Амрагийн шивнээ:
Ричард – Өнөөдөр нууц амраг чинь ирэх үү?
Сара– Аанха.
Ричард– Хэдэн цагт?
Сара – Гурван цагт.
Ричард – Та хоёр нэг тийшээ явах уу, гэрт байх уу?
Сара – Юу… гэртээ л байх байх гэж бодож байна.
Ричард – Би та хоёрыг үзэсгэлэн үзэхээр явах болов уу гэж бодож байсан юм.
Сара – Тийм л дээ… гэхдээ өнөөдөр гэртээ байвал дээр юм шиг санагдаад байна.
Ричард – Ойлгомжтой. Яах нь та нарын дур…
Бичихэд хэцүү урлаг
Жүжиг гэдэг үзэхэд сайхан ч, бичихэд хэцүү урлаг. Бичлээ гэхэд сайн жүжиг болох уу, үйл явдлын огтлолцол, үзэгдлүүдийн дараалал төдийхэн үгийн сувс болчих вий гэсэн айдас ямагт дагана. Энэ айдсыг гэтлүүлэх ерөндөгийг эрээд үзэл санаа, дүр, зөрчил гэсэн гурван чухаг зүйлийг ухаант хүмүүс олжээ. Энэ гурав бол драматургийн тулгуур гурван багана билээ. Өчүүхэн бичээчийн санахад, сайн жүжиг гурван чухаг шинж чанартай санагдана. Сайн жүжгийн санаа анхлан уншиж үзэхүй дор энгийн юм шиг атлаа эргэцүүлэн бодоход асар олон салаа эргэцүүлэл рүү хөтөлдөг, анхдагч мөн чанартай байдаг. Сайн жүжгийн дүр нь хурц үйл явдал үүсгэхээс урьдаар өөрийн гэсэн онцлог сэтгэхүйн үйлдэлтэй, тэр нь зөвтгөх эсхүл буруутгах шалтгаантай байдаг.
Сайн жүжиг гүндээ ямагт зөрчлийг тээх бөгөөд тэр нь хүний сэтгэлийн утсыг хөндөж чадах, хүн хүнтэйгээ мэтгэлцэх ярилцах сэдэв болж чадах, хүн өөрийн оршин буй нийгмийн талаар эргэцүүлэн бодоход хөдөлж чадахуйц байдаг.
Хэрэв эдгээр шинж чанарын аль нэг нь л дутагдвал жүжгийн зохиол дутуу дулим болох бөгөөд аз байгаад алдаршиж үзэгчид хошууран үздэг юм гэхэд орлогоос цаашгүй, хэтэвчинд хэвтээ мөнгөнөөс цаашгүй зүйл болж хувирна. Ийм ч учраас цагийн цагт жүжгийн зохиолч цөөхөн байсаар иржээ. Жүжигт яруу мэдрэмж, үгийн ураас гадна үзэл санаа, алсын хараа шийдвэрлэх үүрэгтэй. Эдгээр нь амин мэдрэмжээ бясалгагч, яруу мэдрэмжийн эрэлд хатахаа уран бүтээлийн дээд амин чанар хэмээн итгэгч уран зохиолын ердийн олонхоос ямагт алсад байдаг зүйлс билээ. Үзэл санаа, алсын хараа. Хэлэхэд амархан ч хэн хүний тархинд явдаг эд биш ээ.
Амрагийн шивнээ:
Ричард – Түүнийг сайн залуу байх гэж найдаж байна.
Сара – Бүх талаараа сайн.
Ричард – Шал уйтгартай амьтан юм биш үү?
Сара – Ердөөсөө ч үгүй. (Пауз). Түүнээс гадна тэр бас их хошин зантай.
Ричард – Тун сайн байна. Чамайг хөгжөөдөг байх нь ээ? Хөршүүд маань сонсчихдоггүй байгаа? Хов жив хэрэггүй л юмсан.
Хорьдугаар зууны Шекспир
Харольд Пинтер бол Нобелийн шагнал хүртсэн цөөхөн жүжгийн зохиолчийн нэг. “Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Самуэль Бэккет л өөрийн хүч нөлөөгөөрөө Харольд Пинтертэй дүйнэ” гэж Гардиан түүний дурсгалд зориулсан бичвэртээ дурдсан нь хоосон мандуулсан хэрэг биш. Жүжгийн зохиол судлалд “Пинтереск буюу Пинтер маягийн” хэмээн үнэлэгддэг Пинтерийн драм Монголд төдий л танил бус. Өөрөөр хэлбэл, XX зууны хамгийн нөлөө бүхий жүжгийн зохиолчийн талаар бид 2014 оныг хүртэл тодорхой ойлголтгүй явж ирсэн.
Харольд Пинтерийн амьдрал бол театр, драматург юм. Жүжигчний хувиар театрт хөл тавьж, найруулагч, зохиолчийн хувиар зууныг туулан үр бүтээлтэй амьдарчээ.
