Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Ярилцлага»Э.Лхагва-Очир: Олон улсын уран бүтээлчид жил бүр биднээс сургалт авч, Япон, АНУ-д өөрсдийнхөө шоуг хийж байна
Ярилцлага

Э.Лхагва-Очир: Олон улсын уран бүтээлчид жил бүр биднээс сургалт авч, Япон, АНУ-д өөрсдийнхөө шоуг хийж байна

Урлаг Урлаг11/06/2026Шинэчлэгдсэн:11/06/2026Сэтгэгдэл байхгүй11 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Physical Asia” шоуны Япон, Солонгос, Филиппин, Австралийн шилдэг оролцогчид Дэлхийн адууны өдрөөр болох 10 мянган морьтны жагсаалд оролцохоо мэдэгдэж эхэлжээ. Дэлхийн сая сая үзэгчдийн анхаарлыг татсан тус шоу цацагдсаны дараахан Монголын багийн гишүүн, уран нугараач Э.Лхагва-Очирын МОНЦАМЭ агентлагт өгсөн ярилцлагыг толилуулж байна. 

-Та 20 жилийн өмнө манай агентлагт өгсөн ярилцлагадаа монгол эрэгтэй уран нугараачдын ур чадварыг харуулсан сайхан тоглолт хийхийг хамгаас их хүсэж байгаагаа ярьж байсан. Өнөөгийн өндөрлөгөөс харвал Монголынхоо нэрийг гаргасан олон тоглолт хийжээ. Зарим үзүүлбэрээ 700 гаруй удаа тоглосон гэсэн байна. Өнгөрсөн хугацаанд хамгийн сайхан тоглолт тань аль тайзан дээр болж байв?

-Таны дурдсан тоо бол нэг уран бүтээл гаргахын тулд хийдэг бэлтгэлийн тоо л доо. Одоогоор тооцоод үзвэл, тоглолтын тоо 20-30 мянгад хүрсэн байх. Миний хамгийн гоё тоглолт 2004 оны Монте Карлогийн өсвөрийн циркийн тэмцээн. Тэр тэмцээнд Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Т.Цэнд-Аюуш багштайгаа хамт явж байлаа. Анх удаа том тайзан дээр 16 настайдаа гарсан. Тэр бол миний хувьд үнэхээр хэзээ ч мартагдахгүй тайз. Үзүүлбэр маань 4-5 минут гар дээрээс буухгүй байх маш хүнд элемент, трюкүүдтэй байсан. Бие мэдээ алдаад, юу болж байгааг ч сайн ойлгохгүй шахам тоглоод дуусгаж байж билээ.

Багшийнхаа болон олон мянган үзэгчийн алга ташилт тэр бүхнийг мэдрэх үнэхээр сайхан байсан. Тэр үед алдарт жүжигчин Чарли Чаплины ач нэрэмжит шагналаа надад гардуулсан. Их нэр хүндтэй тайзан дээр агуу хүний үр садаас шагнал авсан анхны гараа маань онцгой дурсамж болж үлдсэн л дээ. Тэр нь мөн багшийнхаа өмнө тоглосон хамгийн сүүлийн тайз байсан. Тэр тайзыг эргээд бодохоор бахархалтай, бас үнэ цэнтэй.

-Тоглолт бүрийн тань ард үзэгчдэд үл үзэгдэх хөдөлмөр, ганцаардал, дотоод тэмцэл байдаг байх. Тэгэхээр тайзнаа бүтээсэн аль мөч таны ертөнцийг хамгийн их нээж өгсөн гэж боддог вэ?

-“Physical Asia” тэмцээний өмнөхөн 2024 онд Францын Гренобль хотод болсон олон улсын тэмцээнд орсон. Тэр тэмцээнд дэлхийд анх удаа 11 метрийн өндөрт давхар сандлын тэнцвэрийн үзүүлбэрийг амжилттай гүйцэтгэж, “Алтан цом” авсан. Үнэхээр сайхан мөч байсан.

Ганчаарчилсан үзүүлбэрээр Монголын циркийн түүхэнд анх удаа маш том шагнал хүртсэн учраас олон жүжигчин баяр хүргэж байсан л даа.

