Ихэнхдээ даруу, дуу цөөтэй байдаг түүнтэй анх удаа удаан ярилцаж үзсэн минь энэ. Үерхэл, нөхөрлөлдөө бас стильдээ, рок хөгжимдөө хамгийн гол нь “Харанга”-даа үнэнч түүнийг цагтаа Улаанбаатар хотын сайхан залуучуудын нэг байсан гэдэг. Бидний ярилцах мөчид тэрээр урт үсээ задгайлан тавиад өөрийн рок хэв маягаараа тун ч дэгжин хувцасласан байв. Ярилцах явцад нүд минь өөрийн мэдэлгүй түүний хуруун дахь бөгжнүүд рүү харчихаад байв. Гоёмсог, жаахан рок хэллэгээр бол “солиотой гоё” харагдаж байсан болохоор тэр. Түүнтэй ярилцах таатай байв. “Харанга” хамтлагийн ахлагч, ая зохиогч, гитарчин, Ц.Энхманлайтай ярилцлаа.
-Та өнөөдөр, ихэнхдээ сүлжсэн байдаг урт үсээ задгай тавиад бас Жон Ленноных шиг бөөрөнхий шил зүүсэн байна. Гарын эрхий хуруунаас бусад хуруун дахь бөгжнүүд, савхин хүрэм… жинхэнэ рок стиль, сонгодог хувцаслалтуудын нэгэн төрөл гэдэг байх аа. -/Инээв/ Хүний сонирхол янз бүр. Нэг хэсэгтээ хүний анхаарлаас гарах шаардлага ч байдаг. Нэг хэсэгтээ яг өөрийнхөөрөө байх хэрэг гарна. 25 жил болох гэж байхад миний имиж анх ямар байсан боддог. Түүнийгээ илэрхийлээд л өнөөдөр ингээд хувцаслачихлаа. Үсний засалт, хувцаслалт харин ч их даруухан байгаа шүү дээ.
-Бөөрөнхий хэлбэртэй нүдний шил рок хөгжимд Жон Ленноноос “гаралтай” гэдэг. Танай хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн ч мөн бөөрөнхий хэлбэртэй нүдний шилээр гангардаг. Энэ шил ямар нэгэн утга санааг илэрхийлээд байна уу, эсвэл энэ зөвхөн Ленноны сонголт байна уу? -Бөөрөнхий шил 2000-3000 жилийн өмнө ч байсан. Урлагийнхан дотор имиж болгон зүүсэн хүн нь харин Леннон байдаг.Дээр үед бөөрөнхий шилийг эрдэмтэд ихэвчлэн зүүчихсэн байгаа харагддаг. Ер нь өөрт юу таалагдаж байна түүнийгээ л хүн өмсч зүүх хэрэгтэй. Гэхдээ хүн дууриах биш. H &M эсвэл LV өмсөөд зохихгүй бол мянган LV байгаад ч хэрэггүй шүү дээ. Түүний хажууд харин надад сайхан даалимбан шарваар илүү зохиж болно. Тиймээс хүн өөр өөрийн төрх байдалдаа зохицуулж, хувцаслалтаараа мөн юуг илэрхийлэхийг хүсч байна, түүндээ зохицуулж л хувцаслах ёстой байдаг байх.
-Та хувцаслалт, стиль, имиждээ хэр анхаардаг вэ? -Нэг их анхаарах нь ч хаашаа юм бэ. Гэхдээ сурсан юмыг сураар боож болдоггүй гэдэг шиг хаана ч явсан миний нүдэнд тусдаг зүйлс гэвэл хар савхин хүрэм, савхин өмдн өөс эхлээд өнөөдөр өмссөн хувцаснууд юм. Магадгүй би өнөөдөр харагдаж байгаагаасаа ч өөр болж болох юм. Хувцаслалт бол хувь хүний өөрийн сонголт. Юу хүсч байна, яамаар байна түүнийгээ дагаж л хувцас өмсөх сайхан.
