1920-иод онд Рагтайм хөгжим Свинг болон хувирч, Чарлестон, Шимми, Блэк Боттом зэрэг шинэ бүжгүүд дэлгэрлээ.
Чарлестон нь Кэйп Вердийн арлууд дээрээс гаралтай гэж яригддаг. Түүнийг Чарлестоны онгоцны зогсоолын негр ачигчид түргэн эргэлддэг бүжиг болгон өөрчилсөн байна. Анх Жорж Вайт 1922 онд нэгэн шог гараан дээр бүжиглэжээ. 1923 онд АНУ-аар тойрон аялсан Зигфельд Фоллисийн “Гүйж яваа зэрлэг хүн” тайзны үзүүлбэр дээр бүжиглэгдсэний дараа цагаан арьстнуудын дунд дэлгэрэв. Европт 1920-иод онд Жозефин Бэйкер Парис хотноо бүжиглэсэн байна. Чарлестон минутанд 200-240 цохилттой, зэрлэгдүү савсан гар, хажуу тийш өшиглөсөн хөлийн хөдөлгөөнтэй бүжиг байлаа. Хожим дэлхий даяр дэлгэрсэн боловч зэрлэгдүү шинжийнх нь улмаас бүжгийн танхимуудад нэг бол түүнийг хориглож нэг бол товчоор “PCQ” (чарлестонгоо аядуу хийнэ үү) гэсэн бичиг тавих болжээ.
