Бээжингийн олон улсын 15 дахь удаагийн кино наадам Хятадын нийслэл дэх Хуайроү дүүргийн цэцэрлэгт хүрээлэнд ёслол төгөлдөр болж байна. Энэ жилийн кино наадамд 103 улс орны уран бүтээлчид 1794 дэлгэцийн уран бүтээлийг илгээжээ. Энэ нь өнгөрсөн оны 1509 уран бүтээл ирснээс 18.9 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд Бээжингийн олон улсын кино наадам бусад улс оронд танигдаж эхэлснийг илэрхийлэх аж. Хятадын хамгийн нөлөө бүхий кино урлагийн наадам дөрөвдүгээр сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
Хамгийн шилдэг 15 дэлгэцийн уран бүтээлийг сонгон авч 10 нь “Tiantan Awards”-ийн эзэн болох төдийгүй дотоодын шилдэг гурван киног шалгаруулах юм байна.
“Tiantan Awards”-ийн хүрээнд шилдэг уран сайхны кино, шилдэг найруулагч, шилдэг уран бүтээл, шилдэг эрэгтэй гол дүр, шилдэг эмэгтэй гол дүр, шилдэг эрэгтэй туслах дүр, шилдэг эмэгтэй туслах дүр болон шилдэг кино зохиол, шилдэг зураглаач, шилдэг хөгжмийг шалгаруулах юм.

Энэ жил “Harry Potter”, “Fantastic Beasts” цуврал болон “The Legend of Tarzan” зэрэг дэлхий даяар танигдсан кинонуудын найруулагч Дэвид Йейтс энэ жилийн кино наадмын шүүгчдийн эгнээнд багтжээ. Тэрбээр Бээжингийн олон улсын кино наадмын цар хүрээг сайшааж, олон улсын эдийн засгийн харилцаа муудаж байгаа өнөө цагт урлаг уран сайхнаар дамжуулан эв нэгдэл оршин тогтнох боломжтойг харуулсан гэж онцлон тэмдэглэв. Олон улсын шүүгчдийн бүрэлдэхүүнд Хятадын жүжигчин, найруулагч Зян Вэн, жүжигчин, найруулагч Жоан Чен, Финляндын найруулагч Теему Никки, Швейцарийн жүжигчин, найруулагч Винсент Перез болон Хятадын жүжигчин Ни Ни, Хонгконгийн найруулагч Тим Ип нар багтаж буй.
Үүнээс гадна, энэ жил дэлхийн кино урлагийн 130 жилийн ой, зохион байгуулагч орны анхны кино гарсны 120 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд улаан хивсний ёслолын үеэр өнгөрсөн зуунд мөрөө томоос том үлдээж чадсан кино урлагийн мастерууд болон олноо шагшигдсан сонгодог дэлгэцийн уран бүтээлүүдэд хүндэтгэл үзүүлсэн юм. Наадмын онцлон үйл явдлаас дурдвал, кино урлагт дурлагсдад зориулсан “Beijing Film Panorama” тусгай хэсэгт байрлах 34 кино театр гадаад, дотоодын 300 орчим алдартай, шинэ дэлгэцийн уран бүтээлийг үзүүлж байна.
Эдгээр уран бүтээлийн тасалбар худалдаанд гарснаас хойш ердөө хоёрхон цагийн дотор АНУ-ын найруулагч Ричард Линклейтерийн 1995 онд бүтээсэн “Нар мандахаас өмнө” романтик драмын 3183 тасалбар борлуулагдаж, наадмын хамгийн их борлуулалттай киногоор шалгарчээ.
Түүнчлэн зохион байгуулагчдын зүгээс шинэ үеийн дэлгэцийн уран бүтээлчдэд анхаарал хандуулж, тэдний киног олон улсад танилцуулах нь наадмын гол зорилгын нэг гэдгийг онцолсон юм. Үүний хүрээнд шинэ уран бүтээлчид, кинонуудын дунд шалгаруулалт явуулж, “Forward Future” шагналыг гардуулна. Уг шагналын хэсгийн шүүгчдийн бүрэлдэхүүнийг Унгарын нэрт найруулагч, сценарист, продюсер Бела Тарр ахлах аж. Түүний алдартай уран бүтээлүүдийг дурдвал “The Prefab People”, “Damnation”,” The Turin Horse” болон “Satan’s Tango” зэрэг юм. Тиймээс Бээжин хотод байх гадаад, дотоодын бүхий л кино урлаг сонирхогчид уг наадмыг зориод үзэхийг зохион байгуулагчид уриаллаа.