Тэрбээр тус чуулгын тайзнаа толилуулсан “Нарны домог”, “Мэргэнд буусан чоно”, “Нүүдэл” тэргүүтэй олон бүжгэн жүжигт тоглосноос гадна саяхан нээлтээ хийсэн “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” уран сайхны кинонд гол дүр бүтээсэн авьяаслаг уран бүтээлч юм.
Залуу насныхаа эрч хүчээр “гоёж” яваа түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Шинэ уран бүтээлийн тань талаар яриагаа эхэлье. “Эрх цагаан унага” дуулалт жүжигт тоглож байгаа. Цуутын цагаагч гүүний дүрийг хэрхэн бүтээж байна вэ?
-“Өнөөдөр” сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. ҮДБЭЧ-ын, хүүхдэд зориулсан хоёр дахь бүтээл “Эрх цагаан унага” дуулалт жүжиг хоёр хоногийн дараа нээлтээ хийнэ. Цуутын цагаагч гүүний дүрээр эх хүний үрээ хайрлах сэтгэл ямар агуу байдгийг харуулж, хүүхдүүдэд ээжийгээ хэрхэн хайрлаж, хүндлэх ёстойг сургамжлах зорилготой. Манай уран бүтээлчид дүрийнхээ судалгааг хийхдээ гүүн зэлэн дээр очсон.
Тэнд байсан цагаан гүү, унага хоёрын хоорондын харилцаа, үйл хөдлөл, зан араншинг ажигласан. Мөн өөрөө ээж хүн болохоор энэ дүрд тоглоход дөхөмтэй байгаа. Охин минь долоон настай.
-Эх хүний дүрд олон удаа тоглосон уу?
-“Нарны домог” бүжгэн жүжигт Алунгоо эхийн дүрд тоглосон. Одоо цуутын цагаагч гүүний дүрд тоглож байна. Мөн манай чуулгын ирэх арваннэгдүгээр сард толилуулах шинэ уран бүтээл “Монгол хатад” бүжгэн жүжигт Сорхогтани хатны дүрийг бүтээхээр бэлтгэж байгаа.
Сайхан монгол эмэгтэйн дүр бүтээх гоё. Монгол эмэгтэйчүүдийг би уян зөөлөн байгаасай гэж хүсдэг. Манай ээж зөөлөн хүн байсан болохоор тэр ч юм уу, надад хатуу ширүүн араншинтай эмэгтэйчүүд таалагддаггүй. Би ээжийгээ жилийн өмнө алдсан. Цуутын цагаагч гүүний дүрд тоглоход ээжийгээ санаад, сэтгэл эмтрээд хэцүү юм. Амьдралд аав, ээж ганцхан л заяадаг учир тэднийгээ амьд байхад нь “алган дээрээ бөмбөрүүлэх” л хэрэгтэй.
-Өөрийн тань бүтээхийг хүсдэг дүр юу вэ?
-Ер нь би бага зэрэг шуналтай л даа (инээв). Тиймээс олон янзын дүр бүтээхийг хүсдэг. Бүжигчид өндөр, намаасаа шалтгаалж, өөр өөр дүрд тохирдог. Чуулгынхаа эмэгтэй бүжигчид дундаа би өндөрт нь ордог болохоор намхан хүмүүс тоглоход тохирох дүрд ч тогломоор санагддаг.
-“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” уран сайхны киноны Яргуй бүсгүйн дүрийг бүтээсэн. Кино урлагт хүч үзэх бодолтой байна уу?
-Бүжиглэх нь залуу насны мэргэжил. Бид чинь 20 жил ажиллаад л тэтгэвэрт гарна шүү дээ. Ялангуяа эмэгтэй бүжигчдийн хувьд энэ хугацаа дүрэлзээд унтрах гал л гэсэн үг. Тиймээс залуу насандаа бүжигчин хүний хийх, сурах ёстой бүх зүйлийг л амжуулмаар байна. Зөвхөн бүжиг гэлтгүй өөрийн хийж чадах бүхий л зүйлд хүчээ сорих хэрэгтэй гэж боддог. Энэ кинонд тоглох саналыг гавьяат жүжигчин У.Уранчимэг эгч надад хэлсэн.
Яргуйгийн дүрд тохирох хүн олдохгүй, нэлээд хайсан гэсэн. Гэтэл “Sweetymotion” хамтлагийн тоглолтод бүжиглэж байхад Урнаа эгч намайг хараад, тохирч магадгүй гэж бодсон юм билээ. Урлагийн өөр салбарт өөрийгөө сорих боломж гарсан учраас үзээд алдъя гэж бодоод шалгаруулалтад орж, тэнцсэн. Яргуйгийн дүр бол Бямбаагаас шал өөр. Мөн бүжиглэхээ больсны дараа юу хийх ёстойгоо залуу насандаа сайн бодож, өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Би МУИС-ийн Урлаг судлаач, багшийн ангийг төгссөн. Энэ мэргэжлээрээ давхар ажиллана гэж бодож байгаа.
