Өнөөдөр дэлхий нийтэд нэн тулгамдаад байгаа чухал асуудал цэвэр ус болоод байна. Хэдийгээр өнөөдрийн өдөр тутмын амьдралд төдийлөн анзаарагдахгүй байгаа энэ асуудал ойрын хэдхэн жилийн дотор улс орны өмнө тулгамдсан толгойны өвчин болж мэдэхээр байгаа юм.
Тийм ч учраас үүнд санаа зовж, сэтгэлээ чилээсэн иргэд зүгээр хараад суухыг хүссэнгүй. Тэд нийлж дэлхийн Усны өдөр буюу гуравдугаар сарын 22-ны өдөр Хатан туулаа хамгаалах үндэсний хөдөлгөөнийг үүсгэн байгуулж, Сэлбэ голоо хайрлан хагаалж, цаашид эх ундаргыг нь сэргээж, урсацыг нь бохирдуулахгүй байх уриалгыг гарган, ус арвижуулах арга хэмжээг зохион байгуулж байсан. Тус хөдөлгөөний тэргүүнээр усны гэгддэг З.Батбаяр ажилладаг бол хөдөлгөөний Ерөнхий зохицуулагчаар Б.Жагар ажилладаг байна. Б.Жагартай Туул голын ай савыг хамгаалахаар энэ сарын 24-нд зохион байгуулсан ажлынх нь үеэр уулзаж ярилцлаа.
Та бүхэн Хатан Туулаа хамгаалах арга хэмжээг их өргөн хүрээнд зохион байгууллаа. Энэ талаараа яриач?
Улаанбаатар өнөөдөр дэлхийн томоохон хотуудын хэмжээнд нэгэнт хүрсэн. Ийм цаг үед бид ундны цэвэр усыг хамгаалах талаар дуугарч, нийслэлийн иргэд бид өөрсдөө үлгэр дууриал үзүүлэх ёстой. Ингэж байж бид Туул голыг урт удаан хугацаанд бохирдолгүй, ундаргыг нь хамгаалах замаар оршин тогтлуулах боломжтой юм. Ингэж чадахгүй бол Туул гол ч байхгүй, цаашлаад Улаанбаатар ч байхгүй гэсэн үг. Намайг хүүхэд байхад Туул голын урсац, түүний цэвэр тунгалаг байдал одоогийнхтой харьцуулашгүй байсан. Өнөөдөр иргэдийн буруутай үйл ажиллагаа, голын эрэг дагасан барилгын үйл ажиллагаа, хайрга дайрга олборлосон уурхайн карьер, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн дутуу шүүгдсэн ус зэргээс болоод Улаанбаатарын амин судас болсон Туул голын хувь заяа хүндхэн байдал тулж ирээд байна. Тийм учраас иргэд бид өөрсдийн үүсгэл санаачилга, ус голоо гэсэн чин сэтгэлийн нэгтгэлд тулгуурлан Туул голоо хамгаалах Үндэсний хөдөлгөөн Туул голын усыг арвижуулах билэгтэй арга хэмжээг зохион байгуулж, дээрээс нь Туулын эрэг хөвөө дагуух нэг км газарт цэвэрлэгээ хийлээ. Бидний энэхүү арга хэмжээнд монголын маань нэгэн сайхан голоор нэрлэгдсэн Орхон Их сургууль, 1500 гаруй оюутан залуус, багш ажилчид нэгдэж, өөрсдийн гар биеэр үлгэр дууриал үзүүлэн, Туул голоо хамгаалах үйлсэд нэгдсэн. Мөн дээрээс нь Хан- Уул дүүргийн дөрөв, 11, 12, 14 дүгээр хорооны иргэд, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн залуучууд ч сэтгэл зүрхээрээ нэгдлээ.
Байгалиа хамгаалах, ялангуяа өөрсдийн амьдарч байгаа газрынхаа амин судас болсон цэвэр усыг хамгаалахад залуус нэгдэж байгаа нь сайхан санагдлаа. Энэ нь өөрөө нийгэмд бас л хүчтэй мессеж өгч байна шүү?
