоол оюун санааны хувьд хүнийг өөрчилж амар тайван болгож, жингээ барих, залуу сайхан насаа хадгалах гээд маш олон ач холбогдолтой. Тийм учраас би цагаан хоолыг сонирхож хэрэглэсэн. Монгол орон эрс тэс уур амьсгалтай учраас анхандаа ядрах, сульдах тохиолдлууд ажиглагддаг байсан. Гэхдээ хүн аливаа зүйлийг хүсээд, түүнийхээ төлөө байж чадах юм бол өөрчлөлт гардаг. Оюунлаг ийм сайхан орчинд орж ирээд гэгээлэг хүмүүстэй юм ярилцаад хоолоо идэх миний хувьд амралт болж байна. Хүн багатай, орж ирж байгаа хүн болгон их сайхан харилцаатай, нүүрэндээ инээмсэглэл цацруулж байдаг учраас энд гэрээс минь ялгаагүй байдаг л даа.
100 хувь цагаан хоолтон болж чадсан уу. Өдөр болгон цагаан хоол идэж байна уу, эсвэл долоо хоногт тодорхой хэдэн өдөр үү?
-Долоо хоногийн дөрвөн өдөр нь цагаан хоол идээд, гурван өдөр нь мах идэж байгаа. Гэхдээ махыг маш бага хэмжээгээр хэрэглэнэ, энэ нь миний бие организм эрүүл мэндийн байдалтай холбоотой. Цус багатай учраас ачаалал ихтэй ажиллаж байх үед өвлийн улиралд ийм системээр хооллохгүй бол бие өвдөөд ажлынхаа эрч хүчийг алдчих гээд байдаг. Зуны цагт бол мах идэхгүйгээр амьдрах боломж бидний өмнө нээлттэй байдаг.
-Нэг хэсэг уран бүтээлийн хувьд бага зэрэг завсарлагатай байлаа. Хаагуур юу хийв дээ?
-Өөрийнхөө эрүүл мэндэд цаг гаргасан л даа. Хажуугаар нь “Хөөрхөн дэлхий” сургалтын төвийг тоглоомын төвөөс нь тусгаарлаж нээсэн. Энэ төвийнхөө ажилд нэлээн анхаарал хандууллаа. Сүүлийн тав, зургаан жилийн турш би эрүүл мэнддээ цаг гаргаагүй, уран бүтээлээ л хийгээд өдөр шөнөгүй ажилтай байсан учраас бөөр бага зэрэг өвдсөн. Эмэгтэй хүн яаж харагдах, гоо сайхнаа хадгалахад хамгийн чухал эрхтэн бөөр байдаг. Тийм болохоор би бөөрөндөө нэлээн том эмчилгээ хийлгээд одоо гайгүй болж байгаа. Хүн ер нь эрүүл байж л ажлаа хийж чадна гэдгийг би өөрийн биеэр мэдэрсэн.
-Оны өмнө өөрөө Европын орнуудаар яваад ирсэн гэсэн. Аяллаар явсан уу. Урлагийн хүний хувьд Европын урлаг соёлыг судлав уу?
-12 сард “Christmas”- ийн үеэр Европоор яваад ирсэн. Энэ баярыг Европт хамгийн өргөн сайхан тэмдэглэдэг болохоор сонирхож Берлин, Парис хотоор орсон. Мэдээж урлагийн хүн учраас соёл урлагийн бүх газруудаар энтертайнмент чиглэлээр үзэж харах зүйлтэй газруудаар явж сонирхолтой зураг авалтууд хийсэн. Би урлагийн хүний хувьд хөгжмийн бүх төрлийн жанрыг сонсох шаардлагатай бас дуртай байдаг. Гэтэл би урьд нь ерөөсөө сонсож байгаагүй хөгжмийг Берлин хотод гадаа гудамжинд явж байхад сонссон. Миний сэтгэлийг тэр хөгжим үнэхээр их татсан. Тэр нь “Native Indian music” гээд индиан овог аймгийн лимбэ, даралтат чулуун хөгжим үнэхээр гайхалтай сонсогдож байсан. Сонсоход дахиад шинээр өөрийг мэдрэх шиг шинэ мэдрэмж төрсөн. Урлаг гэдэг зүйл ямар нарийн юм бэ, хүний сэтгэлийг яаж хөндөж чаддаг юм бэ. Индиан хөгжим надад их таалагдсан, индиан овог аймгийнхантай ярилцаад тэднээс цомог авсан, одоо бясалгал хийх үедээ, гэртээ байх үедээ, өөртэйгээ ярилцах үедээ сонсдог. Бусад хөгжмөөс их ялгаатай.
