Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Ярилцлага»Б.Батжин: Абстракт урлаг бол бясалгал, сэтгэлийн амар амгалан
Ярилцлага

Б.Батжин: Абстракт урлаг бол бясалгал, сэтгэлийн амар амгалан

Урлаг Урлаг23/06/2026Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Үзэсгэлэнгийн танхимын хаалгаар алхан ороход намуухан ая эгшиглэж, өдөр тутмын амьдралын хэв маягийг мартам цоо шинэ ертөнц угтах шиг санагдана. Энэ бол “HUE Art Gallery” үүсэн байгуулагдсаны нэг жилийн ойг тохиолдуулан гаргасан тус галерейн захирал, зураач Б.Батжингийн “Цаг хугацааны өнгө”анхны бие даасан үзэсгэлэнгийн танхим. Дүрслэх урлагийн содон ертөнцөөр аялуулж, үзэгчдэд сэтгэлгээний бүрэн эрх чөлөөг олгодог  уран бүтээлчтэй хийсэн ярилцлагыг уншигч танд хүргэж байна.

-Хоёулаа яриагаа үзэсгэлэнгийн нэрнээс нь эхэлье. Яагаад “Цаг хугацааны өнгө” гэж нэрлэсэн бэ?

-Би мэргэжлийн уран бүтээлч болоод 17 жил болж байна. Энэ хугацаанд абстракт чиглэлийн дүрслэх урлагийн урсгалаар, тууштай бүтээлээ туурвиж ирсэн. Цаг хугацаа өнгөрөх тусам миний бүтээлүүд хувьсан өөрчлөгдөж, чанаржиж, сайжирч явна. Товчхондоо, цаг хугацаа надтай хамт хэрхэн өнгөрч, уран бүтээл маань хэрхэн хувьсаж өөрчлөгдсөнийг харуулж байгаа учраас “Цаг хугацааны өнгө” гэж нэрлэсэн.

-Хийсвэр сэтгэлгээний чиглэлийг сонгоход юу хамгийн их нөлөөлсөн бэ?

-Аав Болдбаатар гэдэг. Уран бүтээл хүн байсан. Аав болон намайг чиглүүлсэн багш маань энэ урсгалаар бүтээлээ хийдэг байсан юм. Тэднээс сурч мэдсэн зүйл дээрээ өөрийн олж авсан туршлагаа нэмж, уран бүтээлдээ багагүй хугацааг зориулж явна. Мөн ахмад үеийнхээ уран бүтээлчдээс үлгэр дуурайлал авч, олон зүйлийг сурч мэдэж, даган дуурайж явсаар өдийг хүрсэн. Тэгээд одоо л өөрийн гэсэн арга барил, өөрийн замналаа олж байна.

-Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог  нь юу вэ?

-Олон улсын болон дотоодын хамтарсан 20 гаруй үзэсгэлэнд оролцсон байна. Энэ удаагийн үзэсгэлэн өмнөхүүдээсээ нэлээд шат ахисан гэж өөрийгөө дүгнэж байгаа, мэргэжлийнхэн маань ч тийм үнэлгээ өгч байна. Бүтээл дээрээ хэрхэн ажиллах, өнгө зохиомж, агуулгын илэрхийллийн хувьд нэлээд судалж ажилласан. Мөн өмнөх үзэсгэлэнгүүдээ бодвол том хэмжээ форматтай бүтээлүүдээрээ үзэсгэлэнгээ гаргаж байгаагаараа онцлог.

-Танд бүтээл туурвих хамгийн их урам зориг өгдөг зүйл юу вэ?

-Хүрээлэн буй орчин, байгаль дэлхийн өнгө, гараг ертөнц гээд маш олон зүйлээс бүтээл туурвих санаа төрдөг. Гудамжаар алхаж явахдаа гэрэл сүүдэр, өнгө зохиомжийг бид анзаарч байдаг. Энгийн хүмүүсийн анзаарахгүй өнгөрдөг зүйлсийг зураач хүний хувиар ажиглаж, тэр гоёлыг нь шүүрч аваад бүтээлдээ шингээдэг. Наран мандах, жаргах зэрэг байгаль дэлхийн бүхий л үзэгдлээс уран бүтээлийнхээ санааг олж авдаг даа.

-Нэг зургийг бүтээхэд хэр хугацаа зарцуулдаг вэ. Энэ үзэсгэлэнгийн хамгийн удаан хугацаа зарцуулсан бүтээлийнхээ түүхээс хуваалцаач?

-Хугацааны хувьд харилцан адилгүй. Аль нэг зургийг онцлохоос илүүтэй уран бүтээл хийх тэр үйл явц бүхэн бясалгал, сэтгэлийн амар амгаланг өгдөг зүйл юм. Уран бүтээлээ хийж байхдаа хамгийн том сэтгэлийн таашаалыг мэдэрдэг. Зураач мэргэжил эзэмшиж,  ийм сайхан ажил хийж  байгаадаа өөрийгөө азтай хүн гэж боддог.