-Та бол Монголын “том” хамтлагийн ахлагч хүн шүү дээ. Хамтлагийн гишүүдээ загнаж, зэмлэх тохиолдол байдаг уу? -Намайг их зөөлөн хүн гэдэг юм. Гэвч хэлэх үедээ хатуухан хэлчихдэг. Хааяахан ганц л хэлдэг. Олон удаа хэлдэггүй. Хэлэхдээ бас нуршдагг үй. Хэлсэн үгийг минь харин “Харанга”-ынхан “юу билээ нээрэн…” гэсэн байртай хүлээж авдаг. Ганц ахлагч ч биш бидний хэн нь ч хатуухан үгийг хэлэхэд бусад нь түүнийг хүлээж авч чаддаг хүмүүс байдаг. Миний алдааг хэлэхэд би хүлээж авна. Чукагийн алдааг хэлэхэд Чука хүлээж аван түүнийгээ засна. Ингэж хамтлаг гэдэг үгний утга нь ч мөн үүнд оршино.
-”Харанга” хамтлагийг тайзан дээр гарч ирэхэд үзэгчид сэтгэл догдлон хүлээн авдаг. Үүнтэй адил танд гарахаас сэтгэл тань догдолдог тайз гэж байв уу? -Тэр бол 1989 онд тоглогдож байсан “Харанга” хамтлагийн “Амьдрал” нэртэй тоглолтын тайз байсан. Ер нь уран бүтээлч хүн хэзээд тайзыг хүсч мөрөөдөж явдаг. Тайзруу гарах гэж яарч байдаг. Шинэ дуу хиймэгцээ түүнийгээ хүмүүст хурдан хүргэх юмсан гэж мөн яарч байдаг. Энэ утгаараа уран бүтээлч хүний зүрх сэтгэл байнга л яарч, догдолж байдаг.
-Хүсэн хүлээсэн тайзан дээрээ гарах сайхан байдаг байх, тийм үү. -Уран бүтээлч бүрийн хүсэл мөрөөдөл дунд янз бүрийн тайз байдаг байх. Харин надад хүсэн хүлээдэг тайз гэж байдагг үй. Хүний сэтгэлд ая, дуугаа хүргэж чадаж байвал хамгийн том тайз тэр шүү дээ.
-”Харанга” хамтлагийн “Үгүйлэн санана”,”Манан” зэрэг дуунуудыг дуулахад үзэгчид их дуртай байдаг. Харин таны хувьд “Харанга”- ын ямар дууг дуулахад сэтгэл тань илүү ихээр хөдөлдөг вэ? -Бүх дуугаа дуулахдаа л догдолдог. Хөгжимчин, дуучин ялгаагүй уран бүтээлч хүн өөрийнхөө дотоод сэтгэлийг хүмүүст хүргэх ёстой байдаг. Энэ утгаараа би дуулж байгаа дуундаа өөрөө хөглөгдөж, түүндээ уярч өөрийн дотоод сэтгэлээ гар, хөл, хоолойндоо оруулж байж миний уран бүтээл хүмүүст хүрдэг.
-”Толин хул” дууг танай хамтлагийн продюсер, гитарчин Ц.Чулуунбат хэлэхдээ “манай хамтлагийн хийморийг дууддаг дуу юм” гэж хэлж байсан. Энэ дууг хүмүүс, та бүгдээр дуулуулах дуртай байдгийн учир нь юундаа байдаг юм бол. Та юу гэж бодож байна вэ? -Монгол хүн бүрийн бахархал бол наадам байдаг. Тэр дундаа морь, бөх, сур. Энэ гурван аугаа том соёлын нэг болох морины тухай дуунд Чука маань ая хийхдээ морины эрч хүчийг, монгол хүний сэтгэл хөдлөлийн хэмжээтэй хослуулж зохиож чадсанаараа гайхалтай уран бүтээл болсон. Энэ дууг зохиосных нь төлөө Чукагаа хайрлаж, хүндэлж биширдэг юм.
