Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Ярилцлага»Э.Намуун: Эрчүүд энэ киног үзээд бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйлээс эхэлдгийг олж хараасай
Ярилцлага

Э.Намуун: Эрчүүд энэ киног үзээд бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйлээс эхэлдгийг олж хараасай

Урлаг Урлаг13/03/2026Сэтгэгдэл байхгүй6 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Найруулагч Б.Жаргалсайханы “Эгч нь эр хүн” уран сайхны кино гуравдугаар сарын 5-нд нээлтээ хийлээ. Тус киноны гол дүрд тоглосон жүжигчин Э.Намуунтай ярилцлаа.

-Энэ киног хийх сэдэл анх яаж төрсөн талаар ярилцлагаа эхэлье?

-“Эгч нь эр хүн” киног хийх санаа надаас эхлэлтэй мэт боловч энэхүү санаа төрсөн шалтгаан бол манай нийгмийн бүсгүйчүүд юм. Аливаа зүйл амархан догдолдоггүй, буурь суурьтай гэж хэлж болмоор эр хүн шиг эмэгтэйчүүд өнөөгийн нийгэмд их бий болж буй нь анзаарагдаж байна. Амьдралын хат суучихсан. Гадаа гарч эр болж, гэрт орж эм болсон бүсгүйчүүд. Нэг талаасаа тэр эмэгтэйчүүдээрээ бахархах мэдрэмж төрж байгаа ч эмэгтэй хүн л болсон хойно баглаа цэцэг авч, хайрлуулах эрхтэй уяхан оршихуй билээ. Тийм байтал яагаад ингэж хатуужуулаад байгаа юм бэ гэсэн өнцөг надад анзаарагдаж байсан юм. Зохиолчтойгоо ярилцаад энэ сэдвийг сонгож, өвөрмөц гэж хэлж болохуйц өнцгөөс бичиж, үзэгчдэдээ толилуулаад байна.

-Кино зохиолыг хэн бичсэн бэ?

-Киноны зохиолыг манай нэгдүгээр найруулагч, зохиолч Э. Буянхишиг бичсэн. Кино салбарт олон жил ажилласан бүсгүй байгаа. Зохиолын анхны хувилбарыг н.Төрмөнхөөр бичүүлсэн. Тус зохиолыг бүтнээр нь авалгүй санааг илүү задалж, шинээр бичсэн. Иймээс, энэхүү киног хоёр зохиолчтой гэж хэлж болно.

-Тэгвэл тус киног хийх сэдэл өнөөгийн нийгэм дэх эмэгтэйчүүдийн бодит амьдралаас урган гарсан гэж ойлгох уу?

-Яг тийм, үүнтэй төстэй эмэгтэй хүний дотоод мэдрэмжийг би өөрөө ч мэдэрч үзсэн. Өмнө нь би ганц бие байхдаа хатуу, ширүүн байсан. Харин Эрхэмээтэй гэр бүлд болоод эмэгтэй хүн уярч болдог юм байна гэдгийг мэдэрсэн. Илүү эмэгтэйлэг болжээ би (инээв). Эмэгтэй хүнийг хайрлах тусам цэцэглэдэг юм байна. Ер нь гэр бүлийн салалтад эмэгтэйчүүд илүү хариуцлага хүлээдэг. Хүүхдээ өөр дээрээ авч үлддэг. Ихэнх санхүүгийн ачааг үүрдэг.

-Хулангийн дүрийг бүтээхэд таны хувьд дотоод хүнтэйгээ зөрчилдөж байв уу. Эсвэл төстэй дүр үү?

-Миний биеэр дамжиж тэр дүрийн характер гарч байгаа болохоор мэдээж надтай ойролцоо. Би өөрөө их яриасаг хүн. Харин Хулан бол тийм биш. Дүрийн судалгаа хийхэд хүн сэтгэлээр унах, гутрах, нийгмээс тусгаарлагдах үедээ дотогшоогоо хумигдаад, илүү ганцаарддаг. Дуу нь хоригддог. Их зүйл ярьдаггүй, дотогшоо чиглэдэг. Тийм дүр болохоор энэ талыг нь гаргах гэж хичээсэн. Би байсан бол киноны зарим үйл явдал, хэсэгт шууд цор цор хийтэл хэлчихмээр, хэрэлдчихмээр байгаа боловч Хулан бол тэгэх хүн биш. Энэ тал дээр дүртэйгээ жаахан зөрчилдсөн. Тухайн нөхцөл байдалд Намуунаа бол зүгээр өнгөрөөхгүй. Харин Хулан бол олон үг ярихгүй. Иймээс дотроо бага зэрэг зөрчилтэй байсан.

