Мөрөөдлийн театр” байгуулагдсаны гурван жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Тэд ойдоо зориулан өнгөрсөн гурван жилийн хугацаанд хийсэн уран бүтээлийнхээ шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ түүвэрлэн хүргэж байгаа аж. Тоглолтын үеэр тус театрын захирал, СТА Г.Алтаншагайтай ярилцсанаа хүргэе.
-Театраа байгуулсны ойгоо үзэгчидтэйгээ тэмдэглэдэг танай хамт олонд баяр хүргэе. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд ууган театраас өрх тусгаарлан хөл дээрээ зогстолоо амаргүй даваануудыг давсан байх?
-Юуны өмнө бидэнтэй гурван жилийн турш хамт байж, хийсэн уран бүтээл болгоныг минь халуун алга ташилтаар хүлээн авч урам өгч байсан үзэгчдэдээ баярын мэнд хүргэе. Бид гурван жилийн хугацаанд хийсэн уран бүтээлийнхээ шилдэг үзүүлбэрүүдийг түүвэрлэн үзэгчдэдээ юу хийснээ тайлагнаж байгаадаа баяртай байна. Өнгөрсөн хугацаанд “Миний нууц хүү”, “Гээсэн хайраа аваарай”, “Их ид шидтэн”, “Тэр чинь би”, “Хайртай бол эргэж хараарай” “Амьдрал өөрөө бэлэг” зэрэг арав гаруй тайзны уран бүтээл, “Ээжийн дайсан” киног хийсэн. Мөн Монгол орноо нар зөв бүтэн тойрч хөдөө орон нутгийн үзэгчдэдээ уран бүтээлээ толилууллаа.
-Аливаа ажлын эхлэл нь 90 хувь байдаг гэдэг. Анх театраа байгуулчихаад ахмад уран бүтээлчдээсээ заавар, зөвлөгөө авч байв уу?
-СУИС, УДЭТ-ын ахмад уран бүтээлчдээсээ их зүйл сурсан. Тэр л хүмүүсийн сургаалаар уран бүтээлээ хийж өдийг хүрлээ. Мөн театрынхаа уран бүтээлчидтай хамтран ажиллаж хамт олны бие биенээ гэсэн сэтгэл, уран бүтээлч хүний хөдөлмөрч зан, цаг хугацааг хэрхэн ашиглах, өөрийгөө өшөө илүү хэрхэн хөгжүүлэх зэрэг олон чанарыг харж туршлага хуримтлуулсан. Энэ бүх туршлагадаа үндэслэн театрын үйл ажиллагаагаа явуулан уран бүтээлээ туурвиж өдий хүрч байна. Манай театрын хамгийн ахмад нь гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэг буюу Аяа. Эгч маань бидэнд тайзан дээр хэрхэн биеэ зөв авч явах, уран бүтээлч хүн ганц тайз гэлтгүй олон нийтийн дунд хэрхэн үлгэр дууриал үзүүлэх, амьдралд хэрхэн хандах гээд маш олон зүйлд тусалж дэмждэг. Мөн бусад продакшны уран бүтээлчдээс энийг ингэх үү, ингэвэл ямар байна гээд зөвлөгөө сонсдог.
-Ж.Алтанцэцэгтэй хамтран ажиллах саналыг та бүхэн тавьсан уу?
-Аяа эгчтэй хамтран ажиллах хүсэлтийг бид гаргасан. Уран бүтээлээсээ хэсэг хугацаанд хөн- дийрсөн ч зүгээр суугаагүй их хөдөлмөрч, түшигтэй хүн л дээ. Ийм авьяастай, туршлагатай хүн манай театрт байгаад залуу уран бүтээлчид бид олзуурхдаг юм.
-Гараа сайн бол бариа сайн гэдэг. Энэ жил ямар шинэлэг уран бүтээл хийхээр төлөвлөж байна вэ?
-Ирэх зунаас дэлгэцийн шинэ уран бүтээл хийхээр төлөвлөсөн. Цаашдаа чанартай уран бүтээ- лүүдийг үзэгчдэдээ хүргэх зорилт тавьсан.