-Үзэгчид таны бүтээлүүдээс ямар мэдрэмж  аваасай гэж хүсдэг вэ?

-Миний бүтээлүүдийн нэг гоё зүйл нь үзэгч бүр өөрийнхөө өнцгөөс бүтээлийг уншиж, таашааж, өөрийнхөөрөө харах эрх чөлөө, боломж нь үргэлж нээлттэй байдаг. Абстракт урлаг бол хийсвэр сэтгэлгээний, бодит бус утгыг илэрхийлдэг. Тиймээс би үзэгчдэд яг ийм зүйл гэж тулгаж заахгүйгээр, тэд тэр өнгөний мэдрэмж, уусал заагаас ямар ч дурсамж, ямар ч гоё таашаалыг авч болно. Өөрийнхөө ертөнцөөр хязгаарлагдмал бусаар тайлж унших тэр эрх чөлөөг л мэдрээсэй гэж хүсдэг.

-Та дотоодын төдийгүй олон улсын томоохон үзэсгэлэнгүүдэд амжилттай оролцож ирсэн. Гадаадын үзэгчид Монголын орчин үеийн абстракт урлагийг хэрхэн хүлээж авдаг вэ. Бид тэднээс юугаараа ялгарч чадаж байна?

-Монголын уран бүтээлчид дэлхийн тавцанд хаана ч гологдохгүй  их авьяастай. Гадаадынхан Монгол гэхээр л гэр, морь, хээр тал гэсэн уламжлалт ойлголтоор төсөөлдөг хэвээрээ байна.  Монголын уран бүтээлч орчин үеийн абстракт хийсвэр зураг толилуулахаар “Монголд ийм сэтгэлгээний урлаг хөгжсөн байдаг юм уу” гэж их гайхаж, хүндэтгэлтэй хүлээж авдаг. Мөн миний бүтээлүүдээс Монголын өнгө төрх, нүүдэлчдийн ахуй үнэртэж байна гэж хэлдэг.  Монгол хүний оюун ухаан, цуснаас ундарч байгаа болохоор тэр өнгөний зохицол, цаад мөн чанар нь өөрийн эрхгүй уран бүтээлд шингэж, бусдаас ялгарах онцлог болдог болов уу.

– “HUE Art Gallery”  байгуу­лаг­даад нэг жил болжээ. Энэ хугацааны амжилт, ололтоос хуваалцвал?

-Өөрийн уран бүтээлийг хийхийн зэрэгцээ соёлын менежментийн ажлыг давхар амжуулж, өөр олон чадварлаг уран бүтээлчдийн үзэсгэлэнг зохион байгуулж, олон нийтэд таниулах ажлыг хийж байна. Хүн ер нь хийж чадах зүйлийнхээ маш бага хэсгийг л амжуулдаг гэдэг дээ. Завгүй байгаа ч гэсэн энэ бүхнийг зохицуулаад, галерейнхаа нэг жилийн ойг амжилттай зохион байгуулсандаа  баяртай байгаа. Цаашид хийх ажил, нөөц бололцоо асар их байна. Үзэгчид маань миний бүтээлүүдээс өмнө нь олж хараагүй шинэ өнцгүүдийг олж хараасай, арга ажиллагаанаас маань суралцах нь суралцаад, шүүмжлэх хэсгээ шүүмжлээд яваасай гэж хүсдэг. Тэгж байж л миний бүтээлээ хийж байгаагийн хэрэг гарна шүү дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Ярилцлага Урлаг

Б.Наранбадрах: Монгол Улс дэлхийн адууны төв болно

22/06/2026
Ярилцлага Урлаг

Ко Сонг Хүн: Ази гэхээр хамгийн түрүүнд Монгол Улс санаанд ордог болохын тулд “Супер концерт”-ыг хийж байгаа

13/06/2026
Дуу хөгжим Урлаг

Таван өөр зам, өөр зан чанар, өөр түүхээс тэд бүтсэн ч хөгжмөөр хувь заяагаа холбосон “Mxrningstar”

12/06/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

УДЭТ болон БНСУ-ын “Сансанмару” продакшн нар хамтран ажиллана

23/06/2026

ФОТО: “Цаг хугацааны өнгө” үзэсгэлэнгээс

23/06/2026

Б.Батжин: Абстракт урлаг бол бясалгал, сэтгэлийн амар амгалан

23/06/2026

Улсын хүүхэд залуучуудын театр “Долоон нар” хүүхдийн үлгэрийн жүжгээ БНСУ-д тоглоно

23/06/2026

“Цаатан фестиваль-2026” өв соёлын наадам 7 дугаар сарын 6-7-нд болно

23/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.