-“Гала”-гийн Ану өнөөдрийн Ану хоёр хэр их ялгаатай вэ. Өөрчлөгдсөн үү. Өөрийг чинь их намба суусан гэж яригдах болж, гадаад үзэмжинд ч гэсэн бага зэрэг өөрчлөлт орсон юм шиг?
-Цаг хугацаа гэдэг хамгийн том өөрчлөлтийг хүнд авчирдаг. Миний хувьд хамгийн том өөрчлөлт оюун санаанд маань гарсан. Энэ нь бясалгал хийгээд цагаан хоол идсэнтэй давхар холбоотой. Дээрээс нь миний амьдрал өдөр тутам л өөрийгөө хөгжүүлж, шинэ зүйл сурч мэдэхэд зориулагддаг болж.
Би хэт их ганган байхыг хойш тавиад өөрийнхөө тав тухыг эрхэмлэдэг болжээ. Бусдыг хайрладаг болж, бусдыг уучилдаг болж. Энэ болгондоо би их олзуурхууштай байгаа. Би сүүлийн хоёр жил Карма буюу үйлийн үрийн тухай сонирхож уншиж байгаа. Үйлийн үр гэж байдаг, хүн өөртөө үйлийн үрийг дуудахгүй л байх хэрэгтэй. Аль болох гэгээлэг зүйлийг дуудаж, оюун санаагаараа ч гэсэн гэм нүглийг үйлдэхгүй байх хэрэгтэй. Тэр ч үүднээсээ эрүүл зөв хооллолтыг сонгосон.
-Таныг нэлээдгүй гоо сайхны мэс засал хийлгэсэн гэж яригддаг. Хамгийн сүүлд нүүрэндээ алтан утас тавиулсан гэсэн. Ямар үнэтэй хийлгэсэн бэ?
-Хоёр жилийн өмнө бол “эмэгтэй хүн сайхан байх нь зөв ш дээ, эмэгтэй хүн яагаад гоо сайхны мэс засал хийлгэж болохгүй гэж” гэж хэлэх байсан. Харин өнөөдрийн хувьд хүн өөрөө өөрөөрөө байх нь хамгийн сайхан шүү гэж хэлнэ. Миний хувьд хамраа өндөрсгөх мэс засал хийлгэсэн. Энэ бол нээх сүртэй юм биш, хиймэл зүйл суулгаагүй өөрийнхөөр маань өндөрлөсөн. Гэхдээ энэ нь надад хангалттай. Миний биед том өөрчлөлт гарч 56-гаас 46 кг болж турсан болохоор хүмүүс мэс засал хийлгэсэн юмуу гэж ярьдаг л даа. Нуулгүй хэлэхэд өнөөдрийн байдлаар нүүрэндээ огт мэс хүргээгүй бүсгүйчүүд эрс цөөрсөн байна. Эмэгтэйчүүдийн дийлэнх нь сэтгэл дундуур байдлаа засварлахыг хүсдэг болчихож. Аливаа нэгэн амжилтын өөдөө өгсөхөд эмэгтэй хүнд эр зориг, хүч хөдөлмөрөөс гадна гоо үзэсгэлэн хэрэгтэй. Өдөр тутмын интернет сайт болгон дээр гадаадын бүхий л оддын мэс ажилбарыг хүртэл магтан дуулдаг атлаа цөөхөн хэдэн монголчууд бид яагаад ингээд байдаг юм бэ. Мэс заслыг хүсээд байх зүйл бол биш, ямар ч эрсдэл гаргаж болно. Дэлхий дээр алдартай модель загвар өмсөгч мэс заслын ширээн дээр амьдралынхаа сүүлийн өдрийг үдсэн тохиолдол ч байдаг. Тэрнээс би их цочирдсон. Хүний өөрт олгогдсон бие цогцос ганцхан хувь байдаг. Хүн өөрийнхөө байгаа ганцхан мэнгийг өөрчилснөөрөө өөрийгөө бурхнаас ирэх хувь тавилангаас хүртэл цуцлагдаж, төөрчихдөг гэдэг. Би өөрийнхөө нүүрэн