Улс төрийн хурц байр суурь баримталдаг, хүчтэй уран бүтээлч байсан тэрээр үзэл санааны тэмцэл, уран бүтээлийн заагийг чанд баримталж чаддаг байв. Пинтер нэг лекцийнхээ үеэр “Миний дүрүүд надад туршлага, хүсэл тэмүүлэл, сэдэл, түүхийнхээ талаар маш их зүйлийг хэлж өгдөг” хэмээжээ. Өөрөөр хэлбэл тэр зөрчлийг тойруулж дүрийг зангидах биш, дүрээ тойруулж зөрчлөө гаргаж ирдэг зохиолч юм. Пинтер маягийн зохиолын хамгийн гол мөн чанар нь дүрүүдийн баялаг, яруу чанар. Пинтерийн дүрүүд жүжгийн тухайн өгөгдсөн нөхцөлд өөрийгөө бүхий л талаар, бүр үзэгчид “Одоо болно оо хангалттай” гэж хашгирмаар баялгаар илэрхийлнэ. Үйл явдлын далайц, зөрчлийн хурцдал чухал бус үзэгдэл доторх дүрүүдийн мөн чанарыг шавхан гаргаж ирэх театрын тэгшитгэлийг Пинтер бодохыг хичээдэг. Автобусны буудал дээр нэгэн бүсгүй зогсож байлаа. Түүний хажуугаар зөрөн өнгөрсөн залуу татаж яваа тамхиныхаа үнсийг энгэр дээрээ унагаж орхив. Сонгодог театрт хасаад хаячихаж гарзгүй нэг иймхэн үйлдэл Пинтер маягийн зохиолд бол бүтэн жүжиг болж болно. Энэ бол орчин үеийн драматургийн сонгодог драматургаас ялгардаг гол онцлог болно. Хенрих Ибсен, Антон Чехов нарын жүжгийн зохиолд хийсэн реалист эрэл хайгуулыг XX зуунд Бернард Шоу улам гүнзгийрүүлж, Артур Миллер, Харольд Пинтер нар сэтгэл зүйн үүднээс улам төгөлдөржүүлж, улам энгийншүүлсэн билээ. Монголын тайзнаа хоёр дахь удаагаа тавигдаж буй “THE LOV ER” жүжиг бол энэхүү эрэлхийллийн амьд жишээ юм.
Амрагийн шивнээ:
Сара – Ричард…
Ричард – Тэвчиж болшгүй зүйл. Тэвчихийн арга алга. Цаашид тэвчихийг хүсэхгүй ч байна.
Сара – Ричард… хонгор минь… гуйж байна.
Ричард – Юу гуйж байна гэж? (Сара бага зэрэг холдоно). Би чамд юу санал болгомоор байна гээч?
Сара – Юу?
Ричард – Тэрнийг хүн амьтангүй эзэнгүй газарт аваач. Аль эсвэл угаадасны нэг нүх ол.
Эрдмийн театрын эрэлхийлэл
Найруулагч Н.Наранбаатар Харольд Пинтерийн “THE LOVER” зохиолын драматургаас сэдэвлэн “Өчигдөр” хэмээх жүжиг тавьсан нь Монголд Харольд Пинтерийг анх танилцуулсан хэрэг юм. Монголд хувь хувьсгалын олон театруудын жүжиг, үзвэрийн төслүүдэд хөдөлгөөний найруулагчаар ажилласан туршлагатай найруулагч Г.Ган-Очир Пинтерийг ахин барьж авч, жүжгийн зохиолыг бүрнээ баримтлан шинэ бүтээл туурвижээ.
Харольд Пинтерийн 1962 онд Америкт теле жүжиг хэлбэрээр анх олон нийтэд хүрсэн “THE LOVER” буюу “Амраг” зохиол дэлхийн олон оронд жүжиг болон тавигджээ. Анхлан уншихад төдий л чухаг санаагүй, сүйдтэй зөрчилгүй санагдмаар энэ нэг үзэгдэлт жүжиг найруулагчдын анхаарлыг яагаад ингэтлээ татаад байдгийн цаана чухам өнөөх “Пинтер маягийн” зохиолын мөн чанар оршиж буй юм.
Гэр бүлийн хоёр хөнжилдөө аминчлан шивнэлддэг шивнээ жүжиг болоод амилчихсан юм шиг төсөрхөн түүх, төсөрхөн санаагаар Харольд үзэгчийн тархинд шатар нүүнэ.
Олон жил амьдарсан хосууд хөрч буй харилцаагаа аварч үлдэх арга зам хайх ажээ. Хайхын шалтгаан нь хайр. Гэвч тэдний олсон арга зам сэтгэл зүрхээр нь тоглох даажинт тоглоом болж хувирна гэж хэн санах билээ. Ноён Ричардын эхнэр Сара нөхрөө ажилдаа явсан хойгуур нууц амрагаа гэртээ авчирдаг болсоор бүр цагаандаа гарав. Эр нөхөр нь үүнийг эртнээс мэдэх ч тэвчсээр эцэстээ хязгаартаа хүрэв. Энэ айлын амьдрал хэрхэх бол? Тэд тайзан дээр долоон булчирхайгаа тоочиж булайгаа дэлгэх үү, эсвэл боловсролтой хүмүүсийн ёсоор завхайрлаа эвтэйхэн нуугаад засрах уу?
Нэгэн айлын хоёр өрөө байрны нүүрэн талын ханыг нураагаад, унтлагын өрөөнд гэтэн орж хөнжлийнх нь сэжүүрийг үл ялиг сөхөөд яриаг нь амтархан чагнаж буй хий үзэгдэл жүжигт гарна. Тэр хий үзэгдэл нь үзэгч юм. Чухам энэ л үзэгчийн нөөц бололцоог Бертольт Брехт “Хүнийсэл” ийн онолдоо хөндөж, Ханс Тийс Лийман “Постдрам”-ын онолдоо төгөлдөржүүлсэн билээ.
Орчин үеийн театрын сэтгэлгээний өнгө аясыг бүрэн дүүрэн илэрхийлж чадах энэхүү зохиолыг Г.Ган-Очир найруулагч сайтар задлан шинжилснийг жүжгийн анхны үзэгчдийн хувьд ам бардам өгүүлэх байна. Эс ширхэг бүрийг нь хөдөлгөөн, хөгжмийн хэлээр задлахыг хичээж, шийдлийн эрэлд хатах нь найруулагчийн урлагийн амт шим, адгам бэрхшээл нь билээ.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл
Нийтлэлч, УДЭТ-ын судлаач Я.Баяраа