-Нууц биш бол киноны аль сценинүүд хамгийн олон удаа авагдсан бэ?

-Миний бие гурван эрсдэлтэй сценид орсон. Киногоо энгийн хийлгүйгээр уран хийхийг зорьсон. Нэг осолтой хэсэг гардаг. Үүнд зориулж зориулалтын төхөөрөмж хийсэн. Автомашиныг бүтэн эргүүлдэг, автомашин өнхөрч байгаа сцени авах зорилготой.

Мөн өндөрт зураг авалт авсан. UB Tower барилгын 20 давхарт байх шүү. Одоо эргээд харахад яаж үхчихээгүй юм гэж бодож байна. Хамгийн удаан, олон удаа авагдсан сцени бол усан доор таван метрийн гүнд хийгдсэн зураг авалт байсан. Ойр ойрхон олсоор татагдаж доошоо ороод л байсан болохоор удаан санагдсан байх. Чих, хамар руу ус ороод л, ихдээ 20 секунд амьсгалаа хадгалж байгаа юм. Усны гүний даралт нь их болохоор удаан байхад хэцүү юм байна лээ.

-Манай Монголын кино урлагийн салбарт тайз, дэлгэцийн олон мундаг эмэгтэй жүжигчид бий. Таны хамгийн их үлгэр дуурайлал авдаг жүжигчин хэн бэ?

-И.Одончимэг эгчийг хүндэлж явдаг. Хошин урлагт, драмад ч жүжиглэж чаддаг. Инээдийн ч, эмгэнэлт ч тайз, дэлгэцийн бүтээлүүдэд чадварлаг тоглодог.

-Уран бүтээлч хүний хувьд цаашид бүтээмээр байгаа дүр байна уу?

-Зөндөө л байна (инээв). Дотоод зөрчил ихтэй дүрд тоглох хүсэл байна. Дотоод зөрчлөө үйлдлээрээ бус харцаараа харуулдаг. Харцны тоглолт, ажиллагаа шаардсан, надад шалгалт болсон дүрийг хүсч байна. Нүдээрээ ярих гэж манай салбарын хүмүүс хэлдэг.

-Дотоод зөрчил гэдэг нь “Гарын таван хуруу” кинонд гардаг шиг үү. Шагдар өөртэйгөө их зөрчилддөг?

-“Гарын таван хуруу” кинонд дуртай. Хүмүүс Шагдарыг л буруутгаад байдаг. Миний бие ч хүүхэд насандаа Шагдарыг буруутгадаг байлаа. Харин одоо үзэх үед эхнэр нь ч бас санаачилгагүй, хүйтэн хөндий байжээ гэж бодогдож байгаа юм.

-“Гарын таван хуруу” яах аргагүй хүүхэд насандаа үзэхэд нэг өөр, идэр залуу насандаа үзэхэд нэг өөр байдаг кино шүү. Та кино хэр их үздэг хүн бэ?

-Маш их кино үздэг. Таалагдсан киногоо бол арван удаа ч үзнэ. “Green book”, “Star is Born”, “Bohe­mian Rhapsody”, “Nightmate Alley” гэх мэт олон дуртай кинонуудаа нэрлэж болно. Кино гэдэг амьдралыг харах толь ч юм шиг.

-Яах аргагүй тийм шүү. Кино урлаг бол амьдралын толь юм бол та бүхэн энэхүү киногоор ямар санаа, зурвасыг үзэгчдэд илгээхийг зорьсон бэ?

