Говийн V дүрийн ноён хутагт, их соён гэгээрүүлэгч Дулдуйтын Данзанравжаагийн амьдрал уран бүтээлээс сэдэвлэсэн “Тэнгэрийн хутагт” соёлын фестиваль наймдугаар сарын 14-16-нд Дорноговь аймгийн аялал жуулчлалын төв болох Хамарын хийдийн ойролцоо болно.
Аймгийн Засаг даргын Тамгын газар бусад холбогдох урлагийн байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг наадмаар театр, найраг, хөгжим урлагийн цогц өгүүлэмжийг говь нутгийн байгалийн өнгө аяс, нарийн утга агуулгад нийцүүлэн олны хүртээл болгохоор зохион байгуулагчид ажиллаж байна.
Эл бүжгэн жүжгийг анх 2023 онд Ноён хутагтын мэндэлсний 220 жилийн ойгоор олны хүртээл болгож байсан бөгөөд хөгжмийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Өлзийбаяр, цомнолыг Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбат, ерөнхий найруулагч болоод бүжиг дэглээчээр Х.Хашхүү, ерөнхий зураачаар МУЭ-ийн гишүүн зураач Д.Ганпүрэв нар ажиллаж байжээ.
Ноён хутагтын амьдралыг түүний бага залуу нас хийгээд нийгмийн оюун санаанд хүчтэй нөлөөлсөн оюуны бүтээл туурвилтай нь хослуулан бүжиг хэлбэрээр үзэгчдэд хүргэсэн нь шинэлэг бөгөөд сонирхолтой болсон байдаг.
Соёлын энэхүү фестиваль нь говь нутагт аялал жуулчлал хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой төдийгүй монгол үндэстний оюун санаа, өв соёл, зан заншил язгуур мөн чанарыг илэрхийлэх томоохон наадам болж өргөжиж байна.

