“Бусдын хайрыг хүндэл”-ийг зааж явсан “Татар” хамтлаг өөрсдийн бодит түүхээсээ сэдэвлэсэн “TATAR” УСК-гоо бүтээжээ. Тэдний “Бороо”, “Ганцаараа”, “Эсрэг өдөр”, “Улаанбаатарын нулимс”, “Хайрыг хүндэл” зэрэг олон дуу нь одоо ч залуусын дунд хит хэвээр байгаа билээ.
“Татар” хамтлагийн гишүүн Д.Мөнхчулуунтатартай ярилцлаа.
-Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин хачнаас яриагаа эхэлье. “TATAR” киноныхоо талаар ярихгүй юу?
-“Татар” УСК-ны төсөл 2023 онд эхэлсэн. 10 жилийн хүүхдүүд уран бүтээл хийхээр нэгдэн “Татар” хамтлагаа байгуулж байсныг өгүүлнэ. Хорин хэдэн жил уран бүтээл хийлээ. “Бусдын хайрыг хүндэл” дуугаараа юуг хүргэх гэж байсан болон хүсэл мөрөөдлийн тухай кино маань хоёр жилийн хугацаанд хийгдэж, есдүгээр сарын 19-ний өдрөөс бүх кино театруудаар нээхэд бэлэн болоод байна. Киноны зохиолыг А.Миеэгомбо, Т.Билгүүн, Л.Ариунболд нар бичиж, ерөнхий найруулагчаар Б.Батдэлгэр, ерөнхий продюсероор миний бие ажилласан. Гол дүрд Gangbay хамтлагийн Gangaа, жүжигчин Х.Сумъяадорж, Н.Түвшин, Б.Тэмүүжин, Б.Балжинням нар тоглосон. Ер нь энэхүү кинонд мэргэжлийн жүжигчин, мэргэжлийн хамт олон хамтран ажилласнаараа онцлог. Киногоо бүтээхдээ олон улсын стандартыг хангаж ажиллахыг хичээсэн.
-Кинондоо өөрсдөө тоглосон уу?
-Киноны 90 хувьд бидний гол дүрд тоглосон жүжигчид маань гарна. Мэдээж хэрэг кино маань бодит явдлаас сэдэвлэсэн шүү дээ. Тиймээс төгсгөл хэсэгт бид өөрсдөө гардаг. Анх үйл явдлын дарааллаар киногоо хийх байсан ч олон нийт бидний түүхийг мэддэг учир хийгээгүй. Тиймээс “Татар” хамтлагийг сонсдог залуучуудын төдийлөн мэддэггүй өрнөл, тэр үеийн ил гараагүй амьдралын түүхийг өгүүлэх юм.
-Урлагийн хүмүүс кино уран бүтээлд тоглох ямар байна?
-Анх “Аз жаргал the bad boy” гээд кинонд тоглож байхдаа жүжиглэнэ гэдэг маш хүнд ажил гэдгийг ойлгосон. “TATAR” кино 20 жилийн өмнөх бидний амьдралыг өгүүлэх учраас мэргэжлийн жүжигчид тоглуулсан. Өмнө нь нэг кинонд тоглосон учир энэ удаагийн кинонд харьцангуй гайгүй байсан. Хоёр, гурван сар зураг авдаг, 200-300 хүний өдөр тутмын ажил гэдгийг ойлгосон. Бид энэ киногоо Дарханд 45 хоног амьдарч, зураг авалтаа хийсэн. Үлдсэн 20 хувийг хотод зураг авсан.
-10 жилийн хүүхдүүд нэгдэн уран бүтээлээ хийгээд хэдийнэ 20 гаруй жил болжээ. Хамтлагийн түүхээсээ хуваалцахгүй юу?
-Бид чинь бэлтгэл ангийн гурав. 39 дүгээр сургуулийн нэг ангийн хүүхдүүд. Багаасаа л хичээлээ хамт хийж, найзалж нөхөрлөж, нэгнээсээ хичээлээ хуулж явсан түүхтэй. Тэгээд бүжгийн хамтлагтай болсон. 1999 онд хип хоп урсгалаар дуулах ёстой гэж шийдээд есдүгээр ангиасаа “Татар” гэх хамтлаг илүү эрчимтэйгээр дуу хөгжим хийж, түүндээ дурлаж эхэлсэн юм. Тухайн үеийн залуус хип хоп гэдэг зүйлийг буруу ойлгож зодоон хийдэг, архи, тамхи хэрэглэдэг байсан. Хайрын тухай дуу дуулдаг ч бусдын хайрын тухай дуулдаггүй байсан. Тиймээс л хүсэл зорилгоор нэгдэн дөрвөн гишүүнтэйгээр Дэнжийн 1000 дэнжээс дэлхийн ХИП ХОП-ыг мөрөөдөж эхэлсэн түүхтэй.
