Улсын филармонийн Морин хуурын чуулгын морин хуурч, менежер Ж.Уугантуяаг зочноор урилаа.
Тэрбээр Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын охин бөгөөд Монголын мэргэжлийн анхны эмэгтэй морин хуурч юм.
" Өнөөдөр нэг хүн “Би морин хуур сонсдоггүй байсан. Харин гадаадад амьдарч байхдаа нэг удаа хуурын аялгуу сонсоод өөрийгөө хэн болохыг мэдэрсэн. Түүнээс хойш үндэсний урлаг, спорт гээд Монголын гэсэн бүх зүйлд дуртай болсон” гэсэн. Монголоос явахаараа хүмүүс эх орныхоо ямар их үнэ цэнэтэй, эрх чөлөөтэй, сайхныг нь мэдэрдэг."
-Хөгжимчин, менежерийн албыг давхар хаших амаргүй. Хэр удаан ажиллаж байна вэ?
-Ардын жүжигчин, морин хуурч Ц.Батчулуун багшид 1990 онд шавь орсон. Морин хуурын чуулгыг 1992 онд байгуулахад багш маань шавь нараа оруулсан юм. Тэр үед би наймдугаар ангид сурч байлаа. Морин хуур бариад хоёрхон жил болсон намайг чуулгад оруулсан нь их итгэл хүлээлгэсэн хэрэг. Түүнээс хойш 22 дахь жилдээ чуулгадаа ажиллаж байна. Соёл урлагийн их сургуулийн Урлагийн менежментийн ангийг 2003 онд төгссөн. Сургуулиа төгсөөд менежерийн албыг давхар хашсан.
-Мэргэжилдээ чин сэтгэлээсээ дурласан болохоор л энэ их ажлыг амжуулдаг байх даа.
-Цагаа зөв зохицуулж, нарийн төлөвлөгөөтэй ажиллахгүй бол ажил амжихгүй. Энэ байгууллагыг үүссэн цагаас нь ажилласан болохоор гэр шиг минь санагддаг. Морин хуур хөгжимд сэтгэл зүрхээ зориулахгүй байхын аргагүй. Өнөөдөр нэг хүн “Би морин хуур сонсдоггүй байсан. Харин гадаадад амьдарч байхдаа нэг удаа хуурын аялгуу сонсоод өөрийгөө хэн болохыг мэдэрсэн. Түүнээс хойш үндэсний урлаг, спорт гээд Монголын гэсэн бүх зүйлд дуртай болсон” гэсэн. Монголоос явахаараа хүмүүс эх орныхоо ямар их үнэ цэнэтэй, эрх чөлөөтэй, сайхныг нь мэдэрдэг.
Биднийг гадаадад тоглолт хийхэд тэнд амьдарч байгаа монголчууд үнэхээр халуун дотноор хүлээж авдаг. Зарим нь уйлна. Тэгэхээр үндэсний урлаг хүний сэтгэлийг баясгахаас гадна тухайн хүнд хэн болохыг нь мэдрүүлдэг. Цалин хангамж гээд нийгмийн асуудлаас шалтгаалаад мэргэжлээрээ ажиллахгүй, дундаас нь орхидог хүн цөөнгүй. Энэ асуудлуудад бүдрэхгүй явсаар өнөөдрийг хүрсэндээ өөртөө их баярладаг.
" Аавынхаа нэрийг хугалж болохгүй нь охины үүрэг. Гэхдээ би Н.Жанцанноровын охин учраас тийм байх ёстой гэсэн цензур тавихгүй өөрийн үзэл бодол, хүсэл мөрөөдлөөр амьдардаг. Бусад хүн ч намайг тэдний охин гэхээсээ илүү Ж.Уугантуяа гэдгээр нь үнэлэх насанд хүрсэн."
-Урлагт амьдралаа зориулсан аав тань бас нөлөөлсөн юм болов уу?