Францын тэр тэмцээнийг 20 гаруй жил зохион байгуулсан, туршлагатай, нэр хүндтэй Гүй Чанал гуай хүртэл баяр хүргээд, “Тэмцээнийг маань зорьж ирж оролцсонд баярлалаа. Ийм мундаг жүжигчин Монголоос төрж буйд хязгааргүй их баярлаж байна. Би монголчуудыг сайн гэдгийг мэднэ, гэхдээ ийм хийморьтой, сайхан үзүүлбэр үзүүлнэ гэж бодоогүй” гэж хэлсэн. Их огшиж, маш их баярлаж байсан.

-Гадаадад тоглох урилгад, тэр дундаа Солонгост тоглох урилгад дарагдаж байна уу?

-Урилга, санал олон орноос ирж байна. Бидний оролцсон “Physical Asia” тэмцээн телевизийн олимпын наадам шиг л юм боллоо. Бид бүх төрөлдөө чадах бүхнээ зориулж, улсынхаа нэрийг алдаршуулж, төрийнхөө далбааг “босоо авч үлдэх”-ийн төлөө хичээсэн. Тэмцээний зураг авалтад жил гаруйн өмнө орсон. Сүүлийн шатанд үлдэж, түрүүлэх зорилгодоо хүрч чадаагүй ч амжилттай оролцлоо.

Хамгийн гол нь энэ тэмцээн спортын наадам төдийхөн биш үндэстний маань том сурталчилгаа боллоо. Монгол хүнд ямар их хүч нөөц, чадвар байдгийг дэлхий нийт тус шоунаас  харж, биширч байна.

Солонгос, Сингапур, Хонконг, мөн Бразил зэрэг Латин Америкийн орноос “Манай улсад тоглолтоо хийгээч”, “Ирж зураг авалтад орооч”, “Манай брэндтэй хамтарч ажиллаач” гэх мэт маш олон санал, урилга ирж байна. Гэхдээ хүмүүсийн илгээж байгаа сэтгэгдэл хамгийн гоё нь.

-Тухайлбал?

-“Би бэртлийн улмаас спортоо орхиж, зодог тайлсан. Та нарыг үзээд, бэлтгэлээ хийж эхэллээ. Мэргэжлийн спортын тайзан дээр дахиж гарахгүй байж магад. Та нар намайг спортыг хайрлах, сэтгэл зүрхээ хөглөх боломжийг олголоо” гэж бичсэн байсан. Бэлтгэлийн бичлэгээ хүртэл явуулж байлаа. Хамгийн том шагнал бол энэ мэт олон мянган үзэгчээс авч буй талархал, сэтгэлийн үг юм байсан.

-Солонгост маш олон шүтэн бишрэгчтэй болсон гэсэн. Тус улсад өмнө нь тоглож байв уу?

-Солонгост тоглож байгаагүй. “Physical Asia” цацагдах үед Германд ажлаар явж таарсан. Тэр үед Солонгосын телевизүүд болон мэдээллийн агентлагаас нь ярилцлагад орох урилга ирж байсан. Ажлын хуваарь давхацсан болохоор очиж амжаагүй. Одоо ч гэсэн  урьсан газрууд бий. Тэр үед Франкфурт хотод явж байгаад, солонгос ресторанд орсон юм. Тэгсэн 50 орчим насны солонгос ах дуу алдсанаа утсандаа хадгалсан миний зургийг харуулж “Чи мөн биз дээ” гэж асуусан. “Монголын баг түрүүлээсэй” гэж бодсоноо ч илэн далангүй ярьж байсан.

-Та “Physical Asia”-д оролцсон Монголын багийн содон төрх нь байсантай маргах хүн үгүй биз. Олсон дээрх тэнцвэрийн сорилын үеэр бусад багийнхны хэлсэн “Монголыг дуурайгаад бай” гэдэг үг үзэгчдийн анхаарлыг зөвхөн тань руу чиглүүлсэн. Тэр үеийн инээмсэглэлийн тань ард ямар нэг “нууц” байсан уу?