-Хамтлагаа байгуулаад хамгийн анх ямар дуу хийж байсан бэ?
-Хамгийн анхны дуу бол “Ганц олдох насандаа”. “Ганц олдох насандаа сайхан амьдраад үхье дээ, Бие биедээ жаргал хүсэж энэ хорвоог элээ” гээд дуугаа харахаар тухайн үедээ гүн гүнзгий үгтэй, хөгшин хүн шүлгийг нь биччихсэн ч юм шиг гэж боддог байлаа. Одоогийнх шиг сошиал хөгжөөгүй, сонинд ярилцлага өгөхдөө зургаа авахуулдаггүй хар дүрс тавьчихна. Биднийг том биетэй Дэнжийн 1000-д амьдардаг “эвгүй” гарууд гэж төсөөлдөг байсан үе. Гэтэл бид жаахан хүүхдүүд байлаа шүү дээ. Тэр үед хоолойгоо шахаж, эмоцитой дуулдаг байсан юм.
-Тухайн үед аав, ээжүүд нь хамтлаг байгуулна гэдгийг сонсоод хэрхэн хүлээж авч байв?
-Аав, ээжүүд их эсэргүүцдэг байлаа. Тухайн үед хип хоп гэдэг зүйл үнэ цэнэгүй байсан үе. Энэ урлаг биш гэж яригддаг байсан. Хамгийн анх “Бусдын хайрыг хүндэл” дуугаа дуулаад ийм дуу дуулдаг, ийм зүйлийг өгүүлдэг юм гэдгийг аав, ээждээ ойлгуулж байлаа. Намайг Цагдаагийн академид явуулах гэж байсан ч энэ зүйлийг хийнэ гээд хамтлагтаа үлдэж байсан юм. Бид гурвын аав, ээж бүгд унаган хотынх. Харин манай ээж Дорноговьд төрсөн. Жагаагийн аав, ээж Дундговьд төрсөн.
-Таны сэтгэлд тод үлдсэн хамтлагийн хөгжилтэй дурсамжаас хуваалцахгүй юу?
-Хамгийн анхны тоглолт дээр болсон Заяагийн явдал л санаанд орж байна. 17,18 настай хүүхдүүд “Бөхийн өргөө”-г пиг дүүргэчихсэн. Гэхдээ хүмүүсийн сандрал өөр өөр байдаг юм билээ. Миний хувьд цээжин дотор том чулуу орчихсон юм шиг санагддаг бол заримынх нь гэдэс өвддөг юм билээ. Тоглолтын үеэр Заяагийн гэдэс хямраад ариун цэврийн өрөө орсон юм. Тэгээд гарч ирчихээд “Хөөе чүдэнз байна уу” гэсэн. Яасан бэ? гэсэн чинь “Энд баахан юм наалдчихлаа” гээд л чүдэнзээрээ наалдсан зүйлийг нь аваад л тайзан дээр гарч, тоглолтоо дуусгасан байдаг юм. Чухам суултуурт микрофоноо унагаачихсан юм билээ (инээв). Энэ л миний санаанаас огт гардаггүй юм. Хүүхэд байхад айдас түгшүүр, сэтгэл хөдлөл давхцаад л болсон зүйл.
-Хамтлаг, дуучид эмэгтэй хүнд зориулж их дуу хийдэг болсон. Танай хамтлаг эмэгтэй хүнд зориулж дуу бүтээж байв уу?
-Зөндөө байдаг. Би эхнэр, дөрвөн охинтойгоо амьдардаг. Эхнэр бид хоёр Санхүү эдийн засгийн их сургуулийг төгссөн. Ханьтайгаа танилцаад үр хүүхэдтэй болоод 20 гаруй жил болжээ.
Би ч гэсэн эхнэртээ зориулж “Non” гэдэг дуу хийж байлаа.
…Чи миний аз жаргалын түлхүүр
Чи миний амьдралын зам
Чамтай энэ дэлхийг тойрно бас хамт өтлөх болно
Харин чи намайг битгий голоорой…
-Одоогоор ямар хамтлаг, дуучидтай хамтарч дуу хийж байгаа вэ?
