-Мотив хамтлагт гишүүн болж байсан үеэ сонирхуулаач. Ер нь хэзээнээс дуулж эхлэв?
-Би багаасаа дуулах дуртай байсан. Цэцэрлэгт байхдаа казакаар дуулж, буриад бүжиг бүжиглэдэг байлаа. Ингээд нэгдүгээр ангиасаа спорт сонирхдог болж бөхийн дугуйланд явж эхэлсэн. Харин дунд ангиас эхлэн реп бүжиглэж эхэлсэн. Реп бүжиглэдэг хэсэг найзууд маань хамтлаг байгуулж бас хажуугаар нь дуулдаг болсон. Гэсэн хэдий ч спортоо орхиогүй.
Манай сургуулийн багш, ангийнхан намайг спортын хүн болох байх гэдэг байсан. Гэтэл эсрэгээрээ урлагийн хүн болсон. Арван жилээ төгсөөд 2003 онд СУИС-ийн эстрад дуулаачийн ангид орж 2008 онд төгссөн. Ерөнхийдөө хамтлагийн суурь 2003 онд тавигдсан гэж болно. Харин уран бүтээл маань 2008 оноос үзэгч, сонсогчдод хүрч эхэлсэн.
-Хамтлаг байгуулж байсан түүхээ дурсаач?
-2003 онд СУИС-д шалгалт өгөх гэж байхдаа Жижгээтэй анх танилцаж байсан. Мөн Ганбааг тэр үед харж байсан. Тэр үед Жижгээ гитар тоглоод ээжтэйгээ хамт зогсч байсан. Ээж энэ дууг тогловол ямар байна гээд л дуулаад байсан нь манай хамтлагийн ахлагч Жижгээ байлаа.
Ингээд шалгалтаа өгч тэнцээд есдүгээр сарын 1-нд Жижгээ бид хоёр биллъяард тоглоод. Тэгж байхдаа бүр дотно танилцаж ярилцаж байтал хоёулаа нэг мөрөөдөлтэй байсан. Тэр нь хамтлагтай болох. Тэгээд бид хамтлаг байгуулахаар шийдэж нэр ч өгөөгүй байхдаа Ганбааг хамтлагтаа авсан. Жижгээ бид хоёр теонор харин Ганбаа баритон хоолойтой. Бид хоёр түүнд хамтлаг байгуулж байгаагаа хэлээд “Чи орох уу” гэж асуусан. Хэд хоногийн дараа Сайнаа манай ангид шинээр орж ирсэн. Тэгээд Сайнааг хамтлагтаа авсан. Багш нар маань “Та нар эстрадын дуучин болж байгаа учраас хамтлаг байгуулна гэж бодож байгаа бол эртхэн байгуулж байсан нь дээр шүү” гэдэг байсан.
СУИС-д тухайн жилээ зохиогдсон гадуур цацагдаагүй дууг дуулдаг тэмцээн болдог байв. Тэр тэмцээнд би өөрөө дуугаа зохиогоод оролцсон. Тэр үед дөнгөж бэлтгэл курст байсан юм. Багш нар бэлтгэл курст өөрөө дуугаа зохиодог хүүхэд ороод ирчихэж гэж харсан шиг байгаа юм. Ямар ч байсан намайг мэддэг болчихсон байсан. Дараа нь хөгжмийн онолын Өлзийбаяр багшдаа “Багш аа би ангийнхаа гурван хүүхэдтэй нийлээд хамтлаг байгуулсан юм. Нэр өгөх гэсэн чинь олддоггүй ээ. Бид нар хөгжмийн холбогдолтой гоё нэр өгмөөр байна” гэж хэлсэн чинь “Тетрахорд гэдэг нэр өгчих” гэлээ. Тетрахорд, тетрахорд ямар тэнэг нэр вэ гэж бодоод “Багшаа энэ юу гэсэн үг вэ” гэсэн чинь “Дөрвөл гэсэн утгатай” гэж байна.
Тэгээд нэрээ зөндөө бодлоо. Хичээл орж байхад дэвтэр дээрээ бичиж үзээд л. Нэг л таалагддаггүй. Тэгэхээр нь хэд хоногийн дараа багшийн өрөө рүү зориглоод орлоо. Тухайн үед багш нарын өрөө рүү орно гэдэг хүнд байсан. Тэгээд багшийн өрөөнд ороод “Тетрахорд гэдэг нэр үнэхээр таалагдахгүй байна аа. Та хөгжмийн онолынхоо номыг сайн харж байгаад өөр гоё нэр олоод өгөөч тэгэх үү” гэсэн чинь “За за. Хэд хоногийн дараа ороод ирээрэй” гэж байна.
Тэгээд хэд хоногийн дараа яваад орсон чинь багш номоо харж сууж байснаа “За ерөөсөө Мотив гээд өгчих” гэлээ. Тэгэхээр нь “Багш аа Мотив гэж юу гэсэн үг вэ” гэж асуулаа. Тэгсэн багш “Ерөнхийдөө хөгжмийн бага дуугаралт. Хөгжмийн хамгийн эхний элемент гэсэн утгатай үг” гэж хэлэхээр нь нөгөө гуравтаа хэллээ. Тэгээд Мотив гэдэг нэрээ яг ч өгчихөөгүй итгэж ядаж байтал “Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” уралдаан болж манай хамтлаг ороод шилдэг 15-т шалгарч тэгээд л нэрээ тогтсон.