-Үгээр илэрхийлэх аргагүй мэдрэмж төрж байсан. Бусад оролцогчийн “Наад циркчин залуугаа дуурайгаад бай” хэмээн хашгирч байгааг ойлгож байсан л даа. Харин “Наад циркчнээ гэрт нь буцаа” гэх үед эргэж хараад “Юу гэнэ ээ” гээд хэлчихэж болохгүй тийм нөхцөл байдлын сэтгэл зүй нүүрэн дээр минь тэгж инээмсэглэл болж илэрсэн болов уу. Ид өрсөлдөн тэмцэлдэж байгаа мөч шүү дээ. Нөгөө талаасаа энэ нь миний сэтгэл зүйн дайралт байсан. Хөлөө удаан хугацаанд нэг байрлалд барихаар мэдээ алдаж эхэлсэн. Тиймээс байрлалаа үе үе сэлгэж, өөрийгөө амрааж байсан. Харин нөгөө хэд маань дуурайж байгаад алдаа гаргачихсан. Нэг цаг 48 минутын төгсгөлийн хэсэг шаггүй даваа байсан шүү.

 -Б.Энх-Оргилын нүд ирмэж буй хэсэг бас л гоё агшин, тийм ээ. Тэр үеийн таны сэтгэл хөдлөлийг солонгосчууд дурандаа онцолж буулгасан байна билээ?

-Гар нь тасрах шахсан ч нүдээ ирмэж байгаа нь багийнхныхаа сэтгэл зүйг “хайрлаж” байгаа хэрэг шүү дээ. Түүнээс камерын өмнө гоё харагдах гэсэн зүйл биш. Монголын багт ер нь тийм зүйл байгаагүй. Камерт зориулж тоглолт хийснээрээ бусад баг илүү байсан байх. Монголын баг яг байгаагаараа байснаараа дэлхий нийтэд таалагдсан. Тэр нь манай багийн давуу тал болсон. Багийнхны маань нум сум харвах хөдөлгөөн нь миний уран нугаралт, тэнцвэрийн үзүүлбэр дээр ашиглаж байсан хөдөлгөөн. Монгол дайчид, морьтон баатруудын хамгийн өргөн хэрэглэдэг зэвсэг нь нум сум. Давхиут дундаа ч харвадаг. Тиймээс нум бол монгол баатрын хамгийн том зэвсэг гэдэг утгаар нь “Дайчид мориндоо” гэсэн санаатай холбох санал гаргасан. Манай багийнхан ч зөвшөөрсөн. Одоо эргээд бодоход бүх зүйл маш гоё зохицсон санагддаг.

-Уран нугаралт бол биеийн уян хатан байдлыг дээд зэргээр шалгасан урлаг. Монгол эрэгтэй уран нугараач ховор. Гэтэл та уран нугаралт, тэнцвэр, фитнесс, жүжиглэлтийг зэрэг хөгжүүлж ирсэн. Энэ бол тайзан дээрх Э.Лхагва-Очирын ялгарах онцлог гэж хэлж болно, тийм үү?

-Монголын уран нугаралт бол том өв. Олон улсын багш нар, иогчид уран нугаралтыг сонирхож, жил бүр сургалт авдаг. Бид нараас сурсан чадвараараа Япон, АНУ-ын Лос-Анжелест сургууль байгуулж, өөрсдийнхөө шоуг хийж байна.

Дэлхийд монголын нугаралт гэдэг өвөрмөц урлаг гэж үнэлэгддэг. Тиймээс Монголын уран нугаралтын музей байх ёстой гэж боддог. Шинээр гарч ирж буй залуу уран бүтээлчид Э.Лхагва-Очир яагаад уран нугарахгүй байгаа юм бэ гэж их асуудаг. Би өөрийгөө зөвхөн циркчин гэж хязгаарлаж болохгүй. Уран бүтээлч болно гэдэг хийж байгаа трюкээ сүнстэй болгож, үзэгчийн үсийг босгож, сэтгэлийг хөдөлгөж чаддаг байх ёстой.

Учир нь, уран нугаралтын урлаг 7-8 жилийн хугацаанд тасралтгүй бэлтгэгддэг, олимпын тамирчинтай адил түвшний нарийн хөдөлмөр шаарддаг. Тамирчид тэмцээндээ тааруулж 3-4 сарын хугацаанд жингээ хасаж болдог бол бид насан туршдаа биеийн жингээ тогтвортой барьж, формоо хадгалдаг. Ийм л нарийн урлаг. Бид багадаа хөл бөмбөг, гар бөмбөг, сагсан бөмбөг зэрэг олон төрлийн спортоос өөрсдийгөө холдуулж, гар хөл, үе мөчөө маш их гамнаж байж уран бүтээлч болдог.