-Та миний нэг асуултад худлаа хариулчих шиг л боллоо. Ямар тайзан дээр гарахаар догдолдог вэ гэж асуусан. Гэтэл та хамтлагийнхаа гишүүн Ц.Чулуунбатын тоглолтын тайзан дээр яг л “Guns n roses” хамтлагийн “November rain” дууны клип дээр гардаг шиг үсээ сэгсчүүлж байгаад л гитарын гайхалтай тоглолтыг түүнтэй хамтран үзүүлсэн нь үзэгчдийн хувьд урьд хожид цөөхөн тохиох үйл явдал болсон шүү дээ. -Яахав таны асуултад би дутуу хариулсан байж болох юм. Тайзан дээр бидний хөгжм өө тоглож байгаа сэтгэл зүрхийг үзэгчид нь ойлгож хүлээн авч байгаа тэр тайз бол хамгийн эрхэм тайз. Түүнээс биш ямар ч том тайзан дээр дууллаа гээд түүнийг хэн ч ойлгож хүлээж авахгүй бол дуулаад ч нэмэргүй шүү дээ. Аравхан хүнтэй танхимд дуулсан ч тэр арван хүн үнэхээр гайхалтай хүлээж авч байвал тэр хамгийн том тайз. Би ингэж л боддог.
– Тайзан дээр үсээ сэгсч үүлээд гитараа тоглож байгаа тань албаар тэгж харагдах гэсэн үйлдэл биш байх тийм үү? -Тайзан дээр гарч байгаа эмоци юм даа. Сэтгэл хөдлөл, хөөрөл… энэ бүгд л намайг тэгж харагдуулж байгаа, түүнээс биш би илүү мундаг юм шиг харагдах гэж албаар тэгдэгг үй.
-Тайзан дээр байхдаа та үзэгчдээс хэр хол эсвэл ойр байдаг вэ? -Бидний үүрэг бол үзэгчидтэй холбогдох. Аль болох зүрхэнд нь очиж наалдахыг бодно. Тайзан дээр байгаа тухайн уран бүтээлч өөрийгөө хэр зэрэг бэлтгэж, дотоод сэтгэлээ хэр хэмжээнд уран бүтээлдээ зориулж байна вэ гэдгээс шалтгаална.
-Заримдаа тайзан дээрээс галзуурсан мэт хашгирч орилох үзэгчдийг гайхах тохиолдол гарч байв уу? -Хамгийн анхны “Амьдрал” тоглолтыг гэж хэлнэ. Бид тайзан дээр гарч ирээд үзэгчдийг хараад гайхаж байсан. Нэг орилоход л бүгд л дагаад орилно. Нэг дууны эхний бадгийг аялахад л бүгд л дагаад дуулж байсан. Үнэхээр тийм байна гэж бодоогүй шүү. Бид өөрсдөө алмайрч байсан. 1989 онд Монголд урьд өмнө нь хэзээ ч тийм үзэгчид байгааг үй.
-”Харанга” хамтлагийн 25 жилийн ой болох гээд хамтлагийн гишүүн бүр өөрийн бие даасан тоглолтыг хийж байна. Өнгөрсөн 25 жил болоод энэ ойн баяр таны хувьд ямар үнэ цэнэтэй зүйл вэ? -Удахгүй болох 25 жилийн ой бол “Харанга” хамтлагийнхны хувьд хэлсэн үг, тавьсан тангарагтаа хэр үнэнч юм бэ гэдгийг монголчууддаа харуулах баяр юм. 25 жил ганц мөч ч салалгүй хамтдаа уран бүтээл хийгээд явна гэдэг баргийн хамтлагт байдаггүй чанар. Монголд битгий хэл, дэлхийд ховорхон. Уран бүтээлээс гадна хэлсэн үгэндээ эзэн байж чаддаг. Зорьсон зорилгодоо үнэнч байж, бие биенээ хайрлаж хүндэтгэж чаддагийн баталгаа юм. Тиймээс бидний уран бүтээл, бидний үерхэл нөхөрлөлөөс төрсөн.