-Бидэнтэй хамгийн ойр нь Lumino. Ах дүүсийн барилдлагатай, бие биедээ байнга л тусална. Одоогоор дуучин П.Баярцэнгэлтэй хамтарсан уран бүтээл хийж байгаа. Удахгүй цацагдах байх.
-Сүүлийн үед маш олон реппер гарч ирж байна. Тэдэнтэй хамтарч уран бүтээл хийх бодол бий юү?
-Үгүйсгэхгүй. Гэхдээ цензуртэй хандана. Юуг өгүүлж, юу түгээдэг, ямар үзэл санааг дуулдаг, дуулахдаа яаж эхэлж байгаа гээд үлгэр жишээ, нийгэмдээ хэрхэн хандаж буйг харна. Уран бүтээл хийнэ гэдэг зүйлийг МУГЖ Т.Ариунаа эгч сайн авч явдаг. Өөрийнхөө биеийг зөв авч явах, үлгэр дуурайлтай байх гээд л. Уран бүтээлээс гадна хувь хүний сахилга бат гэдэг зүйлийг их шаарддаг. Нийгэмдээ үлгэр жишээ болж буй уран бүтээлчидтэй хамтрахыг үгүйсгэхгүй.
-Залуучууд Rokitbay-ийг сайн уран бүтээлч гэдэг шүү дээ. Таны хувьд юу гэж боддог вэ. Дууг нь сонсдог уу?
-Үлгэр жишээ уран бүтээлч. Биеэ маш гоё авч явдаг. Илүү дутуу зан авир нийгэмд гаргадаггүй. Уран бүтээл нь чанартай. Сайн юм хийхийг эрмэлздэг. Миний хувьд хүндэлж явдаг уран бүтээлчийн нэг. Одоо харин уран бүтээлээ идэвхтэй хийгээд яваасай гэж боддог.
-Танай үеийн Desant, BigGee гээд репперүүд бий. Тэдний тухай яривал?
-Манай Desant бол маш гоё, хүндэлдэг реппер маань. Өөрийн гэсэн үзэл санаатай. Уран бүтээлийнх нь хувьд учиргүй хараал хэлээд байдаггүй ч өөрийн гэсэн өнцгөө маш гоё илэрхийлдэг. Gee бас манай үеийнх. Уран бүтээлийн хувьд манай Desant илүү.
-Монголдоо 20 жилийн ойн тоглолтоо хийлээ. Кино уран бүтээлээ ч гаргаж байна. Гадаадад тоглолт хийх үү?
-2026 оны сүүлээр дэлхийгээр таран амьдарч буй монголчууддаа албан ёсны том концертын стандарт хангасан тайз, дэлгэцтэй газар тоглолтоо хийхээр төлөвлөсөн. Энэ жилийн хувьд киногоо нээж, 21 аймагтаа гаргана. Мөн гадаадад ч гаргах байх.
-Та улс төрд нэр дэвшиж байсан билүү?
-Би ч нийгмийн идэвхтэн хүн л дээ. 2014 оноос хойш л Ардчилсан намын гишүүн хийгээд явж байна. Давхар үүрийн дарга хийнэ. Намын хорооны гишүүн. 2024 онд Нийслэлд ИТХ-д нэр дэвшсэн. 2016-2020 онд дүүргийн ИТХ-д дөрвөн жил ажилласан. Багаас нь сурч мэдээд нийгмийн ажлаа үргэлжлүүлээд л явж байгаа. Би үүнийг улс төрийн ажил гэж боддоггүй. Нийгмийн ажлын төлөөлөл гэж боддог. Би зүгээр л олныг төлөөлж байгаа хүн байхгүй юу.
-Та нэрээ өөрчлөөд Д.Мөнхчулуунтатар болгосон. Яагаад энэ шийдвэрийг гаргах болов?
-Миний нэр Дугарын Мөнхчулуун байсан. Одоо Монгол Улсын бүртгэлд байгаа нэр маань Дугарын Мөнхчулуунтатар. “Татар” бол миний нийгмийн нэр. Намайг “Татар”-ын Мөөгий л гэдэг. “Татар” бол буруу үзэл санаа түгээсэн удаагүй. Бид гурвын хувьд энэ нэр үнэ цэнтэй. Бага насны маш гоё мөрөөдөл. Хамгийн үнэ цэнэтэй мөрөөдлөөрөө амьдарч байгаа. Энэ мөрөөдлөө яагаад улсын бүртгэлд бүртгүүлж болохгүй гэж бодсон. “Татар” бол миний аав, ээж шиг хайртай зүйлүүдийн нэг учраас л нэрээ өөрчлөхөөр шийдсэн.
