Монголын уран зургийн галерейд Монголын урчуудын эвлэлийн гишүүн, Монголын арьсан урлагийн “Хүрэл буга” нийгэмлэгийн уран бүтээлч Б.Нармандахын “Оршихуйн мөр” анхны бие даасан үзэсгэлэнг нээлээ.
Тус үзэсгэлэн аравдугаар сарын 23-ныг дуустал үргэлжилнэ.
Кураторын бичвэр: Оршихуйн Мөр
Олон жилийн турш үргэлжилсэн эрэл хайгуул, бүтээлч үйл явц нь уран бүтээлчийн амьдрал, уран бүтээлийн замналд оршихуйн ул мөрийг үлдээсээр байна.
Цэрдийн галавын үеийн ул мөр, чулуужсан олдвороос өнөөгийн хүний оршихуй хүртэлх цаг хугацааны асар урт үргэлжлэл бүтээлүүдэд цаг хугацааны давхарга, дурсамж, үлдэц хэмээх ойлголтоор огтлолцож, үзэсгэлэнгийн үндсэн концепцын цөмийг бүрдүүлж байна. Ийнхүү байгаль, соёлын ой санамжийг орчин үеийн уран сайхны хэллэгээр дахин тайлбарлах замаар хүн, байгаль, цаг хугацааны харилцан хамаарлыг хөнджээ.
Энд Монголын уламжлалт арьсан урлагийн арга барил орчин үеийн дүрслэх урлагийн концептуал хандлагатай огтлолцож буй нь онцлог юм. Говийн хөрс шороо, нар салхи, чулуулаг тогтцын өнгө, хээ шинжийг арьсны төрөлх материаллаг чанар, өнгө, гадаргуу болон товойлгон боловсруулах техникээр дамжуулан дахин бүтээсэн нь бүтээлийн өвөрмөц материаллаг хэллэгийг бүрдүүлжээ. Олон мянган жилийн турш байгальд хадгалагдсан хатуу биет, чулуужсан олдворыг уян зөөлөн арьсан дээр товойлгон дүрслэх нь материалын трансформаци-ийн сонирхолтой уран сайхны шийдлийг бий болгож байна. Хатуу ба зөөлөн, өнгөрсөн ба одоо, үлдэц ба шинэ бүтээл гэсэн эсрэгцлүүд ийнхүү нэгэн бүтээлийн орон зайд нэгдэж, цаг хугацааны тасралтгүй үргэлжлэлийг илэрхийлнэ.
Эртний байгалийн ул мөр, Монголын уламжлалт арьсан урлагийн өв, орчин үеийн уран бүтээлийн сэтгэлгээ ийнхүү нэгэн бүтээлд давхарлан оршиж, цаг хугацааны давхарга буюу соёлын палимпсест-ийг үүсгэж байна.
Түүнчлэн үзэсгэлэнгийн нэгэн онцлог хэсэг нь Монголын Уран зургийн галерейгаас хэрэгжүүлж буй “Мэдрэхүйн төсөөлөл” төслийн хүрээнд түүх, соёлын хосгүй үнэт бүтээлүүдийг хүрэлцэхүйн хүртэхүйд тулгуурлан дахин тайлбарласан явдал юм. Уран бүтээлч Б.Нармандах галерейн сан хөмрөгт хадгалагдаж буй зургаан бүтээлийг арьсан урлагийн тусгай техник, материалын онцлогт тулгуурлан хагас товгор рельеф бүхий, хүрэлцэхүйгээр мэдрэх боломжтой хэлбэрээр дахин бүтээжээ. Энэхүү бүтээлүүд нь харааны бэрхшээлтэй иргэдийн соёл, урлагийн оролцоог нэмэгдүүлж, дүрслэх урлагийн бүтээлийг мэдрэх, ойлгох, танин мэдэх боломжийг өргөжүүлж байна. Эдгээр бүтээл үзэсгэлэнд мөн дэлгэгдэх бөгөөд дүрслэх урлагийн бүтээлийг харааны хүртэхүйгээс гадна хүрэлцэхүйн хүртэхүйгээр мэдрэх боломжийг нээж, үзэгчийг дүрслэгдсэн биетийн цаана хадгалагдах цаг хугацаа, дурсамж, оршихуйн утгыг эргэцүүлэхэд хөтөлнө. Ийнхүү өөр өөр цаг үе, материал, мэдрэхүйн туршлагыг холбосон уран сайхны орон зай бүрэлдэж байна.
Куратор Цэгмидийн Солонго, Ph.D.


