Венецийн биенналийн үргэлжлэл болох “Гайхамшигт хүлэг морьд давхих газар” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд өчигдөр /2026.06.23/ нээлээ.
Италийн аялагч Марко Пологийн нас барсны 700 жилийн ойд зориулсан уг төсийг өмнө нь Хятадын Ханжоу, Италийн Венец, Туркийн Истанбул, Энэтхэгийн Шинэ Делид зохион байгуулсан бөгөөд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот тав дахь зогсоол нь болж байна. Монгол Улс нь энэхүү төслийн хувьд онцгой ач холбогдолтой газар юм. Марко Поло аяллын тэмдэглэлдээ Монгол орныг онцгойлон дүрсэлж, Дорнод руу хийсэн аяллынхаа хамгийн дурсамжтай хуудсуудын нэгийг түүнд зориулсан байдаг. Энэхүү санаачилга нь Улаанбаатар дахь Итали Улсын Элчин сайдын яамны дэмжлэгтэй хэрэгжиж байгаа аж.
“Гайхамшигт хүлэг морьд давхих газар” үзэсгэлэнгээр дамжуулан Б.Баатарзориг, С.Долгор нарын сүүлийн 20 жилийн хугацаанд бүтээсэн уран зургаас сорчлон хүргэж байгаа юм.
Энэхүү үзэсгэлэн нь урлаг, соёл, уран сайхны хэллэгүүдийн харилцан яриа, уялдаа холбоог онцлон харуулж, Марко Пологийн мөрөөр уламжлал ба орчин үе, Дорнод ба Өрнийг холбосон уран сайхны замналыг бүтээж байна.

Үзэсгэлэнг нээж Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета хэлэхдээ, “Монголын уран бүтээлчид болон Венецийн Биеннале хоорондын өнөөдрийн энэхүү уулзалт нь Г.Занабазарын нэрэмжит түүхэн музейд болж буйгаараа онцгой ач холбогдолтой юм. Занабазарын уран бүтээлүүдийг Итали 2026 онд анх удаа хоёр томоохон үзэсгэлэнгээр толилуулсан билээ. Энэ нь зөвхөн урлагийн хүрээнээс давсан, бэлгэдлийн болон улс төрийн өндөр ач холбогдолтой бөгөөд Монгол Улс, Итали Улсын хоорондын хоёр талын харилцаа улам бүр бэхжиж байгаагийн илэрхийлэл юм. Түүнчлэн соёлыг дипломат харилцаа, харилцан ойлголцлыг дэмжих чухал хэрэгсэл хэмээн үзэж, түүгээр дамжуулан хамтын ажиллагааны холбоог улам бэхжүүлэх хоёр улсын нийтлэг хүсэл эрмэлзлийг харуулж байна. Биднийг холбосон баялаг түүхэн уламжлал, ардчиллын үнэт зүйлс болон хууль дээдлэх зарчмыг хамтдаа хүндэтгэх үзэл, олон талт хамтын ажиллагаанд итгэх итгэл, энх тайвныг дэмжих нийтлэг зорилгын үндсэн дээр энэхүү харилцаа улам өргөжин хөгжиж байна” гэв.

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захирал П.Байгалмаа, “Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей нь Венецийн Биенналийн түүхэн архив болон түүний хамт олонтой хамтран ажиллаж байгаадаа бахархаж байна. Марко Пологийн 700 жилийн ойг тохиолдуулан хэрэгжүүлж буй “Тэнгэрийг бүтээгч салхи” төсөл нь түүний туулсан зам мөрийг өнөө цагийн урлагийн хэлээр дахин нээж, эргэцүүлэн харах онцгой боломжийг бидэнд олгоно. Уг төсөл нь өнгөрсөн ба одоо цагийг холбож, зам мөр, дурсамж, соёлын солилцоо, хүн төрөлхтний хамгийн үнэт зүйлсийн тухай шинэ яриаг эхлүүлж буйгаараа онцлогтой. Монгол орон Марко Пологийн тэмдэглэж үлдээсэн өргөн уудам Евроазийн ертөнцийн салшгүй хэсэг байсны хувьд энэхүү төсөлд онцгой утгаар оролцож байна. Их эзэнт гүрний үеийн харилцаа холбоо, худалдааны зам, нүүдэлчдийн соёл, тэнгэр шүтлэгт ертөнцийг үзэх үзэл нь өнөөдөр ч дэлхийн соёлын өвийн үнэт хэсэг хэвээр оршсоор байна” хэмээн ярилаа.
“Гайхамшигт хүлэг морьд давхих газар” үзэсгэлэнд хоёр уран бүтээлчийн 30 гаруй зургийг дэлгэсэн бөгөөд долоодугаар сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.