-Нээрэн 25 жил тасралтгүй уран бүтээл хийж байгаа рок хамтлаг гэвэл дэлхий дээр цөөхөн байх? -Байдаг. Гэвч заавал ч үгүй гишүүд нь солигдсон байдаг шүү дээ. “Харанга”-ын хувьд хэн ч солигдоогүй. Нэг гишүүн болох даралтат хөгжимчин Х.Булган маань хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Хэрэв Булган маань амьд байсан бол тэр ч мөн хамтлагтаа, бидэнтэй хамт байж л байх байсан.
-Та яриандаа “Харанга”- ын найзуудаа тавьсан тангарагтаа үнэнч хүмүүс гэлээ. Нууц биш бол та бүгд хоорондоо ямар тангараг тавьсан юм бэ? -1989 онд анхны тоглолтоо тоглож дуусаад тайзны арын өрөө рүү орж ирээд “бид хэзээ ч салахгүй. Түрүүлж үхсэнийг нь амиа бодсонд тооцно. Тэр болтол хамтдаа явна шүү” гэж хэлээд бид тэврэлдэж байсан. Бид ийм тангараг тавьсан. Яг л энэ тангарагтаа одоо ч үнэнч явж байна.
-Яагаад та бүхний зохиосон дуу хүмүүсийн сэтгэлд амархан хүрдэг бас их өөр байж олон жилийн дараа ч дуулагддаг юм бэ? -”Харанга” өөрөө асар том шалгууртай. Би нэг дуу хийгээд ирэхэд бүгд санал, сэтгэгдлээ хэлээд миний тухайн дуу муу болсон байвал авахг үй бас дуулахгүй. Хэн ч дуу зохиогоод ирсэн яг л энэ шалгуурыг давж байж “Харанга”- ын уран бүтээлд ордог. Тиймээс бидний шаарддаг хэмжээнд хүрсэн уран бүтээлийг бид хийдэг. Энэ хамтлагийг байгуулахдаа анх бодож байлаа. Монголд мэргэжлийн хөгжмийн, гишүүн бүр нь “од” байхаар хамтлагийн байгуулах юмсан гэж мөрөөдөж байсан. Дараа нь найзуудаа цуглуулсан. Би буруу харалг үй, зөв харж “Харанга” хамтлагийнхныг цуглуулсандаа өөрийгөө их азтай хүн гэж боддог. Зарим хамтлагууд хоёр сайн уран бүтээлч байхад хоорондоо таарахаа болиод салчихдаг тохиолдол байдаг. Бидэнд тийм зүйл үгүй. Харин ч бүр илүү хоорондоо эвлэрч чаддагт л “Харанга”-ын мөн чанар оршдог.
-Бусад хамтлагууд бас найзууд хэрхэн яаж “Харанга”- ынхан шиг үерхэлдээ, хамтлагтаа үнэнч хэвээр удаан оршин тогтнох вэ? -Би илүү, чи дутуу гэж амбиц хөөх биш. Нэг л зорилгын төлөө зүтгэх хэрэгтэй. Нэг зүйлийн төлөө бүхий л чадлаа дайчлах нь чухал. Түүнээс ирж буй бухимдал, жаргал, зовлон бүгдэд нь л адил тэгш оногдох ёстой. Эдийн засгийн хувьд жаахан ч гэсэн мөнгө олсон бол бүгдээрээ адил тэнцүү хувааж чаддаг байх хэрэгтэй. Ингэж чадвал 25 жил “Харанга” шиг оршин тогтнож чадна.
Э.Одгэрэл