Зун болон өвлийн цагийн хуваарьт шилжих нь эдийн засагт хэмнэлттэй гэгддэг. Тэгвэл нэгэн шинэ судалгаа ийнхүү цагийн хуваарийг өөрчлөх нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байж магадгүй гэдгийг харуулжээ.
Стэнфордын их сургуулийн эрдэмтэд судалгаа явуулж зун болон өвлийн цагийн хуваарьт шилжихийн оронд тогтмол барих нь таргалалт, цус харвалтын тохиолдлыг бууруулдаг гэх үр дүнд хүрсэн байна.
Тэрхүү судалгаа “Proceedings of National Academy of Sciences” сэтгүүлд нийтлэгджээ. Судлаачид цагийн хуваарь солигдох нь ямар нөлөө үзүүлдэгт л анхаарахын оронд байнга стандарт цаг, байнга зуны хуваарийн цаг, хоёр хуваарь хооронд шилжихийн нөлөөг шинжилсэн юм.
Сэтгэц болон зан үйлийн шинжлэх ухааны профессор Жейми Зейтцер АНУ-ын 48 мужид нарны гэрэл хэрхэн нөлөөлдгийг загварчилж, үүнийг иргэдийн эрүүл мэндийн мэдээлэлтэй харьцуулжээ. Зейтгер дээрх гурван хувилбар хүний биологийн цагт хэрхэн ачаалал өгдгийг судалсан байна. Биологийн цагт үүсэж буй ачаалал нь таргалалт, цус харвалт зэрэг янз бүрийн эмгэгүүдтэй холбоотой байдаг.
Дүн шинжилгээний үр дүнд байнгын стандарт цагтай байх нь хүний эрүүл мэндэд хамгийн бага сөрөг нөлөөтэй гэдгийг илрүүлжээ. Массачусетсийн Чаны их сургуулийн анагаах ухааны сургуулийн мэдрэлийн профессор, Америкийн нойрны анагаах ухааны академийн гишүүн Карин Жонсон энэ судалгааны талаар “2019 оноос хойш хэлж байсан зүйлийг энэ судалгаа харууллаа” гэсэн байна.
Дөрөвдүгээр сард АНУ-ын Сенатын танхимд болсон сонсголын үеэр Жонсон байнгын стандарт цагтай байхыг дэмжиж мэдүүлэг өгсөн юм. Сонсголд мэдүүлэг өгөхдөө тийм цагтай болсноор нийгмийн хуваарь нарны өдөр бүрийн цикл хооронд илүү байгалийн уялдаа холбоо үүснэ гэж хэлжээ.
Жонсон “Бидний биологийн цагийг ерөнхийдөө нар л тохируулдаг. Гэхдээ бидний биологийн цаг 24 цагаас арай урт байдаг учир биологийн цагаа тохируулахын тулд өдөр бүр нарнаас “дохио” авах хэрэгтэй. Үгүй бол бидний биологийн цаг ухарна” гэсэн байна. Үүний улмаас нойрсоход бэрхшээлтэй болж, сэрэхэд хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа алдагдах гэх мэт асуудал үүсдэг байна.
“Бид нарны цагтай биологийн цагаа нийцүүлэх тусам биеийн эрүүл мэндэд тустай, нойр сайн авч, тархины үйл ажиллагаанд тустай байх болно” гэж Жонсон хэлсэн юм.