Мексикийн алдарт зураач Фрида Калогийн “El sueño (La cama)” /англиар “The Dream (The Bed)”/ бүтээлийг энэ сарын сүүлчээр үнэ хаялцуулах үед 40-60 сая ам.долларын үнэд хүрч зарагдах төлөвтэй байна. Ингэснээр эмэгтэй уран бүтээлчийн, мөн Латин Америкийн уран бүтээлчийн хамгийн өндөр үнэд хүрсэн бүтээл болох юм.
“Sotheby’s” дуудлага худалдааны ордон энэхүү зургийг Лондон, Абу-Даби, Хонконг, Парист дэлгэн үзүүлсний дараа арваннэгдүгээр сарын 20-нд Нью-Йорк хотод үнэ хаялцуулах ажээ. “Энэ бол бүтээлийн үнийг таамаглах мөч” гэж Мексикийн урлагийн түүхч, “El listón y la bomba. El arte de Frida Kahlo” номын зохиолч Хелена Чавес Мак Грегор хэлжээ.
Мексикт Фрида Калогийн бүтээлийг урлагийн бүтээлийг хамгаалах тунхаглалын хүрээнд хамгаалдаг бөгөөд энэ нь тус улсын нутаг дэвсгэр дэх бүтээлүүдийг зарах, устгах боломжгүй гэсэн үг юм. Харин хилийн чанадад байгаа хувийн цуглуулгаас авсан бүтээлүүд, тухайлбал эзэмшигч нь тодорхойгүй байгаа зураг зэргийг олон улсын хэмжээнд хуулийн дагуу худалдаалах боломжтой.
Эмэгтэй уран бүтээлчийн туурвисан бүтээлүүдээс хамгийн өндөр үнэ хүрсэн бүтээл бол 2014 онд “Sotheby’s”-ын дуудлага худалдаагаар 44.4 сая ам.доллароор зарагдсан Жоржиа О’Кифийн “Jimson Weed/White Flower No. 1” юм. Гэхдээ ямар ч эмэгтэй уран бүтээлч эрэгтэй уран бүтээлчийн тогтоосон үнийн дээд үзүүлэлтийг давж чадаагүй байна. 2017 онд “Christie’s”-ын дуудлага худалдаагаар 450.3 сая ам.доллароор зарагдсан, Леонардо да Винчигийн “Salvator Mundi” бүтээл одоогоор хамгийн өндөр үнэд хүрч, дээд амжилт тогтоогоод байна.

