Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Яруу найраг»Хайрын шүлгийн “Оюу-Ай” наадмын дэд байрт дунд сургуулийн сурагч шалгарав
Яруу найраг

Хайрын шүлгийн “Оюу-Ай” наадмын дэд байрт дунд сургуулийн сурагч шалгарав

Урлаг Урлаг29/04/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дорноговь аймгийн Монголын Зохиолчдын “Хурмаст тэнгэр” төвөөс жил бүр зохион явуулдаг хайрын шүлгийн “Оюу-Ай 2026” 12 дахь удаагийн наадамд 110 шахам яруу найрагч шүлэг бүтээлээ сойн, шилдэг 30 яруу найрагч зорин ирж оролцсон билээ.

Энэ удаагийн наадмын нэгэн тод өнгө, уянга болсон охин бол нэгийн давааны шүлгээсээ эхлэн олны анхаарлыг татаж, улмаар дэд байрыг хүртсэн, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ЕБС-ийн 10 дугаар ангийн сурагч Мөнхнасангийн Хүслэн байв. Тэрээр Мөнххаан сумын Соёлын төв, ЕБС-ийн хамтран хичээллүүлдэг “Утгын гэгээ-Эгшгийн солонго” яруу найргийн дугуйланд сурдаг ажээ.

М.Хүслэнгийн сэтгэгдлийг хуваалцсаныг хүргэж байна.

-Хайрын шүлгийн наадамд дэд байр эзэлсэнд баяр хүргэе?

-Яруу найргийн дугуйланд хичээллэж эхэлснээр би аливаа зүйлийг зөвхөн нэг өнцгөөс биш олон талаас нь харж, мэдэрч, түүнийгээ шүлэг, яруу найрагт буулгаж сурсан. Яруу найргаас хүртэж буй тайвшрал, тайтгарал нь намайг илүү их хөглөдөг.

-Шүлгүүд чинь их цэгцтэй юм, хэзээнээс шүлэг бичиж эхэлсэн бэ?

-Дугуйланд хичээллэж эхэлснээр анхныхаа шүлгийг бичсэн. Манай дугуйланг Мөнххаан сумын ЕБС-ийн монгол хэл, бичиг, уран зохиолын багш Долцонгийн Батдулам, Соёлын төвийн дарга Бат-Өлзийн Анхбаяр нар удирдан явуулдаг. Дугуйланд явж эхэлснээс хойш “Дорнын хүлэг-2025” яруу найргийн наадамд “Шилдэг залуу яруу найрагч”, “Найргийн тамгатай Мөнххаан” өсвөрийн яруу найрагчдын наадам болон хайрын шүлгийн “Оюу-Ай 2026” наадамд тус тус дэд байрыг  эзэлсэндээ маш их урамшиж байгаа.

-Хайрын шүлгийн “Оюу-Ай 2026” наадамд оролцсон сэтгэгдлээ хуваалцана уу?

– “Оюу-Ай 2026” наадамд оролцохоор багш нар болон дугуйлангийнхаа сурагчдын хамт Дорноговь аймгийг зорьсон. Говь нутагт анх удаа очиж байгаа учраас байгаль, цаг уур, ан амьтад гээд бүх зүйл нь сонирхол татам байлаа. Биднийг очих замд цагаан зээр “өвөр лүү орж”, хар сүүлт гөрөөс бидний өөдөөс тосон давхисан. Хур бороо орсон зэрэг олон тохиолдол болж байгалийн сонин үзэгдлүүд тохиосныг их бэлгэшээж байв.

-Наадамд дээгүүр “давхихыг” найрагч бүхэн хүсдэг дээ. Дүнг танилцуулахад хэр догдолсон бэ?

-Наадмын тайзнаа МЗЭ-ийн болон Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагчидтай зэрэгцэн суугаад шүлгээ уншиж байгаадаа өөрөөрөө бахархаж, маш сайхан мэдрэмж төрж байлаа.

Шүүгчид дүнг танилцуулахад дэд байрт шалгарсандаа маш их баярлаж, илүү ихээр хөглөгдөж байгаагаа мэдэрсэн. Цаашид яруу найраг, утга зохиолыг илүү ихээр шимтэн судалж, өөрийгөө хөгжүүлэн сайн шүлэг, яруу найраг олныг бичихийг зорьж байна.

Мөнххаан сумын ЕБС-ийн 10-ын “Б” ангийн сурагч М.Хүслэн  

ОРШИХУЙН ИЖИЛСЭЛ

Чиний сүнс минийхтэй эрт галавын учрал шиг

Чив чимээгүй орчлонд зүрхний лугшилтаар хэлхэгдэнэ

Махан биеийн хүлээс тасарсан тэр л орон зайд

Манан дундах гэгээ мэт чи л намайг хөтөлнө

Бидний учрал зуурдын баясгалан биш

Бие биеийхээ дотоод галыг тэтгэх амьсгал шиг

Одод харваж, ертөнц хувиран өөрчлөгдөвч

Оршихуйн гүнд бид нэгэн цул болж уусна

Чиний харцнаас би өөрийнхөө уг язгуурыг олж

Чиний оршихуйд орчлонгийн гашуун үнэн зөөлөрнө

Зовлон зүдгүүр, жаргал цэнгэлийн аливаа дэнсэн дээр

Зөвхөн чи л миний тэнцвэр, миний амар амгалан

Цаг хугацаа элсэн цаг шиг урсан одовч

Царцаж амжаагүй халуун сэтгэл минь чам руу тэмүүлнэ

Хязгааргүй уудам энэ хоосон чанарын дунд

Хайр л ганцхан биднийг амьд гэж гэрчилнэ

Дусал нулимсанд чинь дэлхий бүхлээрээ багтаж

Дулаан алганд чинь миний заяа төөрөг багтдаг

Зүүд, сэрүүн хоёрын зааг дээр төөрөх үед минь

Зөв зүг минь болон чи л тодхон гэрэлтдэг

Бидний дундах гүүр итгэлийн үл үзэгдэх урсгал

Бие биенээ энэрэх сэтгэлийн ариун тангараг

Хорвоогийн тоос, амьдралын эрээн бараан дунд

Хамгийн нандин, хамгийн гүн нь чиний минь хайр

Сүүлчийн амьсгал минь элсэн шаргал толгодод шингэхүйд

Сүнс минь хүртэл амирлаж чамд уусах нь гарцаагүй ээ

Нарт орчлонгийн жамаар зуурдын бүхэн төгсөвч

Наран сарны гэрэл лугаа ганцхан хайр л үлдэх нь маргаангүй ээ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Яруу найраг Урлаг

“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо

12/05/2026
Яруу найраг Урлаг

Шоронд туурвисан бүтээлүүдээ хураалгаж, мөрдлөг мөшгөлтөд өдөр бүр байсан найрагч

07/05/2026
Яруу найраг Урлаг

“Тусгаар тогтнол” шүлгийг 3333 сурагч уншлаа

06/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дрейк гурван цомог, 17 клипээр нэг дор “бөмбөгдөв”

19/05/2026

Шүүхийн шийдвэр Шакирагийн талд гарчээ

19/05/2026

“Barbie Girl” дуугаараа алдартай “Aqua” хамтлаг тарж байгаагаа зарлалаа

19/05/2026

“Шрек 5” кино 2027 оны зургаадугаар сарын 30-нд нээлтээ хийнэ

19/05/2026

“Дотроос нь харах урлаг” үзэсгэлэн дэлгэлээ

19/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.