Шатар хэзээ үүссэн нь тодорхойгүй. Зарим судлаачид одоогоос хоёр мянган жилийн тэртээ Энэтхэгт үүссэн гэж үздэг байна. Гэхдээ энэ нь нотлогдоогүй баримт. Тухайн үед Энэтхэгт одоогийн шатартай төстэй наадгай байсан гэнэ. Харин зарим эрдэмтэд Монголд үүссэн гэж үзэх баримт бий. Жишээлбэл 2009 оны Америкийн хэвлэлүүдээр шуугиан тарьсан "Монгол ухаан шатраас ихтэй” гэсэн нэгэн нийтлэлд монголд анхны шатар үүссэн гэж бичжээ. Мөн монголчууд манай тооллын XIII зууны үед Персээр дамжуулан Арабаас шатар авсан байж болзошгүй гэсэн таамаглал ч байна. Ийнхүү шатрын тухай ярьсан учир нь энэ удаагийн "Танин мэдэхүй” булангаа "Оюун ухааны музей”-н шатрын танхимаас бэлтгэсэнтэй холбоотой юм.
Дэлхийд ганцхан гэсэн тодотголтой "Оюун ухааны музей”-н хаалгаар ороход л өөр орчин, өвөрмөц содон мэдрэмж төрсөн юм. Биднийг ороход танхимд сургуулийн бага болон дунд ангийн хэсэг хүүхдүүд оньсон тоглоомын хэсэгт бужигнаж байлаа. Тэд дөрвөлжин, шоо хэлбэртэй тоглоомыг сонирхож, эвлүүлэх гэж оролдоно. Музейг үүсгэн байгуулагч, З.Түмэн-Өлзий гуайн бүтээсэн гайхамшигт бүтээл музейд олон бий. Түүнийг багад нь лам болгоно гэдэг байжээ. Гэвч үеийнхээ хүүхдүүдээс эрдэм номоор хоцрохгүй гэсэндээ Завхан аймгийн Нөмрөг сумын бага сургуульд өөрөө очоод бүртгүүлчихэж. Бяцхан З.Түмэн-Өлзийгийн зохион бүтээгч болсон нь ээжээс нь эхтэй гэнэ. Өвөөгийнх нь тоглодог байсан оньсон тоглоомыг түүнд өгснөөр оньслохуйн ухааныг шимтэн сонирхох болжээ. Сар гаруй оньсон тоглоомоо эвлүүлэх гээд чадсангүй. Сүүлд нь тэр тоглоомынх нь нэг оньс байхгүй байсныг мэдсэн байна. Өөрөө оньс нэмж хийснээр тоглоом нь бүрэн болж сурагч З.Түмэн-Өлзий өдрийн ихэнх цагийг зөвхөн тоглоомоо судлахад зориулдаг болсон гэнэ. Үүнээс хойш оньсон тоглоом бүтээе гэсэн хүсэлтэй болж. Тэрээр амьдралынхаа 50 гаруй жилийг зөвхөн энэ ухаанд зориулсан байна. Түүнийг Монголд болон дэлхийд алдаршуулсан бүтээлд нь шатар зүй ёсоор багтдаг. Тэрээр биднийг шатрын танхимтайгаа танилцуулсан юм.
550 ЧУЛУУГААР ЧИМЭГЛЭСЭН ГЭР ШАТАР
Дэлхийд ховорхон байдаг гэр шатар түүний бүтээл. Түүнээс шатрынх нь тухай асуухад "Монгол гэрийн үүсэл хөгжил олон жилийн түүхтэй. Энэ хооронд оромж, урц үхэр тэрэг гээд өөр, өөр нэрээр хөгжиж, өдгөө бидний үед ирсэн юм. Миний бүтээл гэр шатар гэхээсээ илүү Монголын эртний уламжлал, түүхийг өгүүлэхийг хүссэнээрээ онцлог” гэв. Тэрээр шатар хийхдээ оньслохуйн ухааны ном сонин, сэтгүүл уншиж, судалсны үндсэн дээр 2010 оноос хийж эхэлсэн байна. Бүтээлийн санаагаа мөнгөн дэвсгэртийн зурагнаас олсон гэнэ. 1000 болон 500-гийн мөнгөн дэвсгэрт дээрх монгол гэрийг хараад шатар хийж болох нь гэж боджээ. Шатрыг харахад монгол хүний ур ухаанаас бүтсэн нь илт байсан юм. Учир нь эртний монголчууд, Чингисийн үеэс өртөөлж ирсэн нүүдэлчдийн амьдралыг тод тусгасан байв.