дээрх энэ мэнгийг авахуулчихья гэж бодож байсан ч Уранхолбоо гэдэг хүн дээр ирэх ёстой байсан сайн сайхан хувь тавилан явчихвал яана аа гэж эмээгээд мэнгээ ч хүртэл авахаа больсон. Өнөөдрийн энэ нийгэмд сайхан харагдах боломж гоо сайхны мэс засалгүйгээр байх боломжтой гэдгийг хэлмээр байна. Өөрөө өөрөөрөө байх хамгийн сайхан, чи бол ганцхан хувь гэдгийг би тодоос тод ойлгосон учраас одоо бол тэр талаар бодохыг ч хүсэхгүй байгаа. Би нүүрэндээ алтан утас тавиулсан нь үнэн. 7500 $ ханштай хийлгэсэн. Энэ нь нүүрийг обьемоор нь жижигрүүлээд, нүүрэнд байгаа бүх хаван, өөх, илүүдлийг нь гаргаад нүүрийг жижигхэн харагдуулдаг. Дээрээс нь арьс хэзээ ч унжихгүй. Солонгост алтан утас тавиулсан, удаан ажиллаж байгаад ирсэн, уламжлалт анагаах ухааны доктор эмчээр хийлгэсэн. “Mongolian red club” гээд миний рекламанд нь тоглож байсан газрын гайхалтай мундаг солонгос эмч хийж өгсөн. Би их сэтгэл хангалуун байгаа, ойрын хэдэн жилдээ миний арьсан дээр хөгшрөлт үрчлээ харагдахгүй гэдэгт баяртай байгаа. Алтан утсыг 18 настай хүүхэд ч хийж болдог, 16-тай хүүхэд хүртэл хийлгэсэн байна лээ. Зүрхэндээ ч тавьж болдог , уур бухимдалгүй болдог. Би зүрхэндээ бас тавиулсан. Мөн хүзүүндээ тавиулсан, хөших зүйл байхаа больсон. Эдгээр нь эрүүл байлгах гэж л хийлгэж байгаа. Сүүлийн үеийн судалгаагаар харахад гоо сайхны нэлээн дээгүүрт ордог орнуудад хийж байгаа хамгийн сүүлийн үеийн технологиор өвтгөх, айх мэдрэмж төрдөггүй. Нүүрээрээ дүүрэн алтан утас хийнэ гэж байхгүй, нэг газраа хоёр гурав байхад л болоо. Миний хувьд бол залуу хүн учраас одоо л хамгаалах хэрэгтэй. Дэлхийн таталцлын хуулийн дагуу хүний арьс доошоогоо байнга унжиж байдаг. Тэгэхээр тэрнээсээ урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Би 23-тайдаа хийлгэлээ. Гэтэл эмч бараг “Чи хоцрох гэж байна, урлагийн хүмүүс эрт хийлгэдэг, хятад солонгосын дуучид бол 18-тайдаа л хийлгэдэг” гэж хэлсэн. Манайхан мэс заслыг буруугаар ойлгоод байдаг. Олон нийтийн өмнө байгаа хүн тодорхой хэмжээний өөрчлөлтүүдийг өөр дээрээ гаргах нь буруу зүйл биш ээ.
-Гэр бүл үр хүүхдийн талаар юу гэж боддог вэ?
-Эмэгтэй хүн зөв сайхан нэр хүндтэйгээр гэр бүл болох хэрэгтэй. Хүүхэдтэй болно гэдэг эмэгтэй хүний хувьд асар том шалгуур. Мундаг том хариуцлагыг үүрч гарах хэрэгтэй болдог. Ээж болох тэр агшинд эмэгтэй хүний зүрх сэтгэл хэзээ ч авч чадаагүй хамгийн их аз жаргал баяр баясгаланг мэдэрдэг гэсэн, түүнийг мэдрэхийг хүсч байгаа.
