Намдаг багшийн тухай ярихад үнэхээр бэрх хэцүү байдаг. Яагаад гэвэл түүний намтар нь өөрөө бүхэлдээ нийгмийн драм, уран бүтээл нь өөрөө монголын их утга зохиол, театрын хөгжлийн илэрхийлэмж байдаг учраас иргэн Намдагийн тухай ярих боломж хомсхон үлддэг юм. Өөрөөр хэлбэл Намдагийн тухай яриа бол ХХ зууны монголын сэхээтний давхрага бүрэлдэн буй болсон ээдрээт үйл явцын түүх, гуч, дөчөөд оны хэлмэгдлийн аймшигт бодит түүх, уран бүтээлийн унтаршгүй бадамлан ассан бүтээлийн түүх, монголын театрын үүсэл, хөгжил, төлөвшлийн төлөө ганц олдох амьдралаа ган дөрөө тасартал зориулж зүтгэсэн гайхамшигт зохиолчийн амьд түүх, хэзээ ч гутаж гуниж үзээгүй эх оронч монгол эрийн баатарлаг түүх байдаг юм аа.
Миний бие Намдаг багшийн гэрээр тав зургаан жил босгыг нь элтэл эргэлдэж, гэр сургуулийн албан ёсны шавь сургалтад бүрэн хамрагдаж суралцсан гарын таван хуруунд багтах цөөхөн амин шавь нарын нь нэг байгаа юм аа. Би багшийнхаа жүжгийн зохиолыг голлон судалдаг хүн. 1997 онд “Д.Намдагийн туршиц туурвил зүй” сэдвээр Хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалсан юм. Одоогоор Намдаг багшийн уран бүтээлээр эрдмийн зэрэг цол хамгаалсан өөр хүн хараахан гарч ирээгүй байна. Тиймээс намайг Та бүхний өмнө урьсан байх аа гэж бодож байна.
Донровын Намдаг гэж хэн байсан юм бэ? Энэ хүнийг нэхэн дурсахын утга учир юунд байна вэ? Ер нь түүний уран бүтээлийн туурвил зүйн онцлог нь юу юм бэ зэрэг энгийн асуултад багшийнхаа надад ярьж байсан амьд ярианд түшиглэж дурсамж голлосон цөөхөн хэдэн санааг хэлж, та бүхэнтэйгээ Намдаг багшийн оюуны ертөнцөөр аялж, санал солилцохыг хүсч байна.
Би сайн санаж байна. 1978 оны 10-р сарын 14-ний өдөр Намдаг багштай Монголын зохиолчдын хорооны байранд анх тааралдаж Данзанравжаа догшин ноён хутагтын тухай асуусан юм. Намдаг гуай намайг айхтар сүрхий том харснаа юу ч хэлсэнгүй дагуулаад гарсан. Тэгээд Улсын их дэлгүүрийн ард байдаг гэртээ ирж варианы шилэнд дүрдэг пилетик хийж баахуу цай уух зуураа ингэж ярьсан юм.