-Өөрийг тань УДЭТ-ын тайзнаа толилуулах гэж байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийн дүрийн шалгаруулалтад тэнцэж байсан гэж сонссон юм байна.
-УДЭТ, ҮДБЭЧ хоёр нэг байранд байдаг болохоор уран бүтээлчид нь бие биенээ сайн таньдаг. Нэг өдөр Н.Наранбаатар найруулагч надтай таараад, “Жульеттагийн дүрийн шалгаруулалт болох гэж байгаа. Чи нэг шалгуулаад үз” гэсэн. Жүжигчин А.Алтантөртэй хамт бэлтгэл хийж, шалгаруулалтад ороод жүжигчин А.Ганчимэг бид хоёр Жульеттагийн дүрд тэнцсэн. Харамсалтай нь санхүүгийн бэрхшээлээс болоод тэр жүжгийг тайзнаа тоглоогүй.
-Бүжигчний мэргэжил таны багын мөрөөдөл үү?
-Тийм ээ. Би хоёр, гуравхан настай байхдаа зурагтаар цамын бүжиг үзчихээд дахиж үзмээр байна гээд уйлдаг байсан гэсэн. Жаахан хүүхдүүд цамын багнаас айдаг байхад би дахиж үзнэ гэдэг байж. Тийм багаасаа л бүжгийн урлагт дурласан. Зургадугаар ангид байхдаа аав, ээждээ хэлэлгүй Хөгжим бүжгийн коллежид шалгалт өгөөд орж байсан.
Сонгодог бүжгийн ангид орох гэтэл дөрөвдүгээр анги төгссөн хүүхдүүд авдаг болохоор миний нас хэтэрсэн байсан. Тэгээд л ардын бүжгийн ангид орсон. Сургуулиа төгсөөд найзуудтайгаа хамт “Pink” гэдэг хамтлаг байгуулаад дуулж, бүжиглэж хэсэг явлаа. ҮДБЭЧ-ын бүжигчин болоод арав шахам жил болжээ.
Мэргэжил маань хэдийгээр надаас их хүч хөдөлмөр шаарддаг ч бүжигчин болсноороо үнэхээр бахархдаг. Нойр, хоолоо мартаж, ядарч туйлдталаа бэлтгэл хийсэн ч тайзан дээр гараад, үзэгчдийн алга ташилтыг сонсоход л ядарснаа мартдаг. Амаръя гэхээр амралт зохихгүй. Гэртээ хоёр, гурав хоног зүгээр суучихаар бие хөшиж, хөдөлмөөр санагдаад, тайван сууж чаддаггүй юм.
-Та хэр шартай вэ?
-Уран бүтээлч хүмүүст тодорхой хэмжээний хор шар байх хэрэгтэй. Харин тэр нь зөв хандлагатай байх ёстой. Хор шар байхгүй бол уран бүтээлч хөгжихгүй. Гэхдээ манай чуулгын эмэгтэй бүжигчид хоорондоо эвтэй байдаг. Манай чуулга 40 гаруй бүжигчинтэй. Тэдний 27 нь эмэгтэй. Манайхан өөрөөсөө нэг насаар эгч хүнийг ч та гэж хүндэлдэг. Бусдыг хүндлэх зан чанарыг бид Хөгжим бүжгийн коллежоос сурсан.
-Үйлэнд хэр уран бэ?
-Оёвол оёчихно оо. Даанч зүү утас нийлүүлж суух зав гарахгүй юм. Гэхдээ өвлийнхөө ороолт, малгайг нэхээд өмсчихдөг шүү.
-Таны бахархал юу вэ?
-Үндэснийхээ хамгийн том чуулгад чадварлаг олон уран бүтээлчтэй хамт ажиллаж байгаагаараа бахархдаг. Хүмүүсийн өмнө ил гардаггүй болохоос энэ улаан байшинд мундаг уран бүтээлч олон бий. Он цаг өнгөрөх тусам энэ л байшиндаа улам дасаж, хэзээ ч салахгүйгээр шигдчихмээр санагдах юм. Манайхан үндэснийхээ урлагийг илүү сонирхох хэрэгтэй.
Уртын дуу, морин хуур, бий бийлгээ зэрэг үндэсний урлагаа мэддэг, ойлгодог байж, гадаадынхныг шүтэх хэрэгтэй юм шиг санагддаг.
П.Тунгалаг