-Банкны Чука гэгддэг эрхэмтэй байнга холбох юм аа?
-Ер нь хүнийг гутаан доромжлохоосоо өмнө хэн нэгний хайртай охин, сүйт бүсгүй гэдгийг мартаж болохгүй л юмсан. УИХ-ын гишүүн Чулуунбат гуайтай ямар нэгэн холбоогүй гэдгээ олон удаа би албан ёсоор мэдэгдсэн. Тэр хүн миний ааваас ч настай хүн. Өөрөөсөө ахимаг насны залуус сонирхохгүй. Ану яг өөрөө өөрийнхөөрөө амьдралаа тодорхойлж яваа учраас надаас өө хайгаад байдаг, хэзээ ч өө олдохгүй шүү. Ану гуньж болно, гутарч болно хэзээ ч эр хүнтэй битгий холбоорой, энэ тал дээр хэзээ ч өө олохгүй гэдгийг дахин дахин хэлмээр байна. Чулуунбат гуайн хувьд миний бараг өвөө шахуу хүн. Манай өвөө ч гэсэн залуухан сайхан хүн байдаг. Тэр хүнийг би настай хөгшин гэж байгаа юм биш, тэр хүн мэдээж ханилж суусан ханьтай, гэхдээ намайг тийм мундаг бөгөөд ахмад хүнтэй холбож ташаа мэдээлэл хүмүүст битгий төрүүлээсэй гэдгийг дахин дахин хэлмээр байна.
-Ануг нэг их цомог гаргаагүй байж хөрөнгө мөнгөний хувьд “дажгүй” яваад байдаг гэдэг. Ер нь мөнгө олох арга чинь юу вэ?
-Би өөрийгөө олон тоглолт хийгээгүй, олон цомог борлуулаагүй гэж бодохгүй байна. Миний үеийн дуучидтай харьцуулах юм бол хамгийн олон цомог гаргаж хамгийн олон тоглолт хийсэн, хамгийн олон гадны орнуудаар аялсан, аялан тоглолт хийсэн дуучин гэдгээрээ бахархалтай байдаг. Би гурвын гурван том тоглолтыг хийсэн. “Хөөрхөн дэлхий” цомог 15 мянга хувь зарагдсан. Монголын рок попын тогоон дотор харж байхад хамгийн олон борлуулалттай цомгоор шалгарч байна. Үүний хажуугаар миний “Хөөрхөн дэлхий” төвд нийт дөрвөн мянга гаруй хүүхэд сургасан. Мөн хүмүүнлэгийн ажил хийж байна. Тэр ч үүднээсээ би өнгөрсөн 2010 оны 7 сард Монголын шилдэг 50 манлайлагч эмэгтэйн нэгээр шалгарсан. Би хамгийн залуухан нь байсан л даа. Гэхдээ намайг чи хамгийн залуухан ч гэсэн хамгийн их амжилтыг олоорой гэж өгсөн. Мөнгө бол чухал биш ээ, сэтгэл хөдөлмөрөө зориулаад ажиллаж байхад аяндаа дагаад ороод ирдэг юм байна лээ. Тийм учраас би мөнгийг тахин шүтдэг амьдралыг буруу гэж боддог. Би хэр их хөдөрлөхөөсөө гадна миний нэг насны буян заяа, эцэг эхийн маань амны хишиг намайг даллан дууддагын хүч ч бас байгаа юм шүү. Сайхан амьдраад байгаа шалтгаан маань ганцхан мөнгө биш шүү хатуухан хэлэхэд…
-Гала хамтлаг тарж тухайн үедээ нэлээд хэл ам болж байсан. Одоо Болороотой холбоотой байдаг уу?
