ОХУ-ын Буриадын Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид өчигдөр ДБЭТ-т “Байкал опера” гала тоглолтоо хийж дуурийн урлагт дуртай монголчууддаа бэлэг барилаа. Тус тоглолтыг ОХУ-ын Буриад улсын Дуурь бүжгийн академик театрын гоцлол дуучин, Буриад улсын Ардын жүжигчин Н.Мөнхзул ахалж ирсэн юм. Түүнтэй тоглолтын үеэр уулзаж уран бүтээлийнх нь талаар ярилцлаа. Н.Мөнхзул зургаан жилийн дараа эх орондоо ирээд байгаа нь энэ юм.
-Төрсөн нутагтаа ирэх сайхан байна уу?
-Би Улаанбаатарын уугуул иргэн л дээ. Энд төрж өссөн. Улаан-Үүд Улаанбаатараас нэг хол биш учраас боломж гарвал наашаа ирдэг. Энэ удаа Буриад улсын Дуурь бүжгийн академик театрт хамт ажилладаг дуучидтайгаа ирсэн маань их онцлогтой гэж бодож байна. Хамгийн сүүлд 2007 онд ирсэн. Монголын театрын хамт олон, үзэгчидтэйгээ уулзаагүй удсан байна. Тийм болохоор сэтгэл маш их хөдөлж байна. Өнөөдрийн “Байкал опера” гала тоглолт маань ч сайхан болно гэдэгт итгэлтэй байна.
-Таны хувьд Буриадын театрт урилгаар очиж ажиллаж байгаа. Энэ театрыг сонгох болсон тухайгаа ярихгүй юу?
-2003 онд СУИС-ийн дуурийн дуулаачийн ангийг төгсч ДБЭТ-т жил гаруй хугацаанд ажилласны дараа 2004 онд ОХУ-ын Буриад улсын дуурийн театрын урилгаар тийшээ явсан. Надад дуулах урлагийг заасан хүн бол гавьяат багш Б.Дашмаа. Буриад улсад төрсөн. Ленинград хотод сурч байхдаа Ардын зураач Ч.Гунгаасүх гуайтай танилцаж гэр бүл болоод наашаа ирсэн. Багш маань өөрөө буриад хүн болохоор намайг оюутан байхад Улаан-Үүдэд сайхан дуурийн театр бий. Хэрвээ миний шавь нараас нэг нь ч гэсэн очиж дуулбал сайхан байхсан гэж байнга ярьдаг байсан. Тийм ч учраас багш маань намайг Буриадын дуурийн театрт урьж ажиллуулахаар болсон байх гэж би боддог. Миний хувьд багшийнхаа хэлж зөвлөснөөр ажиллаж байгаа.
-Сайн багшийн шавь багшаасаа түрүүлдэг гэсэн үг бий. Таны хувьд өнгөрсөн жил Буриад улсын ардын жүжигчин цолыг хүртсэн. Энэ том амжилт дээрх үгийг нотолж байгаа байх?
-Би олон улсын хэмжээний уралдаан тэмцээнүүдэд олон удаа оролцсон. Тухайлбал, ОХУ-ын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаанд оролцож байсан. Тухайн үедээ уралдааны комисс руу бичлэгээ эхлээд явуулж байсан юм. Тэгээд уран бүтээл маань сонгогдон тэмцээнд урилгаар оролцож байлаа. Дараа нь Оросын нэрт хөгжмийн зохиолч М.И.Глиникийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд оролцож байлаа. Түүнчлэн Оросод романс дуулдаг дуучдын дунд жил бүр уламжлал болгон зохиогддог “Романсиада” уралдаанд оролцож өндөр амжилт үзүүлсэн. Буриадад төрийн арга хэмжээ, хүлээн авалт, баярын концертонд байнга оролцдог. 2006 онд Буриад улсын гавьяат жүжигчин цол хүртэж байсан бол жилийн өмнө Буриадын хоёр дахь Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын жүжигчин цол хүртлээ. Буриадын ард түмэн маань намайг дэмжиж энэ өндөр зэрэгтэй шагнал, нэр төрийг хүртээсэн болов уу. Би Буриадын хоёр ч Ерөнхийлөгчийнх нь гараас нэр хүндтэй шагнал гардаж авсандаа баярлаж явдаг.
-Буриад улсын Дуурь бүжгийн академик театрт анх урилгаар очиж байхдаа хэлний бэрхшээл тулгарч байв уу?
-Анх очиход мэдээж хэлний хүндрэл байсан л даа. Орос хэлний хувьд арван жилийн жаахан мэдлэгтэй л очсон. Тэнд очоод дуулах бүх аринууд нь орос хэлээр байсан. Очингуутаа шууд шинэ жүжгийн бэлтгэлд гарч байлаа. Одоо бол хэлний хувьд асуудалгүй болсон.