Эрэгтэй хүн 14-16 хүрэхээрээ их бахим болж эхэлдэг. Байгалийн эр даавар давамгайлж, сахал үс ургадаг нас шүү дээ. Тиймээс бид уян хатан байдлаа хадгалахын тулд байгалийн хуулийн эсрэг тэмцэж бэлтгэл хийж байдаг гэсэн үг. Уран нугараач эрэгтэйчүүд ховор байдгийн учир тэр л юм.

-Францын олон улсын циркийн наадамд та 11 метрийн өндөрт сандал дээр тэнцвэр барьж “Алтан цом” хүртсэн нь зөвхөн техник биш сэтгэл зүйн ялалт байсан болов уу. Тэр үзүүлбэр таны урлагийн дараагийн замналд хэрхэн нөлөөлсөн бэ?

-Уран бүтээлч хүний хувьд өсөлт байсан гэж боддог. Арван нэгэн метрийн өндөрт ажиллана гэдэг зөвхөн техник, биеийн хүчний асуудал биш. Өндөрт гарахаар амьсгалах хүртэл хэцүү болж, халуун оргих мэдрэмж төрдөг. Хамгийн том сорилт бол биеийн хүчнээс илүү сэтгэл зүй байдаг. Хүн өндөрт гарах тусам байгалиасаа өөрийгөө хамгаалах механизм ажиллаж эхэлдэг. Айдас төрж, хөлс гарч, тархи “Аюултай” гэсэн дохио өгнө. Тэр үед гар, хөл өөрийн эрхгүй чангарах, сандрах байдал үүсдэг. Үүний эсрэг ажиллана гэдэг хамгийн чухал.

Харин тэр айдас, сандралыг зөв зохицуулж, газар дээр тоглож байгаа юм шиг өөрийгөө хуурч, дасан зохицуулах хэрэгтэй болдог. Газар дээр хийдэг зүйлээ 11 метрийн өндөрт яг адилхан хийх нь сэтгэл зүйн хувьд тэнгэр газар шиг өөр мэдрэмжтэй. Тиймээс тайзан дээр гарахаасаа өмнө сэтгэл зүйгээ сайн бэлддэг. Зүрхний цохилтоо тогтвортой байлгаж, амьсгалаа зөв тааруулж, нэг хэвийн хэмнэлтэй байх ёстой. Үзүүлбэрээ хийж байхдаа нэг л цэгт төвлөрдөг. Миний анхаарлыг хэн ч, юу ч сарниулж чадахгүй хэмжээнд өөрийгөө удирдаж сурах хэрэгтэй.

Харин биеийн хүчний хувьд нэг гар дээр зогсох хөдөлгөөн надад өд мэт хөнгөн санагдах хэмжээнд хүртэл бэлтгэл хийх хэрэгтэй. Сандарсан үед гарын базалт хэт чангарч, хөдөлгөөн улам ихсэж, улмаар техник алдагдаж, алдах эрсдэл нэмэгддэг. Үүнийг энгийн жишээгээр тайлбарлавал болжмор модон дээр суухдаа салхинд хөвөлзөөд байдаг шүү дээ. Мөчрийг тогтоох гэж оролдох биш харин модны мөчрийн хөдөлж буй тэр хэмнэлтэй нь нийлүүлж тогтвортой байдаг. Хүчний эсрэг хүчээр зүтгэх биш нөхцөлтэй нь зохицож ажиллах ёстой.

-“Physical Asia” шоуны үеэрх өрсөлдөөн, нөхөрлөл, бие биеэ дэмжсэн уур амьсгалын дундаас бусдынхаа амжилтад баярлаж, өөр орны тамирчдад хүртэл чин сэтгэлээсээ алга ташиж байгаа нь сайхан санагдсан.

–Зургаан өөр хүн 24 цаг хамт байж, бие биеийнхээ амжилтад баярлаж, хамт байх нь сайхан байсан. Монголд байхдаа өмнө нь бид уулзаж байгаагүй. Хамгийн гоё нь тэмцээний дараа бид хоорондоо ах дүү нар болцгоосон.

Зургаан цохилох зүрх нэг чигт хандаж, улсынхаа төрийн далбааг мандуулахын төлөө ямар ч эргэлзээнгүй тэмцсэн.

