“Алтан хальс” холбооноос долоо хоног бүрийн бямба гарагт зохион байгуулдаг “Мөрөөдөгчдийн өдөр” өдөрлөгөөр энэ долоо хоногт Хонконгийн найруулагч Вон Кар Вайгийн “In the Mood for Love” буюу “Хайрын сэтгэл” киног толилуулах гэж байна.
“Мөрөөдөгчдийн өдөр”-өөр өмнө гаргаж байсан киноноос алийг нь дахин үзэх вэ гэсэн санал асуулгыг шинэ оны өмнөхөн фэйсбүүк хуудсаар дамжуулан үзэгчдийн дунд явуулахад “Хайрын сэтгэл” хамгийн олон санал авчээ.
Монголын арт хаус кино сонирхогчид төдийгүй дэлхий нийтээр энэ бүтээлийг таашаадаг нь аргагүй. Нэр нөлөө бүхий олон шүүмжлэгч Вон Кар Вайгийн уг бүтээлийг XXI зуунаас хойш бүтээгдсэн кино урлагийн хамгийн сод, оргил бүтээл гэж хүлээн зөвшөөрдөг юм.
Уг бүтээлийг “Хайрын сэтгэл” хэмээн орчуулсан нь ч учиртай. Энэ зүгээр ч нэг кино биш, хайр сэтгэлийн төгс илэрхийлэл болохын дээр хүсэл тачаал буй боловч наанаа платоник харьцаатай байх ёстойгоо ойлгож буй хоёр гол дүрийн сэтгэл зүйн байдлыг илэрхийлэх амаргүй. Өнөө үед үгүйлэгдэх болсон жинхэнэ романтизмыг өмнө тань харуулж, кино урлаг нь нүднээ үзэгдэх яруу найраг, хөдөлгөөнт уран зураг байж болохын нотолгоо болсныг ч дурдах хэрэгтэй. Тиймээс өөрийн биеэр үүнийг үзэхийг тэд урьж байгаа юм.
Киноны гол дүрийг бүтээсэн Тони Люн, Мэгги Чун нар үзэгч, шүүмжлэгчдийн талархлыг хүлээж, Тони эл дүрээрээ Каннын кино наадмын шилдэг эрэгтэй жүжигчнээр тодорсон юм. “Empire”, “Time out New York”, “Time” зэрэг сэтгүүл “Хайрын сэтгэл”-ийг бүх цаг үеийн хамгийн шилдэг киноны жагсаалтдаа багтаасан байдаг.
Мөн “Sight & Sound”-ийн нэрлэсэн бүх цаг үеийн, шүүмжлэгчдээс хамгийн өндөр үнэлгээ авсан 50 киноны тоонд 2000 оноос хойш хийгдсэн хоёрхон кино багтсаны нэг нь “Хайрын сэтгэл юм”. Уг бүтээлийн хүртсэн шагнал, хүлээн авсан суу алдар цөөнгүй боловч “Хайрын сэтгэл”-ээс жинхэнэ хайр, жинхэнэ мэдрэмжийг хүртсэн үзэгчдийн тоотой яахин дүйх билээ.
“Алтан хальс” холбоо “Онцлох уран бүтээлч”-ээр Германы Зарбрукений урлагийн их сургуулийн Медиа урлаг ба дизайны ангийн төгсөх курсийн оюутан, олон улсын бэсрэг киноны наадмуудад оролцож, Монголын нэрийг гаргаж яваа найруулагч бүсгүй В.Санчирчимэгийг онцолж, “Хайрын сэтгэл” киноны өмнө түүний “Багваахай”, “Өрөө”, “Танихгүй нэгэн домог” бэсрэг киног толилуулахаар боллоо.
Мөн үүний дараа найруулагч үзэгчидтэй уулзалт хийж, сонирхсон асуултад нь хариу өгөх юм байна. Түүний дээр нэр дурдсан бэсрэг кинонууд нь “Оберхаузен”, Асологийн олон улсын урлагийн наадам, “Видеохолика” видео урлагийн наадам, “Индиго” кино наадамд албан ёсоор сонгогдож байжээ.
Түүнчлэн “Мөрөөдөгчийн өдөр”-ийг зорин ирсэн үзэгчид “Taxi Driver”, “In the Mood for love”, “Solaris”, “Clockwork Orange” “The Dreamers”, “Requiem for a dream”, “Psycho” зэрэг дэлхийн шилдэг арт хаус кинонуудын хэвлэмэл плакатыг худалдан авах боломжтой гэсэн шүү.
“Мөрөөдөгчдийн өдөр” энэ сарын 18-нд буюу ирэх бямба гарагт Энхтайван найрамдлын ордонд 14:00 цагаас болно. Урьдын адил тэд мөнгөн төлбөргүйгээр эдгээр киног үзүүлэх бөгөөд цагтаа ирвэл тэр таны кино руу нэвтрэх тасалбар болно нь ээ.