-Асуудалгүй амьдрал, найз нөхдийн харилцаа, ажил гэж ер нь байдаггүй. Гала хамтлагийн Ану , Болороо хоёр хамгийн сайн найзууд байсан. Бид хоёр хийсэн ажлын хариуд гэж их хэмжээний мөнгө гэж “Эрхэт Монгол”-оос аваагүй ч тэдний хийсэн ажлаар бид олон нийтэд танигдсан. Энэ бол бид хоёрын хувьд хамгийн том үнэлэх үнэлэмж. Болороотойгоо холбоотой байгаа. Сайхан амьдралтай болсон. Ажил амьдрал, өөрийнхөө боловсролд цаг гаргаж байгаад нь би баяртай байна. Тэр хүн өөрийгөө урлагаас явах цаг хугацаа нь болсон, хангалттай гэж үзээд өөрийнхөө сонголтыг хийснийг нь би хүндэлсэн. Миний хувьд урлагаас хэзээ ч хөндийрч чадахгүй гэдгээ мэдрээд уран бүтээлтэйгээ одоо хүртэл хамт байгаа. “Гала” хамтлаг тараад асуудлууд их байгаа ч намайг илүү их хурцалж урлагийн маань ертөнцөд эргүүлж авчирсан байх.
-Сүүлийн үед өөрийг чинь стиль имижээрээ Lady gaga-г дууриах болсон гэж яригдаад байгаа?
-Ер нь уран бүтээл бол өдөр тутмын амьдралаас тэс өөр зүйл ш дээ. Тэр бол тэсрэлт байх ёстой. Өнөөдөр намайг амьдрал дээрээ намбалаг даруухан эмэгтэй болжээ гээд л олон хүмүүс хэлж байна. Яахав нас ахиж байна, амьдралд үзэж харсан зүйлээр ч намба сууж байна. Уран бүтээлийн хувьд хэзээ ч даруухан байхыг хүсэхгүй байна. Бүрдүүлсэн имиж маань цэвэр манай баг хамт олны, уран бүтээлчдийн санаа байсан. Би өөрөө “ингэнэ тэгнэ” гэхээсээ илүү мэргэжлийн хүмүүсээс илүү заавар зөвлөгөө авах нь зөв. Дэлхийн супер стар бол Lady gaga л байна ш дээ. Хүмүүс “Ану Lady gaga-г дууриалаа” гэж хэлж л байна лээ, тэр нь чухал биш. Мэргэжлийн хүмүүст түүний имидж нь таалагдаад над дээр туршъя гэж бодсон байх. Магадгүй бага зэрэг скандал үүсгэхийн тулд ч байж болно ш дээ. Гэхдээ ер нь шүүмжлэлгүй зүйл гэж Монголд байдаг юм уу. Би зөв шүүмжлэлийг хүлээж авна. Би доллар биш ш дээ. Зөв шүүмжилж болно, гэхдээ намайг доллар юм шиг битгий хараасай, зөв шүүмжлэл өгдөг байгаасай гэж хэлмээр байна.
-“Алтан түлхүүр” тоглолт хүүхдүүдэд зориулсан хэрнээ олны өмнө бараг нүцгэн шахуу гарлаа гэж их шүүмжилж байсан. Тэр үд эцэг эхчүүдээс санал гомдол ирж байсан уу?