Намдаг багш ингэж хэлсэн:
“Үзэл санааг үе урагтай нь холбон үзэж гэмээ нь материалист болно. Данзанравжаагийн үед шүтэн бишрэх асуудал хурц байв. Тэр нь түүний үе цаг нь байгаа юм. Данзанравжаа шашнаа ариутгахын үүднээс шүүмжилэн бичсэн. Шашнаа хамгаалахын тулд халаглаж бичсэн. Утга зохиолын гүн ухаан түүнд их бий. Зохиол бүтээл нь амьдралын амьд үг рүү тэмүүлсэн байдаг. Данзанравжаа бол номлогч биш, зохиолч хүний ёсоор ертөнцийг таниулагч юм. Амьдралыг судлагч эрэлчин хүн. Ард түмний хүсэл түүний цус маханд шингэсэн. Тиймээс ч ардын дундаас төрсөн авьяастан байв”
Догшин ноён хутагтын тухай шивнэж ярьдаг байсан социализмын үзэл суртлын хүнд бэрх шүүлтүүрт тэр үед Данзанравжааг шашны номлогч гэхээсээ илүү зохиолч хүний ёсоор ертөнцийг таниулагч гэж тодолж, ардын дундаас төрсөн авьяастан гэж тодруулан хэлж байна. Одоо бол ингэж хэлэх ердийн зүйл, харин тэр үед бол үнэнийг үнэнээр нь илэрхийлсэн эр зориг байсан юм шүү. Би энэ өдрийн ярианаас хоёр зүйл ойлгосны нэг дэх нь Намдаг багшийн номын багш, сэтгэлийн багш, итгэлийн багш нь Догшин ноён хутагт Данзанравжаа юм байна гэж бодсон. Багшаас тодруулж асуухад “Надад багш байхгүй. Амьдрал миний багш” гэж хэлээд инээгээд өнгөрсөн. Тэгэхдээ би одоо хүртэл Намдаг багшийн уран бүтээлийн номын багш нь Равжаа хутагт гэж бодож явдаг аа.
Хоёр дахь нь уран бүтээлч хүнд нийгмийн нөлөө бүхий өөрийн нь үе цаг гэж байдаг юм байна гэсэн ойлголтыг авсан юм. “Данзанравжаагийн үед шүтэн бишрэх асуудал хурц байв. Тэр нь түүний үе цаг нь байгаа юм” гэсэн энэ үг Донровын Намдагийн үед үзэл суртлын асуудал хурц байв. Тэр нь Намдаг үе цаг нь юм байна. Тэр нь “Цаг төрийн үймээн” роман, нийгмийн драмын жүжгүүдэд тусгалаа олсон юм байна гэж ойлгосон юм. Зөвхөн цухасхан дурдаж буй энэ бяцхан ярианаас та бүхэн Донровын Намдагийн баримталж байсан нийгмийн үзэл санаа, гүн бодлогын тухай ойлголт авч байгаа гэж бодож байна. Донровын Намдаг бол яавч дэрэвсэн туг дагаж намирдаг, салхилдаг хүн байгаагүй юм.
Энэ ярианаас 12 хоногийн дараа буюу 1978 оны 10-р сарын 26-нд нэг айхтар үг хэлсэн. “Урлагийг хийхэд мөнгө хэрэгтэй. Харин мөнгөний төлөө их урлагийг ашиглах учиргүй” гэсэн. Одоо энэ үгийг хуучирсан, бүдүүлэг үг гэх үү. Мөнгө босгох нь нь урлаг болтлоо хөгжсөн, урлаг нь мөнгөн цээж, алтан бөгстэй болж буй энэ үе энэ үгийг яаж ухаарах нь чөлөөтэй болж байх шиг байна. Миний бодлоор бол зах зээлийн үеийн урлаг нь алт мөнгөнд уусах уусмал бус, харин ч урлагийн дээд хэмжүүр нь урлаг мөн чанар өөрөө юм шүү гэсэн өвгөн багшийн айлдвар гэж ухаарч байна. Энэ өдрийн ярианд бас нэг зүйлийг онцолсон. Тэр нь уран бүтээлийн бүтээлч, ажил хэрэгч, чин сэтгэлийн маргааны тухай байсан юм.