-Арав гаруй жил ажилласан байна. Арван жилийн дараах Мөнхзулд ямар өөрчлөлт гарсан бэ?
-Илүү их туршлагатай бас дуулах урын сан маань илүү их болсон байх. Би эхнэр, хоёр хүүхдийнхээ хамт тэнд амьдарч байна. Тэндээ дасаад сайхан байна. Мэргэжлийн хувьд олон ч дуурийн гол болон туслах дүрд дуулж байна.
-Буриад улсын Дуурь бүжгийн академик театрын 75 жилийн ой ирэх онд тохиох юм байна шүү дээ. Олон арга хэмжээ зохиогдох байх?
-Манай театр энэ жил 75 дахь улирлынхаа үйл ажиллагааг нээсэн. Буриад улсын Дуурь бүжгийн академик театр анх 1939 онд үүсгэн байгуулагдаж байсан түүхтэй. 1949 онд “Эрдмийн театр” цол авсан манай театрын хувьд Сибиртээ ганц байдаг дуурийн театр гэж нэрлэгддэг. Уран бүтээлчдийн хувьд ОХУ-д болон дэлхийд нэртэй олон сайхан дуучид бий. Театрт таван жил засвар хийгдээд 2011 онд ашиглалтанд орж бүрэн шинэчлэгдсэн. 75 жилийн ойг угтсан арга хэмжээнүүд эхнээсээ зохиогдоод эхэлсэн. Энэ сарын сүүлээр гэхэд балетын олон улсын фестиваль болох гэж байна. Манай театрын хамт олон 2014 оны хавар 75 жилийн ойгоо өргөн тэмдэглэнэ. Ойн хүрээнд дуурийн дуучдаа сурталчлах таниулах үүднээс өнөөдөр ийнхүү Улаанбаатар хотод “Байкал опера” гала тоглолтоо хийж байна. Өнөөдрийн тоглолтын бүрэлдэхүүнийг танилцуулбал манай театрын дуурийн гурван үеийн гоцлол дуучдын төлөөлөл ирсэн юм. ЗХУ-ын ардын жүжигчин Галина Шойдагбаева, дунд үеэс гэвэл ОХУ-ын гавьяат жүжигчин гурван дуучин, тэгээд театрыг залуу дуучид бөгөөд сопран, мидсапрон, тенор, баритон, басс гээд бүх хоолойн дуучид ирснийг дурдах нь зүйтэй байх.
-Энэ жил ДБЭТ-ын хагас зуун жилийн ой тохиож байгаа. Буриадын театрынхаа уран бүтээлчдийг Монголд авчирч байгааг тань ДБЭТ-ын 50 жилийг ойд барьж байгаа бэлэг гэж ойлгож болох уу?
-Тэгж ойлгож болно. Миний хувьд ДБЭТ-т жил гаруй ажилласан. Энд ажиллаж байх хугацаандаа ДБЭТ-ын хамт олонтойгоо театрын 40 жилийн ойг хамт тэмдэглэж байлаа. Арван жилийн дараа уран бүтээлийн гараагаа эхэлж байсан театртаа ирэх сайхан байна. 2011 онд Оросод болсон Байкалийн олон улсын мэргэжлийн дуурийн дуучдын уралдаанд ДБЭТ-ын гоцлол дуучин, МУГЖ Э.Амартүвшин “Гран при” авч би нэгдүгээр байранд орсон. Буриадын Соёлын сайд Байкалийн олон улсын мэргэжлийн дуурийн дуучдын уралдаанд оролцож шагнал авсан залуу дуучдаа таниулах үүднээс уран бүтээлчдийн аялан тоглолтыг дэмжиж байгаа. Бид энд ирэхээс өмнө Оросын найман хотоор явж аялан тоглолтоо хийсэн. Байкалийн олон улсын мэргэжлийн дуурийн дуучдын уралдаанд орж амжилт үзүүлсний үр дүнд бидэнд энд ирэх боломж гарч ирсэн юм. Тийм ч үүднээс миний тодорхой хэмжээний нөлөө байгаа байх. Хамгийн гол нь би тэр уралдаанаас их эрч хүч авч өнөөдөр амжилттай яваадаа баяртай байдаг. Манай хоёр улсын театрын урьдын хамтын ажиллагаа сэргэж байгаад мөн баяртай байна.
-Та сонгодог урлагийн хэчнээн бүтээлд тоглосон бэ?
