Монгол поп операг жинхэнэ утгаар нь мэдрүүлж байгаа “Увертюра” хамтлагийн таван жилийн ой өнөө жил тохиож байгаа билээ. Тиймээс тус хамтлагийнхан таван жилийнхээ ойн хүрээнд маш олон ажил зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Энэ талаар “Увертюра” хамтлагийн ахлагч Г.Пүрэвдагватай ярилцлаа.
-Энэ жил “Увертюра” хамтлагийн таван жилийн ой тохиож байгаа. Ойн хүрээнд ямар үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?
-Ойн хүрээнд олон ажил хийхээр төлөвлөөд байгаа. Хамгийн том нь бие даасан хоёр дахь цомгоо Бээжингийн номер нэг оркестортой хамтарч гаргахаар болоод байна. Ингэснээрээ бид Монголын уран бүтээлчдээс анхдагч нь болж байгаа юм. Ойрын үед бол хөдөө орон нутгаар явж “Төгсгөлгүй эхлэл” тоглолтоо тоглож байна. Сая Зүүнхараа, Дархан, Эрдэнэтээр явсан. Одоо Зүүн тийшээ Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Багахангайд очиж тоглохоор төлөвлөөд байна.
-DVD-гээ гаргах гэж байсан, бэлэн болсон уу?
-Зүүн аймгуудын сонсогчдод тоглолтоо хүргэчихэж ирээд DVD-гээ гаргахаар төлөвлөж байна. Уг нь энэ сарын ихээр гаргах гээд ажиллаж байсан ч арай л амжсангүй. Ерөнхийдөө эх бэлтгэл гээд бүх зүйл нь бэлэн болсон байгаа. DVD-гээ гаргачихаад тодорхой хэмжээнд баяр хийнэ. DVD маань тавдугаар сард бэлэн болоод, сонгсогчдын гарт хүрчих байх. Энэ DVD-нд “Төгсгөлгүй эхлэл” нэртэй тоглолт багтана. Мөн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн бүх клип, дуунуудаа оруулна. Гадаадад тоглосон тоглолтуудаа ч оруулж байгаа. Ерөнхийдөө “Увертюра” хамтлагийн өнгөрсөн жилүүдэд хийсэн бүхий л уран бүтээлийн эмхэтгэл болж гарах юм.
-Хоёр дахь цомгийн ажил эхэлчихсэн явж байгаа байх шүү?
-Хоёр дахь цомгийн ажилдаа орчихсон. “Амьддаа бие биеээ хайрла”, “Тэнгэр ээж минь” өршөө зэрэг хуучин цомогт багтаагүй дуунуудаа эмхэтгэж, дээрээс нь шинэ уран бүтээлээ нэмээд шинэ ауди цомог гаргах юм. Гэхдээ ирэх намраас бэлэн болох юм болов уу. Дээрээс нь ирэх намраас таван жилийн ойн хүндэтгэлийн концерт хийнэ. Мөн нэг мюзикл хийхээр төлөвлөж байна.
-Зохиол нь бэлэн болсон уу?
-Ерөнхийдөө зохиолын ажил эхлээд, бэлтгээд явж байна. Одоохондоо мюзиклын талаар дэлгэмээргүй байна. Ерөнхийдөө бид ирэх намар үзэгчдэд толилуулна.
-Гадаадын орнууд руу явж тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа сураг байсан?
-Энэ жил гадагшаа явахаар төлөвлөөд байна. Таван жилийн ойн хүрээнд илүү эрчимтэй хөдөлмөрлөж, олон сонсогчдод уран бүтээлээ хүргэхээр зорьж байна. Юуны өмнө Хятад руу явна. Түүний дараа Америк, Солонгос, Япон руу явахаар төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа. Солонгосын нийслэл Сөүл хотод гэхэд ирэх зун “Төгсгөлгүй эхлэл” тоглолтоо хүргэнэ. 500-700 хүний суудалтай филармонийн танхимд тоглохоор бэлтгэл ажлаа хангаж байна. Гэхдээ бид дээрх улсын оркестортой хамтарна. Яагаад Монголын уран бүтээлчид гадаадын оркестортой хамтарч болохгүй гэж. Тэгсэн хэрнээ Монгол дуугаа монголоороо дуулахаар гоё биз дээ. Бид бүх дууныхаа нотыг явуулчихсан байгаа. Нот өөрөө дэлхийн хэл болохоор ойлголцохгүй байна гэж үгүй. Тэдэнтэй бид хамтарч ажиллаж байгаагийн гол зорилго нь өнгөрсөн хугацаандаа дүгнэлт хийж өнөө цагтаа шинэчлэл, ирээдүйгээ өөрчлөхөд л байгаа юм. Мөн есдүгээр сард Японд тоглоно. Гэхдээ бид гадаадад суугаа монголчууддаа биш гадаадынханд Монголын урлаг ингэж хөгжиж байгаа юм шүү гэдгийг харуулах гэсэн юм. Гадаадад суугаа монголчууд мэдээж бидний уран бүтээлийг сонсч, мэддэг болохоор илүүц.
-Сөүлийн оркестортой хамтарч ажиллахаа хэзээ шийдэв?
-Шинэ жилийн дараахан. Манай баг тэнд ажиллаж байгаа юм, тэд л энэ ажлыг амжууллаа. Гэхдээ тэд аль оркейстор нь зүгээр юм гэдгийг судалж байгаад Сөүлийн үндэсний оркейстортой биднийг холбож өгсөн. Бас баячуудын амьдардаг Гангнам хороололд тоглохоор ярьж байгаа. Хараахан шийдвэрлэгдээгүй байна.
-“Амьддаа бие биеэ хайрла” дуундаа клип хийх гээд зохиолын уралдаан зарласан байсан. Шалгаруулсан уу?
-Зохиолын уралдаан зарласан. Шалгаруулалт нь хугацаанаас хойшилчихсон байгаа. Хүмүүс янз бүрийн зохиол ирүүлж л байна. Гэхдээ яг бидний хүссэн зохиол орж ирээгүй байгаа учраас түр хойшлуулчихаад л байж байна.
-Та нар ямархуу зохиол байвал зүгээр юм гэж бодож байна вэ?
-Энгийн биш хэрнээ далд утгатай байвал зүгээр юм уу даа. Тухайн клипийг гарахаар хүмүүс үзээд “Нээрээ энэ үйл явдал өдөр бүр бидний амьдралд давтагддаг хэрнээ яагаад анзаардаггүй юм бол” гэж бодохоор илэрхийлэгдсэн байвал сайн. Ийм л зохиол явуулчихвал бид найруулагчидтайгаа хамтарч байгаад уран сайхнаар гаргачихна. Дуу, Бээжингийн оркейстор бэлэн байна. Зөвхөн гал ассан зохиолын санаа л хэрэгтэй байгаа юм.
Н.Пунцагболд
Эх сурвалж: www.mminfo.mn