-Эмэгтэйчүүд маань өөрийн гадаад үзэмжээ мөн дотоод сэтгэлээ ч нэг тольдоорой. Өөрийгөө нэг анзаараасай. Өөрийгөө хайрлах өнцгөө сэрээгээсэй гэж хүсч байна. Амьдралын их нугачаанд шантарсан, ядарсан бол бүсгүйчүүд энэ киног үзэж өөртөө итгэх итгэлээ сэргээгээрэй гэж хүсч байна. Өөрийгөө хайрлаарай. Эрчүүд энэ киног үзээд бүсгүй хүний хайрлах нь багахан зүйлээс эхлэх юм байна гэдгийг олж хараасай гэж хүссэн. Кинонд маань ч гарна. Гол дүр Хулангийн эр нөхөр нь анх хайртай, дуртай гээд авч суусан ч амьдралын явцад хайр, дурлалаа хойш тавьчихсан. Хэнэггүй нөхрийн дүр байгаа. Эмэгтэй хүн дотроо шаналахаараа дуугүй болчихдог. Энэ үед эр хүн та “чимээгүй болчихлоо, амар” гэж андуурч бодолгүй, мэдрэмжтэй хандаасай. Хань минь болж байгаа шүү, чадаж байгаа шүү гэдэг итгэлийг нь сэргээсэн тэр мэдрэмжийг өгөх зорилготой.

-Танд эмэгтэй хүн ийм л байх хэрэгтэй гэсэн төсөөлөл байдаг уу?

-Эмэгтэй хүн амьдралыг чимдэг. Өнгө авч ирдэг. Хорвоог зөөллөдөг. Ийм байж болох байтал энэ нийгэмд амьдралыг авч явах хэмжээний болж хатуужжээ. Миний хувийн бодол бол гэр бүлд эмэгтэй хүн эр нөхрөө түшиж, ардаас хүч нэмж, өнгө нэмж явах ёстой юм болов уу гэж боддог. Манлайлах бус эр нөхрийнхөө манлайлалд, нөмөр нөөлөгт нь жаргалтай амьдрах. Энэхүү кинонд Хулан бол бараг эр хүний хийхгүйг хийнэ. Сүүлийн үед залуу эмэгтэй жүжигчид маань хөөрхөн л харагдах дүрийг бүтээхэд анхаардаг болсон мэт ажиглагдаж байна. Хөөрхөн байх эсэх бус тухай дүрийг бүтээхэд анхаарах хэрэгтэй. Дүр хөөрхөн байх албагүй. Дүр жүжигчинд жүжиглэх орон зай, сорилт өгдөг. Нусаа хацартаа наана уу, үгүй юү хамаагүй. Хулангийн дүр их эршүүд, танхай харагдах байх.

-Кино багийнхандаа, хамтран зүтгэгчиддээ юу гэж хэлмээр байна вэ?

-Хамгийн түрүүнд би ханьдаа баярлалаа гэж хэлмээр байна. Уран бүтээлч хүн уран бүтээлээрээ амьсгалж явдаг. Миний төрсөн өдөр гуравдугаар сарын 12-нд болдог. Төрсөн өдөр бүрээрээ кино бэлгэнд авч байна. Ханийнхаа төлөө бүх зүйлийг зохицуулж, бүрдүүлж мөн бидний мөрөөдөл болсон “Хан Хуур” пикчерсийг биелэл болоход зүтгэсэн. Бидэнтэй хамтарч, үргэлж дэмжиж байдаг “Spirit Mining” компанийн ерөнхий захирал Д.Мягмарсүхдээ баярлалаа. Энэхүү киног хийхэд зүрх сэтгэлээрээ зүтгэсэн кино багийн хамт олондоо бүгдэд нь маш их баярлалаа.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

“Түүний буруу” орчин үеийн сэтгэлзүйн драмын жүжгийн талаарх үзэгчдийн сэтгэгдлээс

09/03/2026
Ярилцлага Урлаг

Б.Баяр: Европт хөгжсөн гэдэг урлагийн олон чиг хандлага, үзэл санаа Монгол Алтайн хадны урлагаас ч харагддаг

09/03/2026
Ярилцлага Урлаг

Т.Сэргэлэн: Хайр зүрх сэтгэлийн гүнд, анх үүссэн цэгтээ ямaгт асахад бэлэн байдаг

06/03/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Э.Намуун: Эрчүүд энэ киног үзээд бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйлээс эхэлдгийг олж хараасай

13/03/2026

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сангийн хотын тууриас олдсон дөрөө

13/03/2026

“The Bell Jar“ зохиол кино болж, гол дүрд нь Билли Айлиш тоглоно

12/03/2026

“Zara” брэндийн үүсгэн байгуулагч Амансио Ортега 3.23 тэрбум еврогийн ноогдол ашиг хүртэнэ

12/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.