-Танай хамтлагийн анхны дуу ямар бүтээл байв?
– Бэхбатахын “Магадгүй чамтай анх” дуу хүмүүст нэлээд хүрсэн байдаг. Харин дараа нь Балхаа ахын “Уучлал гуйхыг минь хүлээж байна уу” хит болж байсан. Хамгийн анх гэвэл манай хамтлагт нэр өгсөн Өлзийбаяр багш“Охидыг үнсээч” гэдэг дуу зохиож өгч байсан юм. Тэр дууны шүлгийг багш маань сонин дээрээс энэ шүлгүүдэд дуу хайж байна гэснийг нь олоод бидэнд өгч өөрөө ая хийгээд тэрийг нь бид дуулж байлаа. Тэр бол манай хамтлагийн хамгийн анхны дуу. Энэ дууг хүмүүс мэддэггүй.
-Урлагийн хүмүүсийг хараад байхад аав ээж нь эсвэл эмээ өвөө нь урлагийн хүн байдаг. Тэгэхээр танай гэр бүлд урлагийн хүн бий юу?
-Манай гэр бүлд урлагийн нэг ч хүн байхгүй. Би л байна.
-Хамтлаг уран бүтээлээ хүргэж эхэлснээс хойш нэлээд хугацаа өнгөрч одоогоор урын сандаа хичнээн дуу, клиптэй байна вэ. Сүүлийн үед ямар уран бүтээл хийж байна?
-Манай хамтлаг 20 орчим клиптэй. Ер нь гаргасан цомог бүрээ клипжүүлдэг. Бусад уран бүтээлчидтэй хамтран гаргасан дууг оролцуувал 80 орчим дуутай. Бид 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл “Хайрын гэгээ”, “Цасан бороо” гэсэн хоёр цомог гаргасан. Мөн хоёр цомгоороо нэрлэсэн бие даасан тоглолтоо хийж европын орнууд болон америкийн хотуудаар аялан тоглолт хийсэн. Мөн 21 аймгаа тойрч тоглосон. Одоо гурван цомог гаргахаар ажиллаж байна. Бид хамтлагаа байгуулахдаа бүжиглэж дуулдаг байна гэж ярьж байсан. Гэвч түүндээ хүрээгүй.
-Спортоор нэлээд хичээллэдэггэсэн. Ер нь ямар спортоор түлхүү хичээллэдэг вэ. Сүүлийн үед залуучууд бодибилдингийн спортыг сонирхох нь элбэг болж?
-Би бага байхын л юм юм сонирходог байсан. Тийм болоод спортын олон төрлөөр хичээллэсэн байх. Сагсан бөмбөг, волейбол, бөх, тулааны урлагаар хичээллэж байсан. Оюутан болоод усан спортоор хичээллэж эхэлсэн. Төв бассейнаас жил бүр усанд сэлэлтийн сонирхогчдын улсын аваргын тэмцээнийг зохион байгуулдаг. 2007 онд тэмцээнд орж түрүүлсэн. Ер нь эр хүн спортоор тогтмол хичээллэх нь өөртөө итгэх итгэлийг бий болгодог юм шиг санагддаг. Спортоо дагаад зөв төлөвшил бий болдог.
-Уурлаж бухимдах үе гардаг л байх. Өөрийгөө яаж цэнэглэдэг вэ?
-Зөв бай. Зөв замаар яв гэдэг үгийг л өөртөө хэлдэг. Буруу замаар явсан хүн хэзээ ч сайн сайхан явдаггүй.
-Урлагийн хүмүүс зав муутай байдаг гэж ярьдаг?
– Завтай үедээ эхнэртээ тусалж гэрээ цэвэрлэдэг. Би айлын том хүүхэд. Нэг эмэгтэй дүүтэй. Айлын том болоод ч тэрүү гэрийнхээ ажлыг би хийдэг байсан.
-Өөрийг тань саяхан хүүтэй болсон гэж сонссон?
-Манайх хүү охинтой. Охин маань хоёр ой долоон сартай. Харин хүү маань хоёр сартай. Аав болохоосоо өмнө цаашид яах ёстой гэдгээ сайн мэддэггүй байж. Харин аав болсны дараа үүрэг хариуцлага маань нэмэгдэж, бүр илүү ихийг хийж бүтээх ёстой юм байна гэдгээ мэдсэн.
-Танай дуунууд гол төлөв хайрын тухай байдаг. Яагаад заавал хайрын тухай дуулдаг юм бэ. Цаашид өөр төрөл жанраар дуулах уу?
-Санаатай санаандгүй байдлаар нэг мэдэхэд л хайрын дуутай болчихдог. Манай хамтлагийг хүн бүр л уянгын дууны хамтлаг гэж ярьдаг. Гэхдээ бид цаашид өөр төрөл жанрт өөрсдийгөө сорих болно.
Э.Орхонсүрэн
Эх сурвалж: Зууны мэдээ