-Би аавынхаа заасан амьдралын замаар явж байна. “Хөгжим бүжгийн коллежийн Морин хуурын ангид орох уу” гэхээр нь юу ч бодолгүй үгийг нь дагасан. Арав гаруйхан настай байсан болохоор ирээдүйн мэргэжлийн талаар мэдэхгүй шүү дээ. Аав надад зөвлөхөөс биш, шийдвэр гаргахад минь оролцдоггүй. Ааваас гадна багш, чуулгын хамт олон, морин хуур хамт сурсан Уянга маань үргэлж хамт байгаагүй бол өдий зэрэгт хүрэхг үй ч байсан юм бил үү. Уянга бид хоёр Монголын мэргэжлийн анхны эмэгтэй морин хуурч.
-Эмэгтэй хүн морин хуур тоглохоор хүмүүс хэрхэн хүлээж авдаг байсан бэ?
-Эмэгтэй хүн тоглодог юм байх даа гэсэн шиг гайхаж хардаг байсан. Магадгүй морин хуурыг заавал эрэгтэй хүн тоглох учиртай гээд эмэгтэйчүүдийг эсэргүүцсэн бол би хөгжмөө орхих ч байсан юм бил үү. Морин хуурын хөгжил дэвшлийн үед тоглож байгаадаа өөрийгөө азтайд тооцдог. Намайг анх сурч байх үед морин хуураар ихэнхдээ ардын дуу тоглодог байсан бол одоо рок поп, жааз гээд бүх урсгалын хөгжим тоглож байна. Манай чуулга гэхэд дэлхийн алдарт киноны хөгжмүүдээр тоглолт хийдэг.
-Н.Жанцанноровын охин гэдэг утгаараа өөртөө өндөр хариуцлага үүрүүлдэг үү?
-Аавынхаа нэрийг хугалж болохгүй нь охины үүрэг. Гэхдээ би Н.Жанцанноровын охин учраас тийм байх ёстой гэсэн цензур тавихгүй өөрийн үзэл бодол, хүсэл мөрөөдлөөр амьдардаг. Бусад хүн ч намайг тэдний охин гэхээсээ илүү Ж.Уугантуяа гэдгээр нь үнэлэх насанд хүрсэн. Нэгэнт би морин хуурч гэдэг мэргэжил эзэмшсэн учраас чадварлаг хөгжимчин байхаас гадна уламжлалт тоглох арга барилаар нь хойч үедээ өвлүүлэх, бусдад мэдүүлэх, дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх нь миний хүсэл зорилго. Одоо хийж байгаа бүхэн минь үүний нэг хэсэг.
-Урлагийн хүмүүс гэхээсээ илүү аав, охин хоёрын хамгийн их санаа нийлдэг зүйл юу вэ?
-Бид бие биенийхээ зөвлөгч, туслагч. Нэг нэгэндээ итгэдэг учраас бүхий л зүйлд санал нэгддэг. Мэдээж аав надаас бүх зүйлээрээ чадварлаг ч охиноосоо зөвлөгөө авах тохиолдол гардаг.
" Дэлгүүр хэсээд явах зав ч гардаггүй. Найз нөхөдтэйгөө уулзаад, дэлгүүр хэсээд явж буй хүүхнүүдэд заримдаа атаархдаг. Надад тийм чөлөөт цаг гарахгүй байгаа нь тоогүй ч, харамсдаггүй ээ."
-Урмыг нь хугалсан үед хатуухан үг хэлнэ биз?
-Дуугаа хураачихдаг юм. Урам нь хугарснаа хэлдэггүй ч надад мэдрэгддэг. Хааяа л тэрийг тэгээд хийчихгүй дээ гэдэг.
-Та арав гаруй жилийн өмнөх нэг ярилцлагадаа дэлгүүр хэсэх зав гарахгүй юм. Тиймээс аав, ээж ийш тийшээ явахдаа авчирч өгсөн хувцсаар ихэнхдээ гангардаг гэсэн байна лээ. Тэр үед та оюутан байсан байх. Одоо өмнөхөөсөө өөрчлөгдсөн үү?
