Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Тэнгэр тайлал” НҮТББ-тай хамтран “Тэнгэр” олон улсын наадмыг энэ сарын 12-14-нд зохион байгуулна.
Монгол уламжлалт ёс заншлын салшгүй чухал соёлын өв болох тэнгэр, газар шүтлэгийн зан заншлыг тусгай сонирхлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлж, Улаанбаатар хотыг олон улсад сурталчлах зорилгоор энэхүү олон улсын наадмыг гурав дахь жилдээ зохион байгуулж буй юм.
Энэ хүрээнд дэлхийн олон улсын бөөгийн эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр зохион байгууллаа. “Тэнгэр” наадмыг угтсан энэхүү эрдэм шинжилгээний хурал нь бөөгийн үүсэл хөгжил, тэнгэр шүтлэгийн хүн төрөлхтөнд үзүүлэх ач холбогдол, байгалийнхаа төлөө хийх зан үйл болон дэлхийн цэнгэг усны нөөц, хомсдолын талаар хэлэлцэж, эрдэмтэн судлаачид өөрсдийн хийсэн судалгааны ажлаа танилцуулав.
“Тэнгэр” олон улсын наадмын үеэр язгуур урлагийн тоглолт, морьт харвааны үзүүлбэр, морин циркийн үзүүлбэр болон орон орны бөөгийн өв соёлтой танилцан отгуудаар зочлох, морь унах, зэрэг олон үйл ажиллагаа болох юм.