Тийм ээ. Орхон Их сургуулийн оюутан залуус үнэхээр байгаль дэлхийгээ, тэр дундаа ундны цэвэр усыг хамгаалах чиглэлд бидэнтэй нэгдсэн нь үнэхээр сайн зүйл болсон. Энэ байдлаас харахад манай ирээдүйн боловсон хүчинг бэлтгэж байгаа их, дээд сургуулиуд оюутан залууст мэргэжлийн мэдлэг мэдээллийг олгохоос гадна байгаль экологитойгоо зөв харьцах, түүнийг хамгаалахын төлөө дуу хоолойгоо нэгтгэж чаддаг төлөвшлийг олгоход анхаарах хэрэгтэй санагдсан. 1500 залуус өөрсдөө гол ус минь ариун дагшин байж, үеийн үед урсаж байгаасай гэж цэвэр усанд хүслээ шивнэж Туул голдоо тэрхүү усаа хийж, өөрсдөө эрэг дагуух газрыг нь цэвэрлэсэн. Өөрсдөө ийм хандлагаар хандчихаад тэд лав ахиж ямар нэг байдлаар гол ус бохирдуулахгүй нь лавтай. Мөн тэдний найз нөхөд, гэр бүл гээд бүгд энэ хандлагаар асуудалд хандах болно. Инэгэхээр энэ өөрөө их үр дүнтэй ажил гэдэг нь харагдаад багаа. Нөгөө талаар бидний зохион байгуулсан энэ ажлын дараагаар өөр олон сургуулийн оюутан залуус, Улаанбаатар хотын маань иргэд бидэнтэй хамтарч ажиллах, хөдөлгөөнд нэгдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна. Энэ бол том дэвшил. Бид өдөр болгон очиж Туул голоо цэвэрлэж, хамгаалаад байж бас чадахгүй нь үнэн. Тиймээс энэ арга хэмжээгээр бид өөр нэг чухал ажлыг эхлүүлсэн.
Тэр нь юу юм бэ?
Бид иргэн бүр 100 төгрөг хэмээх хандивын аяныг эхлүүлсэн. Хувь хүн 100 төгрөгөөр ганц өөртөө хөрөнгө оруулалт хийж чадахгүй ч Монгол Улсын гурван сая орчим иргэд 100 төгрөгөө нийлүүлж, нийгмийн сайн сайханд зориулж, тодорхой нэг зорилгод хандивлаж чадвал энэ өөрөө үеийн үед мартагдахааргүй хөрөнгө оруулалт болж чадна. Өөрөөр хэлбэл бид орон даяар 100 төгрөгийн хандвын аяныг зохион байгуулж тэндээс цугласан мөнгөөр Туул голыг хамгаалах маш сайн төслийг санхүүжүүлнэ. Энэ бол бодит ажил. Эхний байдлаар Орхон их сургуулийн оюутан залуус энэ хандивт өөрсдийн гар бие оролцож чамгүй мөнгө цугларсан. Бид хандвын арга хэмжээгээ цааш үргэлжлүүлэн явуулна.
Хүмүүс та бид хоёрын ярилцлагыг уншаад хэрхэн холбогдох вэ, хөдөлгөөнд хандив яаж өгөх вэ гэж бодож байгаа байх. Та бүхний уул усаа гэсэн энэ чин сэтгэлийн хөдөлгөөнд нэгдэх хүсэлтэй иргэдэд энэ талаар мэдээлэл өгөөч?
Байгаль дэлхийн баялаг, тэр дундаа цэвэр ус бол хүн бүрт хамаатай, бүх нийтийн хамгаалбал зохих өмч яах аргагүй мөн. Энэ утгаараа бидэнтэй нэгдэж, хамтран гол усаа хамгаалах гэсэн иргэд бага биш байгаа нь ойлгомжтой. Тиймээс манай хөдөлгөөнд нэгдэхийг хүссэн иргэд 89999939, 94941881 гэсэн утсаар холбогдох буюу, манай хөдөлгөөний DALD HUN фэйсбүүк хуудсанд хандаж, нэгдэх боломжтой. Ер нь өнөөдөр хүн бүр интертэд орчинд өөрийн гэсэн орон зайтай, түүгээрээ дамжуулан үзэл бодлоо илэрхийлэх боломж нь бүрэн нээлттэй болсон. Тиймээс энд миний зүгээс уриалахад хүн бүр Твиттэртээ орохдоо өдөрт нэг удаа гол усаа хамгаалах агуулгатай өгүүлбэр бичээд байх юм бол олны хүч оломгүй далай гэдэг шиг ирээдүй хойчийн маань амьдрах үндэс болсон гол улсыг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулж байна гэсэн үг. Ер нь өнөөдөр байгаль орчны доройтол, ундны цэвэр усны хомсдол өдрөөс өдөрт нэгэдээд байгаа нь өнөөгийн хууль эрх зүйн орчин ч хангалттай бус байгааг харуулж байгаа юм. Тиймээс хүн бүр энэ талаар дуугарч үзэл бодлоо илэрхийлэх нь юу юунаас илүү чухал байна. 30 жилийн дараа Монгол Улсын эдийн засаг, уул уурхайн тухай асуудал биш хүн амьд байх үндэс болсон ундны цэвэр усны асуудал зовлон болчих гээд байна. Тиймээс ирээдүйнхээ өмнө өртэй, тэдэндээ зовлон өвлүүлэхгүйн тулд өнөөдрөөс бид нэгдэж, дуу хоолойгоо нэгтгэх шаардлага байна.
www.URLAG.mn