-Орчин үеийн эмэгтэйлэг байдлаар хувцасласан. Яагаад гэхэр БСШУЯ-наас ЕБДС-ийн таваас дээш ангийнхан дунд онц сурдаг, лидер, алтан түлхүүр өргөмжлөлийг авсан хүүхдүүдэд зориулж тэр тоглолтыг хийсэн. Тэр үүднээсээ оюун санааны хувьд, үзэж харах зүйлийн хувьд нэлээн өндөр түвшинд хүрсэн хүүхдүүдэд зориулсан учраас орчин үеийн тоглолтыг бүтэн утгаар нь тавьж байсан. Ер нь би “Хөөрхөн дэлхий” ТББ байгуулагдсанаас хойш хүүхдэд зориулсан дууны клипэнд хөхөө гаргаад ч юмуу, шалдан нүцгэн гараагүй. “Хүүхдэд зориулж дуулаад, аавд нь зориулж хувцасладаг” гэж намайг ярьж байсан. Яагаад хүмүүс өөрсдөө юмыг тэгж дандаа буруу талаас нь ойлгож, буруу талаас нь тайлбарладаг юм бэ, тэртээ тэргүй хүүхэд гэр бүлээсээ хүмүүжил авдаг. Үнэхээр их тэгж хүүхэддээ санаа тавиад байгаа бол хүүхдийнхээ өмнө гэр бүлийн хэрүүл хэзээ ч бүү гаргаж бай, өөр хоорондоо найрсаг бай, өөрсдөө хүүхдүүдийнхээ хүмүүжилд нөлөөл гэж хэлмээр байна. Би дан ганц хүүхдийн хүмүүжилд нөлөөлөөд байгаа юм биш шүү. Харин ч би оюунлаг зүйл хийхийн тулд их хичээж байгаа. Монголын өнөөдрийн нийгэмд ганцаараа хүүхдийн төлөө ажиллаад байгаа юм уу гэж харагддаг. Хүүхдийн төлөө байгууллагууд цөөхөн юм шиг санагддаг, харин ч би ганцаардаж байна. Хийдэг байгуулагуудтай нь хамтраад өөрийнхөө үйл ажиллагааг түгээгээд эхэлчихсэн байгаа. Монголд байдаг нэлээн газруудаар бид явж үзсэн, хүмүүнлэгийн ажилд оролцож байна. Монголын хүүхдийн төлөө ирээдүйн төлөө амьдарч байгаа хүнийгээ урамшуулахгүй байж битгий мохоогоорой гэж хэлмээр байна. Гэхдээ миний хувьд хэзээ ч мохохгүй л дээ.
-“Хүүхдийн эротик дуучин” гэх тодотголыг та ер нь ямар хүлээж авдаг вэ?
-Барбиг л эротик гэхгүй юм бол яагаад хүүхэддээ эцэг эхчүүд нь барби авч өгөөд байдаг юм бэ. Би яг л барби шиг л байсан. Тэрнээс хэтрээгүй. Тэгээд байгаа юм бол тэр барбигаа битгий авч өг. “Хүүхдийн эротик дуучин” гэж хэлснээрээ өөрсдөө харин хүүхдийнхээ сонсох дуртай дуучныг хүүхдүүдийнхээ өмнө эвгүй байдалд оруулж байгаа. Гэхдээ үүнийг би бодлогын чанартай зүйл гэж боддог. “Ану хүүхдийн юм хийгээд баяжаад байна, лаг байгаад байна” гэж ярьж байгаа нь цаанаа миний ажил үйлсэд сөргөөр нөлөөлөх санаа гэдгийг би олж мэдсэн. Хүн болгон миний талаар ийм бодолтой байдаггүй. Би маш олон газруудаар явж байна, бүгд л намайг хайрлаж байна, миний уран бүтээлийг сонсож байна. “Ану эгчийгээ сонсдог, даган дууриадаг” гэж охидууд хэлдэг. Би тийм зүйлийг мэдчихээд зүгээр нэг хэсэг хүмүүсийн гаргасан ярианаас няцна гэж байхгүй.
-Сайтуудаар бас зарим нэгэн сэтгүүл дээр өөрийн чинь нүцгэн зураг гарах болсон. Хүүхдийн дуу дуулж байсан дуучин маань яагаад ийм шийдвэр гаргах болов?
-Ер нь бол би хүүхдийн дуу дуулахаа болилоо гэдгээ зарласан. Залуучуудад зориулсан уран бүтээл хийж эхэлсэн болохоор надад ирж байгаа саналуудад би нээлттэй байгаа. Тэртээ тэргүй би шүүмжлүүлээд сурчихсан, хийх зүйлдээ нээлттэй хандахгүй бол “хүүхдийн дуучин” гээд баригдчихаад байвал утгагүй. Тэгэхээр зоригтой алхам хийх хэрэгтэй. Ер нь бид урт хугацааны гэрээтэй ажилладаг, хэвлэлийн бодлогоор дэмжих, тал хувьд нь ч юмуу тодорхой хэмжээний санхүүжилт авдаг.