-Миний хоолой баритон учраас олон сайхан дүрд тоглосон доо. “Кармен”, “Игорь ван”, “Аида” зэрэг 20-иод дуурийн гол болон туслах дүр бүтээсэн байна. Хамгийн сүүлд гэхэд Италийн суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн “Аида” дуурийн Амонасро гэж Аидагийн аавынхан дүрийг бүтээсэн. Сая манай театр улирлын нээлтээ есөн сард энэ дууриар нээсэн юм. Ноднин Германы алдарт хөгжмийн зохиолч, удирдаач, театрын найруулагч Рихард Вагнерийн 200 жилийн ойг дэлхий даяар тэмдэглэж өнгөрүүлсэн. Энэ ойн хүрээнд манай театрын уран бүтээлчид Германы дуурийн дуучид, найруулагчидтай хамтарч Рихард Вагнерийн “Летучего голландца” буюу “Нисдэг голланд хүн” дуурийг герман хэлээр тавьсан. Миний хувьд гол дүр болох голланд хүний дүрийг бүтээсэн. Энэ дүр бол миний хамгийн сүүлд бүтээсэн томоохон дүр.
-Дүр бүтээнэ гэдэг уран бүтээлчээс асар их хөдөлмөр шаарддаг шүү дээ…
-Тийм л дээ. Сурахаас авахуулаад. Хөгжмийн бүх нот аялгуугаа сурна, бүх үгээ цээжилнэ, хөгжимтэйгээ нийлж адилхан дуулах гээд энэ бүгдийг сурсны дараа найруулагчтайгаа дүрээ тайзан дээр яаж амилуулах талаар ярилцана. Их олон өдөр, сарын бүтээл шүү дээ. Дуурийн дүр бүтээнэ гэдэг бол хоёр өдөр сураад дуулчих амар зүйл биш. Байнгын бэлтгэл сургуулиалт шаарддаг учраас уран бүтээлчид асар их эрч хүч энергиэ зарцуулдаг юм.
-Шантарч байсан үе бий юу?
-Тийм үе бий шүү. Хүн л юм чинь чадахгүй юм гэж гарна. Хааяадаа энэ дүрд тоглохоо больдог ч юм уу гэж бодно. Гэхдээ дуулахаа бүүр болих биш шүү.
-Таны бүтээж байсан дүрүүдээс сэтгэлд ойр байдаг нь ямар дүр юм бол?
-Дүр болгон өөрийн гэсэн онцлогтой. Дуулахад яг тохирсон дүрүүд бий. Тухайлбал, Рихард Вагнерийн “Летучего голландца” буюу “Нисдэг голланд хүн” дуурийн голланд хүний дүр, Францын хөгжмийн зохиолч Жорж Бизегийн “Кармен” дуурийн Эскамильогийн дүр байна. Миний дуулах дуртай Италийн хөгжмийн зохиолч Гаэтано Доницеттигийн “Дон Паскуале” дуурийн Доктор Малатестагийн дүр бий. Би өөрийнхөө хоолойн тохирсон тоглож чадах хэмжээний дүр сонгохыг хичээдэг.
-Тэгвэл таны бүтээх юмсан гэж бодож явдаг дүр?
-Италийн суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн “Риголетто” дуурийн гол дүрд тоглохыг хүсдэг байсан. Тун удахгүй дуурийн бэлтгэл ажилдаа орно.
-“Риголетто” дуурийн гол дүр юугаараа онцлогтой вэ?
-Ри гэж ордныг алиалагч нар ордныг хөгжөөж байдаг Алай салбадай Риголлетто Жильда гэдэг охинтой. Түүний охиныг баячуудын хүүхдүүд байнга шоглоно. Тиймээс Алай салбадай Риголлетто энэ байдлаас охиноо аврахын тулд яаж зовж, тэмцэж байгааг харуулдаг сайхан дүр. Дуурийн дуучдаас асар их ур чадвар шаардсан их эмоцитой, хүнд жанрын гэгддэг дүр л дээ.
-Таны бодлоор Монголын дуурийн урлагийн хөгжил ямар түвшинд явж байгаа вэ?
-Өндөр түвшинд яваа гэж хэлмээр байна. Сүүлийн үед дэлхий дахинд их танигдаж буй мундаг дуучид олон болсон. Залуучууддаа хандаж хэлэхэд уралдаанд сайн оролцох хэрэгтэй. Маш их хичээгээд Орост болон дэлхийн бүх оронд зохиогдож дуурийн залуу дуучдын уралдаанд өөрийгөө сорьж байвал зүгээр. Ингэж олон улсын хэмжээний уралдаануудад оролцож явбал дэлхийд танигдах боломж нь нээгдэх болно. Боломжоо л сайн ашиглаж сурах хэрэгтэй.
-Нутагтаа хэзээ тоглолт хийх тухай асуухгүй байж болохгүй байх?
-Эх орондоо өөрийн гэсэн тайлан тоглолтоо хийх төлөвлөгөө байгаа. Одоохондоо олон аялан тоглолтууд байна. Тун удахгүй өөрийнхөө тоглолтоор Монголынхоо үзэгчидтэй уулзах болно гэдгээ амлая.
Т.Жанерке