УДЭТ-ын уран бүтээлчид энэ оны үзвэрийн жилийн нээлтээ В.Краснагоровын “Би ч гэсэн жаргамаар байна”, Ц.Болдоржийн “Хайрын виз”, Б.Брехтийн “Сычуаны сайн хүн”, Южин О’Нилийн “Хайлаас модны доор чамайг хүлээнэ” зэрэг жүжгээрээ хийх гэж байна.
Оросын нэрт зохиолч В. Красногоровын бүтээл “Би ч гэсэн жаргамаар байна” уянгын драмын жүжиг нь УДЭТ-ын тайзнаа 2010 онд нээлтээ хийж, 2018 онд дахин тоглогдож, 2022 онд мөн тайзнаа тавигдсан билээ.
Нэгэн амралтын өдөр гэр бүлийн хоёр хуримын ойгоо тэмдэглэхээр дотны найзуудаа гэртээ урьж буйгаар энэхүү жүжиг эхэлдэг. Гэтэл тэднийд уригдсан хоёр нь үнэндээ эхнэрийнх нь сайн найз дүү бүсгүй, нөхрийн сайн найз дүү залуу хоёр бус харин нууц амрагууд нь байна. Үнэн хэрэгтээ эхнэр нөхөр хоёрын тэмдэглэлт хуримын ой ч гэсэн хэн хэнээсээ уйдсан хоёрын уйтгартай амьдралыг ёжтойгоор харуулсан инээдэмтэй жүжиг юм.
Эл уран бүтээлийг 2006 онд үзэгчдэд анхлан хүргэсэн бол 2019 онд найруулагч М.Батболдын найруулгаар дахин олны хүртээл болгож байв.
Гэрлэлт бүр хайрын төлөө байдаггүй. Хүн бүхэн ч хангалуун баян амьдардаггүй. Гэхдээ хүн бүрт мөнгө хэрэгтэй. Танд ч, надад ч, хэн бүхэнд. Эд хөрөнгөөр дутаж үзээгүй эрх танхил залуу Жаргал болон түүний найз Цэнгэл гэх хоёр залуу анхны уулзалтаар хүнийг өөртөө дурлуулах боломжтой гэж үзэн телевизийн шоу нэвтрүүлэг хийх зорилгоор Сүндэр, Ану гэгч хоёр бүсгүйтэй танилцаж буйгаар жүжгийн үйл явдал өрнөнө.
Германы сонгодог зохиолч, яруу найрагч, найруулагч, театрын онолч Бертольт Брехтийн “Туульсын театр”-ын арга барилаар бүтээсэн хамгийн алдартай жүжиг бол “The Good person of Szechwan” буюу “Сычуаны сайн хүн” хэмээх бүтээл нь юм. Олон шүүмжлэгчид уг жүжгийг Брехтийн “Туульсын театр”-ын шилдэг жишээнүүдийн нэг гэж үздэг. Учир нь энэхүү жүжиг үзэгчдийг сорьж чаддаг.
Жүжгийн үйл явдал дэлхийн I-II дайны хооронд дахь цаг хугацаанд Хятад улсад өрнөдөг ба Брехт энэхүү жүжигт Хятадын театр урлагийн зарим уламжлалыг шингээсэн гэж үздэг.
Эл зохиолыг Нобелийн шагналт, Америкийн жүжгийн зохиолч Южин О’Нил “Desire under the elms” нэртэйгээр 1924 онд бичсэн байдаг. Түүний зохиолуудад Грекийн эмгэнэлт жүжгийн хэв маяг, америк мөрөөдөл ба түүнийг тойрсон материализм, анги хоорондын ялгаа гүнзгий ажиглагддаг.
“Хайлаас модны доор чамайг хүлээнэ” бол энэ бүгдийг шингээсэн, хөндөх санаа, агуулга тун өргөн бүхий бүтээл юм.
Анх 1996 онд УДЭТ-ын тайзнаа “Тамын дурлал” нэртэйгээр үзэгчдэд хүрч байсан жүжгийг энэ удаа “Хайлаас модны доор чамайг хүлээнэ” нэртэйгээр толилуулж буй нь энэ бөгөөд жүжгийн ерөнхий найруулагчаар Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Ганхуяг, бүжиг, хөдөлгөөний найруулагчаар Г.Ган-Очир ажилласан.