-“Мөрөөдлийн театр” ам бүл хэдүүлээ болоод байна вэ?
-Манайх бүл нэмээд хорь гаруй хүний бүрэлдэхүүнтэй болсон. Шинээр хэд хэдэн жүжигчин нэмж авсан. Мөн маркетинг санхүүгийн алба, гэрэл, хөгжим шуум гээд нэлээд олон хүнийг шинээр авлаа. Манай театр олон залуу жүжигчинтэй. Бид шинэ уран бүтээл хийх болгондоо шинээр төрсөн хүүхдийг өлгийдөж авч байгаа мэт хүлээн авч баяр баясгаланг мэдэрдэг. Айл өрх гэж яривал манайх гурван жилийн дотор өнөр өтгөн сайхан айл болж чадлаа энэ хэрээр үзэгчид маань олон болж байна. Ёстой л олууллаа бүр олуулаа болж байна. Олууллаа болох тусам хүмүүст чанартай сайхан уран бүтээл хүргэхийн төлөө цаг наргүй л ажиллаж байна даа.
-Шинэ жүжигчдээ ямар шалгуураар сонгож авдаг вэ?
-СУИС-ийг төгссөн болон төг- сөх ангийн оюутнуудыг сонгож авч байгаа. Тайз бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болохоос сургалт явуулдаггүй. Тийм учраас тодорхой хэмжээний шалгуур байлгүй яахав. Цаг хугацааг ашиглаж чаддаг өөрийгөө бүрэн илэрхийлдэг, урлагт үнэн сэтгэлээсээ ханддаг, ёстой л дурласан хүнийг л сонгож авахыг зорьж байгаа. Мөн энд тэндхийн урлагийн сургуулийг төгссөн хүүх- дүүдийг харж байгаад сонгоно доо.
-“Мөрөөдлийн театр”-ын жүжигчнээс мөрөөдлийнх нь талаар асуухгүй өнгөрч болохгүй байх?
-Мөрөөдөл өөрөө хязгааргүй байдаг. Мөрөөдлийг олон талаас нь тайлбарлаж болдог. Ерөөсөө хүнийг амжилтад хүргэдэг хамгийн том үндэс бол мөрөөдөл. Мөрөөдөлгүй хүн гэж байдаггүй байх аа. Харин мөрөөдөлдөө хүрэхийн тулд хүн хөдөлмөрлөх хэрэгтэй. Миний мөрөөдөл эхнээсээ биелээд явж байна. Арван жилд байхдаа дуучин болохыг мөрөөддөг байлаа. СУИС-д ороод жүжигчин болсон. Драмд орсны дараа өөрийн гэсэн баг хамт олонтой театртай болъё гэж бодсон. Тийм учраас театраа “Мөрөөдлийн театр” гэж нэрлэсэн. Цаашдаа үзэгчдэд улам сайхан чанартай уран бүтээл хүргэхийг мөрөөдөж байна. “Залуу хүн завтай байна гэдэг эмгэнэл” гэдэг үгийг би өдөр тутамдаа санаж энэ үгнээс урам зориг авч өөрийгөө хурцалдаг. Мөрөөдлийн цаана дахиад л мөрөөдөл байдаг. Театр, уран бүтээлч хүний хувьд “Мөрөөдлийн театр” гэдэг нэртэй театртай болох мөрөөдөл манай театрын чин хүсэл юм. Харин хувь хүний хувьд гэр бүлдээ цаг зав илүү их гаргах цаашлаад хүүхдүүдийнхээ төлөө илүү ихийг хийе гэсэн бодолтой байна. Амьдралыг усалж тордож улам сайхан болгох нь гэрийн эзэн учраас эцэг хүний их хариуцлагатай байх ёстой гэж боддог. Залуус, цаг хугацаа хоёр миний амьдралыг завгүй байлгадаг.
-Хүүхэд байхдаа дуучин болохыг мөрөөддөг байсан мөртлөө яагаад жүжигчний ангид орчихсон юм бэ?