Хэдийгээр “Үзүүлээд өгье” гэж бие биедээ хэлээгүй ч бүх хүчээ шавхаж байгаа нэгнээ харахад сэтгэл “сонин” болж байсан. Одоо ярихад ч сэтгэл хөдөлж байна шүү. Тэмцээний талбар дээр гарч ирэхэд хамгийн их эв нэгдэлтэй, хамгийн их сэтгэл зүрхээ зориулж байсан тамирчид бол монголчууд байсан.

-Таны хувьд багийнхаа гишүүдээр хамгийн их бахархаж, яг саяных шиг аньсага норгож байсан үе хэзээ вэ?

-Тухайлбал, гуалин түлхдэг хэсэгт тамир нь тасарч байсан ч гурвуулаа хамтдаа түлхээд явж байгааг харахад орилохоос өөр юу ч хийж чадахгүй байгаагаа мэдрэх тэр үе байсан. Тэр мөчид “Монгол хүний мөн чанар ямар агуу юм бэ” гэж бодогдож байсан. Манай багийнхан тэмцээний өмнө хувцасны өрөөнд ярьж, төлөвлөж байснаасаа мянга дахин илүүг талбай дээр хийж байсан. Одоо ч телевизээр тэр шоуг үзэхээр нүдэнд нулимс цийлэгнээд, сонин мэдрэмж төрдөг.

Тэмцээн дуусах мөчид би төрийнхөө туг дээр очоод хүндэтгэл илэрхийлсэн дээ. Тэр үед Б.Орхонбаяр “Манай туг л босоо үлдлээ дээ” гэж хэлж байсан.

Жижигхэн ч гэсэн тэр туг танил өнгө, танил сүлдтэйгээрээ босоо “мандаж” байсан учраас шууд л алхаад хүрсэн. Ямар ч байсан төрийн далбаандаа хүндэтгэл илэрхийлэх ёстой гээд зүрх сэтгэлийнхээ дуудлагаар очиж мөргөсөн. Тэр бол үнэндээ жүжиглэлт, тоглолт биш монгол хүн монгол хүнээрээ байсан мөч байсан.

Тэр үед эргэн тойронд олон камер байсан. Энд тэнд гэрэл ойгоод л. Юу болов, яах гэж байгаа юм бол гэсэн аятай бүгд хараад л. Өөрийнхөө алхаж байгаа чимээг л гав ганцаараа сонсож байгаа мэт онцгой нам гүм нөмрөөд л ирсэн. Дараа нь гадныхан хүртэл тэр мөчид ямар хүчтэй мэдрэмж төрснөө хуваалцаж, “Гайхамшигтай” хэмээн бичиж, зураг илгээж байсан. Тэр үйлдэл хүмүүсийн хайрыг онцгой татсан юм билээ.

-Монголын цирк, балетын ирээдүйд таны хамгийн их хүсэж байгаа өөрчлөлт юу вэ? Мөн таны мөрөөдлийн дүр, тайз, өөрийн бүтэн хэмжээний шоу төсөл танд байгаа юу?

-Энэ урлаг дэлхийд гуравт эрэмбэлэгддэг, манай уран нугараачид номер нэг нь. Бидний том өв морин хуур, балетын урлаг ч гэсэн монголчуудын өв юм. Энэ урлагийг хуулиар хамгаалж, мэргэжлийн түвшинд авч үлдэх шаардлагатай. Цирк гэдэг гэр бүлээрээ үзэх боломжтой, хамгийн сонирхолтой амьд урлаг. Ирээдүйд монголчууд сэтгэл гаргаж, энэ урлагийг дэмжсэнээр олон улсын жуулчид ирж Монголын цирк, уран нугаралтыг сонирхох боломжтой. Энэ урлаг Монголд валют оруулж, дахин хөгжих боломжтой. Надад маш олон зорилго бий. Сайхан шоу хийх, Монголын мэргэжлийн уран бүтээлчид, язгуур урлагтай хослуулсан бүтээл гаргах, энэхүү өвийг дэлхийд сурталчилж, таниулах юм.

