Солонгосын алдарт жүжигчин Бэй Юн Жун буюу монголчуудын нэрлэдгээр Чаньву саяхан өнгөрөгч 8 дугаар сарын 29-нд 41 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн. Солонгос төдийгүй Япон, Тайвань, Сингапур зэрэг Азийн орнуудад нэрд гарч, охид хүүхнүүдийн шүтээн болсон жүжигчин залуу 41 насаа ганцаараа угтаж байгаа нь гайхалтай. Тэрээр огт гэрлэж байгаагүй. Харин “Өвлийн хайрын дуу” кинонд хамт тоглосон Чой Жи Ву буюу манайхны нэрлэдгээр Сүхи, мөн “тогооч” Жангүмтэй болзож байсан гэдэг. Мөн Солонгосын хэд хэдэн кино жүжигчин сайхан бүсгүйтэй нэр холбогдож байсан ч өнөөдрийг хүртэл гоонь эр хэвээрээ.
Түүний амьдардаг хаус Солонгосын нийслэл Сөүл хотод, Хан мөрний ойролцоо байдаг. Түүний амьдардаг байшинг 5-6 сая доллароор үнэлдэг, дээр нь Бэй Юн Жун амьдарч байсан гэсэн “лого”, гадуур хашааг нь оролцуулбал 10-20 сая доллар элбэг хүрнэ гэж солонгосчууд тооцоолдог. Бэй Юу Жуны амьдардаг хашааг хар даа. Түүний хаусыг тойроод 5-6 метр өндөр хэрмэн хашаа байдаг. Тиймээс зарим нь энэ хашааг нь Бэй Юн Жуны “цагаан хэрэм” ч гэж нэрлэдэг. Харин энэ хашаанд нь цөөнгүй солонгос хүмүүс дургүй, үүнийг нь үзэн ядаж ил илэрхийлдэг хүн ч бий.
Ганцаараа амьдардаг түүнийг япончууд байн байн урьж, үе үе Япон руу тоглолтоор явдаг. Японд хэдэн зуун мянган фенүүд нь амьдардаг. Бэй Юн Жунг хайгаад л, япон фенүүд нь бөөнөөрөө онгоцоор ирдэг, шүтэн бишрэгчид нь ихэвчлэн бүсгүйчүүд байдаг. Тиймээс Япон, Солонгос фенүүдээсээ нуугдаж, байнга байраа сольж, ийш тийшээ нүүдэллэн амьдардаг байсан нь манай нүүдэлчин монголчуудаас огт өөрцгүй. Гэрийнх нь гадаа байнга охид хүүхнүүд орилолдон зогсож байдаг болохоор арга ч үгүй биз. Ийм маягаар 16 жил амьдарчээ. Харин эр хүн ийм нүүдэлчин маягаар яаж удаан амьдрах вэ, хоёр жилийн өмнө Хан мөрний хөвөөнд хаус худалдаж авчээ. Байнга солонгост ирж, өөрийг нь хайдаг япон фенүүдээсээ зугтаж, хашаагаа өндөрлөөд цагаан хэрмэнд амьдрах болсон гэнэ. Хашаагаа өндөрлөөд цагаан хэрэм шиг болгочихсон Бэй Юн Жуны “бэхлэлт”-ийг харсан солонгосчууд ухаан алдаж унахаа шахаж байна. “Энэ жүжигчдийн маяг хэрээс хэтэрлээ. Фенүүдээсээ нуугдлаа, нуугдлаа гэхэд ийм хэрмэн хашаан дотор амьдраад байхдаа яахав” гэж шуугилдаж байна.
Саяхан тэрээр нэг ярилцлагандаа “Хэн ч гэр бүлтэй, үр хүүхэдтэй болохыг хүсэлгүй яахав. Гэхдээ хүнтэй сууна гэдэг амаргүй даваа юм байна” гэж арга тасарсан байртай өгүүлжээ. Ази хүүхнүүдийн тал нь “элдэж, хөөж, эргүүлж” байдаг, орон байрных нь үүдээр хүүхнүүд байнга хөлхөлдөж байдаг эр ингэж ярьсан нь сонин. Зарим галзуу хүүхнүүд “Бэй Юн Жун хэтэрхий өндөр шаардлага тавьдаг биз” хэмээн шүүмжилж сууна. Хэд хэдэн сайхан жүжигчин бүсгүйтэй нэр холбогдсон ч хэнийг нь ч сонгоогүй болохоор ингэж хэлэх нь зөв биз.
Бэй Юн Жу хүүхдэд их хайртай гэнэ. Нэрт жүжигчин Бэй Юн Жуны кино урлагт хөл тавьсан түүх нь сонин. Бэй Юн Жуны аав нь их хэмжээний өрөнд орж, хамаг байдгаа алдаад баларч явжээ. Нэг удаа өрөө нэхэж ирсэн нэгэн бизнесмэн өрөнд баригдсан эрийн ер бусын царайлаг хүүг хараад “Энэ хүүг нь кинонд тоглуулж, мөнгөө олж авъя” гэж бодож, Бэй Юн Жунг хөтөлж аваачаад кино студид шалгуулжээ. Кино найруулагчид хүүгийн царайлаг төрх содон санагдаж, кинондоо тоглуулжээ. Царай зүс, бие галбирт онцгой ач холбогдол өгдөг солонгосчууд царайлаг хүүг шууд анзаарч, Бэй Юн Жун шууд олны анхааралд орж, мөнгө ч хангалттай олж, аавынхаа өрийг төлөөд зогсоогүй, гэр бүлийнхээ амьдралыг өөрчилсөн. Царайлаг, 1 метр 81 см өндөр Бэй Юн Жунд хүүхнүүд “зүрхээ чулуудах”-аас буцдаггүй, тэр өнөөдрийг хүртэл хэнийг нь ч сонгож хамтдаа амьдралгүй хана хэрмэн хашаан доторх хаустаа цор ганцаараа амьдарсаар…
Эх сурвалж: Tovchoo.mn