“Орфей” театр нь дэлхийн орчин үеийн театрын урлагийн хөгжлийн ололт, амжилтыг Монголын үзэгчдэд хүргэх зорилгоор 2021 онд үүсгэн байгуулагдсан. Тус театр нь анх удаа дэлхийн сонгодог зохиолын ноён оргилууд болох И.В.Гётегийн зохиол “Фауст”, Ф.М.Достоевскийн зохиол “Гэм зэм” постдрамын жүжиг, “Бродвэй” театрын алдарт бүтээл АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Опал” саркастик мелодрамын жүжиг, Сорогдогийн Жаргалсайханы “Шөнө дундын бүжиг” кабаре драм, Жорж Оурэллийн “1984” постдрамын жүжиг, БНХАУ-ын нэрт зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” романаас сэдэвлэсэн драмын жүжиг, Ц.Балдоржийн зохиол “Хориотой жүжиг” постдрамын жүжгийг театрын урлагийн орчин үеийн шийдэл, шинэ өнгө төрхтэйгөөр 500,000 гаруй үзэгчдэд амжилттай тавьсан.
“Орфей” театр “Зуны театр” үзүүлж байна.
Хана бодит уу?
“Орфей” театр энэ удаа “Зуны театр” төслөөрөө орчин үеийн нийгэмд түгээмэл оршдог, харагдаж байгаа атлаа хүрч болдоггүй, хамт оршиж байгаа атлаа тусгаарлагдсан хүний нөхцөлийг бие махбод, орон зай, цаг хугацааны огтлолцлоор мэдрүүлэхэд чиглэсэн перформанс–инстолляц “Хана бодит уу?” төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн үндсэн хэлбэр нь олон нийтийн орон зайд байрлах бүрэн тунгалаг шилэн хорго байна. Уран бүтээлч уг хоргон дотор урьдчилан тогтоосон хугацаанд тасралтгүй оршино: унтана, хооллоно, бичнэ, бодно. Ямар нэгэн жүжиглэлт, өгүүлэмж, тайлбар байхгүй. Энд амьдралын энгийн урсгал үйл явдал өрнөж, хүн хоорондын харилцааны хана, хүн-нийгмийн хоорондын хана бодит уу гэсэн асуулт эргэцүүллийг туршилтаар хийж үзүүлэх болно.
Уг төслийг Нийслэлийн соёл урлагийн газраас бодлогын хүрээнд дэмжиж байгаа бөгөөд төслийн концепц нь “хана” гэдэг ойлголтыг архитектурын хэлбэрээс салгаж, хүний оршихуйг тодорхойлдог нөхцөл гэж авч үзэхэд оршино.

Энд хана нь хаалт, хамгаалалт, тусгаарлагч, эсвэл саад бус, харин хүн, нийгэм, орон зайн хооронд үүсдэг харилцааны төлөв юм. Харагдаж байгаа атлаа хүрч болдоггүй, хамт оршиж байгаа атлаа хол хэвээр үлддэг энэ төлөв нь орчин үеийн амьдралын байнгын нөхцөл болсон. Орчин үеийн урлагийн төрлийг олон нийтэд нээлттэй танилцуулах, хөгжүүлэх, залуучууд, гадна дотны хүмүүст өнөө цагийн оршихуйн философи, асуулт, эргэцүүлэл, гоо зүй, оюун, сэтгэл зүрхний боловсролыг үзэгчдэд олгоно.
“Хана бодит уу?” төсөл нь хотын олон нийтийн орон зайд перформанс хэлбэрээр хүрэх бөгөөд Тусгаар тогтнолын талбайд зургаадугаар сарын 22-ний өдрөөс бодитоор болон сошиал сувгаар хүрнэ. Энэ төрлийн урлагийн төсөл нь Монголд анх удаа хэрэгжиж байгаа юм.
Төслийн продюсероор “Орфей” театрын захирал Т.Ариунчимэг, төслийг санаачлагч, артистаар Я.Билгүүнсар, төслийн зураачаар Б.Одсүрэн, төслийн куратороор Р.Хонгорзул, театр судлаач Т.Өөдөө, туслах найруулагчаар М.Мөнх-Эрдэнэ, техникийн найруулагчаар С.Пэлжээмаа нар ажиллаж байна.

