УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн санаачилсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл ихээхэн маргаан дагуулаад байгаа.
УИХ-ын эмэгтэй гишүүд болох Р.Бурмаа, Л.Эрдэнэчимэг нар “Хүнийг гадаад, эхнэр нөхөртэй гэдгээр нь ялгаварлах болж байгаа нь хүний эрхийг зөрчсөн үйлдэл” гэж эсэргүүцээд авсан.
Харин хуулийн төслийг санаачилсан Ж.Батзандан гишүүн төрийн өндөр албан тушаалд гадаад эхнэр, нөхөртэй хүнийг томилох нь ёс зүйгүй зүйл. Америк, Канад, Англид ч гадаад эхнэр, нөхөртэй хүнийг төрийн албан тушаалд томилохдоо заавал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвшөөрөл авч оруулдаг гээд байгаа. Тэгвэл энэ хуулийн төсөл батлагдвал Ж.Батзандан гишүүний эхний бай нь Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл. Түүний нөхөр АНУ-ын иргэн, хүний эрхийн хуульч Жеффри. Сайд Ц.Оюунгэрэл америк нөхөртэйгөө АНУ-д судалгаааны ажил хийж байхдаа танилцаж, гэр бүл болсон гэдэг. Энэ талаар Ц.Оюунгэрэл сайд “Өнөөдөр бид ардчилсан нийгэмд амьдарч байна. Олон хүн энэ ардчиллын төлөө зүтгэсэн. Үүнийгээ ч бүтээсэн. Бид өнөөдөр юуны төлөө зүтгэсэн юм. Угтаа хувь хүний эрх чөлөөний төлөө зүтгэж, бүтээсэн биз дээ. Ардчилсан монгол хүн өнөөдөр хэнтэй амьдралаа зохиох нь өөрийнх нь сонголт” гэж хэлсэн удаатай. Түүний нөхөр Жэффригийн хувьд Монголд байнга оршин суух эрхтэй.
Тэрбээр анх энэ эрхийг авахдаа ашигт малтмалын лицензтэй эсэхээ шалгуулж, эрүүл мэндийн бүрэн үзлэгт хамрагдсан аж. Мөн ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй бөгөөд АНУ-ын тагнуулын байгууллагад ажилладаггүй гэдгийн хүртэл шалгасан гэдэг. Харин Жэфри Монголд амьдрахын тулд ТЕГ-ын байнгын хараа хяналтанд байдаг гэнэ. Тиймээс сайдын нөхрийг тагнуул, туршуул хэмээн хардаж байвал ТЕГ-аас мэдээллийг нь авах боломжтой аж. Хардаж, сэрдээд байгаа Ж.Батзандан гишүүний хувьд ч Жэффригийн мэдээллийг нууцын журмаар үзэх эрхтэй. Ингэж их шалгадаг байж заавал хууль батлуулах гэж зүтгэж байгаад сайд Ц.Оюунгэрэл "өнөө цагийн хэлмэгдүүлэлт" гэж хариулсныг энэ удаагийн "Мобайль Ньюс" буландаа онцолж байна.
Д.Ана