-Бараг хэвээрээ. Зайлшгүй шаардлага гарвал дэлгүүрт очдог. Урлагийн хүн ганган дэгжин, хүний нүдэнд сайхан харагдах хэрэгтэй гэдэг. Өөрийнхөөрөө л байх сайхан. “Малгай нь чухал биш, малгай доторх нь чухал” гэж аав хэлдэг. Аавынхаа хээгүй занг дуурайгаад нэг их гангарах дуртай биш юм байлгүй. Дэлгүүр хэсээд явах зав ч гардаггүй. Найз нөхөдтэйгөө уулзаад, дэлгүүр хэсээд явж буй хүүхнүүдэд заримдаа атаархдаг. Надад тийм чөлөөт цаг гарахгүй байгаа нь тоогүй ч, харамсдаггүй ээ.
-Таныг хамгийн их бухимдуулдаг зүйл юу вэ?
-Ер нь юу ч тохиолдсон тайван байхыг хичээдэг. Бүх зүйлд шалтгаан байдаг. Гэхдээ ажил төлөвлөчихөөд шалтгаанаа хэлэхгүй алга болох үед өөрийн эрхгүй бухимддаг.
-Хүн бүр тодорхой хэмжээний эд хөрөнгө, эрх мэдэл, нэр хүндтэй болохыг хүсдэг. Харин Та амьдралаас хүссэн зүйлээ авч чадаж байна уу?
-Хүн бүрт заяасан хувь тавилан байдаг. Нэр хүнд, эрх мэдэлтэй болох гэж хэчнээн хичээсэн ч чаддаггүй хүн бий. Хүний хүсэл хязгааргүй учраас өөрийнхөө хийж чадна гэсэн зүйлийг хүсэх хэрэгтэй. Явсан замаа эргээд харахад харамсахгүй байх нь миний хүсэл. Харамсаж байгаа зүйл санаанд орохгүйг бодвол хүслээ биелүүлээд байгаа юм болов уу.
-Хөгжимчид, бүжигчид дотогшоо зантай санагддаг. Сэтгэлээ үгээр биш хөгжим, үйл хөдлөлөөр илэрхийлдэг болохоор тэр байх. Харин Та харьцангуй нээлттэй юм. Зохион байгуулалтын ажил давхар хариуцдаг болохоор тэр юм болов уу.
-Магадгүй. Тухайн хүний хувийн зан төлвөөс шалтгаалдаг байх.
-Та бусдад хэр их боломж олгодог вэ?
-Боломж байхад алдана гэж үү. Бусдын хийж чадах зүйлийг би хорьж болохгүй. Би 30 гаруй хүнтэй хамтран ажилладаг. Олон жил хамт байхаар хэн нь хэн болохыг ерөнхийдөө мэднэ. Тиймээс энэ ажлыг тэр хүнээр хийлгэвэл илүү үр дүнтэй гэдгийг мэддэг. Манайхан ямар ч ажил зохион байгуулсан бүгд тэгш эрхтэй оролцдог учраас урамтай байдаг.
-Олон улсын морин хуурын наадмыг зохион байгуулах багт ажиллаж байгаа. Энэ удаагийн наадам юугаараа онцлог болох вэ?
-Дэлхийн морин хуурын холбоо 2008 онд байгуулагдаж, Олон улсын морин хуурын наадмыг хоёр жил тутамд зохион байгуулахаар болсон. Ингэхдээ уралдаан, эрдэм шинжилгээний хурлыг ээлжлэн зохион байгуулдаг. Энэ жил морин хуурын уралдаан дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 1-нд болно. Морин хуур сонирхогчид болон морин хуур урлаачид гэсэн хоёр төрлөөр зохиож буйгаараа онцлог. Морин хуур сонирхогч олширч байгаа ч, уламжлалт арга барилаар ардын бүтээлүүдийг тоглох нь цөөн байна. Мөн морин хуурыг гарын дүйтэй хэн ч урладаг болсноор стандарт нь алдагдаж байгаа. Монголын морин хуур урлаачдын холбооноос энэ хөгжмийн стандарт ямар байхыг тогтоосон. Оролцогчдыг энэ стандартаар шалгаруулна.
П.Тунгалаг
Эх сурвалж: Өнөөдөр сонин