Намдаг багш ингэж хэлсэн:
“Бидэнд маргаан их чухал. Амьдралд үнэн, өгөөжтэй, унацтай зүйлийн тухай ярих хэрэгтэй. Хүний сэтгэлийг хөдөлгөөнд оруулах юмсан. Манай утга зохиол хүний сэтгэлийг аянд нь ийм болгодог арга юу байна. Байж болох уу? Сайн зохиол ийм л байдаг. Бүгдийг уран бүтээлд шууд ил хэлдэггүй. Ил хэлсэн бүхэн алдаа болно. Энэ нь урлагийн нууц, хамгийн хэцүү нь”
Намдаг багш бас ингэж нэмж хэлсэн:
“Амьдрал зөвхөн хар цагаан бус янз бүрийн өнгөтэй байдаг. Ухааныг тэлж, амьдралыг таних арга юу байна? Хүн бол гоо сайхныг мөрөөдөгч. Тэгэхдээ өнгө будганд их хууртагдагч. Өнгө будгийн гоо сайхныг бид үгүйсгэхгүй. Харин хэтрүүлэл байж болохгүй. Баганыг өөрийг нь даахаа больтол нь чимэхтэй адил”
Багшийн үед уран бүтээлийн гол баганыг нь даахаа больтол магтдаг, чимдэг магтаалын уран зохиол мандаж байсан бол манийн үед уран бүтээл, уран бүтээлчийн гол баганыг ганхтал нь цахим ертөнц, сошил орчны шар үер цутгаж байна. Энэ хоёр туйлшралын мөн чанар үнэндээ адилхан юм. Тиймээс өвгөн багшийн “хэтрүүлж болохгүй” гэсэн захиасыг эргэцүүлэн бодмоор, ухаарч ойлгомоор санагдаж байна.
Намдаг багш социализмыг магтан дуулдаг зөрчилгүй онол бүхий уран зохиолоос татгалзаж уран бүтээлч маргааныг ямагт чухалчилдаг байсан нь цаг үетэйгээ зөрчилдөх нэгэн зүйл болж байсан юм. Тиймээс “Ил хэлсэн бүхэн алдаа болно. Энэ нь урлагийн нууц, хамгийн хэцүү нь” гэж шууд томъёолон хэлж байна. Энэ бол тэр үеийн нийгмийн хандлагын илэрхийлэл төдийгүй Хэвлэл утга зохиол хянах газар буюу главлетийн гол хэмжүүр нь болж байсан юм.
Ойлгомжгүй зүйлс олон байдаг. Нэг жишээ хэлье. Намдаг багшийн 70 насны ой болох гэж, түүнд зориулж хэвлүүлэх гэж байсан номыг хэвлэхээс тэр үеийн главлет татгалзаж буцаасан түүхийг би мэдэх юм. Бие нь тааруухан байсан тэр үед энэ нь хүнд цохилт болж байсан. 1962 онд Төрийн шагнал хүртсэн “Цаг төрийн үймээн” романыг 19 жилийн дараа буюу 1981 онд 70 насны ойд зориулсан номд оруулсныг “намын үзэл суртлын шаардлага хангахгүй” гэх шалтгаанаар буцаасан Главлетийн 118 тоот буцаалтын бичгийн агуулгыг би одоо болтол ойлгодоггүй юм.
Хилс хэргээр хоёр удаа шоронд ял эдэлж суллагдсанаас хойш 10 жилийн дараа буюу 1958.10.27-нд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн газрын дэргэдэх Цагаатгах ажлыг эрхлэх комиссын хурлын 44-р тогтоолоор цагаатгадсан. Гэтэл энэ нь түүнээс хойш 33 жилийн дараа болж буй хэрэг явдал юм. Тэгэхээр Намдаг багш бараг бүх насаараа бичиж нийтлэх эрх нь хязгаарлагдсан, хяналтад байсныг харуулж байна. Ийм хэцүү амьдралыг туулсан хүнийг өнөөдөр эргэн санах төдийгүй эргэн нээх, эргэн алдаршуулах нь хойч үеийнхний үүрэг гэж бодож байна. Донровын Намдаг бол уран бүтээлийн эрх чөлөө, хүний эрх, эрх чөлөөний төлөө тэмцсэн тэмцлийн гэрэлт бамбар байсан юм шүү.