-Би бага байхдаа урлагийн үзлэгт их ордог, гайгүй дуулчихдаг, дуулах дуртай хүүхэд байлаа. Ер нь урлагийн хүн л болно гэж боддог байлаа. Тэгээд нэг мэдсэн СУИС-д шалгалт өгөөд жүжигчин болчихсон. Мэргэжил бүхэн сайхан. Гэхдээ дуучин мэргэжил гэдэг бол жаахан баригдмал байж магадгүй гэж боддог. Учир нь дуучин хүн дуугаа л дуулна. Харин жүжигчин хүн дуулна бүжиглэнэ, инээнэ уйлна хүнд байж болох бүхий л зан чанар, авьяас чадварыг нэг дор харж болдог юм шиг санагддаг. Би 2006 онд СУИС-ийн жүжигчний ангийг төгссөн. Төгсөөд драмын театрт ороод ажиллаж байхдаа Б.Баатар найруулагч “Атга нөж” жүжгийн Зэлмийн дүрд анх тоглож байлаа. Энэ бол миний анхны дүр. Миний хувьд жүжигчин хүн өмнө тоглож байсан дүрүүдээс өөр өөр зан чанартай дүрд тоглох нь жүжигчин мэргэжлийн онцлог байх гэж боддог. Тэгээд л дуучин биш жүжигчин болчихсон байх.
-Таны уншиж байсан хэд хэдэн богино өгүүллэг үзэгчдэд их хүрсэн. Хувийн уран бүтээлдээ хэр анхаарал хандуулж байна?
-СУИС-д сурч байхад тайзны ярианы хичээл ордог байлаа. Энэ хичээлдээ их дуртай, оюутан байхдаа богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадамд их ордог байсан. Мөн драмын театрт байхдаа “Халуун усны байшин”, “Өрлөг эх”, “Анхны хайрын захидал” зэрэг ганцаарчилсан өгүүллэгүүд уншсан. Хүмүүст их хүрсэн юм шиг байна лээ. Мэдээж уран бүтээлч хүн өөрийн гэсэн уран бүтээлийн сантай байх ёстой гэж би боддог. Тийм болохоор цаг зав боломж олдвол өгүүллэгүүдээ уншина. Одоохондоо “Мөрөөдлийн театр”- таа цаг зав их гаргаж чанар сайн уран бүтээлүүдийг үзэгчдэд хүргэнэ гэсэн бодолтой байна.
-Уран бүтээлч хүнд цаг зав бага гардаг юм шиг санагдлаа. Гэр бүлдээ хэр анхаарал хандуулж байна. Чөлөөт цаг гарвал юу хийх дуртай вэ?
-Урлагийн хүнд цаг зав ер нь бага л даа. Гэхдээ гэр бүлдээ ямар ч байсан цаг зав гаргаж цагийг хамт хөгжилтэй өнгөрүүлэхийг хичээдэг. Миний хувьд гэр бүл гэдэг маш чухал. Чөлөөт цагаараа салхинд гарах, хөдөө явах дуртай. Болж л өгвөл хөдөө яваад төрсөн нутагтаа очоод ирэхийг хичээдэг.
-Та аль нутгийн хүн бэ?
-Манай аав, ээж хоёр Хэнтий аймгийнх. Миний аав насаараа клубын эрхлэгч, ээж багш байсан. Хүүхэд нас минь Хэнтий аймагт л өнгөрсөн дөө. -“Мөрөөдлийн театр”-ыг байгуулаад нэлээд олон уран бүтээлийг үзэгчдэд хүргэлээ. Үзэгчдийн хандалт хэр байна шүүмжлэл ирж байна уу? -Бидний хувьд шүүмжлэл гэдэг хамгийн үнэтэй зүйл. Учир нь жүжигчний мэргэжлийг эзэмшсэн хүнийг судлаач гэдэг. Яагаад гэвэл олон дүрд хувирч, судалдаг. Энэ ч утгаараа шүүмжлэлийг ямар хүн хэлж байна, би түүнийг хэрхэн хүлээж авах вэ гэж боддог. Үнэн шүүмжилж байна уу, доош нь хийх гээд байна уу, эсвэл цаасан малгай өмсгөөд байна уу гэдгийг ялгаж салгах хэрэгтэй юм шиг санагддаг.
-Ярилцсанд баярлалаа.