З.Түмэн-Өлзий бол монгол урлаач, зохион бүтээгч ажээ. Түүний бүтээлүүд Монголын нэгэн үеийн түүх, өв соёл, уламжлал гэмээр. Тэрээр эхлээд зураг төсөл, зохиомжоо гүйцэтгэгч нарт өгчээ. Үүний дараа зохион бүтээгчидтэй хамтарч хийсэн гэнэ. Энэхүү шатрыг үнэт чулуугаар чимгэлсэн нь тансаг, чамин харагдуулж байв. Шатрыг чимэглэхэд нийт 550 ширхэг чулуу оржээ. Түүнээс 333 нь хаш, сувд, мана юм байна. Үлдсэн 222 нь байгалийн чулуу гэнэ.
Бүтээлд нь ихэвчлэн монгол гэр дүрслэгдсэн байдгийн учрыг нь түүнээс асуухад "Монголчууд эртнээс монгол гэрт амьдарч ирсэн түүхтэй. Одоо ч энэ уламжлал мартагдаагүй байна. Гэхдээ цаг үе хувьсан өөрчлөгдлөө ч мартаж болохгүй ёс гэж байна. Жишээлбэл монгол гэрийг заавал урд зүг рүү харуулж барьдаг. Үүгээрээ нарыг тооцоолдог юм. Энэ нарийн ёс заншлыг манай залуус мэдээсэй гэж хүсдэг” гэсэн юм.
Түүний бүтээсэн шатруудыг ажихад хөлөг дээрх гэрүүд бүгд өөр, өөр байв. Тайлбар нь их энгийн ажээ. Цагаан гэрүүд нь анхны гэрийн үүсэл хөгжлийг өгүүлсэн гэнэ. Харин хар нь арай орчин үеийн гэрийн бүтэц, загвар юм байна. Харин шатар тоглохдоо заавал цагаан нь эхэлж нүүдэг уламжлалтай тухай З.Түмэн-Өлзий гуай ярив. Мөн гэр шатрын бэрсээ хатнаар хийсэн нь сонирхол татсан юм. Шатрын бэрс гэдэг үг нь бэр гэсэн үгнээс үүсэлтэй гэнэ. Эртний хатад эр нөхрөө эзгүйд улс орон, голомтоо сахиж үлддэг байж. Тэд бол хаадын хамгийн сайн туслах. Шатрын хувьд ч бэрс хожил авчрах гол нүүдэл гэсэн юм. Шатар уртаашаа гурван метр ажээ. Зохион бүтээгч З.Түмэн-Өлзий 1991 оноос хойш оньсон шатар хийж эхэлжээ. Одоо музейд нь том жижиг нийлсэн 300-аад шатар бий. Хамгийн сүүлчийнх нь тус гэр шатар ажээ. Харин хамгийн урт нь долоон метр урттай хөлөгт шатар байв. Оньс бол нүүдэлчдийн соёл, иргэншлээс үүдэлтэй. Монголчууд нүүж суухдаа бүх зүйлээ салж, угсарч болохоор хийдэг. Энэ нь уламжлагдан явсаар оньсон тоглоом, урлаг, шинжлэх ухаан болтлоо хөгжсөн гэж дугаарын зочин маань онцоллоо. Тэрээр хэзээ ч ямарваа зүйлийг хуулбарлахыг хүсдэггүй. Бүтээл бүхнээ ганцхан байхаар дахин давтагдашгүй хийдгээрээ онцлог аж.
Музейд зөвхөн Монголын биш, дэлхийн олон орны үндэсний тоглоом, наадгай бий. Тэрээр эдгээр тоглоомоо дэлхийн 10 гаруй орноор явж цуглуулжээ. Оньсон тоглоом сонирхолтойгоос гадна хүний зүүн тархийг хөгжүүлдэг тустай юм байна. Хүүхдүүд багаасаа оюун ухааны тоглоомтой нөхөрлөвөл ирээдүйд сайн хүн болж төлөвшихөд нь нөлөөлдөг тухай музейн эзэн ярьсан. Мөн тэрээр насаараа шатар Монголоос гаралтай гэдгийг батлах гэж хөдөлмөрлөж яваа тухайгаа хэлсэн. "Шатар нь ухаантнуудын тоглодог монгол тоглоом юм. Бид оюунлаг ард түмэн. Тиймээс шатар манай улсаас үүссэн гэдгийг дэлхий нийт хэзээ нэгэн цагт хүлээн зөвшөөрөх цаг ирнэ. Би түүнийг нотолно” гэж байв. Оюун ухааны музей Монголын төдийгүй дэлхийн бахархал ажээ. Одоо ч зохион бүтээгч маань нэгэн шинэ шатрыг урлаж буй.
Ч.ГАНТУЛГА /ЗУУНЫ МЭДЭЭ/