Намдаг багш хоёр удаа хэлсээр яллагдаж шоронд хоригдож байсан. Эхнийх нь 1932.05.16.-ны өдрийн 23 цагт гэрээс нь баривчилж Японы тагнуул гэж 8 удаа тамлан байцааж 1932 оны 10-р сарын дундуур сулласан. Шоронгоос гарч ирэхэд анхны хань 18 настай, бие давхар Лхам нас барчихсан байсан.
Дараа нь германы тагнуул гэх хэргээр 1941.10.09-нд баривчилсан. Тэгээд 1943.12.18-ны өдөр хүртэл гурван жил шахам эрүүдэн байцаасны эцэст 7 жилээр ялласан. 1947.07.10-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан. Шоронгоос гарч ирэхэд гурван хүүхдийн эх болох Гажидмаа нь өөр хүнтэй суучихсан, оочих аяга, очих орон гэргүй болчихсон байсан. Ялын хугацаа дууссан ч 1958.10.27-ны өдөр хүртэл сонгуульд санал өгөх, хэвлэн нийтлэх эрх нь хязгаарлагдсан хэвээр байсан юм. Түүгээр ч зогсохгүй энэ мөрдлөгө хавчилага үргэлжилсээр байсныг 1981 онд 70 насны ойд зориулан бэлтгэсэн сонгомол түүврийг нь хэвлэхээс татгалзсан Главлетийн шийдвэрээс тов тодорхой харагдаж байна. Тиймээс багш маань насан туршдаа хүнд дарамтад байсан, түүнийг сөрж ямар гайхамшигт бүтээлүүдийг туурвиж байсныг бид өнөөдрийн өндөрлөгөөс үнэн мөнөөр нь ойлгон харах, хайрлах учиртай гэж бодож байна.
Утга зохиолын өдрүүдийг зохион байгуулагчийн зүгээс, тодруулбал Я.Баяраа намайг Эрдмийн зэрэг хамгаалсан зохиолынхоо тухай ярь гэсэн. Донровын Намдагийн уран бүтээлийн туурвил зүйн талаар эрдэм шинжилгээний үнэлэлт дүгнэлт бүхий олон зүйлийг онцолж болно. Түүний туурвил зүйн онцлогийг бас ганц үгээр ч томъёолж болно. Тэр нь багшийн өөрийн нь үг. Намдаг багш “Миний бүтээл бүхэн туршлага” гэж хэлсэн. Түүнийг нь би “туршиц туурил зүй” гэж үргэлжлүүлсэн.
Ер нь Донровын Намдагийн уран бүтээлтийн туурвил зүйн онцлог нь нийгмийн сэтгэл зүйн зөн совин мэт мэдрэмжийн шинжтэй, түүхэн ба уран сайхны үнэний харилцан шүтэлцээний нээлтийн мөн чанартай бөгөөд үе үеийн шинэчлэлийн магнай болж түүчээлж явсанд оршино гэж товч тодорхойлж болно. Тухайлбал гучаад онд “Сүрэг чоно”, “Амь ба амьдралын үнэ” жүжгээрээ хувьсгалын шинэ үеийн мэдрэмжийг, дөчөөд онд “Шарай голын гурван хаан”, “Их хурим” жүжгээрээ эх оронч үзэл, хүмүүний сэтгэлгээний өөрчлөлтийг, тавиад онд “Шинэ зам” жүжгээрээ нийгмийн бүтээн байгуулалын шинэ хандлагыг, жараад онд “Шинэ байшинд”, “Хярааны хонхорт”, “Ээдрээ” жүжгээрээ орчин цагийн шинэ орчин, нийгмийн түүхэн драмыг, далаад онд “Наянчулууны ой”, “Оролмаа”, “Эрдэмтний яриа” жүжгээрээ хүн чанарын дуудлага гэмээр агуулгыг илэрхийлсэн нь монголын жүжгийн зохиол, театрын урлагийн хөгжлийн үе цагийн чиг хандлагыг тодорхойлж байсныг онцлох нь зүйтэй. Донровын Намдаг ХХ зууны монголын театр, жүжгийн зохиолын хагас зуун жилийг хаан хүн шиг эзэгнэж, бүх цаг үеийн шинэчлэгч байсан нь дахин давтагдашгүй гайхамшиг гэж хэлж болно.