-Та өөрөө л шийдчихсэн үү?
-Би өөрөө л шийдчихсэн дээ. Зарим хүмүүс овог чинь өөрчлөгдөх юм уу гэж асууж байсан. Яалаа гэж, би аавын хүү хэвээр байна шүү дээ. Манай эхнэр зүгээр үү л гэсэн. Ер нь яагаад болохгүй гэж бодсон. Өөрсдийн хүсэл мөрөөдөл, үзэл санаагаар зөв зүйлийг уриалан дуудсан “Ганц олдох амьдралдаа сайхан амьдаръя даа”, Бусдын хайрыг хүндлэх, эрх чөлөөний тухай, дурлал, урам зоригийн тухай дуулсан. “Айрагаа тааваараа ууя” гээд зөв үзэл санааг түгээдэг учраас л Монгол Улсад нэрээ өөрчилж бүртгүүлсэн.
-Таны хувьд өнөөгийн хип хопын хөгжил ямар түвшинд явж байна гэж хардаг вэ?
-Сүүлийн үед гарч ирж буй дүү нар маань ая, понограмм гээд бүгдийг өөрсдөө хийдэг болж. Нэг дутагдалтай тал нь үзэл санааны хувьд үлгэр жишээ байхын хувьд зах замбараагүй. Дуугаар өсвөр насныхан хүмүүжиж даган дуурайж, амьдарч байдаг. Юу үзэж, сонирхоно түүн шигээ л болж байна гэсэн үг. Тиймээс үзэл санааны хувьд хип хоп хийж байгаа хүмүүс хэтэрхий задгай байгаа юм уу гэж харж байна. Уран сайханжуулж, яруу найрагжуулж хэлэх хэрэгтэй. Бараг л п** гэдэг үгийг энгийн хэрэглээний үг болгочихсон. Энэ магадгүй уран бүтээл, хип хоп урсгалтай холбоотой. Манай хамтлагийн хувьд хараалын үгийг уран бүтээлдээ шингээдэггүй. Үнэхээр бухимдсан зүйл байвал зүйрлэж хэлдэг. Бидний уран бүтээлийг сонсож байгаа дүү нар тэр үг хэллэгийг дуурайж шууд хүлээж авч, амьдралдаа хэрэгжүүлнэ. Тэгэхээр уран бүтээл гэдэг зүйлд нямбай, нандин хандах хэрэгтэй. Дараагийн үеийн нийгэм энэ уран бүтээлээр хүмүүжиж байгаа учраас эмзэглэдэг юм. Зах замбараагүй хараалын үг хэрэглэж өдөр тутмын “Сайн байна уу” гэдэг үг шиг болгочхож байна шүү дээ. Энэ Монгол Улсад бид цаашдаа амьдарна. Бидний үр хүүхэд ч амьдарна. Тиймээс нандин хандах хэрэгтэй л гэж боддог.
-Үзэгч, сонсогчдоо хандаж юу хэлэх вэ?
-“Татар”-ын “Бороо”-г сонсож, зарим нь “Ганцаараа”-г сонсоод хоосон байгаа тэр ертөнцийг тэр дуу дүүргэдэг, миний хамгийн сайн найз гэж хэлдэг.
“Бусдын хайрыг хүндэл”-ийг сонсохоор бусдыг хүндлэх, хайрлах тухай боддог. “Эсрэг өдөр”-ийг сонсохоор ийм болчихгүй юмсан ч гэж боддог. Архинаас гарсан ч бий. Бидэнтэй ойр, биднийг хайрлаж хүндэлж ирсэн хүмүүстэй баярлалаа. Фен клубийнхэндээ баярлалаа. Бидний хамгийн сүүлийн уран бүтээл болох “Татар”-ын түүхээс сэдэвлэсэн уран сайхны киног ирж үзээрэй. Сэтгэлийг тань чилээхгүй, оюуныг тань баясгасан, урам зориг өгсөн, хүсэл мөрөөдлийг тань бадраасан, эрч хүч авсан сайхан уран бүтээл болсон. “Татар”-ыг мэддэг сонсдог бол заавал өргөнөөр ирж үзээрэй.
Эх сурвалж: “ӨДРИЙН СОНИН”