Одоогоор “Physical Asia” тэмцээнээр Монголын уран бүтээл, соёл, спортыг харууллаа. “Welcome to Mongolia”-гаар Монголын соёл дэлхийд гарч байна. Энэ нь бидний соёл ямар эрэлттэй байгааг харуулж байна. Тиймээс соёлдоо хөрөнгө зарцуулах хэрэгтэй. Ийм баялаг түүх дэлхийд хаана ч байхгүй өргөн түүхтэй эх орон сайхан уламжлал, үндэстэн үүгээрээ бахархаж контент хийх хэрэгтэй. Бидний соёлыг солонгосчууд сурталчилж өглөө. Бүх салбар өсөж байна соёл, урлаг, спорт, аялал жуулчлал, үйлдвэрлэл. Жижигхэн үзүүлбэрийн ард агуу зүйл оршиж байна. Үүнийг бид өөрсдөө олж харж, оролцох ёстой.

-Эх орныхоо нэрээр овоглогдоод явахад тамирчинд мэдээж сайхан байх. Ер нь “Монгол” гэдэг үг танд ямар сэтгэгдэл төрүүлдэг вэ?

-Намайг Германд тоглолттой байхад манай багийнхан ерөнхийлөгчид бараалхсан. Ерөнхийлөгч “Төрийн далбаа хэзээ ч жижигддэггүй” гэж хэлсэн нь их зөв тайлбар юм билээ. Төрийн далбаагаа дээдлэн хүндэтгэх сэтгэл монгол хүн бүрийн сэтгэл дотор байдаг.

-Сүүлийн тэмцээний өмнө эсрэг багтай хоолонд орох үед танд яг ямар мэдрэмж, бодол төрж байсныг өнөөдөр эргэн дурсвал?

-Сүүлийн тэмцээнд эсрэг багтай хоолонд орсон. Тэнд дулаан яриа өрнүүлэхэд хэцүү байсан. Яагаад ч юм надад тэгж л санагдсан. Бүгдээрээ бие биеэ жаахан шинжсэн. Солонгосчууд олон тэмцээний туршлагатай, бэлтгэл сайн гэдгийг бид мэдэж байсан. Сүүлийн тэмцээн ямар болох бол, хэн хэнтэй яаж өрсөлдөх бол гээд л нүдээрээ өрсөлдөөд байсан. Урдаас нь хараад суусан учраас ярихгүй юм идээд байлтай нь биш, найрсаг ганц нэг яриа өрнөсөн.

-Б.Орхонбаяр яриаг бас гоё болгосон шүү дээ. Монголын баг ялбал та нарыг Монголд урина гэсэн. Бид ялбал өөрсдөө Монголд очно гэж солонгосын багийн ахлагч хариулж байсан. Тэмцээний дараах та бүгдийн нөхөрлөл нийтэд сайхан сэтгэгдэл төрүүлж байсан? 

-Тэмцээн олон нийтэд хүрсний дараа “Welcome to Mongolia” нэвтрүүлгээр Солонгосын баг Монголд ирээд, манай гэрт зочилж, сайхан сэтгэгдэл үлдээсэн. Нэг монгол айлд зочлог гэж бодоод монгол хүний ёсоор урьсан. Нэвтрүүлгийн зураг авах ажил тэр өдөр эрт эхэлсэн. Өглөөний 7 цагт л хорхог идээд, айраг уугаад сууж байлаа шүү дээ /инээв, сурв/. Манай ээжийн найз маш гоё амттай хорхог хийсэн. Солонгосчуудад хорхог их таалагдсан гэсэн.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Ярилцлага Урлаг

Б.Аззаяа: “Miss Global 2026” тэмцээний тайзан дээр Хотулун гүнжийн эрэлхэг, дайчин дүр төрхийг харуулна

10/06/2026
Дуу хөгжим Урлаг

“Playtime Festival 2026”: Өөрсдийн түүхэн дэх оргил жилийг бүтээхээр зорьж байна

09/06/2026
Ярилцлага Урлаг

Гавьяат жүжигчин, Зууны манлай эстрадын дуучин, поп дива Б.Сарантуяа: “Хайрын бурхан” тоглолт маань сонирхолтой үзүүлбэр, гайхалтай дуунуудаар дүүрэн байгаа

04/06/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Charli XCX шинэ цомогтойгоор эргэн ирлээ

11/06/2026

BTS-ийн V “Coca-Cola”-гийн сурталчилгаанд тоглолоо

11/06/2026

Япончууд Трампаас анимэ дүрүүдээ харамлаж байна

11/06/2026

“House of the Dragon III” цувралын эхний анги 72 минут үргэлжилнэ

11/06/2026

“Bigbang” 20 жилийн ойн аялан тоглолт хийнэ

11/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.