Би нэг удаа Намдаг багшийн насны хань Баасансүрэн эгчээс Намдаг багшийн тухай асуусан юм. Тэгсэн “Намдаг бол хэзээ ч гуниж, гутардаггүй хүн” гэж хэлсэн. Энэ бол туйлын үнэн. Намдаг багш “Герман явахад намайг нохой ч гаргаж өгөөгүй, татагдаад ирэхэд тахиа ч донгодож угтаагүй. Тэгэхдээ би хүүхдүүдийн нэгэн адил хөөрч дэвэрч л явсан” гэж надад ярьж байсан. Багш маань хилс хэргийн улмаас яллагдаж, хоригдож байсан тухайгаа ярих дургүй, ярихдаа улс төрийн хэлмэгдэл эн тэр гэж ер ярихгүй “золгүй явдал” л гэж хэлдэг байсан. Тэрбээр “Үрэгдсэнийг хүлээгч” зэрэг сэтгэл зүйн драм бичиж байснаас биш хэлмэгдлээ эн тэр гэж өөрийгөө өрөвдүүлэх өчүүхэн ч зүйл ярихгүй, гоншигносон хонзогносон зохиол бичиж байсангүй. “Тогос хээр” гэдэг гэгээн гэрэлт шүлгийн ганц түүвэр хэвлүүлсэн. Тэр номыг шоронд байхдаа бичсэн. Насан туршдаа амьдралын гэрэл гэгээ түүж амьдарсан ийм л гэгээн тунгалаг уран бүтээлч байсан юм.
Эцэст нь нэг зүйлийг онцолж хэлье. Авъяасын тухай. Намдаг багш авъяасыг дээдэлдэг, авъяастныг дэмждэг хүн байсан. Тиймээс гэр сургууль, шавь сургалтыг явуулж байсан юм. 1980.10.17-ны өдрийн багшийн хичээлээс иш татъя.
Намдаг багш ингэж хэлсэн:
“Жүжиг бичсэн ч, судалсан ч авъяас хэрэгтэй. Авъяасгүйгээр бүтэхгүй. Авьяас гэдэг асар том юм. Германы Гегель Марксын багш. Гегель байж гэмээ нь Маркс гарчээ. Маш олон талаас бүтсэн, олон талын мэдэц, мэдрэмж нийлсэн тэр гэж хэлж болохгүй олон талын бүрдлийг авьяас гэж Маркс хэлсэн. Хүний сэтгэлийн аугаа их эмзэглэлийг би авъяас гэж боддог. “Олон талт” гэдэг дээр би үүнийг нэмэх гэж байна”
Авьяасын тухай Намдаг багшийн томъёоллыг ийнхүү бичиж авсан маань аз болсон юм. “Авъяас бол аугаа их эмзэглэл” гэх энэ үгийг тэр үед олон хэлж байгаагүй ч одоо нийтэд тархсан, дархлагдсан хэлц үг болсон байна.
Донровын Намдаг хэмээх дорны их зохиолчийн аугаа их эмзэглэлээс төрсөн гайхамшигт бүтээл туурвил “Цаг төрийн үймээн”-т он жилүүдийн “Ээдрээ”-г тайлах үнэ цэнтэй туурвил зүйн хүрээг үүсгэсээр байгаа нь өнөөдөр ч та бидний тархи оюунд гүн суусан хэвээр байна.
Авъяас бол аргагүй л аугаа их эмзэглэл юм байна аа.
Монгол Улсын Соёлын Гавъяат зүтгэлтэн, Хэл бичгийн ухааны доктор Ү.Хүрэлбаатар